2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголОХУ-аас ирсэн оюутнаас 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ

ОХУ-аас ирсэн оюутнаас 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-нд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн ажиглалт, хяналтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Эмч нар онцгой анхаарч хяналт, шинжилгээгээ үргэлжлүүлж байна. Өчигдөр хоёр лабораторид нийт 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 4 хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс гурав дахь удаагаа давтан шинжилгээ авахад 16-д нь илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Халдвар илэрсэн иргэн нь Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор ирж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн, Төмөр замын дээд сургуулийн оюутан.

ОХУ-ын Төмөр замын дээд сургуульд коронавирусийн халдвар гарсан нь олон улсын мэдээгээр цацагдсан.  Тэгэхээр хаана амьдарч байсан, хаагуур явсан зам мөр үнэхээр чухал нь  батлагдаж байгаа. Тиймээс 30 хүнийг онцлон тусгаарлан шинжилгээ авсан юм. Онгоцонд суухаар битүү орчинд орчихдог. Агаарын солилцоо байхгүй. Хэнтэй ч хамаагүй суудал таарах эрсдэлтэй.  Тиймээс өндөр зэрэглэлийн N95 амны хаалтыг зүүх хэрэгтэй.  Уханийн буюу Хятадын туршлагаас зөвлөхөд иргэд нимгэн даавуун бээлийг өмсөх хэрэгтэй. Оройд нь угаагаад индүүдээд, ариутгаад хэрэглэвэл коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой. гэв.

ЭМЯ-наас өгсөн мэдээгээр хоёрдугаар сараас хойш 17 орноос 98 монгол иргэн хандаж, зөвлөгөө авчээ. Гадаадад манай 13 иргэн коронавирусний халдвар авсан байсан.

Үүнээс Швейцарьт байсан хоёр иргэн эмчлэгдээд тусгаарлалтын хугацаа нь дуусаад шинжилгээ нь сөрөг гарч, эдгэрсэн байна. Шведэд байсан хоёр монгол иргэн мөн эдгэрээд эмнэлгээс гарсан гэж мэдээллээ. Ирландад халдвар авсан байсан дөрвөн иргэн эмчилгээ амжилттай өндөрлөж, одоо шинжилгээнийхээ хариуг хүлээж байна. ОХУ-д гурван тохиолдол илэрсэн, эмчлүүлж байгаа. БНСУ-д халдвартай нь тогтоогдсон хоёр монгол иргэн эдгэрсэн байгаа. Нэг нь гэрээр, нөгөөх нь эмнэлэгт эмчлүүлсэн байна.

Холбоотой мэдээ