“Яаж баяжив” – гэх энэ асуултыг олон хүн надаас асуудаг юм. Нэр нүүрээ нууж нэг, бас нуулгүй нэг асуудаг. Харин нүүр тулсан үед асуух хүн бараг үгүй. “Яаж баяжив” гэж асуух бол байх ёстой асуулт. Тэр тусмаа улс төрд удсан хүнээс. Ялангуяа албан хаагчаас. Ер нь түмний төлөө зүтгэх зорилго тавьсан, тангараг өргөсөн төрийн албан хаагч бүрээс асуух ёстой асуулт. Иймээс би энэ асуултад чин үнэнээсээ нэг бүрчлэн хариулъя.
НЭГ: Яаж баяжив? “Улс төрд хар залуугаасаа явсан. Улс Төрийн Товчоог тусгай хангамжтай гэж та нар дайрсан. Өөрсдөө баяжлаа.” Яаж баяжив? Иргэд сэтгэгдлээ илэрхийлэх зуур ингэж асуух нь байдаг. Одоо бол ийм боломж арвинтай болжээ.
Би юуны өмнө энэ асуултад үнэнийг эрхэмлэн, итгэл үнэмшлийнхээ үүднээс хариулъя. Би Эх орондоо хайртай. Би эрх чөлөөнд дуртай. Бидний Эх орон, эрх чөлөөний дайсан бол авлига, төр түмнээсээ хулгай хийх явдал гэж би боддог. Би авлига, хулгай Монголыг доройтуулна, Монголыг муухай харагдуулна гэж итгэдэг. Иймээс би авлигаас, хулгайгаас ангид байхыг үргэлж эрхэмлэж ирсэн.
Улс төр рүү хүн яах гэж ордог вэ? Улс төрд орж байгаа хүний сэдэл чухал гэж боддог. Улс төр рүү би баяжих гэж ороогүй. Улс төрөөс мөнгө олох гэж, улс төрөөс амьдралынхаа дутууг нөхөх гэж ороогүй. Ард түмнийхээ өнийн хүсэл мөрөөдөл болсон эрх чөлөөгөө олоход нь хувь нэмэр болох гэж, олон нийтийн тусын тулд би улс төрийн замыг сонгосон юм.
Улс төрд орохоосоо өмнө би өөрийн гэсэн хүмүүжилтэй мэргэжилтэй, ажилтай амьдралтай, тогтсон бодолтой байсан. Түмний төлөө зүтгэх зорилго өвөртлөж, сонгуульт албан тушаалд анх дэвшиж байхдаа хувь хувьсгалаа ялгах зарчмыг хатуу баримталсан. Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн хэмээх эрхэм үүрэг хүлээсэн мөчөөсөө би дээрхи зарчмаа ах дүү, амраг садан, ойр тойрныхоо бүх хүмүүст ойлгуулахаас ажлаа эхэлсэн.
“Ийм замыг сайн дураараа сонголоо. Түмний итгэл хүлээж ийм ажил албатай боллоо. Надаас Та бүхний хэн ч давуу байдал бүү хүлээ. Бүгдээрээ, дор бүрнээ ажил амьдралдаа эзэн болж явцгаая. Ажил албаныхаа шугамаар Та нарын хэнд ч бусдаас илүү харж тусалж чадахгүй”. Энэ үгээ улс төрийн амьдралдаа үргэлж мөрдлөг болгож явсан. Сонгосон замдаа би үнэнч байсан.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг зарчмыг ажил амьдралдаа би дагаж ирсэн. Энэ бол хулгай хийхгүй ажиллаж амьдрахыг сургасан ардын сургааль. Миний ажил амьдралын зарчим болсон сургааль. Иймээс хулгайгаар, авлигаар баяжих явдал бол миний итгэл үнэмшилд харш, миний явж ирсэн замд харш зүйл.
Баяжих гэдгийг надаас мөнгөний утгаар асууж байгаа бол! Надад бусдаас илүү гарах, газар хотойм их хөрөнгө мөнгө байхгүй. Төр түмний өмнө бүгд ил байж ирсэн. Улс төрөөс баяжих зорилго надад эхнээсээ байгаагүй. Дунд нь төрөөгүй. Сүүлд нь ч надад тийм сэдэл, бодол ороогүй. Надад тийм гаж дуршил, буруу сэтгэл, хүмүүжил заяагаагүй. Байгаадаа сэтгэл өег явах бол зүйрлэшгүй жаргал юм билээ.
Хэрэв улс төрөөс баяжих зорилт тавьсан бол, тийм оролдлого хийсэн бол би аль эрт улс төрөөс хөөгдөх байсан. Надад улс төрд халхавч, хамгаалалт байгаагүй. Борог амьдралтай малчны хотноос би боссон. Хатсан талхны булан амттай цэргийн алба сургуулиар би дамжсан. Хэн нэг даргын цүнх барьж, ар долоож яваагүй. Шальдир бульдар замаар,унаж босож зүтгэсэн. Бартаатай газраар, үнэн дундуур би тэмцсэн. Хэрэв хазгай гишгэсэн бол намайг нүд ирмэхийн дотор төрөөс хөөж, Монголын хууль араас ирэх байсан юм.
Хүнийг мушгиж харлуулах, үзэн ядуулах маш амархан юм билээ. Үүнийг би олон зүйлээс харсан. Тухайлж нэг тохиолдлыг энд дурдая. “Хошгируулах” гэдэг үгийг миний нэртэй хамт хадсаар байгаа. Тэр жил талбай дээр барьсан гэрүүдийг эвдэж хэмхэлж, тэмцэж байсан иргэдийг баривчилсан явдал болсон. Намаас эсэргүүцэж цуглаан хийх, түүнийг нээх үүргийг би хүлээсэн үе.
Индэрт гараад “Сайн байцгаана уу, Монголчууд аа” гээд хашгируулна гэж цуглааны зохион байгуулалт ярьж байхдаа би хэлсэн. Хашгируулна гэдгийг хошгируулно гэж Элбэгдорж хэллээ гээд тэр оройноос сэвсэн. Миний тархинд хошгируулна гэж хэлэх ямар ч бодол байгаагүй. Яаж тайлбарлаад нэмэргүй болсон. Энэ хоёр үгийг ээлжилж хэлээд үз. Өө харсан хүнд дороо мушгиулна. Олны дунд яваа хүн үгээ бодох, болж өгвөл заримыг нь үсэг дараалан бодох хэрэгтэй юм билээ. Ийм сургамжтай үлдсэн.
Харин надаас коммунизм сүйрсэн ялыг нөхөж асуух гэж байгаа бол өөр хэрэг. Тэр харь систем хэзээ ч Монголынх байгаагүй. Явж явж монголчууд өөрсдийн Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бусдаас өмөөрсөн л юм билээ. Иймээс тэдгээр үе үеийн хэлмэгдэгчид жинхэнэ эх орончид байсан. Тэдний тухай үнэнийг тодруулах, өмнөөс нь уучлал гуйх, хөшөө музей, хууль нөхөн олговор, түүх дурсгалыг нь хүндэтгэх үл мартах өдөр гээд олон зүйлийг санаачилж оролцсон. Олон мянган Монголоо хэлмэгдүүлэх биш, Цагаатгах ажлыг ардчилал сонгуульд ялсан өдрөөс эхэлж удирдах хувь тохиосонд одоо ч талархдаг.
НЭГ: Яаж баяжив? “Бидэнтэй адил ядуу байсан. Чамайг газар даахгүй баян болсон гэж сонсдох юм. Ардчилал гэж хашгирсан эсвэл төрийн алба хашсан хүн бүр ийм баян болдог юм уу?” Чи яаж баяжив?
Асуулт хэцүү, хатуу байх тусам хариулахад амттай байдаг. Бид эзэн хичээвэл заяа хичээх замыг 1990 онд сонгосон. Хулгай хийхгүй, хууль зөрчихгүй хүн шиг амьдарч болдог замыг сонгосон. Тэр сонголтыг тухайн үед ухамсартай хийсэн олон Монгол хүний нэг бол би өөрөө. Би хулгайн зам сонгоогүй. Учир нь хулгайгаар сайхан амьдралыг цогцлоох боломжгүй. Хулгайгаар улс орноо хөгжүүлэх гэж үгүй. Хулгайгаар тогтдог шударга ёс ч гэж үгүй юм.
Бид социализмаас таарсан амьдралтай, тайрсан эрхтэй орж ирсэн нь үнэн. Бидний хэн ч дэлбэрсэн баян байгаагүй. Хэн нь ч хэмжээнээс илүү гарсан өмч хөрөнгөтэй байгаагүй. Бидний сонголт, ажилч хөдөлмөрч байдал бидний баян ядуу явах эсэхийг шийддэг. Жинхэнэ баян бол бусдыг баян болохыг тэвчиж чаддаг, бусдын бүтээлч ажилсаг чанарт, сайн яваад, илүү байгаад үл атаархах сэтгэл юм. Энэ бол сайн хүний, жинхэнэ баян хүний бодит шинж юм.
Монгол хүн бүрийг би баян гэж боддог. Монгол хүн бүрт Монголын сайхан Эх орон бий. Монгол түмний сонгож, бүтээж, эдэлж байгаа эрх чөлөө бий. Эх орон, эрх чөлөө хоёртойгоо байхад Монгол хүн бүр баян. Энэ бол миний чин сэтгэлийн үнэн. Дээрээс нь хүн бүр л өөрийн гэсэн амьдралтай. Бид ажил амьдралдаа эзэн болох гэж шинэ сонголт хийсэн. Энэ бол өөрийн гэсэн бүхэндээ, тэр дундаа өмч хөрөнгөндөө, орлого зарлагадаа, хийж байгаа ажилдаа бас хувь заяандаа эзэн болно гэсэн үг.
Эрх чөлөөг би өөрийнхөөрөө амьдрах ухаан гэж ойлгодог. Төрд ажиллахаасаа өмнө эрх чөлөөтэй амьдрах замыг би сонгосон. Хулгай хийхгүй төр түмний төлөө зүтгэх боломж байдагт итгэдэг. “Хулгай хийхгүй амьдрах боломж ардчилалд байна. Би ардчилалд хайртай. Өөрийнхөөрөө амьдарч чадаж байна. Ардчилал надад өчнөөн сайхан боломж олгосон” гэж ярих хүнтэй би цөөнгүй таарч байлаа. Ийм байдлаар ажиллаж амьдарч чадаж байгаа хүн бүрт тийм бодол төрдөг. Тиймээс тэд ардчилалд хайртай, төр түмний төлөө шударга зүтгэж яваа хүмүүст итгэдэг байх.
Улс төрийн амьдралаа би хариуцлагагүй байдал, хулгайтай тэмцэхээс эхэлсэн. Миний ажил амьдрал олон түмний нүдэнд ил явж ирсэн. Монгол улсын Ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хулгайтай, авлигатай тэмцсэнийхээ төлөөс болгож алдаж байсан. Хуулийг сахиулж болно, хулгайг зогсоож болно, шударга ёсыг тогтоож болно гэж би итгэж явсан. Төрийн хулгайтай тэмцэж чадвал, улсын төсөв ашигтай гардагийг 2005 онд би Ерөнхий сайд байхдаа нотолж харуулж чадсан. Энэ бол Монголын гүйцэтгэх засаглалын түүхэнд анх удаа тохиосон үзэгдэл.
Монголын түүхт Төрийн Тэргүүний албыг би залбирч хашсан. Миний буурал ээж намайг хоёр ч удаа Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд харж суусан. “Миний хүү олондоо залбирч яв, ажлаа сайн хий” гэж л надад захисан. Ээжийнхээ захиасыг би төр түмнийхээ төлөө болохоосоо аваад болохгүйгээ хүртэл зүтгэ гэсэн үг гэж ойлгосон.
Эрх чөлөөг эрхэмлэж, улсынхаа төлөө зүтгэнэ, хулгайтай тэмцэнэ гэж би ард түмэндээ амласан. Амласнаа хийх гэж мэрийсэн, хулгайтай тэмцсэн. Засаг, Төрийн Тэргүүний алба хашиж явахдаа би “төрийн хулгай, хулгайчтай тэмцсэн”-ээсээ болж бусадтай ам ажил зөрдөг байсан. Ажил үйлсээ алдаж явсан. Авлигачдын хараал гүтгэлгэд булуулж ирсэн. Одоо цагт хулгай хийсэн нь биш түүнтэй тэмцсэн нь, юм бүтээж хийх гэсэн нь яллах тогтоолтой шүүхийн үүд сахидаг болж.
Авлига хулгайтай тэмцэх бол миний хувьд сонгуулийн амлалт төдий зүйл байгаагүй юм. Авлигатай тэмцэх бол миний хувьд Монгол байх эсэхтэй тэнцэх тэмцэл, тулаан байж ирсэн. Авлигатай тэмцэх бол миний хувьд зөвхөн улс төрийн зорилго байгаагүй. Тэр бол зүгээр л миний амьдрал. Энэ бол миний араншин. Ээж ааваас өвлөсөн, хүн болохоос миний цусанд шингэсэн үзэл. Би хулгай хийж яваагүй, хулгайг зогсоох гэж явсан. Үүнээс болж над руу хулгайчид, тэдний гар хөл бологчид дайрдаг, гүтгэдэг, буруутгадаг юм.
НЭГ: Яаж баяжив? Чи ямар их баян хүн бэ? Их гээд хэдэн малтай л баймаар юм. Зургийн том цуглуулгатай гэсэн. Бизнес хийж үзээгүй байж. Яаж баяжив?
Би их мөнгөнд умбаж өссөн хүн биш. Дээрээ 7 ахтай, аав ээжийнхээ 8 дахь, отгон хүү нь. Хот дүүрэн малтай ч, нэг хонь гаргахын тулд нэгдлийн даргаасаа зөвшөөрөл гуйдаг байсан үеийн хүүхэд. Байгаагаа хувааж, ээлжилж хэрэглэж, биесээ нөмөрлөж унтаж өссөн, тэгж хүн болсон хүн. Би олонтой амьдрах дуртай. Би олон ах дүү, найз нөхөдтэй. Намайг хайрладаг хүмүүстэй. Сайхан хань ижилтэй. Ерөөлөөр бужигнасан олон үр хүүхэд, ач зээ, нялхтай. Энэ талаараа бол би их баян хүн
Улстөрчийг би хонинд явж байгаа хүнээр заримдаа төсөөлдөг. Улс төрийн албанд зүтгэнэ гэдэг бол хонины ээлжтэй хүнтэй адил. Хонь хариулж яваа хүн хонь, малаа бэлчээрт нь барьж идээд байдаггүй. Хариулж яваа хониноосоо хулгайлах ойлголт бүр ч байхгүй. Хонинд яваа хүндээ гэрийнхэн нь хоол тавьдаг. Энэ бол Монгол ёс. Би ийм л ахуй дунд, ийм л хүмүүжилтэй өссөн хүн. Орчин цагт, зарим цуламынхаар бол “Хониноосоо тэр идэж яваа” гэж боддог болсон юм шиг байна. Малч удамтай Монгол хүний толгойд ийм ёрын бодол хэзээ ч орохгүй.
Хөдөөний хүүхэд багаасаа биеэ авч явах дадалтай болдог. Хананаас уясан уяанаасаа алдуурч босоод, галтай зуух тойрч гарах ухаанд өөрөө сурдаг. Мал хариулж, моринд мордоод бие даадаг. Сургуульд орж, дотуур байранд байрлаад өөрийгөө аваад явдаг. Олны оройд ч биш, адагт ч биш амьдралаа болгоод, биеэ аваад явах ухаан бол миний багаасаа өвлөсөн эрдэм.
Харин багаасаа би юм цуглуулдаг хүүхэд байсан. Нутгийн хөх, алаг, шилэн чулууд миний өмч, гэр орон, хөрөнгө байсан. Би чулуугаар бүхнийг орлуулж, чулуугаар тоглож өссөн. Тэр чулууд миний уран бүтээл, миний соёл байсан юм. Манай нутагт чулуу шиг их юм үгүй. Урлаг шиг, зураг шиг, бүтээл шиг чулууд ихтэй. Иймээс ихэд шунах сувдаг сэтгэл надад заяагаагүй. Ээж аав минь намайг ихэд шунахгүй байхад багаас сургасан.
Баян хүн бүр цуглуулгатай байдаг юм биш. Цуглуулах гэсэн юмаа хүн цуглуулдаг. Цуглуулагч заавал их мөнгөтэй байх албагүй. Сэтгэлтэй, үнэлэмжтэй, нүдтэй байхад л болдог. Бусдын хараанд хэрэггүй мэт үзэгддэг зарим зүйл надад цуглуулга, хөрөнгө болж үлдэх үе бий. Монгол хүний чөлөөт сонголтын ачаар сонирхсоноо цуглуулах, олох боломж хүн бүрт нээгдсэн.
Байгалийн сайхан, урлаг, уран зурганд би дуртай. Зургийн, урлагийн бүтээлийн цуглуулгатай. Би бизнес огт хийж үзээгүй хүн биш. Бас төрийн сандалд үргэлж хадаатай суусан ч хүн биш. Надад чөлөөтэй цаг хугацаа, боломж байсан. Орос зураг Хятадад чихэр шиг зарагддаг үе байлаа. Хүн бүр л зах зээлийн боломжийг янз бүрээр ашигладаг. Харин би Монгол хүний бүтээлийг гадагш зарж худалдаж яваагүй. Монгол хүний сайн бүтээл Монголдоо байх ёстой гэж би үздэг.
Надад зарим хүний харддаг шиг хулгайлж цуглуулсан юм байхгүй. Хулгай, цуглуулга хоёр бол харш зүйл. Монголдоо үлдээх гэж би цуглуулдаг. Бас баяжих гэж, мөнгөжих гэж эсвэл баяжсан, мөнгөжсөнөө нуух, хаах гэж цуглуулгаар оролдсон юм биш. Энэ бол миний бага залуугаасаа сонирхсон хобби. Хөрөнгө орлогодоо сар, жилтэй нь бүртгүүлээд, шалгах үзэх, сонирхох харах гэсэн бүхний өмнө нээлттэй явсаар өдийг хүрсэн. Олон жилийн өмнө, цуглуулгандаа зураг нь байдаг зураач бүрээс 1 зураг сонгож “100 зураач, 100 зураг” нэртэй үзэсгэлэн хүртэл гаргаж явлаа. Зарим түүнийг үзэж сонирхсон хүн “Чи их баян юм” гэж хүртэл хэлж байсан.
Би улс төр сонирхохоосоо өмнө зураг сонирхдог, цуглуулдаг байсан. Юмыг үнэлдэг, сонирхдог хүн л цуглуулж чаддаг. Цуглуулга бол бусдын боддогоос эсвэл баяжихаас илүү өргөн, үнэт ойлголт. Цуглуулгаа би Монголдоо үлдээнэ. Монголдоо сайхан галлерей байгуулна гэж мөрөөдөж явдаг хүн. Ихэнх сайхан музей, галлерей хувийн цуглуулга дээр боссон байдаг.