2024.10.13, Sunday
spot_img
НҮҮР3Төвд, хятадаас шашны хараат байдал

Төвд, хятадаас шашны хараат байдал

Аравдугаар Богдыг Далай лам танилцуулсан мэдээ олон нийтийн, тэр тусмаа буддистуудын анхаарлыг татаж байна. Аравдугаар Богдыг ил гаргасан нь монголчуудад сайн уу, муу юу гэсэн асуулт ч тавигдаж буй. Энэ талаар нийтлэл Б.Баабарын урьд өмнө нь бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Банчин богд.

Банчин нь Далай ламын дараа орох Төвдийн шарын шашны хоёр дахь хүн юм. Тэрээр Далай ламыг тодруулахад оролцох эрхтэй, өөрийг нь тодруулахад ч Далай лам оролцоно. Банчинг V Далай ламын багшийн хойд дүр гэж үздэг. V Далай лам V Банчин Лувсан-Ишийг, VII Далай лам VI Банчин Балдан-Ишийг тодруулж байсан бол  тэрээр өөрөө VIII Далай ламыг тодруулж байсан гэх мэт.

Гэвч Далайлам, Банчин лам нарын биенээ тодруулдаг найрамдал ХХ зууны эхээр эв эе хагарчээ. XIII Далай ламын үед Төвдийн төр өөрийгөө хамгаалахын тулд буу зэвсэг авч армиа хүчирхэгжүүлэхийн тулд лам нараас татвар авах зарлиг гаргав. Үүнийг юун түрүүн IX Банчингийн талынхан эсэргүүцэж. 1923 онд Банчин лам Гадаад Монголыг зорин Төвдөөс явсан боловч Монголд улаан засаг тогтож байсан тул Өвөр Монголд амьдрах болжээ. 1932 онд улаан засгийг эсэргүүцсэн ард түмний бослого Монголд гарсан. Банчин богд ирж туслах гэж байна гэсэн цуурхал гарсан нь тэднийг зоригжуулсан аж. Үнэндээ бол Банчин богд тэр үед Чан Кайшигийн дэргэд “Баруун хязгаарыг тохинуулах сайд”-аар ажиллаж байв. Төвддөө эргэж очих гэсэн боловч Далай лам зөвшөөрсөнгүй. Тэр хоёр бараг зэрэг шахам жанч халжээ.

1959 онд XIV Далай лам Энэтхэг рүү зугтаахад дараагийн Х Банчин үнэн хэрэгтээ Төвд дахь хамгийн нөлөөтөн болж үлдэв. Тэрээр 1983 онд хятад хүүхэнтэй гэрлэж хүүхэдтэй болсон нь Шарын ёсонд их л “гажиг” хэрэг болсон юм. 1989 онд Банчин 51 насандаа өөд боллоо. 1995 онд Далай лам зургаан настай Гэндэн Чойг Нямааг дараагийн Банчингаар тодрууллаа. Гэвч хятадууд хүүг тэр дор нь хулгайлсан ба одоо болтол хаана байгаа нь мэдэгддэггүй. Юутай ч түүнийг энх тунх байгаа гэж Бээжин мэдэгддэг. Гэндэнгийн орноос Бээжин өөр хүүхдийг тодруулжээ. Чойжилжав буюу бүдүүн тоймоор орчуулбал Номунхан нэртэй хүүхдийг XI Банчин ламаар тодруулж Жанцанноров хэмээх номын нэртэй болгожээ. Эцэг, эх нь Хятадын коммунист намын гишүүд.
Манжийн Чинлүн хаан Төвдийг эрхшээж, Ойрдыг дарсны дараа Далайлам, Банчин, Монголын Жавзандамба нарыг Алтан хайрцгаас нэрийг шодон сугалж тодруулдаг ёсыг 1792 онд хуульчилсан юм. II Жавзандамба нь Цэнгүнжавын бослогыг дэмжсэн, Төвдөд зэрэг зэрэг хоёр Далай лам тодорсон зэргээс болж энэ асуудлыг Бээжин шийдэж байхаар болсон юм. Чухам энэ балрын хуулийг хүчинтэй хэмээн 1995 онд Жанцанноровын нэрийг Алтан хайрцагнаас сугалан гаргаж иржээ. Хятадын шашны асуудал хариуцсан сайд Еэ Сяовэн шинэ Банчинг зарлаж, монгол хутагт Ажаа рэнбүүчий ёслолыг удирдав.

Одоо 26 настай Банчин Хятадын буддистүүдийн холбооны орлогч дарга. Харин түүнийг ялангуяа Далай ламын инстүүц үл зөвшөөрөх төдийгүй хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Төвдийн шашны шарын урсгалыг сахидаг сүсэгтнүүд гэх юм бол Монгол улс, Бутан улс, Хятадад-Өвөр Монгол, Орост-Халимаг, Буриад, Тува, Энэтхэгт-Ладаг, Балбад- Ширва гэх газар бий.. Шинэ Банчинг эдний аль нь ч зөвшөөрдөггүй.

Өнгөрсөн жил Монголд суух Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулж хоёр орны соёлын харилцааны хүрээнд Монголын хэсэг сүм хийдийн удирдлагатай уулзалт зохиосон юм. Хоёр орны шашны байгууллагуудын хооронд харилцаа тогтоох болж үүнд нь Хятадын соёлын байгууллагаас тусалж дэмжихээр болжээ. Монголын төлөөлөгчид Бээжин орж Банчин ламд бараалхсан байдаг. Үүнд Гандантэгчлэн хийдийнхэн оролцоогүй.

Далай лам.

1935 онд төрсөн тэрээр гурван настайдаа XIV Далай ламаар тодорсон юм. 1950 онд Хятадын ардын чөлөөлөх арми Төвдийг “чөлөөлсний” дараа тэрээр Бүх Хятадын ардын хурлын орлогч дарга хүртэл дэвшсэн. Харин 1959 онд Төвдөд бослого гараад дарагдахад тэрээр Энэтхэг рүү зугтан гарчээ. Далай лам 1979 онд ЗХУ ба БНМАУ-д айлчилсан. Хятадууд тэр жил Вьетнамтай байлдсанаар Зөвлөлт-Хятадын харилцаа дээд цэгтээ хүртэл муудан хямарсан. Тиймээс Хятадыг өдөөх зорилгоор Улаанбаатарт Дэлхийн бүддистүүдийн энх тайвны байгууллага гэдгийг буй болгож хуралд нь Далай ламыг урьжээ. Энэ нь зөвлөлтүүдийн зүгээс санаачлан зохиосон улс төрийн ажиллагаа байлаа. Далай лам 1988 онд Штутгартад Төвдийг онцгой эрхтэй автоном байхыг зөвшөөрөх хандлагатай үг хэлсэн юм. Харин коммунизм унаж хүйтэн дайн зогссон 1991 онд Монголд ирэхдээ Штутгартын үгээсээ буцаж байгаагаа мэдэгдэж Төвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө байгаагаа Улаанбаатарт тунхаглажээ.

Хятадын Засгийн газар Далай ламыг, “Шашны нөмөр дор Хятадыг салган бутаргах улс төрийн ажиллагаа идэвхитэй явуулж буй нэгэн” гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнээс гадна
Далай лам 1979-2016 оны хооронд Монгол улсад есөн удаа айлчилж байна. 1990 онд Монгол-Хятадын харилцаа хэвийн болсноос хойшхи бүхий л долоон удаагийн айлчлал бүрд Хятадын төр тун эмзэг хандаж байгаа. Монголын талаас айлчлал бүрийг Монголын төртэй огт хамаагүй ба энэ нь зөвхөн сүсэгтэн олны урилга хүсэлтээр болж буй хэрэг гэж тайлбарладаг боловч хятадууд үүнд төдийлөн үнэмшдэггүй. Далай ламын гадаад дахь айлчлал болгонд хятадууд тун эмзэг ханддаг. Түүний Монгол дахь айлчлалд илүүтэй эгдүүцдэг юм. Учир нь тусгаар орнуудын дотор зөвхөн Монгол улс л Далай ламын Төвдийн шарын шашныг сүсэглэдэг ганц газар. Түүнээс гадна тэрээр өөрийн хойд дүрээ тодруулах талаар олон янзын хувилбар ярьдгийн дотор Монголд дахин төрөх тухай ч дам яриа бий. Энэ бол хойд дүрийг даган Далай ламын инстүүц, Орогнолын Засгийн газар Монгол руу нүүх вий гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Жавзандамба богд

Төвдөд монголчуудын дэмжлэгээр шарын урсгалынхэн эзэн суусны дараа Авдай сайн ханы дүү Түмэнхэн Халхад шарын шашинаас бусад нь хууль бус гэж зарлав. ИнгээдТүшээт хан Гомбодоржийнд нэгэн хүү 1635 онд төрснийг нийт Халхын шашны тэргүүн хэмээн зарлаж Дарнатын хойд дүр гэж өргөмжлөн анхдугаар Богд Жавзандамба болгоход Чингийнхний ил далд оролцоо нэлээд байв. Дарната (1575-1634) Төвдийн буддизмын жонан урсгалын лам. 1614 онд Монголд ирж сүм хийд байгуулж байсан, Монголд жанч халсан. Гэхдээ Монголын Жавзандамба зэрэглэл зиндаатай, шарын урсгалын тэргүүн нь Далай лам, түүний ард Банчин богд, тэгээд Монгол Жавзандамба гуравдугаарт эрэмблэгдэнэ.

Гуравдугаар Жавзандамбаас эхлээд Монголын Богдыг Бээжингийн Юнхэйгүн сүмд байх Алтан хайрцгийг нээн, нэр сугалж тодруулах болжээ. Энэ бол Манжийн хааны хууль. Харин Жавзандамба бүр Төвдөөс тодрох болсон нь улс төрийн бодлого биз. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо заралсан төдийгүй Төвдийн шарын шашны нөлөөнөөс салахаар шийдэн Монголд төвтэй “умрын шашин”-ы тухай тунхагласан байдаг. Ингээд VIII Богдыг хаанаар зарлаж, шашин төрийг хавсран толгойлох болгожээ. 1924 онд Богд хаан жанч халахад хойд дүрийг нь Халхаас тодруулсан юм. 1926 онд IX Богдоор тодорсон Сэлэнгэд төрсөн Түдэвийн Лувсандорж нь Банчингийн зүгээс ч хүлээн зөвшөөрөгдсөн гэх. Арвандөрөв дүгээр Далай ламын хожим гэнэт тодруулсан Жавзандамбын IX дүр гэгч дөнгөж төрж байхад Түдэвийн Лувсандорж амьд байсан ба тэрээр 1948 онд цэргээс халагдаж ирээд нас баржээ. 1928 онд хутагт хувилгаадыг дахин төрөхийг хориглосон төрийн хууль гарсан учир (энэ хууль одоо болтол хүчингүй болоогүй байгаа) Лувсандорж нялхдаа хоёрхон жил л IX Богд хэмээгджээ.

Далай лам 1991 онд Монгол айлчилсны дараа Дарамсалад эргэж очоод урьд лам байгаад шар шувталсан олон хүүхэдтэй нэгэн эрийг гэнэт IX Жавзандамбаар тодруулав. Богд хааныг нас барснаас 10 гаруй жилийн дараа төрсөн энэ хүнийг тодруулсан нь Жавзандамбын хойд дүрийг тодруулдаг тогтсон заншил болон шашнаа Төвдөөс тусгаарлах гэсэн Богд хааны бодлогоос ихээхэн зөрж байлаа. Юун түрүүн хойд дүрийг гурван жилийн дотор багтааж тодруулдаг уламжлалт заншилтай. Цаашилбал Умрын Бурханы шашин үүсгэж Төвдөөс сүсэг бишрэлээ салгах бодлого нь Богд хааны хүсэл эрмэлзлэл байсан, энэ бүхнээс тун зөрсөн “тодруулга” байлаа. IX Богдоор “нэмж” доторсон тэр эрийг Далай лам хүүхэд байхын таньдаг, найз нөхөр байсан хэмээн мэдэгдэж байсан. ЗХУ-ын Гадаад явдлын сайд Эдвард Шеварнадзе 1988 онд Монголд айлчлахдаа түүнийг Жавзандамбын хойд дүрээр тодрохыг зөвшөөрсөн гэж IX Богд гэгч өөрөө нотолдог авч айлчлалын үеийн протоколоос тийм зөвлөлгөө, даалгавар, зөвшөөрөл өгсөн баримт олддоггүй.
Хоёр дахь IX Богд анхлан 1999 онд Монголын Засгийн газрыг хориглосоор байтал зөвшөөрөлгүйгээр сэмээр Монголд орж ирээд Дарамсала руу эргэж хүргэгдэж байсан бол 2010 онд урилгаар ирэн Монгол улсын иргэн болжээ. Тэрээр дахин хувилахдаа Монголд төрнө гэж амалсан гэдэг. Далай лам ч хэлэхдээ түүнийг хаана дахин төрөх вэ гэж асуухад нь Монголд төрөөрэй гэж захиснаа сая толилуулсан Харин үүнийг хятадууд улс төрийн талаар юу гэж үнэлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлчийн Банчинг тодруулсан байдлаас нь үзэхэд Манж Чин улсын 1792 оны хууль буюу Жавзандамбыг Бээжингийн Юнхэгүний сүмд Алтан хайрцаг нээн нэр сугалдаг тогтолцоог хүчин төгөлдөр гэж тэд үздэг бололтой.

Үүнээс гадна өнөөдрийн байдлаар Монгол улсад Далай ламын оролцоотойгоор тодорсон дөч шахам хутагт хувилгаад байна. Гол төлөв бага насны хүүхэд болон идэр залуучууд юм. Үүний дотор зуу гаруй жилийн өмнө нас барсан төвд ламын хойд дүр ч бий.

Богд хаан юу хүсэв? 

“Миний сургааль улам улам умар тийш дэлгэрнэ” гэж Будда өөрөө захьсан гэх. Домог ч байж магадгүй, үүнийг асар өмнө зүгийн Цэйлонд айлдсан гэх. Үнэхээр сургааль хойшлон Япон, Солонгос төдийгүй Европ дахь Каспийн тэнгисийн эрэг хүртэл дэлгэрлээ гэж бүлтэрч ч болох байх. Богд Жавзандамба бол төвд цустай л биз, гэхдээ 1911 оны Үндэсний тусгаар тогтнолыг хувьсгалыг биечлэн удирдсан хүн. Эхний хоёр монгол Жавзандамбыг үл оролцуулаад Төвдөөс ирж суусан тав дотор түүн шиг Монгол орны төлөө бүхий л амьдралаа зориулсан өөр нэгэн байхгүй. Нарийн ярьвал гуравдугаар Жавзандамбыг тодруулах гэтэл Монголын язгууртан ихэс хоорондоо булаацалдан алалдаад эхлэнгүүт богд тодруулах эрхийг манж нар арга барагдан өөртөө харъяалуулж Бээжин шийддэг болсон аж.

Түүн шиг нөлөөтэйгээс гадна Монголын төлөө гэх өөр чигч хүн тэр бүр үгүй тул алтан ургийн ван гүн нар болоод сүм хийдийнхэн нэгэн дуугаар Богдийг хаанд дэвшүүлсэн юм. Өрөө бас татгалзсан боловч Оросын зүгээс хаан бол гэж шахсан баримт ч илэрч байна.

Нэгэнт тусгаар тогтнолоо заралсан Монгол улсын хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болсон тэрээр юун түрүүн он цагаар уламжлагдсан гадны нөлөөнөөс улсаа тусгаарлахаар тэрээр шийджээ.

Манжийн хаан Абагай сэцэний гэрээслэлд “Хэрэв хэзээ нэгэн цагт магжийн төр унавал монголчууд өөрийн эрхийг өөрсдөө барьж урьдын замаар яваарай” гэжээ. Богд хаан энэ гэрээсийг гул барин Монгол улс бие даасан тусгаар улс болох учир шинээр гарч ирж буй Хятадын бүгд найрамдах улсад огтоос хамаагүй, харин ч Манж Чин улсын төр унаснаар монголчууд төдийгүй хятадууд өөр өөрийн улс гүрнээ бие даан тохинуулах эрхтэй боллоо гэсэн үзэл баримтлалыг чанд баримталсан. Монголчууд Манж Чингийн өмнө хэрэв тэд аюулд орвол цэрэг гарган туслана гэсэн үүрэгтэй байсан тул Манжийн Хүрээн дахь амбанд цэрэг хөдөлгөхөд бэлэн байна гэсэн хуурамч мэдээ өгөөд, ердөө маргааш нь хариу өгөөгүй тул бид улсаа өөрсдөө тохинуулна гэж амбан даруй хөөсөн байдаг. Энэ бол Богдын санаачлага.

Буддагийн сургааль гэх суртал нь улам бүр умар зүг тэлнэ гэсэн үгийг Богд хаан гул барин одоо нэгэнт тусгаар улс болсон Монгол нь шашины хувьд төвдийн эрхшээлээс салах цаг болсон гэдэг үзлийг хатуу баримталсан. Үүнээс хойш Төвдийн санаачлага, Бээжингийн ёслолоор Монголын шашины тэргүүнийг тодруулж байхыг эцэслэлээ гэдгээ ч заралсан. Үүнийг тунхагласан түүний зарилаг ч бий.

Лхас ба Дарамсала юу хүсээд байна? 

Далай ламыг Буддизмын толгойлогч гэж олон хүн эндүүрдэг. Тэрээр Төвдийн буддизмын Шарын урсгалын тэргүүн. Төвдөд нямапа, сажаапа, гармапа гээд хоорондоо дайсагнадаг олон урсгалаас гадна бон хэмээх бөөгийнхөн ч хүчтэй. Шарын урсгал ч дотроо биенээ үздэггүй доржшүгдэн гэх мэтийн дэд урсгалуудтай. Төвдөд гармапагийнхан ноёлж байхад шарынхан монголчуудаас тусламж гуйсан. Алтан хаан шарыг дэмждэг нь ойрдуудыг цохиход хэрэг болно гэж үзжээ. Ойрдууд ч даруй шарыхныг зэрэгцээд дэмжсэн нь Алтанхаантай өрсөлдсөн хэрэг. Улааны урсгал ч тусламж гуйсан учир монголчууд хоёр бүлэг болон Төвдөд очин хоорондоо дайтсаныг Цогттайж кинонд харуулдаг. Монголчуудын хүчээр шарынхан Төвдийг эзэмдэх болсон ч удалгүй монголчуудын дунд яс хаягч болсон. Манж Чин гүрэн Төвдийг эзлэх болоход тэд халх, ойрдын хооронд хов хаях, аль алиныг нь Манжид матан мөргөлдүүлэх ажлыг олон жил идэвхитэй гүйцэтгэжээ. Тавдугаар Далай лам үхсний түшмэл Санжаажамц 15 жил нууцалж түүний нэрээр Манжийн хаанд Монголын тухай худал хов олон жил хүргэснээр Манжийн анхаарлыг Монгол руу татан Төвдийг аюулаас холдуусаар ирсэн.

Арвангуравдугаар Далай лам англичуудтай муудалцаад Хүрээнд ирэхэд Богд түүнтэй уулзаагүй, учир нь өөрийн шашинаа Төвдийн хараанаас гаргах гэсэн санаа байх. Ханддорж вангийн Далай лам өвөлжихөд тэнд төвд нарын хооронд будлиан гарчээ. Ингэнгүүт Бээжинд Ханддоржийн хүүн Манжийн хааны хуулиар цаазлуулах хуйвалдааныг төвдүүд зохион байгуулсан. Бодвол эцгийг нь Манжийн хөнөөлт дайсан болгох гэсэн байх.

Одоо шарын шашин шүтэгсэд Төвдийн хүн амын дийлэнх (цаана нь өөр бусад урсгалыг дэмжигчид олон бий), Сычуань, Цинхай муж болон Өвөр Монголын өөртөө засах орон (Далай ламын инстүүцийг шүтэх холбогдох нь хуулиар хориотой, шарын шашин шүтвэл зөвхөн Бээжингийн мэдлийн Банчин ламыг л дагалдаж болно) Энэтхэгийн Ладок, Төвдийн орогнолын Засгийн газар байдаг Дарамсала, Балбын ширва төвдүүд (тэд Далай ламын инстүүцийг тоодоггүй), Бутан (Далай ламын инстүүцтэй харилцаагүй), Оросын Буриад, Халмаг, Тува гэх автономит мужууд байна. Тэгээд тусгаар тогтносон ганц орон гэх Монгол улс.

Өдгөөгийн Далайламын нас сүүдэр ч их өндөрт гарлаа, энэ хооронд Төвд орон ч их өөрчлөгдлөө. Төвдөд шарын бус өөр урсгалыг дэмжих бодлогыг ч хятадууд их явуургадаж байна. Төвдийг тусгаар тогтнуулах Дарамсалагийн орогнолын Засгийн газар, Далай ламын инстүүт ч улам суларсаар. Энэ хүсэл тэмцэл биелэх магадлал тун муу нь бүхэнд ойлгомжтой болж ирдээ. Өрнөдийн орнууд Далай ламд найрсаг ханддаг нь Төвдийн тусгаар тогтнолыг дэмжиж буй гэхээсээ, Төвдийн хүний эрхийн асуудалд эмзэглэх ба дэлхийд нэр сүртэй арвандөрөвдүгэр далай лам Дэнзэнжамцыг хүндэтгэж буй хэрэг.

Төвдийн тусгаар тогтнол лөөлөө болж байгааг тэд өөрснөө ч ойлгож байгаа. Тэгвэл ядаж Далай ламын инстүүцийг аварч үлдээх хэрэгтэй болно. Тэд эргэж Төвдөд (өөрөөр хэлбэл Хятадад) буцаж ирэх нь ерөнхийдөө бололцоогүй. Далай ламын нэр хүнд маш өндөр Монгол үүнд туслаж болох юм. Гэтэл Далай ламын инстүүц Дэнзэнжамцгүйгээр цаашид орших магадлал тун бүрхэг. Түүнийг орлох хүн байхгүй. Хойд дүр тодорлоо ч өнөөгийн Дэнзэнжамцын нэр нөлөө шиг болно гэж бодоход маш олон жил хэрэгтэй. Гэхдээ л оргүй дорорвол охинтой хоцрох хүсэл бий. Монгол улс үүнд туслах ёстой юу, хэрэгтэй юу, бололцоотой юу, чадах уу?

Бээжин юу хүсээд байна? 

Дэн Сяопин Хятадын төрийг удирдаж эхэлсэн цагаасаа Дарамсала дахь Далай ламын инстүүцтэй найрамдах гэж нэлээд хүчин зүтгэсэн. Харин тэд үүний доромжлол гэж хүлээн авчээ. Дэлхий даяар коммунизм ганхаж эхэлж байхад Хятадын эв хамт нийгэм ч удаан тэсэхгүй гэж дүгнэсэн байх. Гэтэл асуудал өөрөөр эргэж коммунист Хятад улам хүчирхэгжив. Ингээд Далай ламын инстүүцийг хятадууд бараг нэг ноймрын дайснаар тодорхойлох болсон юм. Тэднийг орогнуулж байгаа Энэтхэгтэй ч харилцаагаа нааштай болгосон.

Далай ламынхувь хүний нэр хүнд Монголд маш өндөр. Харин Монгол дахь шарын шашин шүтэгч сүм хийдийн лавтай 5-6 бүлэглэл бий. Доржзодовынхон ч ойлгомжтой Далай ламыг шүтэгсэд биш. Бусад бүлэглэлүүд бүгд Далай ламын талынх гэх авч хоорондоо биенээ үзэхгүй. Энэ чинь Монгол шүү дээ, дэндүү ойлгомжтой.

Далай лам 1978 оноос хойш Монгол олон удаа айлчилсан. Ингэснээр түүний нэр хүнд асар их өсч байгаа. Чухам үүнд хятадууд эмзэглэж улам их хардах болсон. Айлчлал бүрд нь тэд эсэргүүцлээ илэрхийлнэ, улам сэжиглэн хардана. Далай лам Монголд хойд төрөлдөө Монголд тодорч магадгүй, Далай ламын инстүүцийг Монголд үргэлжлүүлэн амилуулж магадгүй, аягүй бол Ьөвдийн орогнолын газрыг Энэтхэгээс Монголд шилжүүлэх (Энэтхэгчүүд Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд төвдийн дүрвэгсэдийг хааш нь хийхээ мэдэхгүй арга нь барагдах болсон) юм билүү?

Ингэхээр эд баялаг өгвөл үргэлж юугаа ч худалдахад бэлэн монголчуудыг хагалах хятадын эртний бодлогыг хэрэгжүүлэх мэргэн аргад шилжив бололтой. Далай ламтай хамгийн нягт харилцаатай Гандан тэгчлин хийдийн инстүүцийн эсрэг бусад бүлэглэлийг сөргүүлэн тавьлаа. Тэд ч угаасаа Гандангийнхантай хийх тэмцлээ туйлын зорилго болгосоор ирсэн. Түүхээрээ монголчуудад эвлэрдэг ганц шалтгаан байдаг нь нийлж ямар нэг юмыг эсэргүүцэн дарах. Дарчихсныхаа дараа эргээд хоорондоо өстөн болдог.

Улаанбаатар дахь Хятадын элчин сайдын яам Гандан хийдийг эсэргүүцэгч сөрөг хүчнийхнийг хүлээн авч уулзлаа. Соёлын хамтын ажиллагааны сэдвээр. Тэдэнд Банчин богд Жанцанноровын уулзаж Бээжинд зочлохыг урив. Гандангаас хавьгүй том сүм дацан барьж өгнө, ер нь мөнгө цаасны хувьд дутаахгүй гэж амалсан гэх. Энэ бүхэн нь зөвхөн хоёр орны соёлын харилцаа шүү гэж дахин дахин тайлбарлав. Монгол лам нар Бээжин орж Банчин ламд мөргөсөн. Учир нь дараа нь ирээд “Нэгэнт Далай багш хойд дүрээ тодруулахгүй гэсэн болохоор Банчин багшийгаа дагахаас өөр аргагүй боллоо” гэж тайлбарлаж байлаа.

Гандан тэгчлин хийдийнхэн юу хүсээд байна?

Гандан бол лавтай 170 жилийн түүхтэй, одоо ажиллагаатай байгаа хамгийн ахмад хийд. 37 оны их сүйтгэлээр башин барилга нь сүйдээгүй үлдсэн хэдхэн сүмийн нэг. Учир нь тэнд Зөвлөлтийн цэрэг байрлаж байсан. Зөвлөлтийн өршөөлөөр 1944 онд дахин нээгдсэн ганц нь учир аргагүй ахмад, 1990 он хүртэл гав ганцаараа хурдаг байсан болохоор аргагүй тэргүүлэгч. Тэр л утгаараа Далай ламыг 1978 онд ирэхэд албан ёсоор хүлээж авсан ганц нь. Өдий хүртэл Далай ламтай хамгийн ойр харилцаатай.

Умрын шашин үүсгэн Хятад, Төвдөөс хараат байдлаа салгах Богд хааны гэрээслэлийг биелүүлэх, хэрэгжүүлэх бодлого баримталдаг болов уу. Тиймийн тулд юун түрүүн энэ талаар Далай ламтай тохиролцох хэрэгтэй гэж үздэг бололтой. Ажиглахад:

  • Далай ламын тодруулсан Аравдугаар Богдыг Гандан хүлээн зөвшөөрч улмаар хөөцөлдөн түүнийг Монгол улсын иргэний харъяалалтай болгосон.
  • Аравдугаар гэх Богдоор хойд дүрээ Монголд төрүүлэх амлалтыг нь авсан ба үүнийгээ Далай ламаар нотлуулсан.
  • Монголд урьдын хувилгаадын олон хойд дүр тодруулахыг Далай лам соёрхож байсныг өөрт нь ухуулж болиулах арга хэмжээ авсан.
  • Аравдугаар Богдыг тодруулж далай ламд үзүүлэн соёрхуулсан.

Эдгээрийн үр дүнд:

  • Далай ламын хойд дүр Монголд тодрохгүй
  • Монголын умардын шашин Төвдийн ба Хятадын хамаарлаас нэг мөсөн сална.
  • Хятад дахь шашины хамаарлаас салснаар тэдний тодруулсан Банчин ламаас хамааралгүй болно.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!