2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРУлс ТөрБ.Мөнхжин: ГХЯ бол логистикийн яам болсон

Б.Мөнхжин: ГХЯ бол логистикийн яам болсон

Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжинтэй цаг үеийн асуудлаар тодруулга авснаа хүргэе.


-Коронавирус дэлхий дахинаа тархаж, олон улсад тодорхойгүй нөхцөл байдал үүссэн цаг үед тантай ярилцаж байна. Яриагаа энэ вирусын Монгол улсад үзүүлэх нөлөөллийн талаар эхэлье гэж бодож байна.

-Баярлалаа. Энэ цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлж хэрэгжүүлсний дүнд бид дотооддоо алдчихалгүй, нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байна. Мэдээж улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь их. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчидэд хүндээр тусч байгааг ойлгож байгаа. Тийм ч учраас Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс бизнесүүддээ дэмжлэг болох зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

-Тэрхүү ажлын нэг хэсэг нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо авчирах асуудал байгаа. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллаж байгаа. Нэг хэсэг нь гадаадаад вирус зөөвөрлөж авчирч байна гэж шүүмжилж, нөгөө хэсэг нь гадаадад байгаа монголчуудаа авсангүй гэж бухимдаж байна?

-Хилийн чанадад оршин сууж байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах явдал бол Монгол улсын гадаад бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ тахлын улмаас гадаад улсуудад гацсан иргэдээ боломж нөөцөө дайчлан авчирах ажлыг хэрэгжүүлж байна. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Тусгаарлах байр сав, эмнэлгийн баг бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, нисэх багийн хүрэлцээ зэрэг олон хүчин зүйлсийг тооцож байж үе шаттайгаар иргэдээ авчирч байна.

-Дайны хажуугаар дажин гэгчээр Монголын дипломатууд гадаадад хар тамхины хэрэгт холбогдож, Гадаад харилцааны яамны нэр хүнд ард иргэдийн дунд их унасан. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Хамгийн чухал нь хариуцлага, сахилга бат юм. Гадаад харилцааны яам энэ тал дээр дотооддоо хэнд ч хариуцлага тооцсонгүй. Хар тамхитай холбоотой асуудал гараад бүтэн жил гаруй болсон. Гэтэл сая ахиад хэвлэл мэдээллээр Истабул дахь консултай холбоотой асуудлыг Туркийн талаас гаргаад эхэллээ. Туркийн тал энэ асуудлыг манай дарга нар дараад өнгөрөх байсан шиг байна гэж хардагдахаар. Магадгүй Туркийн тал асуудлыг гаргаж тавиагүй бол манай дарга нар хав дараад өнгөрөх байж магадгүй.  Ер нь бол энэ мэт асуудал бол дипломат албанд хүний нөөц, боловсон хүчний бодлого алдагдсаны тод илрэл. Хилийн чанадад ажиллаж байгаа дипломатуудын чанарт анхаарал хандуулахгүйгээр хэчнээн мундаг бодлого Монголдоо яриад нэмэргүй. Царгисан микрофонтой бол хичнээн сайн дуучин байгаад нэмэргүйтэй адил шүү дээ.

Гадаадад манай Элчин сайдын яамд ур чадваргүй, зөвхөн томилсон дарга, явуулсан байгууллагадаа үйлчилдэг, тал талын төрийн байгууллагуудын шахааны хүмүүсийн бөөгнөрөл болж хувирсан.

Монголоос дарга нар очихоор чемоданыг нь зөөж, дэлгүүр хэсүүлж, буцахад нь нэг шил коньяк барьж гүйсэн хүмүүс л болж хувирлаа.

-Тэгвэл энэ байдлыг хэрхэн цэгцэлж, сайжруулах ёстой юм бэ. Эрх барьж байгаа намын дарга нарын эхнэр хүүхэд, ах дүү нар л тэнд томилогддог шүү дээ. Танил тал, татаас дэмжлэггүй ардын хүүхдүүд гадаадад дипломат албан ажиллах боломжгүй?

-Гадаад харилцааны яам одоо бодлогын яам болох цаг нь болсон. Өмнө нь бодлогын яам байсан. Харамсалтай нь, одоо логистикийн яам болчихоод байна. Тайлан, төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, ёслол протокол гэсэн өдөр тутмын ажилдаа дарагдаад хамгийн гол ажил болох гадаад харилцаагаа хөгжүүлэх, Монгол Улсын хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх үндсэн ажилдаа анхаарах цаг зав, хүч тэнхээгүй болсон байна. Тиймээс  дипломат албанд реформ хийх цаг нь яг одоо болсон. Гадаад бодлого уламжлалт, залгамж чанар дээр суурилдаг. Сүүлийн үед диплоамат албанд прагматик хандлага дутагдаж эсрэгээрээ романтизм хөөж их явлаа. Гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг хэт хуулийн хайрцганд чихэж болдоггүй юм. Асуудлыг том зургаар, урт хугацаанд харж, уян хатан байх нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. Мөн оновчтой бүтэц, зөв зохион байгуулалт, нэгдсэн удирдлага хэрэгтэй байна. Гол, гол түнш орнуудтайгаа харилцах харилцаандаа илүү анхаарал хандуулж, нөөц бололцоогоо тийшээгээ төвлөрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, дипломат алба бол Төрийн тусгай алба. Босоо тогтолцоотой байх ёстой. Сайдаасаа илүү улс төржсөн мэдэгдэл хийх тусгай албан хаагч байж таарахгүй. Гадаад бодлогод популизм зохидоггүй юм.

-Бодлогын яам болохын тулд эхлээд томилгоон дээр анхаарах нь чухал байх?

-Бусад байгууллагаас хилийн чанадад томилогдож байгаа хүмүүст тавигдах шаардлагыг өндөрсгөх ёстой. Дипломат албаны наад захын “ойлголт” суулгаж өгөхгүйгээр томилж явуулсны балаг нь улсын нэр хүндээр төлөгддөг юм. Ерөөсөө дипломат албаны хүний нөөцийн мэргэшлийн чадавхийг бэхжүүлэх асуудалд дипломат академийн үүрэг оролцоо чухал. Дипломатуудыг сургах, судалгааны ажилд оролцуулах, давтан мэргэшүүлэх чиг үүргийг дипломатийн академиар гүйцэтгүүлж, яамны үндсэн бүтцэд оруулах шаардлага байна. Дээр нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах нь чухал. Гадаад харилцааны яаманд улс төрждөггүй, мөрөөрөө ажлаа чимээгүйхэн хэрнээ чанартай хийчихдэг эмэгтэй дипломатууд цөөнгүй. Тиймээс тухайлбал, газар хэлтсийн дарга нарын тал хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж яагаад болохгүй гэж.

-Эцэст нь хувийн асуулт байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар таныг Гадаад харилцааны дэд сайдаар томилогдох санал Засгийн газарт оруулсан. Засгийн газар таны асуудлыг хэзээ шийдэх  бол?

-Нэг өдөр очих биз ээ.  Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга.

Холбоотой мэдээ