2025.05.15, Пүрэв
spot_img

20-р зууны Хүрээ хүүхнүүдийн гангараа Louis Vuitton

0

“Хүрээ хүүхнүүд” гэж ямар бүсгүйчүүд байв?

Хүрээ хүүхнүүд гэдэг ойлголт 20-р зууны эхэн үеэс яригдаж эхэлжээ. Тухайн үед Орос, Хятадаас орж ирдэг сайхан бүхнээр гоёдог байсан, ардын дуу, уран зохиол дээр гараад байдаг “Хүрээ хүүхнүүд” гэж чухам хэн байв?.

Нийслэл хүрээнд оршин сууж, хамгийн тансаг торго дурдан, даавуу, чисчүү, хөөрөг, гаанс, гоёл чимэглэл, сувдан даруулга зэргийг хэд хэдээр нь эдэлж хэрэглэдэг, дээл хувцас нь гэхэд ховор нандин хоргой торгоор хийгдсэн дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ.

Хүрээ хүүхнүүд өвөл цагт минж, булга, халиу, суусрын арьсаар гоёдог. Алт мөнгөн хийцтэй урт хэт хутга зүүдэг байсан нь хэрэглээнийх биш гангарааных байсан гэлцдэг. Тэдний бас нэгэн гоёл нь өндөр зэрэглэлийн янжуур тамхи, гаанс байжээ. Хүрээний цуутай уран гартай дархчуулаар хийлгэсэн нарийн хийцтэй үнэт эрдэнэсээр гоёсон гаанс хэрэглэн чамирхдаг байж. Гоё ганган хувцас, гоёл зүүсгэлээр өрсөлдөх нь аль ч үеийн бүсгүйчүүдэд байдаг жишгээр Хүрээ хүүхнүүд бусдаасаа түрүүлж онц содон гоёл чимэглэлийг өөрийн болгох, үнэтэй нандин торго дурданг олж авахаар гарын шивэгчдээрээ тагнуул хийлгэдэг байж.

      Цайвар зүсмийн морь ижилсүүлэн унасан хоёр эхнэр, 1910-аад он

Хүрээний Орос, Хятад пүүсэнд шинэ бараа ирсэн сургаар бусдаас түрүүлж үнэ цохиж авахын тулд өрсөлдөөн өрнөдөг байсан нь тэр ажээ. Хүрээний хүүхнүүд гоёж гангалахаас гадна шанз тоглох авьяасаараа бас алдартай байжээ. Мөн тэдэн дунд үйлэнд уран өмсөж хэрэглэх чамин дээл хувцасаа өөрөө эсгэж оёод өмсчихдөг, эрдэм боловсрол өндөртэй бүсгүйчүүд олон байжээ.

Тэдний заримаас дурдвал: -1900-гаад оны үед 8-р богд Жавзундамбын сэтгэл алдарч явсан Юмнэрэн гэж хүрээний сайхан хүүхэн байжээ.Эх дагина Дондогдуламаас өмнө сэтгэлийг нь татаж явсан энэ хүүхэн анх Богдоос сувдан гутал бэлгэнд авч, хошуу ноёдын хатдын атаархлыг буцалгаж явсан байдаг байна.

1906 онд Дондогдулам хатан Эх дагинад өргөмжлөгдөн өөрийн гэсэн захирах хошуутай, хэдэн түмэн мал ахуй хурдан хүлэг морьдтой болж бүр хүрээний пүүсийн хувь эзэмшиж асар их эд хөрөнгөнд эзэн сууж хүрээний хүүхнүүдийн манлай болжээ.
Мөн эх дагины төрсөн дүү Дэндэвдулам нь хөвчийн жонон ван Цогбадрахын хатан болж, хожмоо хүрээний бэлтэй хүүхнүүдийн нэг болжээ.
1920-д оны эхээр Х.Чойбалсантай ханилж явсан Бортолгой гэж хүрээний зартай дэгжин, найр наадамч хүүхнүүдийн нэг байжээ. Бортолгой болон их зохиолч Д.Нацагдоржын анхны гэргий Пагмадулам нарын дэгжин хүүхнүүд тэр үед хүрээнд худалддаг байсан алдартай брэндүүдийн анхны хэрэглэгч Монгол хүүхнүүд байжээ. Пагмадулам гэхэд LV брэндийн туфли өмсдөг байж.
Пагмадулам нь манж хятад хэлтэй, Герман улсад суралцаж герман хэлтэй болсон Монголын анхны сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг байв.

Залуу жанжин Лхагвасүрэнгийн гэргий Дашцэдэн нь хүрээний цуутай хүүхнүүдийн нэг байв. 8-р Богдын төрсөн дүү Дашцэдэн царайлаг хөөрхөнөөрөө цууд гарч ” Дунд голын ногоо нь ургасан байтлаа тарьсан юм шиг Дунжидмаагийн хүүхэн нь төрсөн байтлаа зурсан юм шиг ” хэмээх ардын дууны эзэн болж байжээ.

Зах дээр худалдаа хийж буй монгол эмэгтэйчүүд, 1910-аад он

Дондогдулам хатны дараа үеийн Хүрээний нөлөөтэй хүүхэн бол Монголын анхны тэргүүн хатагтай С.Янжмаа юм. Хүрээ хүүхнүүд гэдэг тэгэхээр тухайн үеийн сайхан бүхнийг өөртөө зориулж чаддаг, удам судар сайтай, алхаа гишгээ дохио зангаа цаанаа намбалаг, үг яриа цэгцтэй бөгөөд ончтой, өнгө мөнгөний шидийг таньсан, ухаан санаа талибуу, хааяа дуу хуур сонсож наргиж цэнгэчихдэг, домог яриа ярьчихдаг, хатуувтар болоод нинжин сэтгэлтэй, их гэж ихийг тоодоггүй, бага гэж багыг басамжилдаггүй дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Хятадын тагнуулын бөмбөлгийн хэрэг явдал

0

Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаарт Тайваний дүн шинжилгээний sinoinsider.com сайтад 2 дугаар сарын 25-нд нийтлэгдсэн “Тагнуулын бөмбөлгийн хэрэг явдал нь Хятадын аюул ба дэглэмийн хямралыг тодруулж байна”[1] нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийн агуулга нь тус хүрээлэнгийн байр суурь биш болно.

***

Хятадын ажиглалтын агаарын бөмбөлөг 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр АНУ-ын агаарын орон зайд нэвтэрчээ. 2 дугаар сарын 2-ны өдөр гэхэд бөмбөлөг Монтана мужийн дээгүүр хөвж, тус муж дахь эмзэг цэг болох цэргийн баазууд руу ойртон чиглэж байв.

Уг агаарын бөмбөлөг Хятадын Хайнань арлаас хөрснөөс хойш АНУ-ын арми болон тагнуулын байгууллагууд долоо хоногийн турш ажиглаж байгаа талаар мэдээлсэн юм. Гэвч Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ыг дайран өнгөрөх үед л Пентагон анхааралдаа авчээ. 2 дугаар сарын 4-нд Өмнөд Каролина мужийн эргийн ойролцоо F-22 сөнөөгч онгоц Sidewinder пуужинг харваж, бөмбөлгийг харваснаар Хойд Америкт хийсэн “аялал” нь өндөрлөсөн юм.

“Хятадын тагнуулын бөмбөлөг’-ийн тухай мэдээлэл АНУ-д хэдэн өдрийн турш хэвлэлийн тэргүүн мэдээ болон цацагдав. Ажиглагчид агаарын бөмбөлгийн хэрэглээ зориулалт, чадамжийн талаар ихээр таамаглаж, цахилгаан соронзон импульсийн хүчин чадалтай эсвэл бусад зэвсэгтэй эсэхийг өргөн дэлгэр хэлэлцсэн юм. Уламжлалт сонинууд үүнийг “Хятадын сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн түрэмгий тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааны нэг’ хэмээн тодорхойлж, тагнуул, цэргийн ажиллагаанд агаарын бөмбөлгийг ашигладаг тухай түүхүүдийг нийтэлжээ. Харцага талын тоймчид зориудаар өдөөн хатгаж байна хэмээн Хятадыг буруутган, бөмбөлөг бол ‘халдлагын оршил’ гэж мэдэгдэв.

Энэхүү үйл явдал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкений 2 дугаар сарын 5-нд Бээжинд хийхээр төлөвлөж байсан айлчлалыг хойшлуулахад хүргэсэн юм. Конгресс “Америкийн бүрэн эрхт байдлыг илт зөрчиж буй Хятадыг зэмлэн буруушаах”-аар санал нэгдэв. Улмаар Ж.Байдены засаг захиргаа Хятадын агаарын бөмбөлөг хөтөлбөртэй холбоотой Хятадын зургаан компанид хориг тавилаа. Үүний зэрэгцээ Япон, Тайвань мөн сүүлийн жилүүдэд гадаадын агаарын бөмбөлөг илрүүлж буй тухайгаа мэдэгдэж, АНУ-ын холбоотнууд энэ асуудалд сонор сэрэмжээ дээшлүүлжээ.

Бээжингийн зорилго

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тагнуулын бөмбөлгийг ХКН-ын болзошгүй ‘түрэмгийлэл’-тэй холбон янз бүрийн аргумент дэвшүүлж байгаа хэдий ч ХКН-ын хувьд уг бөмбөлгийг зөвхөн ердийн ажиллагаандаа ашиглаж байж магадгүй юм. Юун түрүүнд Хятад улс өмнөх жилүүдэд ч АНУ-ын дээгүүр ижил төстэй агаарын бөмбөлөг илгээдэг байсан тухай Ж.Байдены засаг захиргааны албаны хүмүүс мэдэгдсэн, гэхдээ эдгээр бөмбөлөг АНУ-ын агаарын орон зай дотор байх үедээ илэрч байгаагүй ажээ.

ХКН-ын үйл ажиллагааны горимын дагуу, хэргээс мултарч чадах л бол дэглэмийн ашиг сонирхолд нийцсэн хууль бус, маргаантай үйл ажиллагаа явуулсаар байх болно. Унагасан бөмбөлөг бол Хятадаас далд хэлбэрээр явуулсан ердийн тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааны нэг хэсэг байж магадгүй бөгөөд зарим хүний ​​таамаглаж байгаа шиг АНУ-ын ‘нүүр рүү дэлсээд авсан’ илт түрэмгийлэл, өдөөн хатгалга биш гэсэн үг юм.

Тэгж хүссэн ч Хятадад одоогоор дайн хийх, ноцтой түрэмгийлэл, өдөөн хатгалга явуулах нөхцөл нь бүрдээгүй байна. Гурван жилийн турш хэрэгжүүлсэн цар тахлын “тэг Ковид’ бодлогоосоо дөнгөж ангижирч буй тул тахлын үеэр эрс доройтсон эдийн засгаа сэргээхэд анхаарлаа хандуулах шаардлага бий. Эдийн засгаа аврах нэн тэргүүний зорилт тавьснаар Бээжин 2022 оны 10 дугаар сард болсон ХКН-ын ХХ их хурлын дараагаас “дайчин чонын’ дипломат арга барилаа зөөлрүүлж, олон улстай харилцаагаа идэвхжүүлэн, нэн шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар хичээж байна.

Үүнээс гадна 2022 оны эцэс, 2023 оны эхээр Хятадыг бүхэлд нь хамарсан коронавирусын шинэ давалгаа армид нь ч нөлөөлж байгаа бололтой. Энэхүү тайланг бичиж байх үед Ши Жиньпин ХАЧА-д цэргийн бэлтгэл сургуулийг эхлүүлэх анхны тушаалыг өгөөгүй л байна. Цар тахал дэгдэхээс өмнөх хоёр жилд Ши Жиньпин 1 дүгээр сарын эхээр тушаал гаргадаг байсан, тэгэхээр тушаал гаргаагүй байгаа нь хэвийн бус байгаагийн нэг шинж тэмдэг юм.

Ковид-19 цар тахал ХКН-ын армид ноцтой хохирол учруулж, байлдааны үр дүнд нөлөөлөхүйц байж болзошгүйг илтгэх өөр нэг шинж тэмдэг бол 2 дугаар сарын 8-нд Хятадын цэргийнхэн “Чөлөөлөх арми” сонинд “Цэргийн байгууллагууд Ковид-19 халдвар эдгэрсний дараа цэргийн бэлтгэл сургуулилт хийх удирдамж’-ийг нийтэлсэн явдал юм. Удирдамжид цэргийн албан хаагчдыг Ковид-19 халдвар эдгэрсэний дараа бэлтгэлдээ буцаж орох гэж яарахгүй байхыг зөвлөжээ. Хүнд өвдсөн, хүндэвтэр тусаж эдгэрсэн, суурь өвчтэй хүмүүс цэргийн эмч нарын удирдлага дор шат дараатай бэлтгэл сургуулилтад хамрагдах ёстой гэжээ. Цэргийн төв зөвлөл ийм удирдамж гаргасан нь дэгдэлтийн сүүлийн давалгаанд олон цэрэг халдвар авсныг илтгэж байна.

Тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэрэгт үзүүлж буй Бээжингийн хариу илэрхийлэл ч мөн тэд өмнө нь ямар ч бэлтгэлгүй байсныг илтгэж буй. “Wall Street Journal’-д мэдээлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, орлогч Шерман нар 2 дугаар сарын 1-нд БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Шюй Шюэюаньд Ж.Байдены засаг захиргаа маргааш агаарын бөмблөгийн талаар мэдэгдэл гаргах гэж байгаа тухай хэлэхэд тэрээр маш их цочирдсон ажээ. Бээжингийн албаны хүмүүс энэ үйл явдлыг “хар хун” хэмээн тодорхойлсон байна.

Хятадын ГХЯ мэдэгдэл хүлээн авснаас хойш 36 цагийн дараа засгийн газрын бусад яамдтайгаа зөвшилцөж, Ши Жиньпин гарын үсэг зурж зөвшөөрснөөр сая уг үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ Хятадын засгийн газар өдөөн хатгах санаатай байсан бол энэ үйл явдалд эвгүйцэж, цочрдохгүй байх байсан, мөн даруу байдлаар хариу үйлдэл үзүүлэхгүй, харин ч өмнөх “дайчин чонын’ арга барилаараа хатуу үг хэллэгээр илэрхийлэх байсан.

Жижиг зүйлийг томруулсан Америк

Хятадын тагнуулын бөмбөлөгүүдэд Вашингтон гайхмаар их анхаарал хандуулсан. Өмнөх иймэрхүү үзэгдэлд Вашингтон чимээгүй өнгөрч асуудлыг шийдвэрлэхдээ ч тулгамдаж байгаагүй. Хавай дахь АНУ-ын Номхон далайн командлалын Тагнуулын нэгдсэн төвийн Ажиллагааны газрын захирал асан Карл Шустер “Америкийн дуу хоолой’-д ярилцлага өгөхдөө ХХ зууны 60-аад оноос хойш агаарын бөмбөлгүүдийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үздэггүй байсан хэмээн ярьжээ. Ж.Байдены засаг захиргаа уг бөмбөлгийг зөвхөн “АНУ-ын агаарын орон зайд Хятад улсын ашигладаг бусад тагнуулын талбарт хязгаарлагдмал нэмэлт функцийг нийлүүлсэн’ гэж мөн дүгнэсэн юм.

Хятад улс АНУ болон бусад газарт тагнуулын мэдээлэл цуглуулах, тандалт хийх илүү хүчирхэг аргуудтай байхад Вашингтон яагаад агаарын бөмбөлөгүүдэд ийм их анхаарал хандуулав? Жишээлбэл, Хятадын эзэмшдэг TikTok нь америкчууд гэх мэт хэрэглэгчийн асар их хэмжээний мэдээллийг цуглуулдаг бөгөөд АНУ-д хадгалагдсан өгөгдөлд алс Хятадаас хандах боломжтой. Гэтэл Д.Трампын засаг захиргааны үед TikTok-д тавьсан хоригийг Ж.Байдены засаг захиргаа цуцалсан билээ.

Байдены засаг захиргааны үйлдлийн талаар хэд хэдэн тайлбар бий.

Нэгд, агаарын бөмбөлөг бол Хятадын заналхийллийн товч бөгөөд тодорхой илэрхийлэл юм. АНУ-ын эх газрын дээгүүр агаарын бөмбөлөг хөөргөж буйг далимдуулан Вашингтон ээлжит “Спутник үе’-ийг бий болгохоор шийдсэн байж магадгүй. Ингэснээр америкчууд болон АНУ-ын холбоотнуудыг сандарган, аюул заналыг арилгахын тулд илүү тодорхой арга хэмжээ авч, Хятадтай урт хугацааны өрсөлдөөн явуулахад түлхэц үзүүлэх зорилготой байж болох юм.

Хоёрт, Ж.Байдены засаг захиргаа энэ үйл явдлыг ашиглан Хятад Америкийн харилцаанд зохих “хашлага’ бий болгох цаг нь болсон гэж Хятадыг ятган, ирээдүйд “жижиг зүйл’-ээс үүдэн гарах маргаанаас зайлсхийх явдал юм. Хятад ийм “хашлага” бий болгохыг хүсдэггүй бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Шюй Чиляныг Пентагонтой шууд харилцахыг зөвшөөрөх жишээтэй. Ж.Байдены засаг захиргаа Батлан ​​хамгаалахын сайд Вэй Фөнхөтэй биш, Ши Жиньпиний итгэмжит хүн Шюй Чилянтай шууд харьцахыг илүүд үздэг байсан бөгөөд Вэй Фөнхө сайд хэдий ч ХКН-ын дэглэмд улс төрийн байр суурь доогуур юм.

Гуравт, Ж.Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлт, Украйн зэрэг асуудлаар АНУ болон түүний холбоотнуудын мөрийн хөтөлбөртэй Хятадыг нийцүүлэхийн тулд нөлөөлөхөөр хүчилж байж магадгүй юм. Вашингтон мөн агаарын бөмбөлөгтэй холбоотой харьцангуй жижиг хэрэг явдлыг томруулан шуугиан дэгдээснээр Бээжинг Тайвань руу довтлох гэх мэт бодит түрэмгийллийг нь саатуулна гэж найдаж байж магадгүй.

Эцэст нь хэлэхэд Ж.Байдены засаг захиргаа боломжийг ашиглан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийг бухимдалтай байх үед нь дарамт үзүүлэх гэсэн байж магадгүй юм. Ши Жиньпин одоо дотоод болон гадаад хүнд хямралтай тэмцэж байна. Тухайлбал, “тэг Ковид”-ын дараах дэгдэлт, нас баралт, эдийн засгийн эрчимтэй доройтол, засгийн газрын төсвийн хомсдол, үл хөдлөх хөрөнгийн хүндрэл, хүн ам зүйн хямрал, олон улсын хэмжээнд өсөн нэмэгдэж буй аюул заналхийлэл зэрэгт хариу арга хэмжээ авах шаардлага Хятадад тулгамдаж буй.

Спутникийн үе

Вашингтон болон Бээжингийн бодол санаанаас үл хамааран хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын тагнуулын бөмбөлөгтэй холбоотой хэрэг, түүний үр дагаврын талаар цацагдсанаар дэлхийн түүхэн дэх бас нэгэн “Спутникийн үе’ болон хувирч байна. (ЗХУ 1957 оны 10 дугаар сард АНУ-аас түрүүлж “Спутник 1′ хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, барууны орнуудыг айдас, түгшүүрт оруулсан үе юм). Хятадаас том цагаан бөмбөлөг АНУ-ын эх газрыг “нүдэн дээр нь’ туулан гаталж, цэргийн болон тагнуулын мэдээлэл цуглуулж байгаа дүр зураг нь Хятадын аюул заналхийллийг хүмүүсийн оюун санаанд илүү тодруулж өгч байна.

Анх ЗХУ Спутник хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөнтэй адил Хятадын тагнуулын бөмбөлөг болон түүний боломжит ач холбогдол нь дэлхий нийт Хятадад хэрхэн хандах талаарх сэтгэлгээг чиглүүлж магадгүй юм. Энэ нь Ши Жиньпин болон Хятадын Коммунист намд таагүй нөлөөлж, Хятадын хувьд улс төрийн “хар хун” болж болзошгүй.

Эх сурвалж: Үндсэний аюулгүй байдлын хүрээлэн

С.Баярцогт: АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг

0

Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж буй.  Сонсголын эхэнд “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад хариулав. Тэрбээр “АСЕМ гэдэг бол Ази, Европын дээд хэмжээний уулзалт. Европын 30, Азийн 21 орон олон улсын хоёр байгууллага орсон маш том нээлттэй платформ байгаа. Ингээд 12 жилийн дараа Монголд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдсэн. АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг”-ээ ч нуусангүй.

Хөгжлийн банкны эх үүсвэр гарсан зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байгаа тул хурлын үйл ажиллагааны талаарх байр суурийг хэлэлцэхгүй. Тухайн үед Хөгжлийн банкны эх үүсвэрээр бонд гаргаж арга хэмжээг санхүүжүүлье гэх шийдвэр ҮАБЗ-өөс гарч байсан. Ц.Элбэгдорж ирсэн бол асуух байсан. Та өөрийнхөө мэдэх хүрээнд уг асуудал хэзээ ҮАБЗ-д яригдсан талаар хариулна уу?

-Сонсголд урьсан явдалд хувийн зүгээс талархаж байна. АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Өмнө нь хийгдсэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас судалсан. 9 дэх удаагийн уулзалт Лаос улсад зохион байгуулагдахад дэд бүтэц байгаагүйгээс шалтгаалан АСЕМ Вилла гэж байгуулаад, дараа нь ашиглаж чадаагүй гашуун туршлага байсан.

Богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудал байгуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан.

Их тэнгэрт байгуулагдсан нөхцөлд хувийн хэвшил орж ажиллахгүй гэдэг зүйлийг хувийн хэвшил санал болгосон компаниудад мэдэгдсэн юм билээ. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.

Засгийн газрын зүгээс 2015 оны наймдугаар сарын 17-нд хурлаар хэлэлцээд 331 дүгээр тогтоолыг гаргасан.

2015 оны наймдугаар сарын 28-ны 241 дугаар Монгол Улсын Сангийн сайдын тушаалаар Ази, Европын 11 дэх дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх, хяналт тавих журмыг баталсан. Мөн хувийн хэвшилд тулгуурлаж хийсэн нь харагдсан.

Тухайн үед Монгол Улсын эдийн засаг агшсан учраас ОУВС-тай Standby хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс их хөрөнгө оруулалтыг, зардлыг хязгаарласан. Иймд үед бүтээн байгуулалтыг яаж явуулах тухай асуудал гарсан тул төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан.

-Та сая хуулийн дагуу гэж хэллээ. Хөгжлийн банкны тухай хуульд заасанчлан хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг УИХ-аас баталсан байх гэдэг хууль зүйн үндэслэлийг зөрчиж, УИХ-аас шийдвэр гараагүй байхад ХБ-наас санхүүжилт олгогджээ гэдгийг нотолсон гэх тус банкны өөрийнх нь хууль зүйн дүгнэлт байна. УИХ нь Хөгжлийн банкны гаргасан шийдвэрийг дараа нь нөхөж гаргадаг этгээд мөн үү, тухайн үеийн Хөгжлийн банкны ТУЗ УИХ-аар дараа нь нөхөж гаргуулна гээд Хөгжлийн банкны хуулиа зөрчөөд явдаг байсан юм уу, Засгийн газар ийм асуудал шийдвэр гаргадаг байсан хэрэг үү?

-Хөгжлийн банкны хуулийг боловсруулж батлуулсан учраас маш сайн мэдэж байна. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд 2017 оны Хөгжлийн банкны хуулийг хүчингүй болгосон. Тэр дотор хамгийн чухал заалтыг байхгүй болгосон. Тодруулбал, уг хуулийн 8.1-д Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан.

-“АСЕМ вилла”-тай холбоотой УИХ-ын дүгнэлт гараагүй байхад шийдвэр гаргасан гэх Хөгжлийн банкны өөрсдийнх нь хуулийн дүгнэлт байна?

-Үүнийг Хөгжлийн банкнаас асуух хэрэгтэй. Хаврын чуулганаар ирэх жил хийх бүх том төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг. Энэ дотор зорилт 21.1.4-т Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна гээд УИХ тогтоолоороо баталчихсан байна.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр УИХ-ын тогтоолд байгаагүй, тийм үү?

-Дүгнэлт бичсэн хүнээс нь асуу. Та Хөгжлийн банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна.

Зуун жилийн СЭРГЭЛТ ба БАТАЛГАА

0

Дэлхийд  дээрээсээ дөрөвт орох Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь монголчуудын хувьд сайн мэдээ юм. Учир нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр Монголд орж ирэх мөнгө, эдийн засагт үзүүлэх өгөөж нь гурав дахин нэмэгдэнэ. Урьдчилсан тооцоолол ёсоор Оюутолгойн олборлолт гурав дахин, борлуулалт тав дахин өсөх прогнозыг эдийн засгийн шинжээчид гаргажээ.  Ийнхүү Оюутолгой Монголын эдийн засагт ШИНЭ СЭРГЭЛТ авчрах төдийгүй АРДЧИЛАЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН  хувьд баталгаа болох юм.

2009 оны аравдугаар сарын 6. Энэ өдөр Монгол Улсын Засгийн газар гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар эдийн засагт 2011 онд 17 хувийн үсрэнгүй өсөлт гарав.

Гэвч харамсалтай нь, тэр цаг мөчөөс эхэлсэн хувь нийлүүлэгчдийн дунд үүсэн үл ойлголцол арав гаруй жил үргэлжилсний эцэст 2021 онд эцэслэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хаягласан ил захидалдаа Монголын талын 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, гүний уурхай төсөлд шаардлагатай нэмэлт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Оюу толгойн 66 хувийг эзэмшигч Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компаниуд бүрэн хариуцах амалсан билээ.  Монголын талын 34 хувь ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларыг өрөөс ангижирч байгаа юм. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монгол Улс ногдол ашиг авах хугацаа ойртсон гэж хэлж болно. Худалч хүнд наашлаад 2050, цаашлаад 2100 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүйд хүрсэн байсан.

Дэлхийд зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ нь цаашдаа өсөх прогноз бий.  “Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Курри “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр зэсийн үнэ энэ оны эцэс гэхэд тонн нь 11 мянга 500 ам.доллар хүрч магадгүйг тодотгосон. Тэгэхээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх тусам Оюутолгойгоос Монголын эдийн засагт орж ирэх өгөөж улам нэмэгдэнэ.

“Оюутолгой бол Монголын эдийн засгийн амин чухал хөдөлгүүр. Оюутолгойг зөвхөн мөнгө авчрах юм бишГуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл гэхэд болно.  Дээрээс нь олон улсын маш сайн менежментийг Монголд оруулж ирж байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж байгаа. Дэлхийн уул уурхайн салбарын номер хоёр компани “Рио-Тинто” Монголд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг Монголын хувьд цэвэрх сурталчилгаа болж байгаа юм” гэж С.Баярцогт нэгэнтэ хэлж байсан. Энэ бол үнэн.

 Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэсэн тухай хөрөнгө оруулагч талаас захидал ирүүлсэн. Тэрхүү 34 хувьд өр үүсчихээр дараагийн бүтээн байгуулалтыг явуулах боломжгүй болчхоод байсан. Энэхүү гацаа бараг 10-аад жил үргэлжилж, улс төрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байв. Хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр 34 хувь тэг балансад шилжиж байна. Оюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай. Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм.Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна” гэж сар шинийн өмнө өгсөн ярилцлагадаа онцлож байлаа.

Ийнхүү зуун жилийн бүтээн байгуулалт нээлтээ хийсэн Монголын эдийн засгийн ТҮҮХЭНД онцгой ач холбогдолтой үйл явдал өнөөдөр өрнөж байна.

Д.САРАН

Гурван настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй

0

Цагдаагийн байгууллагаас гурван настай хүү зодуулж, ухаангүй байгаа гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дугаар тоотод гурван настай, эрэгтэй Б нь бусдад зодуулан гуравдугаар сарын 8-ны 09:40 цагийн орчимд ГССҮТ-д ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гурван настай хүүг төрсөн эх Л түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.

Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчлан цагдан хорих арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Эмнэлгийн байгууллагаас хохирогч хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг ажиллуулж байна.

Яллагдагч Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл эдэлж байсан.

Одоо тус хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорт хүргүүлээд байна” гэв.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад зургаа, гурван настай хүүхдийг холбогдогч Э гэртээ харж байхдаа үйлдсэн талаар мэдүүлсэн.

Хохирогч Б-ийн эх Л энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон.

Гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө тухайн хэрэг болсон. Энэ хугацаанд эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байж байгаад 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгөөд Э нь зугтсан.

Л нь холбогдогч Э-тэй 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хамтран амьдарч байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Э нь өмнө нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан.

Хохирогч гурван настай Б-ийн биед шинжээч эмч үзлэг хийхэд мөч дээрээ 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж, цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал, тархинд цусан хураа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай болохыг мэдээлсэн.

Шинжээч эмчийн дүгнэлт гарна. Энэ хэрэгт холбогдох шалгалтыг явуулж байгаа учир прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээллийг өгч байна.

Хохирогч 3 настай хүүгийн ах 6 настай хүүхэд эмээ, өвөөгийндөө аюулгүй газарт байгаа.

Төвд, хятадаас шашны хараат байдал

0

Аравдугаар Богдыг Далай лам танилцуулсан мэдээ олон нийтийн, тэр тусмаа буддистуудын анхаарлыг татаж байна. Аравдугаар Богдыг ил гаргасан нь монголчуудад сайн уу, муу юу гэсэн асуулт ч тавигдаж буй. Энэ талаар нийтлэл Б.Баабарын урьд өмнө нь бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Банчин богд.

Банчин нь Далай ламын дараа орох Төвдийн шарын шашны хоёр дахь хүн юм. Тэрээр Далай ламыг тодруулахад оролцох эрхтэй, өөрийг нь тодруулахад ч Далай лам оролцоно. Банчинг V Далай ламын багшийн хойд дүр гэж үздэг. V Далай лам V Банчин Лувсан-Ишийг, VII Далай лам VI Банчин Балдан-Ишийг тодруулж байсан бол  тэрээр өөрөө VIII Далай ламыг тодруулж байсан гэх мэт.

Гэвч Далайлам, Банчин лам нарын биенээ тодруулдаг найрамдал ХХ зууны эхээр эв эе хагарчээ. XIII Далай ламын үед Төвдийн төр өөрийгөө хамгаалахын тулд буу зэвсэг авч армиа хүчирхэгжүүлэхийн тулд лам нараас татвар авах зарлиг гаргав. Үүнийг юун түрүүн IX Банчингийн талынхан эсэргүүцэж. 1923 онд Банчин лам Гадаад Монголыг зорин Төвдөөс явсан боловч Монголд улаан засаг тогтож байсан тул Өвөр Монголд амьдрах болжээ. 1932 онд улаан засгийг эсэргүүцсэн ард түмний бослого Монголд гарсан. Банчин богд ирж туслах гэж байна гэсэн цуурхал гарсан нь тэднийг зоригжуулсан аж. Үнэндээ бол Банчин богд тэр үед Чан Кайшигийн дэргэд “Баруун хязгаарыг тохинуулах сайд”-аар ажиллаж байв. Төвддөө эргэж очих гэсэн боловч Далай лам зөвшөөрсөнгүй. Тэр хоёр бараг зэрэг шахам жанч халжээ.

1959 онд XIV Далай лам Энэтхэг рүү зугтаахад дараагийн Х Банчин үнэн хэрэгтээ Төвд дахь хамгийн нөлөөтөн болж үлдэв. Тэрээр 1983 онд хятад хүүхэнтэй гэрлэж хүүхэдтэй болсон нь Шарын ёсонд их л “гажиг” хэрэг болсон юм. 1989 онд Банчин 51 насандаа өөд боллоо. 1995 онд Далай лам зургаан настай Гэндэн Чойг Нямааг дараагийн Банчингаар тодрууллаа. Гэвч хятадууд хүүг тэр дор нь хулгайлсан ба одоо болтол хаана байгаа нь мэдэгддэггүй. Юутай ч түүнийг энх тунх байгаа гэж Бээжин мэдэгддэг. Гэндэнгийн орноос Бээжин өөр хүүхдийг тодруулжээ. Чойжилжав буюу бүдүүн тоймоор орчуулбал Номунхан нэртэй хүүхдийг XI Банчин ламаар тодруулж Жанцанноров хэмээх номын нэртэй болгожээ. Эцэг, эх нь Хятадын коммунист намын гишүүд.
Манжийн Чинлүн хаан Төвдийг эрхшээж, Ойрдыг дарсны дараа Далайлам, Банчин, Монголын Жавзандамба нарыг Алтан хайрцгаас нэрийг шодон сугалж тодруулдаг ёсыг 1792 онд хуульчилсан юм. II Жавзандамба нь Цэнгүнжавын бослогыг дэмжсэн, Төвдөд зэрэг зэрэг хоёр Далай лам тодорсон зэргээс болж энэ асуудлыг Бээжин шийдэж байхаар болсон юм. Чухам энэ балрын хуулийг хүчинтэй хэмээн 1995 онд Жанцанноровын нэрийг Алтан хайрцагнаас сугалан гаргаж иржээ. Хятадын шашны асуудал хариуцсан сайд Еэ Сяовэн шинэ Банчинг зарлаж, монгол хутагт Ажаа рэнбүүчий ёслолыг удирдав.

Одоо 26 настай Банчин Хятадын буддистүүдийн холбооны орлогч дарга. Харин түүнийг ялангуяа Далай ламын инстүүц үл зөвшөөрөх төдийгүй хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Төвдийн шашны шарын урсгалыг сахидаг сүсэгтнүүд гэх юм бол Монгол улс, Бутан улс, Хятадад-Өвөр Монгол, Орост-Халимаг, Буриад, Тува, Энэтхэгт-Ладаг, Балбад- Ширва гэх газар бий.. Шинэ Банчинг эдний аль нь ч зөвшөөрдөггүй.

Өнгөрсөн жил Монголд суух Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулж хоёр орны соёлын харилцааны хүрээнд Монголын хэсэг сүм хийдийн удирдлагатай уулзалт зохиосон юм. Хоёр орны шашны байгууллагуудын хооронд харилцаа тогтоох болж үүнд нь Хятадын соёлын байгууллагаас тусалж дэмжихээр болжээ. Монголын төлөөлөгчид Бээжин орж Банчин ламд бараалхсан байдаг. Үүнд Гандантэгчлэн хийдийнхэн оролцоогүй.

Далай лам.

1935 онд төрсөн тэрээр гурван настайдаа XIV Далай ламаар тодорсон юм. 1950 онд Хятадын ардын чөлөөлөх арми Төвдийг “чөлөөлсний” дараа тэрээр Бүх Хятадын ардын хурлын орлогч дарга хүртэл дэвшсэн. Харин 1959 онд Төвдөд бослого гараад дарагдахад тэрээр Энэтхэг рүү зугтан гарчээ. Далай лам 1979 онд ЗХУ ба БНМАУ-д айлчилсан. Хятадууд тэр жил Вьетнамтай байлдсанаар Зөвлөлт-Хятадын харилцаа дээд цэгтээ хүртэл муудан хямарсан. Тиймээс Хятадыг өдөөх зорилгоор Улаанбаатарт Дэлхийн бүддистүүдийн энх тайвны байгууллага гэдгийг буй болгож хуралд нь Далай ламыг урьжээ. Энэ нь зөвлөлтүүдийн зүгээс санаачлан зохиосон улс төрийн ажиллагаа байлаа. Далай лам 1988 онд Штутгартад Төвдийг онцгой эрхтэй автоном байхыг зөвшөөрөх хандлагатай үг хэлсэн юм. Харин коммунизм унаж хүйтэн дайн зогссон 1991 онд Монголд ирэхдээ Штутгартын үгээсээ буцаж байгаагаа мэдэгдэж Төвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө байгаагаа Улаанбаатарт тунхаглажээ.

Хятадын Засгийн газар Далай ламыг, “Шашны нөмөр дор Хятадыг салган бутаргах улс төрийн ажиллагаа идэвхитэй явуулж буй нэгэн” гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнээс гадна
Далай лам 1979-2016 оны хооронд Монгол улсад есөн удаа айлчилж байна. 1990 онд Монгол-Хятадын харилцаа хэвийн болсноос хойшхи бүхий л долоон удаагийн айлчлал бүрд Хятадын төр тун эмзэг хандаж байгаа. Монголын талаас айлчлал бүрийг Монголын төртэй огт хамаагүй ба энэ нь зөвхөн сүсэгтэн олны урилга хүсэлтээр болж буй хэрэг гэж тайлбарладаг боловч хятадууд үүнд төдийлөн үнэмшдэггүй. Далай ламын гадаад дахь айлчлал болгонд хятадууд тун эмзэг ханддаг. Түүний Монгол дахь айлчлалд илүүтэй эгдүүцдэг юм. Учир нь тусгаар орнуудын дотор зөвхөн Монгол улс л Далай ламын Төвдийн шарын шашныг сүсэглэдэг ганц газар. Түүнээс гадна тэрээр өөрийн хойд дүрээ тодруулах талаар олон янзын хувилбар ярьдгийн дотор Монголд дахин төрөх тухай ч дам яриа бий. Энэ бол хойд дүрийг даган Далай ламын инстүүц, Орогнолын Засгийн газар Монгол руу нүүх вий гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Жавзандамба богд

Төвдөд монголчуудын дэмжлэгээр шарын урсгалынхэн эзэн суусны дараа Авдай сайн ханы дүү Түмэнхэн Халхад шарын шашинаас бусад нь хууль бус гэж зарлав. ИнгээдТүшээт хан Гомбодоржийнд нэгэн хүү 1635 онд төрснийг нийт Халхын шашны тэргүүн хэмээн зарлаж Дарнатын хойд дүр гэж өргөмжлөн анхдугаар Богд Жавзандамба болгоход Чингийнхний ил далд оролцоо нэлээд байв. Дарната (1575-1634) Төвдийн буддизмын жонан урсгалын лам. 1614 онд Монголд ирж сүм хийд байгуулж байсан, Монголд жанч халсан. Гэхдээ Монголын Жавзандамба зэрэглэл зиндаатай, шарын урсгалын тэргүүн нь Далай лам, түүний ард Банчин богд, тэгээд Монгол Жавзандамба гуравдугаарт эрэмблэгдэнэ.

Гуравдугаар Жавзандамбаас эхлээд Монголын Богдыг Бээжингийн Юнхэйгүн сүмд байх Алтан хайрцгийг нээн, нэр сугалж тодруулах болжээ. Энэ бол Манжийн хааны хууль. Харин Жавзандамба бүр Төвдөөс тодрох болсон нь улс төрийн бодлого биз. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо заралсан төдийгүй Төвдийн шарын шашны нөлөөнөөс салахаар шийдэн Монголд төвтэй “умрын шашин”-ы тухай тунхагласан байдаг. Ингээд VIII Богдыг хаанаар зарлаж, шашин төрийг хавсран толгойлох болгожээ. 1924 онд Богд хаан жанч халахад хойд дүрийг нь Халхаас тодруулсан юм. 1926 онд IX Богдоор тодорсон Сэлэнгэд төрсөн Түдэвийн Лувсандорж нь Банчингийн зүгээс ч хүлээн зөвшөөрөгдсөн гэх. Арвандөрөв дүгээр Далай ламын хожим гэнэт тодруулсан Жавзандамбын IX дүр гэгч дөнгөж төрж байхад Түдэвийн Лувсандорж амьд байсан ба тэрээр 1948 онд цэргээс халагдаж ирээд нас баржээ. 1928 онд хутагт хувилгаадыг дахин төрөхийг хориглосон төрийн хууль гарсан учир (энэ хууль одоо болтол хүчингүй болоогүй байгаа) Лувсандорж нялхдаа хоёрхон жил л IX Богд хэмээгджээ.

Далай лам 1991 онд Монгол айлчилсны дараа Дарамсалад эргэж очоод урьд лам байгаад шар шувталсан олон хүүхэдтэй нэгэн эрийг гэнэт IX Жавзандамбаар тодруулав. Богд хааныг нас барснаас 10 гаруй жилийн дараа төрсөн энэ хүнийг тодруулсан нь Жавзандамбын хойд дүрийг тодруулдаг тогтсон заншил болон шашнаа Төвдөөс тусгаарлах гэсэн Богд хааны бодлогоос ихээхэн зөрж байлаа. Юун түрүүн хойд дүрийг гурван жилийн дотор багтааж тодруулдаг уламжлалт заншилтай. Цаашилбал Умрын Бурханы шашин үүсгэж Төвдөөс сүсэг бишрэлээ салгах бодлого нь Богд хааны хүсэл эрмэлзлэл байсан, энэ бүхнээс тун зөрсөн “тодруулга” байлаа. IX Богдоор “нэмж” доторсон тэр эрийг Далай лам хүүхэд байхын таньдаг, найз нөхөр байсан хэмээн мэдэгдэж байсан. ЗХУ-ын Гадаад явдлын сайд Эдвард Шеварнадзе 1988 онд Монголд айлчлахдаа түүнийг Жавзандамбын хойд дүрээр тодрохыг зөвшөөрсөн гэж IX Богд гэгч өөрөө нотолдог авч айлчлалын үеийн протоколоос тийм зөвлөлгөө, даалгавар, зөвшөөрөл өгсөн баримт олддоггүй.
Хоёр дахь IX Богд анхлан 1999 онд Монголын Засгийн газрыг хориглосоор байтал зөвшөөрөлгүйгээр сэмээр Монголд орж ирээд Дарамсала руу эргэж хүргэгдэж байсан бол 2010 онд урилгаар ирэн Монгол улсын иргэн болжээ. Тэрээр дахин хувилахдаа Монголд төрнө гэж амалсан гэдэг. Далай лам ч хэлэхдээ түүнийг хаана дахин төрөх вэ гэж асуухад нь Монголд төрөөрэй гэж захиснаа сая толилуулсан Харин үүнийг хятадууд улс төрийн талаар юу гэж үнэлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлчийн Банчинг тодруулсан байдлаас нь үзэхэд Манж Чин улсын 1792 оны хууль буюу Жавзандамбыг Бээжингийн Юнхэгүний сүмд Алтан хайрцаг нээн нэр сугалдаг тогтолцоог хүчин төгөлдөр гэж тэд үздэг бололтой.

Үүнээс гадна өнөөдрийн байдлаар Монгол улсад Далай ламын оролцоотойгоор тодорсон дөч шахам хутагт хувилгаад байна. Гол төлөв бага насны хүүхэд болон идэр залуучууд юм. Үүний дотор зуу гаруй жилийн өмнө нас барсан төвд ламын хойд дүр ч бий.

Богд хаан юу хүсэв? 

“Миний сургааль улам улам умар тийш дэлгэрнэ” гэж Будда өөрөө захьсан гэх. Домог ч байж магадгүй, үүнийг асар өмнө зүгийн Цэйлонд айлдсан гэх. Үнэхээр сургааль хойшлон Япон, Солонгос төдийгүй Европ дахь Каспийн тэнгисийн эрэг хүртэл дэлгэрлээ гэж бүлтэрч ч болох байх. Богд Жавзандамба бол төвд цустай л биз, гэхдээ 1911 оны Үндэсний тусгаар тогтнолыг хувьсгалыг биечлэн удирдсан хүн. Эхний хоёр монгол Жавзандамбыг үл оролцуулаад Төвдөөс ирж суусан тав дотор түүн шиг Монгол орны төлөө бүхий л амьдралаа зориулсан өөр нэгэн байхгүй. Нарийн ярьвал гуравдугаар Жавзандамбыг тодруулах гэтэл Монголын язгууртан ихэс хоорондоо булаацалдан алалдаад эхлэнгүүт богд тодруулах эрхийг манж нар арга барагдан өөртөө харъяалуулж Бээжин шийддэг болсон аж.

Түүн шиг нөлөөтэйгээс гадна Монголын төлөө гэх өөр чигч хүн тэр бүр үгүй тул алтан ургийн ван гүн нар болоод сүм хийдийнхэн нэгэн дуугаар Богдийг хаанд дэвшүүлсэн юм. Өрөө бас татгалзсан боловч Оросын зүгээс хаан бол гэж шахсан баримт ч илэрч байна.

Нэгэнт тусгаар тогтнолоо заралсан Монгол улсын хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болсон тэрээр юун түрүүн он цагаар уламжлагдсан гадны нөлөөнөөс улсаа тусгаарлахаар тэрээр шийджээ.

Манжийн хаан Абагай сэцэний гэрээслэлд “Хэрэв хэзээ нэгэн цагт магжийн төр унавал монголчууд өөрийн эрхийг өөрсдөө барьж урьдын замаар яваарай” гэжээ. Богд хаан энэ гэрээсийг гул барин Монгол улс бие даасан тусгаар улс болох учир шинээр гарч ирж буй Хятадын бүгд найрамдах улсад огтоос хамаагүй, харин ч Манж Чин улсын төр унаснаар монголчууд төдийгүй хятадууд өөр өөрийн улс гүрнээ бие даан тохинуулах эрхтэй боллоо гэсэн үзэл баримтлалыг чанд баримталсан. Монголчууд Манж Чингийн өмнө хэрэв тэд аюулд орвол цэрэг гарган туслана гэсэн үүрэгтэй байсан тул Манжийн Хүрээн дахь амбанд цэрэг хөдөлгөхөд бэлэн байна гэсэн хуурамч мэдээ өгөөд, ердөө маргааш нь хариу өгөөгүй тул бид улсаа өөрсдөө тохинуулна гэж амбан даруй хөөсөн байдаг. Энэ бол Богдын санаачлага.

Буддагийн сургааль гэх суртал нь улам бүр умар зүг тэлнэ гэсэн үгийг Богд хаан гул барин одоо нэгэнт тусгаар улс болсон Монгол нь шашины хувьд төвдийн эрхшээлээс салах цаг болсон гэдэг үзлийг хатуу баримталсан. Үүнээс хойш Төвдийн санаачлага, Бээжингийн ёслолоор Монголын шашины тэргүүнийг тодруулж байхыг эцэслэлээ гэдгээ ч заралсан. Үүнийг тунхагласан түүний зарилаг ч бий.

Лхас ба Дарамсала юу хүсээд байна? 

Далай ламыг Буддизмын толгойлогч гэж олон хүн эндүүрдэг. Тэрээр Төвдийн буддизмын Шарын урсгалын тэргүүн. Төвдөд нямапа, сажаапа, гармапа гээд хоорондоо дайсагнадаг олон урсгалаас гадна бон хэмээх бөөгийнхөн ч хүчтэй. Шарын урсгал ч дотроо биенээ үздэггүй доржшүгдэн гэх мэтийн дэд урсгалуудтай. Төвдөд гармапагийнхан ноёлж байхад шарынхан монголчуудаас тусламж гуйсан. Алтан хаан шарыг дэмждэг нь ойрдуудыг цохиход хэрэг болно гэж үзжээ. Ойрдууд ч даруй шарыхныг зэрэгцээд дэмжсэн нь Алтанхаантай өрсөлдсөн хэрэг. Улааны урсгал ч тусламж гуйсан учир монголчууд хоёр бүлэг болон Төвдөд очин хоорондоо дайтсаныг Цогттайж кинонд харуулдаг. Монголчуудын хүчээр шарынхан Төвдийг эзэмдэх болсон ч удалгүй монголчуудын дунд яс хаягч болсон. Манж Чин гүрэн Төвдийг эзлэх болоход тэд халх, ойрдын хооронд хов хаях, аль алиныг нь Манжид матан мөргөлдүүлэх ажлыг олон жил идэвхитэй гүйцэтгэжээ. Тавдугаар Далай лам үхсний түшмэл Санжаажамц 15 жил нууцалж түүний нэрээр Манжийн хаанд Монголын тухай худал хов олон жил хүргэснээр Манжийн анхаарлыг Монгол руу татан Төвдийг аюулаас холдуусаар ирсэн.

Арвангуравдугаар Далай лам англичуудтай муудалцаад Хүрээнд ирэхэд Богд түүнтэй уулзаагүй, учир нь өөрийн шашинаа Төвдийн хараанаас гаргах гэсэн санаа байх. Ханддорж вангийн Далай лам өвөлжихөд тэнд төвд нарын хооронд будлиан гарчээ. Ингэнгүүт Бээжинд Ханддоржийн хүүн Манжийн хааны хуулиар цаазлуулах хуйвалдааныг төвдүүд зохион байгуулсан. Бодвол эцгийг нь Манжийн хөнөөлт дайсан болгох гэсэн байх.

Одоо шарын шашин шүтэгсэд Төвдийн хүн амын дийлэнх (цаана нь өөр бусад урсгалыг дэмжигчид олон бий), Сычуань, Цинхай муж болон Өвөр Монголын өөртөө засах орон (Далай ламын инстүүцийг шүтэх холбогдох нь хуулиар хориотой, шарын шашин шүтвэл зөвхөн Бээжингийн мэдлийн Банчин ламыг л дагалдаж болно) Энэтхэгийн Ладок, Төвдийн орогнолын Засгийн газар байдаг Дарамсала, Балбын ширва төвдүүд (тэд Далай ламын инстүүцийг тоодоггүй), Бутан (Далай ламын инстүүцтэй харилцаагүй), Оросын Буриад, Халмаг, Тува гэх автономит мужууд байна. Тэгээд тусгаар тогтносон ганц орон гэх Монгол улс.

Өдгөөгийн Далайламын нас сүүдэр ч их өндөрт гарлаа, энэ хооронд Төвд орон ч их өөрчлөгдлөө. Төвдөд шарын бус өөр урсгалыг дэмжих бодлогыг ч хятадууд их явуургадаж байна. Төвдийг тусгаар тогтнуулах Дарамсалагийн орогнолын Засгийн газар, Далай ламын инстүүт ч улам суларсаар. Энэ хүсэл тэмцэл биелэх магадлал тун муу нь бүхэнд ойлгомжтой болж ирдээ. Өрнөдийн орнууд Далай ламд найрсаг ханддаг нь Төвдийн тусгаар тогтнолыг дэмжиж буй гэхээсээ, Төвдийн хүний эрхийн асуудалд эмзэглэх ба дэлхийд нэр сүртэй арвандөрөвдүгэр далай лам Дэнзэнжамцыг хүндэтгэж буй хэрэг.

Төвдийн тусгаар тогтнол лөөлөө болж байгааг тэд өөрснөө ч ойлгож байгаа. Тэгвэл ядаж Далай ламын инстүүцийг аварч үлдээх хэрэгтэй болно. Тэд эргэж Төвдөд (өөрөөр хэлбэл Хятадад) буцаж ирэх нь ерөнхийдөө бололцоогүй. Далай ламын нэр хүнд маш өндөр Монгол үүнд туслаж болох юм. Гэтэл Далай ламын инстүүц Дэнзэнжамцгүйгээр цаашид орших магадлал тун бүрхэг. Түүнийг орлох хүн байхгүй. Хойд дүр тодорлоо ч өнөөгийн Дэнзэнжамцын нэр нөлөө шиг болно гэж бодоход маш олон жил хэрэгтэй. Гэхдээ л оргүй дорорвол охинтой хоцрох хүсэл бий. Монгол улс үүнд туслах ёстой юу, хэрэгтэй юу, бололцоотой юу, чадах уу?

Бээжин юу хүсээд байна? 

Дэн Сяопин Хятадын төрийг удирдаж эхэлсэн цагаасаа Дарамсала дахь Далай ламын инстүүцтэй найрамдах гэж нэлээд хүчин зүтгэсэн. Харин тэд үүний доромжлол гэж хүлээн авчээ. Дэлхий даяар коммунизм ганхаж эхэлж байхад Хятадын эв хамт нийгэм ч удаан тэсэхгүй гэж дүгнэсэн байх. Гэтэл асуудал өөрөөр эргэж коммунист Хятад улам хүчирхэгжив. Ингээд Далай ламын инстүүцийг хятадууд бараг нэг ноймрын дайснаар тодорхойлох болсон юм. Тэднийг орогнуулж байгаа Энэтхэгтэй ч харилцаагаа нааштай болгосон.

Далай ламынхувь хүний нэр хүнд Монголд маш өндөр. Харин Монгол дахь шарын шашин шүтэгч сүм хийдийн лавтай 5-6 бүлэглэл бий. Доржзодовынхон ч ойлгомжтой Далай ламыг шүтэгсэд биш. Бусад бүлэглэлүүд бүгд Далай ламын талынх гэх авч хоорондоо биенээ үзэхгүй. Энэ чинь Монгол шүү дээ, дэндүү ойлгомжтой.

Далай лам 1978 оноос хойш Монгол олон удаа айлчилсан. Ингэснээр түүний нэр хүнд асар их өсч байгаа. Чухам үүнд хятадууд эмзэглэж улам их хардах болсон. Айлчлал бүрд нь тэд эсэргүүцлээ илэрхийлнэ, улам сэжиглэн хардана. Далай лам Монголд хойд төрөлдөө Монголд тодорч магадгүй, Далай ламын инстүүцийг Монголд үргэлжлүүлэн амилуулж магадгүй, аягүй бол Ьөвдийн орогнолын газрыг Энэтхэгээс Монголд шилжүүлэх (Энэтхэгчүүд Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд төвдийн дүрвэгсэдийг хааш нь хийхээ мэдэхгүй арга нь барагдах болсон) юм билүү?

Ингэхээр эд баялаг өгвөл үргэлж юугаа ч худалдахад бэлэн монголчуудыг хагалах хятадын эртний бодлогыг хэрэгжүүлэх мэргэн аргад шилжив бололтой. Далай ламтай хамгийн нягт харилцаатай Гандан тэгчлин хийдийн инстүүцийн эсрэг бусад бүлэглэлийг сөргүүлэн тавьлаа. Тэд ч угаасаа Гандангийнхантай хийх тэмцлээ туйлын зорилго болгосоор ирсэн. Түүхээрээ монголчуудад эвлэрдэг ганц шалтгаан байдаг нь нийлж ямар нэг юмыг эсэргүүцэн дарах. Дарчихсныхаа дараа эргээд хоорондоо өстөн болдог.

Улаанбаатар дахь Хятадын элчин сайдын яам Гандан хийдийг эсэргүүцэгч сөрөг хүчнийхнийг хүлээн авч уулзлаа. Соёлын хамтын ажиллагааны сэдвээр. Тэдэнд Банчин богд Жанцанноровын уулзаж Бээжинд зочлохыг урив. Гандангаас хавьгүй том сүм дацан барьж өгнө, ер нь мөнгө цаасны хувьд дутаахгүй гэж амалсан гэх. Энэ бүхэн нь зөвхөн хоёр орны соёлын харилцаа шүү гэж дахин дахин тайлбарлав. Монгол лам нар Бээжин орж Банчин ламд мөргөсөн. Учир нь дараа нь ирээд “Нэгэнт Далай багш хойд дүрээ тодруулахгүй гэсэн болохоор Банчин багшийгаа дагахаас өөр аргагүй боллоо” гэж тайлбарлаж байлаа.

Гандан тэгчлин хийдийнхэн юу хүсээд байна?

Гандан бол лавтай 170 жилийн түүхтэй, одоо ажиллагаатай байгаа хамгийн ахмад хийд. 37 оны их сүйтгэлээр башин барилга нь сүйдээгүй үлдсэн хэдхэн сүмийн нэг. Учир нь тэнд Зөвлөлтийн цэрэг байрлаж байсан. Зөвлөлтийн өршөөлөөр 1944 онд дахин нээгдсэн ганц нь учир аргагүй ахмад, 1990 он хүртэл гав ганцаараа хурдаг байсан болохоор аргагүй тэргүүлэгч. Тэр л утгаараа Далай ламыг 1978 онд ирэхэд албан ёсоор хүлээж авсан ганц нь. Өдий хүртэл Далай ламтай хамгийн ойр харилцаатай.

Умрын шашин үүсгэн Хятад, Төвдөөс хараат байдлаа салгах Богд хааны гэрээслэлийг биелүүлэх, хэрэгжүүлэх бодлого баримталдаг болов уу. Тиймийн тулд юун түрүүн энэ талаар Далай ламтай тохиролцох хэрэгтэй гэж үздэг бололтой. Ажиглахад:

  • Далай ламын тодруулсан Аравдугаар Богдыг Гандан хүлээн зөвшөөрч улмаар хөөцөлдөн түүнийг Монгол улсын иргэний харъяалалтай болгосон.
  • Аравдугаар гэх Богдоор хойд дүрээ Монголд төрүүлэх амлалтыг нь авсан ба үүнийгээ Далай ламаар нотлуулсан.
  • Монголд урьдын хувилгаадын олон хойд дүр тодруулахыг Далай лам соёрхож байсныг өөрт нь ухуулж болиулах арга хэмжээ авсан.
  • Аравдугаар Богдыг тодруулж далай ламд үзүүлэн соёрхуулсан.

Эдгээрийн үр дүнд:

  • Далай ламын хойд дүр Монголд тодрохгүй
  • Монголын умардын шашин Төвдийн ба Хятадын хамаарлаас нэг мөсөн сална.
  • Хятад дахь шашины хамаарлаас салснаар тэдний тодруулсан Банчин ламаас хамааралгүй болно.

Иргэд ээ, шүгэлдээрэй!

0

Авлига тэмцэх цогц бодлогын хүрээн Ерөнхий сайд таван “Ш” ажиллагаагаа эхлүүлсэн. Түүний нэг нь шүгэл үлээх. Тэрбээр МҮОНРТ-д 2 дугаар сарын 19-нд өгсөн ярилцлагадаа тодруулж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Засгийн газар 30 жилийн түүхэндээ анх удаа авлигатай хатуу тэмцэнэ гэсэн байр сууриа Засгийн газрын тогтоол болгож хэрэгжүүлэх гэж байна. Энэ ажилдаа олон нийтийг хамтдаа оролцохыг уриалж байна. Ард иргэдтэйгээ хамтран тэмцээд үр дүн гаргаад үзье гэж байгаа юм. Өмнө нь авлигатай тэмцэх тэмцэл тунхаг байдлаар явж ирсэн. Тиймээс үр дүн гараагүй. Авлигын тогтсон системийг нураахад тал талаасаа шахаад, илчлээд явахад болохгүй зүйл биш гэж харж байгаа.

Түгжрэл, утаа буюу агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг нэрийн цаана авлига байна. Нийгмийн хогийн ургамал болсон авлигыг дахин ургахгүй байх суурь нь авлигатай тэмцэх шилэн ажиллагаа юм.

Ерөнхий сайдын хувьд авлигатай тэмцэхээс ухрахгүй, Засгийн газар чадах бүх зүйлээ хийх болно. Бид гайхамшиг бүтээх гээд байгаа юм биш. Энэ бол дэлхийн улс орнуудын хийгээд даван туулаад байгаа зүйл, тэдэн шиг  болох гээд байгаа юм” гэж байв. Үнэндээ ч захын хурган даргын гэрээс 10 тэрбум олдож байгаа нь авлига Монголын далд эдийн засгийг тэтгэгч, тэжээгч болсны нэг нотолгоо юм. Далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө томрохын хэрээр авлига томордог.  Эсрэгээрээ иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжийг тэд хулгайлдаг, тэдгээр хулгайлчид нь хууль, шүүхийнхнийг худалдаад авчихдаг нь гэм биш зан болсон.

Тиймээс Засгийн газар иргэд, олон нийттэй хамт авлигатай хамтдаа тэмцэх үүднээс авлига, албан тушаалтнуудыг хэргийг талаар шүгэлдэхийг уриалж байна.  Энэ талаар  Хууль зүй, дотоод хэргийг дэд сайд Б.Солонгоо “Авлигаас ангид, ямар нэгэн эрсдэлгүйгээр төрийн үйлчилгээг боломж нь юу байна вэ гэдэг шийдвэр процесс институцийн үйл ажиллагаа дээр анхаарлаа хандуулна. Хоёрдугаарт, тодорхой гэмт хэргийн чанартай болон хүнд суртал үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч дүн шинжилгээ хийж ажиллана.

Иргэд маань шүгэл үлээж бидэнтэй хамтарч ажиллахад тулгамддаг нэг том асуудал бол яалт ч үгүй мэдээллийн нууцлалыг хадгалах, хэрвээ авлига, эрсдэлтэй үйл ажиллагааны талаар мэдээлбэл өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулаад ирэх 7 хоногт буюу гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулахад манай ажлын хэсэг бүх  талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэйгээ хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна.

Нөгөө талаас манай ажлын хэсэг олон эх сурвалжаар иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байгаа.

Эхний ээлжид 11-11 төв, и-Монголиа болон “шүгэл ажиллагаа” нэртэй сошл хуудсуудаар дамжуулж мэдээлэл авна. Мөн шуудангийн салбарууд болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.

Баасан гараг бүрийн өглөөний 09:00-12:00 цагийн хооронд “Шүгэл” ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулж, 11-11 төвөөр дамжуулан мэдээлэл авна. Эхний мэдээлэл авах ажил маргаашаас эхэлнэ.

Засгийн газраас улс төрийн зориг гаргаж, энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “5Ш” ажиллагааны ШҮГЭЛ ажиллагаанд иргэдийнхээ дэмжлэгийг авч, авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй. Иргэдийг манай ажлын хэсэгтэй хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл, тэд иргэдээ шүгэлдээрэй гэж байна. Энэ бол мэдээж матаас биш. Авлига гэх мангастай тэмцэхийн тулд иргэд минь, илүү чанга шүгэлдээрэй.

С.УРНАА

Шувуу ажиллагаа: Авлигачдыг агнана!

0

Шил, шувуу, шүгэл, шилжүүлэн авах гээд таван Ш ажиллагаа гэхээр манайхан шоолж, шүүмжлээд байх. Уг нь нэрэндээ биш агуулгадаа юм.  Авлига Монголын нийгмийн хорт хавдар болсон. Эхнээсээ ч идээ бээр нь зад үсэрч байна. Саяхан л сая төгрөгийн авлига их мөнгөнд тооцогддог байсан бол өдгөө авлигын хэмжээ их наядаар яригдах болжээ.  Тиймээс Монголд ардчиллаа аврах уу, авлигад тавьж туух уу гэсэн хоёрхон сонголт үлдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхнийхийг нь сонгож, анд нөхдийнхөө авлигатай тэмцэхээ зарлаж, таван Ш ажиллагааг эхлүүлсэн.  Эхнийх нь шувуу ажиллагаа. Ямар ч байсан хүн залилж, хүн алж, авлига авч, мөнгө угааж, луйвардаад гадагшаа зугатсан цагаан захтнуудыг барьж, зохих хуулийн дагуу шийтгэл хүлээлгэхээр болсныг өнгөрөгч Мягмар гаригт Х.Нямбаатар дуулгасан билээ.

Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Нэмээд иргэн Т.Бадамжунай болон Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татах саналыг өнөөдөр нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна. Ингээд тооцвол 92 хүнийг авч ирэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулна” хэмээн тодотгосон юм.

Эрүүгийн гэмт хэргээр шалгагдаж байхдаа эх орноосоо зугтсан гэгдэж буй иргэдээр Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх хүмүүс нэрлэгдэж байна.

Түүнчлэн Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан нарын нэрсийг олон нийтэд зарлаад байна.

Ийнхүү Монголын хууль шүүхийнхэн  авлигачдын араас ангуучлахаар боллоо.

Д.Баянжаргал: Миний ханьд ял өгөх гэж чичирч байна

0
Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал  өнөөдөр нүүр номдоо ханийнхаа тухай бичжээ. Д.Мөнх-Эрдэнийг цагдан хориод сар гаруй өнгөрч байна. Түүнийг ямар хэргээр хоригдож буй нь тодорхойгүй. Энэ талаар эхнэр Д.Баянжаргал нь нүүр номдоо мэдээлэл өгөхөөр шийдсэн нь энэ аж. 
Өнөөдөр миний ханийн төрсөн өдөр. Миний ханийг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Өнөөдөр хань минь хорих 461-р ангид хоригдож байгаа. Яагаад хоригдсоныг нь ихэнх нь мэдэж байгаа байхаа, гэхдээ ямар ял тулгаад байгааг нь мэдэхгүй л байх. Миний ханьд ололт амжилт ч байгаа, алдаа дутагдал ч байгаа. Өнөөдөр Монгол улсад дуугарсан болгоныг хорьж, ял өгдөг үзэгдэл бий болоод байна, тун харамсалтай. Миний хань үг, үзэл бодлоо хэлдэг байсан нь ард түмэнд таалагдаж зарим нэг хүмүүсийн уурыг хүргэсэн нь үнэн. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хэт сэтгэлийн хөөрөлд автаж, болчимгүй үг хэрэглэдэг байсан нь ч үнэн. Гэр бүлийнх нь хувьд сэтгэл эмзэглэж явдаг байсныг нуух юун. Би үр хүүхдүүдээ ийм шударга бус нийгэмд үлдээгээд явмааргүй байна гэж халаглаж байхыг нь олонтаа сонссон. Намайг 2020 оны зун АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан. Тухайн үед доорх 4 зардлын тухай асууж байсан, би хариулах ёстой зүйлээ л хэлсэн, намайг за болно та явж болно гэсэн. Тэр нь ӨМӨЗОрны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байх үеийн хэдэн зардлын дагуу л ял өгөх гээд чичирч байх шиг байна. Ямар зардлууд вэ гэжүү…
1. Хүүхдийн сургалтын зардал- Энэ бол жил болгоны төсөв дээр сууж ирдэг зардал. Ерөнхий консулын газар ажилладаг бүх ажилчдын хүүхдүүд энэ зардлаар тэнд хичээлээс гадуурх сургалтад суудаг ганцхан бид хоёрын хүүхдүүд энэ зардлыг аваагүй.
2. Буцах замын зардал- Ерөнхий консулын газар ирээд 3 жил ажиллаад буцахад буцах замын зардал олгодог, энэ нь мөн л тухайн жилийн төсөвт төсөвлөгдсөн мөнгө учраас нэг хүний вагоны зардлаар тооцож олгодог. Мэдээж анхан шатны баримтыг нь авсны дараа олгодог. Бид хоёрыг тэнд ажиллаж байхад Консул Багахүүгийн гэр бүл, Консул С.Ариунтуяагийн гэр бүл, жолоочийн гэр бүл, Атташе Бямбаагийн гэр бүл 3 жил ажиллаад нутаг буцсан бүгд энэ зардлыг авсан, өөрсдөө ч ийм зардал байдгийг ч мэддэг. Өмнө нь ажиллаж байсан бүх хүмүүс бүгд энэ зардлыг авч нутаг буцаж байсан ба энэ зардлыг олгодог журамтай.
3. Байрны түрээс- Тэнд томилогдсон үе үеийн Ерөнхий консулууд гадуур байр түрээсэлж ажиллаж амьдардаг байсан. Энэ зардал бас л тухайн жилд төсөвлөгдсөн байдаг. Тэр ерөнхий консулынх энэ хотхонд амьдардаг байсан та хоёрын өмнөх ерөнхий консул энэ хотхонд амьдардаг байсан гээл надад ярьдаг л байсан бид ч гэсэн байр түрээсэлж амьдарсан.

4. Орчуулга хийлгэж 3000 юаны зардал гаргасан- Ерөнхий консулын газар хятад хэлтэй ажилчин нэг л байдаг. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хятад хэлтэй хүн томилж байгаачээ гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ажиллаж байсан дэд консул хятад хэлтэй, ихэнхдээ гадуур ажилтай байдаг, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудал мөн тэнд хоригдож байгаа монгол иргэдийн асуудал гээд гадуур ажиллах нь их. Ерөнхий консулын газарт гэнэт зочид төлөөлөгч ирэх нь элбэг, тийм үед л нэг өвөрмонгол хүнээр орчуулга хийлгээд зардлыг нь өгсөн юм байна. За ийм зардлуудыг олгосон гэж ял өгөх гээд байгаа юм байна аа, ГХЯам бид гомдолтой гээд шүүх хуралд нь нэг төлөөлөл ирсэн байхын. Биднийг очсоны намар (2016 оны намар)ГХЯамны дотоод аудит ирж бүх зардал, үйл ажиллагааг шалгаад дүгнэлтээ гаргаад чиглэл өгөөд явж байсан, дараа зун нь Үндэсний аудитын газраас (2017 оны зун) 2 байцаагч ирээд шалгаад хангалттай сайн байна гээл явсан. 2017 оны намар ГХЯамны дотоод аудит, 2018 оны зун Үндэсний аудитын газраас бас шалгаад сайн байна гээл дүгнэсэн. Тэгээд биднийг нутаг буцсаны дараа ирсэн үндэсний аудитын дүгнэлт л их сонин байгаа юм. Надад хардах болон барьцах эрх байна. Хэрвээ ийм юмаар нөхрийг минь яллах гэж байгаа бол тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Болдоогоос мэдүүлэг авсан уу, бидний санхүүгийн тайланг сар бүр шалгаж авдаг байсан ГХЯамны нягтлан бодогчдоос тайлбар авсан уу, цуг ажиллаж байсан хүмүүсээс тайлбар авсан уу, жил бүр ирж шалгадаг байсан ГХЯамны дотоод аудитын газрынхнаас тайлбар авсан уу, 2017, 2018 онд ирсэн үндэсний аудитын газраас ирсэн байцаагч нараас мэдүүлэг авсан уу??? Тэр үед цуг ажиллаж байсан хүмүүс маань яагаад үнэнийг хэлэхгүй байгаа юм бэ? Тэр үед санхүүгийн тайланг хүлээн авч шалгадаг нягтлан бодогч нар яагаад үгээ хэлэхгүй байгаа юм бэ? Гэхдээ та нарыг бас ойлгож байна аа. Мөнх-Эрдэнэ ганцаараа том толгойлж тэр зардлуудыг аваагүй шүү дээ, бүгд л тэр зардлыг авч хүүхдүүдээ сургаж, бүгд л нутаг буцахдаа тэр зардлаар буцаж, үе үеийн бүх Ерөнхий консулууд байр түрээсэлж амьдардаг байсан. ГХЯамд долоо хоног болгон мэдээ өгч, сар болгон санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг явуулдаг байсан. Тэгвэл яагаад тухайн үед нь хэлж, залруулаагүй юм бэ? Би тэгвэл барьцаж байна. Тэнд ажиллаж, амьдарч байсан бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг авна уу! Эдгээр зардлууд гарахдаа хүлээн авсан дээр бүгд тэдний гарын үсэг байгаа. Яагаад жил болгон ирсэн дотоодын болон Үндэсний аудитын дүгнэлтийг харахгүй байгаа юм бэ? Яагаад 2019 онд нягтлан бодогч нь нутаг буцсан Ерөнхий консул нь нутаг буцсан байхад яг төсөвлөсөн зардлын дагуу үйл ажиллагаагаа явуулсан байхад худал дүгнэлт гаргаж ингэж яллах гэж зүтгээд байгаа юм бэ? Монгол улсын Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, Улсын их хурлын даргаа, ГХЯамны сайдаа та нарт улс эх орноо төвхнүүлэхэд саад болж байгаад хүлцэл өчье гэхдээ энэ хэрэг дэндүү шударга бус байгаад би маш их гомдолтой байна. Ийм зүйлээр ял өгөх гэж улайрч байгааг нь хараад бас ичиж байна. Энэ хэргийг хянасан прокурор болон хурдхан шиг алхаа цохих гээд улайрч байгаа шүүгчийг маш их гайхаж байна. Та нар өнөөдөр хамгийн шударга байх ёстой биздээ!!! Тэгвэл шударга биш байгаад чинь харамсаж байна. Өнөөдөр миний ханийг хорих гээд улайрахын оронд жинхэнэ Монгол улсын эд баялгийг хулгайлж хил давуулсан нүүрсний гэх нөхдөө шалгасан уу бас шүүсэн үү, өөрийгөө болон өрөөлийн амьдралд тус нэмэр болох гээд жижигхэн үйлдвэр, худалдаа эрхлэх гэж зүдэрч байгаа хүмүүсийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ шүүсэн билүү!!! Харин ч миний хань Ерөнхий консул байхдаа визний орлогыг бэлнээр авах биш банканд тушаалгадаг болгосон, Монгол улсад орлого оруулж байгаа тул виз хүсэгчдэд хүндэтгэлтэй, эелдэг харьцахыг их чухалчилдаг байсан нь тэнд ажиллаж байсан хэд хэдэн хүний уур бухимдлыг төрүүлдэг байсан нь үнэн. Ханийг минь явсны дараа эргүүлээд бэлэн мөнгөөр визний орлогоо авдаг болсон байсан. Миний хань Хөх хотод хоригдож байгаа Монгол иргэдээ өөрийн биеэр очиж эргэж, тэдний санаа бодлыг сонсож цааш нь уламжилдаг байсныг, эмчлүүлэхээр ирсэн хүмүүст, хүний нутагт зовж шаналсан монгол иргэддээ үргэлж тусалж,дэмждэг байсныг, хил дээр нүүрс зөөж амьдралаа авч явдаг жолооч нартай уулзаж тэдний юу хүсэж байгааг сонсож, ойлгож саналуудыг нь дээш нь дамжуулж ажилладаг байсныг нь миний бие тодхон санаж байна. Надад бичих зүйл маш их байна, гэхдээ ингээд дуусгая. Хань маань шударга нийгмийг л хүссэн.

Ханьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Х.Тэмүүжин: Ерөнхий прокурор нь тендер аваад сууж байдаг улс байхгүй

0

Гуравдугаар сарын 1-ний өдөр “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.

Тус хуралд улс төрийн 17 намын удирдлагууд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид уригдаж, улс төрийн намуудын шинэчлэл, сонгуулийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр “Намууд тойрч суугаад энэ улс оронд болж байгаа системийн шинжтэй авлига, ужгирсан байдлын эх үүсвэр нь “нам” өөрөө гэдэг дээр бүгд санал нэгдэж байх шиг байна. Энэ асуудал дээр хэдэн гаргалгаа хэлье.

Нэгдүгээрт, хүн болгон л яридаг боловч зориглож хийж чадахгүй байгаа зүйл “хандивын данс”. Бусад улс оронд улстөрчид сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол хандивын дансаа дуртай үедээ нээдэг. Тэр дансны хугацаа 20 жил байна уу, 5 жил байна уу үл хамааран зөвхөн ямар зорилгоор “авч” байгаа гэдгээр мөнгөө цуглуулаад сууж байгаа. Тэр данс руу орсон мөнгө зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд гарна. Хандивдагчаас жилд хэдийг авахыг тодорхой заасан, түүнээс хэтрүүлэхгүй байхыг хуулиар заачихсан. Манайд болохоор хандивын дансыг яг сонгуультай зэрэгцүүлж нээдэг. Тэр үеэс бусад үед мөнгө авч чадахгүй болохоор сүүдрийн, харанхуй мөнгөнөөс карма руугаа хийж байгаа юм. Хэн их мөнгө хулгайгаар цуглуулж чадсан нь сонгуулийн үеэр төдий чинээ санал худалдаж авна. Ийм л хуульчлагдаагүй дүрэм ажиллаж байна.

Тэгэхээр хандивын дансыг бүхий л хугацаанд нээлттэй, хяналттай байдаг тэр зарчим руу нь оруулахгүй бол ил санхүүжилтгүй нам, ил санхүүжилтгүй улстөрчид чин хавтгаагаар нь авлигыг үүсгэгч болоод хувирчихлаа. Хандивын дансыг нээлттэй болгож, бүх хугацаанд сонгогчдыг авлигаддаг тогтолцоог халах хэрэгтэй. Зоосны нөгөө тал шиг. Үүнийг хийхгүй бол сонгогчид нь ч авлигадаа дасчихсан, улстөрчид нь ч “би ийм замаар гардаг” гэсэн зуршил болоод хувирчихсан байна.

Хоёрдугаарт, Сонгууль болгоны дараа төр хямардаг нэг шалтгаан нь төрийн албаны ангилал. Сонгуулийн дараа солигддог, солигддоггүй улстөрөөс хамааралгүй түвшингээр нь ангилж оруулахгүй бол болохоо байчихсан. Сонгуулийн дараа хүссэн, хүсээгүй бодлого өөрчлөгддөг. Гадаад улсад “та надтай ажиллах уу, үгүй бол гарахад бэлэн байна” гэдгээ илэрхийлдэг. Манайд болохоор томилогдохдоо бөөн улстөрийн тохиргоогоор үсэрч оччихоод, яг сонгуулийн дараа Төрийн албаны хууль бариад “би өөрчлөгддөггүй хүн” гээд суучихдаг. Сүүлдээ цагдаа, хэвлэл гэж пи-ар ашиглаж албанаас нь зайлуулдаг систем тогтчихсон. Энэ системийг зөв хийгээгүйгээс болоод зарим яам дээр цэвэрлэгчээ хүртэл нутгийн хүнээрээ сольдог. Энэ бол галзуурал.

Тэгэхээр улс төр өөрчлөгдсөн ч ямар албан тушаалыг 100 хувь тогтвортой байлгах юм, аль албан тушаалууд 25 хувь, аль нь 50 хувь гэхмэтчилэн системийг хийж авахгүй бол дүрэмгүй, хэн хүчтэй нь бүгдийг самардаг тогтолцоо руу яваад орчихлоо.

Гуравдугаарт, намын дотоод ардчилал, дүрэмтэй холбоотой асуудлууд. Үүнийг цэгцэлж авахгүй бол намууд болохгүй байх шиг байна. Парламентийн нам төр засаг, хууль дүрэм, олон нийтийн эрх ашгийг ямар байхыг шийддэг. Монгол улсын Үндсэн хуулинд байгаа төрийн баримталдаг таван зарчим намд бас үйлчлэх ёстой. Нам нь өөрөө дотоод ардчилалгүй мөртлөө гадаа ардчилал тогтооно гэж юу байхав. Нам дотроо шударга бус авлигажсан байж гадаа гараад авлигатай тэмцэнэ гэж байхгүй. Тийм учраас намын дотоод дүрмүүдийг нэг стандартаар Улстөрийн намын тухай хуулинд хийж авахгүй бол бөөн фашист, бөөн социалист, бөөн хувьчлагдсан хувь хүний маягтай намууд ардчилалыг бий болгоно, иргэний эрхийг хамгаална, эдийн засгийг хөгжүүлнэ гэж юу байхав дээ.

Дөрөвдүгээрт, Монгол улс сонирхолын зөрчлийн хуультай болсон. Уул нь энэ бол дэвшил. Тэр дотор чухал заалт байсан нь харамсалтай нь одоо эвдэгдцэн. Бусад улс орнуудад төрийн албыг сонирхолын зөрчилгүй, авлигагүй байлгахын тулд хяналтын үүрэгтэй албан тушаалтнууд нь ямар ч тендер, төсөв зэрэг илүү мөнгөтэй зууралддаггүй. Энэ баталгааг нь бий болгохын тулд цагдаагийн дарга, тагнуулын дарга, засгийн газрын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий прокурор, дээд шүүхийн шүүгч нар гэхмэтчилэн нэр зааж байгаад энэ хүмүүс төртэй мөнгөний сонирхолтой байж болохгүй, хувийн компанийхаа эрх ашгийг өөрийн албан тушаал руугаа чирч авч ирж болохгүй гэдгийг хатуу заачихсан байдаг.

Манайд ийм зохицуулалт хийх гэж оролдсоныг сүйтгэчихсэн. Аудитын дарга нь зээл аваад сууж байдаг улс дэлхийд байхгүй. Төсвийн хулгайг хянаж байх ёстой хүн өөрөө хулгайчдын нэг болоод сууж байж болохгүй. Ерөнхий прокурор, цагдаагийн дарга нь тендер аваад сууж байдаг улс байхгүй. Гэтэл Монголд авлига, хулгайтай тэмцэх ёстой хүн нь тэдэнтэйгээ адил хулгай хийгээд сууж байна. Үүнийг зоригтой засах, хуульчлах их л ажил байна” гэлээ.