Дэлхийд дээрээсээ дөрөвт орох Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсон нь монголчуудын хувьд сайн мэдээ юм. Учир нь Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр Монголд орж ирэх мөнгө, эдийн засагт үзүүлэх өгөөж нь гурав дахин нэмэгдэнэ. Урьдчилсан тооцоолол ёсоор Оюутолгойн олборлолт гурав дахин, борлуулалт тав дахин өсөх прогнозыг эдийн засгийн шинжээчид гаргажээ. Ийнхүү Оюутолгой Монголын эдийн засагт ШИНЭ СЭРГЭЛТ авчрах төдийгүй АРДЧИЛАЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН хувьд баталгаа болох юм.
2009 оны аравдугаар сарын 6. Энэ өдөр Монгол Улсын Засгийн газар гуравдагч орны хөрөнгө оруулагчидтай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар эдийн засагт 2011 онд 17 хувийн үсрэнгүй өсөлт гарав.
Гэвч харамсалтай нь, тэр цаг мөчөөс эхэлсэн хувь нийлүүлэгчдийн дунд үүсэн үл ойлголцол арав гаруй жил үргэлжилсний эцэст 2021 онд эцэслэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр дээр хаягласан ил захидалдаа Монголын талын 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж, гүний уурхай төсөлд шаардлагатай нэмэлт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Оюу толгойн 66 хувийг эзэмшигч Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компаниуд бүрэн хариуцах амалсан билээ. Монголын талын 34 хувь ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларыг өрөөс ангижирч байгаа юм. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монгол Улс ногдол ашиг авах хугацаа ойртсон гэж хэлж болно. Худалч хүнд наашлаад 2050, цаашлаад 2100 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүйд хүрсэн байсан.
Дэлхийд зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ нь цаашдаа өсөх прогноз бий. “Goldman Sachs”-ийн Түүхий эдийн судалгаа хариуцсан захирал Жефф Курри “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр зэсийн үнэ энэ оны эцэс гэхэд тонн нь 11 мянга 500 ам.доллар хүрч магадгүйг тодотгосон. Тэгэхээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөх тусам Оюутолгойгоос Монголын эдийн засагт орж ирэх өгөөж улам нэмэгдэнэ.
“Оюутолгой бол Монголын эдийн засгийн амин чухал хөдөлгүүр. Оюутолгойг зөвхөн мөнгө авчрах юм бишГуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл гэхэд болно. Дээрээс нь олон улсын маш сайн менежментийг Монголд оруулж ирж байгаа. Гадны хөрөнгө оруулалтыг Монгол руу татаж байгаа. Дэлхийн уул уурхайн салбарын номер хоёр компани “Рио-Тинто” Монголд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг Монголын хувьд цэвэрх сурталчилгаа болж байгаа юм” гэж С.Баярцогт нэгэнтэ хэлж байсан. Энэ бол үнэн.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэсэн тухай хөрөнгө оруулагч талаас захидал ирүүлсэн. Тэрхүү 34 хувьд өр үүсчихээр дараагийн бүтээн байгуулалтыг явуулах боломжгүй болчхоод байсан. Энэхүү гацаа бараг 10-аад жил үргэлжилж, улс төрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байв. Хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр 34 хувь тэг балансад шилжиж байна. Оюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай. Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм.Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна” гэж сар шинийн өмнө өгсөн ярилцлагадаа онцлож байлаа.
Ийнхүү зуун жилийн бүтээн байгуулалт нээлтээ хийсэн Монголын эдийн засгийн ТҮҮХЭНД онцгой ач холбогдолтой үйл явдал өнөөдөр өрнөж байна.
Д.САРАН