“Хүрээ хүүхнүүд” гэж ямар бүсгүйчүүд байв?
Хүрээ хүүхнүүд гэдэг ойлголт 20-р зууны эхэн үеэс яригдаж эхэлжээ. Тухайн үед Орос, Хятадаас орж ирдэг сайхан бүхнээр гоёдог байсан, ардын дуу, уран зохиол дээр гараад байдаг “Хүрээ хүүхнүүд” гэж чухам хэн байв?.
Нийслэл хүрээнд оршин сууж, хамгийн тансаг торго дурдан, даавуу, чисчүү, хөөрөг, гаанс, гоёл чимэглэл, сувдан даруулга зэргийг хэд хэдээр нь эдэлж хэрэглэдэг, дээл хувцас нь гэхэд ховор нандин хоргой торгоор хийгдсэн дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ.
Хүрээ хүүхнүүд өвөл цагт минж, булга, халиу, суусрын арьсаар гоёдог. Алт мөнгөн хийцтэй урт хэт хутга зүүдэг байсан нь хэрэглээнийх биш гангарааных байсан гэлцдэг. Тэдний бас нэгэн гоёл нь өндөр зэрэглэлийн янжуур тамхи, гаанс байжээ. Хүрээний цуутай уран гартай дархчуулаар хийлгэсэн нарийн хийцтэй үнэт эрдэнэсээр гоёсон гаанс хэрэглэн чамирхдаг байж. Гоё ганган хувцас, гоёл зүүсгэлээр өрсөлдөх нь аль ч үеийн бүсгүйчүүдэд байдаг жишгээр Хүрээ хүүхнүүд бусдаасаа түрүүлж онц содон гоёл чимэглэлийг өөрийн болгох, үнэтэй нандин торго дурданг олж авахаар гарын шивэгчдээрээ тагнуул хийлгэдэг байж.
Цайвар зүсмийн морь ижилсүүлэн унасан хоёр эхнэр, 1910-аад он
Хүрээний Орос, Хятад пүүсэнд шинэ бараа ирсэн сургаар бусдаас түрүүлж үнэ цохиж авахын тулд өрсөлдөөн өрнөдөг байсан нь тэр ажээ. Хүрээний хүүхнүүд гоёж гангалахаас гадна шанз тоглох авьяасаараа бас алдартай байжээ. Мөн тэдэн дунд үйлэнд уран өмсөж хэрэглэх чамин дээл хувцасаа өөрөө эсгэж оёод өмсчихдөг, эрдэм боловсрол өндөртэй бүсгүйчүүд олон байжээ.
Тэдний заримаас дурдвал: -1900-гаад оны үед 8-р богд Жавзундамбын сэтгэл алдарч явсан Юмнэрэн гэж хүрээний сайхан хүүхэн байжээ.Эх дагина Дондогдуламаас өмнө сэтгэлийг нь татаж явсан энэ хүүхэн анх Богдоос сувдан гутал бэлгэнд авч, хошуу ноёдын хатдын атаархлыг буцалгаж явсан байдаг байна.
Залуу жанжин Лхагвасүрэнгийн гэргий Дашцэдэн нь хүрээний цуутай хүүхнүүдийн нэг байв. 8-р Богдын төрсөн дүү Дашцэдэн царайлаг хөөрхөнөөрөө цууд гарч ” Дунд голын ногоо нь ургасан байтлаа тарьсан юм шиг Дунжидмаагийн хүүхэн нь төрсөн байтлаа зурсан юм шиг ” хэмээх ардын дууны эзэн болж байжээ.
Дондогдулам хатны дараа үеийн Хүрээний нөлөөтэй хүүхэн бол Монголын анхны тэргүүн хатагтай С.Янжмаа юм. Хүрээ хүүхнүүд гэдэг тэгэхээр тухайн үеийн сайхан бүхнийг өөртөө зориулж чаддаг, удам судар сайтай, алхаа гишгээ дохио зангаа цаанаа намбалаг, үг яриа цэгцтэй бөгөөд ончтой, өнгө мөнгөний шидийг таньсан, ухаан санаа талибуу, хааяа дуу хуур сонсож наргиж цэнгэчихдэг, домог яриа ярьчихдаг, хатуувтар болоод нинжин сэтгэлтэй, их гэж ихийг тоодоггүй, бага гэж багыг басамжилдаггүй дээд зиндааны эмэгтэйчүүд байжээ хэмээн тэмдэглэгдэн үлджээ.