Авлига тэмцэх цогц бодлогын хүрээн Ерөнхий сайд таван “Ш” ажиллагаагаа эхлүүлсэн. Түүний нэг нь шүгэл үлээх. Тэрбээр МҮОНРТ-д 2 дугаар сарын 19-нд өгсөн ярилцлагадаа тодруулж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Засгийн газар 30 жилийн түүхэндээ анх удаа авлигатай хатуу тэмцэнэ гэсэн байр сууриа Засгийн газрын тогтоол болгож хэрэгжүүлэх гэж байна. Энэ ажилдаа олон нийтийг хамтдаа оролцохыг уриалж байна. Ард иргэдтэйгээ хамтран тэмцээд үр дүн гаргаад үзье гэж байгаа юм. Өмнө нь авлигатай тэмцэх тэмцэл тунхаг байдлаар явж ирсэн. Тиймээс үр дүн гараагүй. Авлигын тогтсон системийг нураахад тал талаасаа шахаад, илчлээд явахад болохгүй зүйл биш гэж харж байгаа.
Түгжрэл, утаа буюу агаарын бохирдолтой тэмцэнэ гэдэг нэрийн цаана авлига байна. Нийгмийн хогийн ургамал болсон авлигыг дахин ургахгүй байх суурь нь авлигатай тэмцэх шилэн ажиллагаа юм.
Ерөнхий сайдын хувьд авлигатай тэмцэхээс ухрахгүй, Засгийн газар чадах бүх зүйлээ хийх болно. Бид гайхамшиг бүтээх гээд байгаа юм биш. Энэ бол дэлхийн улс орнуудын хийгээд даван туулаад байгаа зүйл, тэдэн шиг болох гээд байгаа юм” гэж байв. Үнэндээ ч захын хурган даргын гэрээс 10 тэрбум олдож байгаа нь авлига Монголын далд эдийн засгийг тэтгэгч, тэжээгч болсны нэг нотолгоо юм. Далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө томрохын хэрээр авлига томордог. Эсрэгээрээ иргэдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжийг тэд хулгайлдаг, тэдгээр хулгайлчид нь хууль, шүүхийнхнийг худалдаад авчихдаг нь гэм биш зан болсон.
Тиймээс Засгийн газар иргэд, олон нийттэй хамт авлигатай хамтдаа тэмцэх үүднээс авлига, албан тушаалтнуудыг хэргийг талаар шүгэлдэхийг уриалж байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийг дэд сайд Б.Солонгоо “Авлигаас ангид, ямар нэгэн эрсдэлгүйгээр төрийн үйлчилгээг боломж нь юу байна вэ гэдэг шийдвэр процесс институцийн үйл ажиллагаа дээр анхаарлаа хандуулна. Хоёрдугаарт, тодорхой гэмт хэргийн чанартай болон хүнд суртал үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч дүн шинжилгээ хийж ажиллана.
Иргэд маань шүгэл үлээж бидэнтэй хамтарч ажиллахад тулгамддаг нэг том асуудал бол яалт ч үгүй мэдээллийн нууцлалыг хадгалах, хэрвээ авлига, эрсдэлтэй үйл ажиллагааны талаар мэдээлбэл өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг. Үүнтэй холбогдуулаад ирэх 7 хоногт буюу гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулахад манай ажлын хэсэг бүх талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэйгээ хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна.
Нөгөө талаас манай ажлын хэсэг олон эх сурвалжаар иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байгаа.
Эхний ээлжид 11-11 төв, и-Монголиа болон “шүгэл ажиллагаа” нэртэй сошл хуудсуудаар дамжуулж мэдээлэл авна. Мөн шуудангийн салбарууд болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.
Баасан гараг бүрийн өглөөний 09:00-12:00 цагийн хооронд “Шүгэл” ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулж, 11-11 төвөөр дамжуулан мэдээлэл авна. Эхний мэдээлэл авах ажил маргаашаас эхэлнэ.
Засгийн газраас улс төрийн зориг гаргаж, энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “5Ш” ажиллагааны ШҮГЭЛ ажиллагаанд иргэдийнхээ дэмжлэгийг авч, авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй. Иргэдийг манай ажлын хэсэгтэй хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.
Өөрөөр хэлбэл, тэд иргэдээ шүгэлдээрэй гэж байна. Энэ бол мэдээж матаас биш. Авлига гэх мангастай тэмцэхийн тулд иргэд минь, илүү чанга шүгэлдээрэй.
С.УРНАА