2024.03.28, Thursday
spot_img
НҮҮР3Ерөнхий сайд асан М.Энхсайханг хэлмэгдүүлсэн үнэн түүх

Ерөнхий сайд асан М.Энхсайханг хэлмэгдүүлсэн үнэн түүх

М.Энхсайханыг ямар хэрэгт буруутгав

Түүнийг буруутгасан гол асуудал бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр “Тавантолгой” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотой юм. Энгийн логикоор бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй албан бичгийг албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол Ч.Сайханбилэгийг эхлээд шалгах ёстой байв. Тэр Монголд ирж уг асуудлаар тайлбар, мэдүүлэг өгөх шаардлагатай үүссэн, гэвч  тэр гадаадад байсан. Энэ бол хууль зүйн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан юм. Үүнээс өмнө хэргийг шийдвэрлэх ямар ч боломжгүй байсан. Гэтэл үйл явдал эрх мэдлийн хүчээр эсрэгээрээ өрнөв.

Анхан болон  давж заалдах шатны шүүх Тавантолгойн төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан үйлдлийг М.Энхсайханд шууд хамаатуулж, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж түүнд 4 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан. Уг нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд л УИХ-д тогтоолын төслийг өргөн мэдүүлж гарын үсэг зурах ганц эрхтэй албан тушаалтан юм. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг алгасаж, Засгийн газрын нэг гишүүнд ял халдаав. Дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд залруулга хийсэн юм, М.Энхсайхан нь УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй нь тодорхой, гэхдээ түүнийг хэргээс салгаж болохгүй тулд гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай гэж шийдсэн юм. М.Энхсайхан нь ямар нэгэн захирамж, тогтоол, албан бичигт гарын зурсан зүйлгүй, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан, эцэстээ гэрээний төсөл боловсруулсан асуудал нь түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцогдох, 4 жилийн хорих ял эдлэх гол шалтгаан болсон юм. Байгуулагдаагүй, хэрэгжээгүй, ямар нэг бодитой үр дагавар үүсгээгүй гэрээний төслийг шүүн хэлэлцэж, хэрвээ энэ гэрээ хэрэгжсэн бол Монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хохирол учрах байсан гэж үзэж ял шийтгэсэн.

УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн олон удаагийн зөвлөмж дагуу Засгийн газраас боловсруулсан улс төр, эдийн засгийн бодлого, томоохон төслийн асуудлыг Монгол улс эрүүгийн шүүхээрээ шүүж ял шийтгэсэн асуудал бол УИХ, Засгийн газрын улс төр, эдийн засгийн бодлого тодорхойлох эрх мэдэлд шууд халдсан хэрэг юм, үүнийг хэлмэгдүүлэлт гэж хэлэхээс өөр аргагүй юм. Улс төрийн бодлогын асуудал алдаатай бол түүнд бодлогын өөрчлөлт хийх, шинэ бодлого дэвшүүлэх замаар шийдвэрлэдэг болохоос улс төрийн бодлого тодорхойлсон хүмүүсийг эрүүгийн шүүхээр шүүж, яллах гэдэг бол ардчиллын зарчимд огт нийцэхгүй юм.

Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсэг болон өөрсдийн үзэл бодлыг аялдан дагалдаагүй нийгмийн хэсгийг залхаан цээрлүүлэх, егүүтгэх, баривчлах, цагдан хорих, тарчлаан зовоох, ялгаварлан гадуурхах, мөрдөн хавчих, хилс хэрэгт тулган шийтгэх, айлган сүрдүүлэх, мөн үй олноор нь хомроглон устгах, нийгмийг айдас хүйдэст автуулах, харгислах зэрэг арга хэлбэрээр төрөөс  (Төрийн эрх мэдэл авсан хэсэг хүмүүс) хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагааг хэлдэг.

Эрх мэдлээр далайлган хүчирхийлж, хэлмэгдүүлэх эзэрхэг түрэмгий энэ гаж үйлдлийг орчин үед эрх мэдлийн сэтгэцийн өвчин гэж үздэг болсон. Энэ нь байнга хэн нэгэн хүнийг хардаж сэрдэж, устгах, зайлуулах талаар бодож, хувь хүнийг эрх мэдлийн хүчээр нухчин дарж хэлмэгдүүлэх, хүн зовоож эрх мэдлийн амт таашаал мэдрэх, өрсөлдөгч нараа болон үзэл санаа нийлээгүй хэсэгт улс төрийн дарамт шахалт үзүүлэх, өрсөлдөгч гэж үзсэн хүмүүсийн амьдралыг тэвчихийн аргагүй болгох, хилс хэрэг тулгаж шийтгэх, хүнийг “амьдын  там”-д унагах, бусдыг дарамтлах, хууль бусаар тагнах, эрүүдэн шүүх, элдэв янзын хонгил, схeм бодож зохиох, бусдыг тарчлаан зовоох, эрх мэдэл, нэр төр хөөцөлдөх, түүндээ донтох, шүүмжилсэн, үг хэлсэн хүнийг гадуурхах, мөрдөн хавчих, зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт хийх, өөрсдийгөө хуулиас дээгүүр, гадуур гэж бодож, нийгмийн оюун санааг бүхэлд нь хүчирхийлэх, нийгмийг айдас хүйдэст автуулах, эрх чөлөө, ардчилсан соёл, үнэт зүйлд дайсагнадаг бусармаг арга, шинж тэмдгээр гоц илэрдэг юм.

Өнгөрсөн зуунд улс төр, үзэл суртлын шинжтэй эрх мэдлийн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт гарч байсан бол шинэ зуунд байгалийн нөөц баялаг, эрх ашгийн төлөө хэлмэгдүүлэлт, эрх мэдлийн хүчирхийлэл үйлддэг болов.

Монголын хэлмэгдэгсдийн хөшөөнд:

            Халуун итгэл цөхөрсөн

            Хатан зүрх шахирсан

            Хар дарсан жилүүдийг

            Хамаг Монголчууд бүү мартагтун”  гэсэн үг сийлсэн байдаг.

Түүхээс сургамж авч, эрх мэдэл, улс төрийн хэлмэгдүүлэлт, хүчирхийллийг хугацаа алдахгүй, нэн даруй таслан зогсоож, дотроо эв эеийг хичээж чадахгүй бол гашуун түүх давтагдаж эхлээд байна. Түүхэн нөхцөл байдал хэвээр байгаа тохиолдолд түүх дахин давтагддаг, харин хоёр дахь удаагаа давтагдахдаа илүү хоржоонтой байдаг гэсэн үг бий. Болж өнгөрсөн үйл явдлын түүхээс үлдэх чухал зүйл нь сургамж байдаг. Түүхээс сургамж авч чадвал түүх давтагдахгүй. М.Энхсайханы эрүүгийн хэрэг бол шинэ зууны Монголын анхны улс төрийн хилс хэрэг юм.

Мэргэжлийн шинжээч нар ямар дүгнэлт гаргав

Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн, эдийн засагч нарын дүгнэлт харин бодитой, үндэслэлтэй гарсан юм. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтэд “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт болохыг урьдчилан дурьдах нь зүйтэй.” гэдгийг онцолсон байдаг.

Мөн шинжээчийн дүгнэлтэд “… Хэрэв Тавантолгой уурхайгаас жилд 30 сая.тн нүүрс олборлож, боловсруулах, төмөр замын тээврээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой байсан бол доорхи давуу талууд үүснэ. Үүнд:

         -Нүүрсээ боловсруулж, угааж өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана.

        -Төмөр замаар тээвэр хийхэд өртөг зардал буурна.

        -Сул чанартай нүүрсний олборлолт хийгдэнэ. (одоогоор олборлохгүй орхиод байгаа)

        -Нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээ гэрээнд заасан 30.0 сая тн нүүрс олборлож, 20.5 сая.тн баяжуулсан нүүрс борлуулах хүчин чадалд хүрч нэмэгдэнэ.

        -О-давхаргын нүүрсийг олборлосноор хоосон орон зай үүсэж, энэ орон зайг ашиглан ТЭЗҮ-д төлөвлөсний дагуу дотоод овоолгод хуулсан хөрсийг буулгана, үүний үр дүнд өртөг зардал буурна.

        -Нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, тоосжилтын хэмжээ багасах боломж бүрдэнэ.

        -Төмөр замын тээврийг ашигласнаар, нүүрсийг хилийн бусад дахин буулгах, ачих зэргээр хаягдал үүсгэх, тоосжилт босох зэрэг сөрөг нөлөө арилна. Улмаар нүүрсний автотээвэр хийж олон жолооч нарыг тав тухгүй, хоол унд муутай орчинд ажиллуулж амьдруулж байсан нөхцөл болон үүнээс улбаатай гэмт хэрэг, зөрчил гарч байсан эх үүсвэрүүд арилна.

        -Тавантолгойн уурхайн Цанхийн баруун, зүүн хэсэг болон Ухаа худагийн ордуудыг нийлүүлж олборлох ТЭЗҮ боловсруулж, ашиглалт явуулснаар, нийтдээ ордын өгөөж сайжирна.

        -Эрчим хүчний нүүрсний борлуулалтын байдлаас шалтгаалж, Ухаа худаг дахь цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх, эсвэл шинээр том хүчин чадлын станц барих төлөвлөлтийн асуудал үүсч, шийдэгдэх боломжтой, энэ нь дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна эрчим хүчээ экспортлох боломж юм.

        -Нүүрс борлуулалтын үнийн асуудал нэг цонхны бодлогоор шийдэгдэнэ.

        -2 болон түүнээс дээш борлуулалтын замтай болсноор нэг улсаас хараат үнийн асуудал багасна…” гэж мэргэжлийн хувьд бодитой дүгнэлт хийсэн юм.

Хэрвээ М.Энхсайхан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн юм бол нийтийн ашиг сонирхолд нийцсэн, улс оронд давуу байдал үүсгэсэн ийм үр дагавар үүсэхгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр хэрвээ гэрээ хэрэгжсэн бол ийм давуу байдал үүсэх байсан гэж тогтоогдож байгаа нь энэ асуудал бол өөрөө гэмт хэрэг биш гэдгийг харуулж байдаг юм.

Албан тушаалаа урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгодог.

Шинжээчийн дүгнэлтээр М.Энхсайхан нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон биш, харин түүний хариуцан боловсруулсан төслийн гэрээ хэрэгжсэн бол Монгол улсад олон давуу талтай байжээ гэдэг нь хөдөлбөргүй тогтоосон юм. Харамсалтай нь шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар ч шалтгаангүйгээр үнэлж үзээгүй.

Улс төрийн хүрээний онцгой мэдэгдэл

УИХ-ын чуулганы 2021 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “ …  Монгол улсын шүүх,  прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж би хүсдэг …  ҮАБЗ-ийн хурал дээр хэлж байсан … та бүгд хэзээ нэг өдөр шалгагдана шүү, төрийн өмнө …  Ерөнхийлөгчөө, би удаа дараа хэлсэн, удаа дараа сануулсан …  тэр тусмаа Төрийн тэргүүн … та бид хонгил гэж баахан ярьдаг … би цаашид энэ ажлаа өгсөний дараа Монгол улсын хууль, дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх, прокурорын байгууллагад яаж дарамт шахалт үзүүлж байсан талаар баримт нотолгоотой ярина, хууль хүчний байгууллагууд ч өөрсдөө гаргаж ярих ёстой гэж бодож байгаа,  зарим дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж бодож байна …  шударга ёсны төлөө хэн яаж хууль, дүрэм зөрчиж  байсан талаар … Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа … Үндсэн хуулийн асуудлаар Парламент дээр асуудал тавина гэж бодож байна … би ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд муу муухай зүйлийг чинь олон түмэнд дэлгэж тавинаа …” гэж, мөн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ:  “… Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсан, Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гээд үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт шаардлагыг биелүүлээгүй ….” гэж хэлсэн нь ихээхэн анхаарал татсан мэдэгдэл болсон юм.

Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.” гэж заасан. Хууль хэрэгжсэн бол М.Энхсайхан гэртээ сууж байх байлаа.

Хууль хүний төлөө, харин эрх мэдэл эсрэг талд

Эрүүгийн хуулиар хэрэг явдал болох үед үйлчилж байсан хуулийг хэрэглэх журамтай юм. Тухайн үед 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль үйлчилж байв. 2002 оны Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, заавал бодитой хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцогдоно. Иймд Тавантолгойн төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн асуудал нь бодитой учирсан хохирол гэж байхгүй тул 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш байв.

Шүүх ч хуулийн дагуу шүүгдэгчид ашигтай заалтыг хэрэглэх нь тодорхой юм. Шүүх удтал зөвлөлдөж М.Энхсайханд ашигтай заалтыг хэрэглэсэн гэдгээ мэдэгдэв. Гэтэл юу болсон гээч, М.Энхсайханд ашигтай заалтыг эрж олсон нь 2002 оны Эрүүгийн хууль биш, 2015 оны Эрүүгийн хууль болж  “гэнэт тодорсон” юм. 2002 оны Эрүүгийн хуулийг биш, 2015 оны Эрүүгийн хууль хэрэглэх нь М.Энхсайханд ашигтай гэж үзэж ял оногдуулсан нь дундаж, энгийн эрүүл саруул ухаантай хүн ч ойлгохооргүй хэдийдсэн зүйл болов. Үүнийг хүлээн зөвшөөрч боломжгүй, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөнд илтэд харш шийдвэр болсон юм. 2015 оны Эрүүгийн хуулиар албан тушаалын гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон байсан. Хэрэг гарах үед хуучин хууль, хэргийг шийдвэрлэх үед шинэ хууль үйлчилж байвал шүүгдэж буй хүнд аль ашигтай хуулийг нь хэрэглэх зарчимтай. Гэтэл хэрэг гарах үе үйлчилж байсан хуулийг харсан ч, шүүгдэгч иргэнд ашигтай хувилбарыг бодсон ч 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тодорхой байсан юм.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан.

Шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар хоёр гэмт хэрэгт (Таван толгойн гэрээний төсөл, автомашины хэрэг) ял шийтгэгдэх нь М.Энхсайханд ашиггүй юм, харин 2015 оны Эрүүгийн хуулиар нэг гэмт хэрэгт ял шийтгэгдэх нь М.Энхсайханд ашигтай байна гэж үзсэн. Рационал хандлагаар бол 2002 оны Эрүүгийн хуулиар хоёр гэмт хэрэгт ял шийтгэгдэх биш, харин гэмт хэрэгт тооцогдохгүй тул хоёр хэрэг хэрэгсэхгүй болох байв. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар бол албан тушаалын гэмт хэрэгт хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон тул харин М.Энхсайханд ашиггүй тусч байсан. М.Энхсайхан ч 2002 оны Эрүүгийн хуулиар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж, уг хууль нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа гэж хэлж байв. Харамсалтай нь шүүх бол 2002 оны Эрүүгийн хууль танд илүү ашигтай биш гэж дүгнэсэн юм. Шүүхийн тайлбараар бол 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт яллагдаж, хоёр хэрэг нь хэрэгсэхгүй болж байснаас, 2015 оны Эрүүгийн хуулиар нэг гэмт хэрэгт яллагдаж, дөрвөн жил шоронд суух нь М.Энхсайханы эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хэрэг болж байгаа юм. Хуулийг эрх мэдэлдээ тулгуурлан ингэж илтэд буруу тайлбарлаж хэрэглэнэ гэдэг бол Үндсэн хуульд заасан хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болно.

Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил юм, Тоёота Лексус-570 маркийн автомашинтай холбоотой асуудал 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүссэн,  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1/72 тоот албан бичгээр “Тавантолгой” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг өргөн мэдүүлсэн, уг өдрөөс хойш 5 жилийн хугацааг тоолбол 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм.  Анхан шатны шүүх хурал 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан өдрөөс хойш 14 хоногийн дараа 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр болсон юм. Нэгэнт хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол ял шийтгэх хууль зүйн ямар ч боломжгүй. 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа “резин” биш болохоор яаж ч татаж, чангаагаад “сунах” учиргүй. Гэтэл 5 жил + 14 хоног. Ингээд “хөөн хэлэлцэх хугацаа” дуусаагүй гээд шийдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 14 хонож байгаа хэрэг дээр хуулийг илтэд буруугаар тайлбарлаж ял шийтгэсэн нь эрх мэдлийн түрэмгийлэл гэж ойлгохоос өөр аргагүй юм.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол ял завших хэлбэр биш бөгөөд эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хэрэгсэхгүй болгодог зарчимтай юм, энэ нь ямарч хугацаа хязгааргүйгээр ямар ч хүнийг мөрдөн мөшгих, шалган байцаах, яллах, шийтгэхээс, хэлмэгдүүлэхээс сэргийлэх, хүн санаатай оргон зайлаагүй, шалгах бүрэн боломжтой байхад уг хугацаа дууссан бол уг үйлдлийг нийгэмд аюулгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгодог зарчим.

Хууль хэрэгжиж, М.Энхсайхан шударгаар шүүгдсэн бол гэм буруугүйд тооцогдох бүрэн боломж байв, харин улс төрийн оролцоо, нөлөө ихсэх, эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэх юм бол Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, ардчилал гэдэг “тунхаг” төдий “мөрөөдөл” юм гэдгийг харуулж байна. Эрүүгийн хариуцлагад татагдаж шүүхийн өмнө зогсохдоо хүн бүр төрийн машинтай нүүр тулдаг. Харин гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнд хэрхэн хандаж байгаа, эрүүгийн шүүх ажиллагаа нь тухайн улс орон хувь хүний эрх, хууль дээдлэх ёсыг хир хүндэтгэдэг болох нь харагддаг.

Бодит үнэн бол М.Энхсайханг шүүсэн ажиллагаа илт шударга бус, ялгаварлан гадуурхсан, хүний шударгаар шүүгдэх эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал юм. Хаа нэг газар дахь шударга бус явдал бусад газрынхаа шударга байдалд заналхийлдэг гэж Мартин Лютер Кинг хэлж байсан билээ. Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан М.Энхсайханы  зөрчигдсөн эрхийг сэргээх, улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өмгөөлөгчийн зүгээс хүсэлтээ нотлох баримтын хамт өнөөдөр хүргүүлэх болно.

Ерөнхий сайд асан М.Энхсайханы Өмгөөлөгч Д.ОРОСОО

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!