2024.04.26, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээБалинчдаа авна уу, Х.Баттулга аа!

Балинчдаа авна уу, Х.Баттулга аа!

Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа нь сарын дараа дуусгавар болох Х.Баттулга байдаг аргаа хэрэглэж байна. Эхлээд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж, үймээн тарих гэж оролдсон. МАН-ыг тараах түүний захирамжийг дагаж намирах хүн олдоогүй тул дараагийн аргаа хэрэглэсэн нь АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр асуудал тарьж эхлэв.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан УИХ-д суудалтай намууд СЕХ-нд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг өчигдөр хүргүүлсэн. СЕХ-ноос АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээж аваагүй. Асуудлаа дотроо шийдээд ир гэсэн боловч Н.Алтанхуягийг дэмжсэн УИХ-ын нэр бүхий гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлалаа. Эрх ашиг, эрх мэдэл ийм хүчтэй. Энгийн иргэний эрх ашиг хөсөр хаягдаж, хүчирхийлэл, хүний эрх өч, төчнөөнөөрөө зөрчигдөж байхад өлсгөлөн зарлах нь бүү хэл үг хэлж үзээгүй Ардчилсан намын гишүүд эрх мэдлийн төлөө амиа өгөхөө буцахгүй шинжтэй, аймаар.

Ердөө хэдхэн хоногийн дараа сонгуулийн сурталчилгаа нь эхлэх гэж байхад АН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна.  Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам үнэндээ нар үзээгүй. Гучин жилийн үүх түүхтэй Ардчилсан намыг гудамжинд лааз өшиглүүлэхэд хүргэсэн, арчаагаа алдталаа “алалцуулсан” хүн нь Х.Баттулга.

2016 оны сонгуулийн өмнө АН-ын эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулж, аль өнгөтэй өөдтэй болгоныг нь гүтгэн харлуулж, гутаан доромжилсны хариуд тэр Ерөнхийлөгчийн суудалд заларсан. Үнэндээ яармагийн бөх Монголын тэрбумтан, бүр Төрийн тэргүүн болсон нь ардчиллын гавъяа мөн. Гэвч, ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр өнгөрсөн дөрвөн жил Ардын намтай нийлж Ардчилсан намыг элэг, бөөргүй “зодож” ирсэн хүн бол мөн л Х.Баттулга. Эцэстээ тосоо гартал тэврэлдэж явсан Ардын намынхантайгаа цусаа гартал зодолдонгуутаа Ардчилсан намыг бараадсан нь худлаа биш.  Гэвч, Х.Баттулгын эхлүүлсэн дажин Ардчилсан намыг булшилж байна. Ардчилсан намыг зодооныг Ардын намынхан бахдалтайгаар хараад сууж байна.

Жинхэнэ Ардчилсан нам “нас барж”, Женко ардчилсан намын “балинчид” Монголын улс төрд муухай жишиг тогтоож байна. Энэ бүхэнд С.Эрдэнэ ч бас буруутай. Х.Баттулгын “барьцаанд” орж, намын нөхдөө шорондоо явуулчихаад ам нь үдээстэй зогсож байсан хүн.

Н.Алтанхуяг нь байна уу, С.Эрдэнэ нь байна уу хамаагүй. Монгол Улс хууль дүрмээ баримтлах ёстой. Түүнээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт үйлчилдэггүй хууль УИХ-ын гишүүн биш Должин эмээд үйлчилдэг байж болохгүй. Хуулийг сахих нь хууль тогтоогчийн үүрэг. Баталсан хуулиа сахиж чадахгүй бол парламентаасаа явах хэрэгтэй.  Цар тахлын үед иргэдэд элдэв янзын үймээн самуун хэрэггүй. Ноёд зодолдоход ноорхой ардууд л хохирч үлддэг. Өнөөдөр “үхэх, сэхээ” үзэж буй ноёд маргааш өөр хоорондоо найз болох нь хэвийн үзэгдэл. Эрх мэдлийн төлөө тэд зодолдоно, эвлэрнэ. Иймээс элдэв янзын уриалгад л автвал эцэст нь энгийн иргэд хохирч үлддэг. Долоон сарын 1-ний хэрэг яалаа, юу боллоо!

Б.Нирун

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!