УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дүгнэжээ. Тэрбээр АН-ын хуваагдалд Ерөнхийлөгчийн судлаа удахгүй өгөх Х.Баттулгыг буруутгаж буйгаа нуусангүй. Тэр тусмаа У.Хүрэлсүхийн нохойд барьдаг мод нь Х.Баттулга болсон гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байгаа бололтой хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Угаасаа л Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-ын ходоодныхоо мухарт хадгалчихсан байсан бодол шүү дээ. Наанаа тэврэлдээд, хэлсэн болгоныг нь гүйцэлдүүлээд байгаа юм шиг боловч цаанаа бол “Энэ хүнийг дахиж нэр дэвшүүлж болохгүй” гэдэг бодолтой. Өрсөлдөгч нам шүү дээ. 65 суудалтай нам дахиад ялахын тулд АН-ыг аль болох жижиг байлгахын төлөө зүтгэнэ.
Өнгөрсөн 4-5 жилийн Баттулга, Хүрэлсүх хоёрын хамтрал Хүрэлсүхэд АН-ыг хуваах сүх нь Баттулга болж, харин Баттулгын МАН-д хийсэн үр нь Хүрэлсүх болсон.
Баттулга сүхнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн бол харин Хүрэлсүх Баттулгын хувьд үр могой л болчихлоо. Өөрийн намыг унагаж, өрөөлийн намд өөрийнхөө тэжээсэн үр могойд хатгуулаад” гэсэн байна. Мөн тэд худлаа цаасан буу буудсанаас цаанаа нотой гэж хардаж байгаагаа нуусангүй нь “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Ж.Эрдэнэбатыг унагаад У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүний түншлэлийн дунд ямар хэмжээний мөнгө, ямар хэмжээний том төсөл, ямар гэмт хэргүүд яригдаж шийдэгдсэн бэ? Ихэнх нь хөшигний ард, далд нууц байгаа. Сонгууль дөхөхөөр “хонгил” энэ тэр гэж нэрлээд, лифтэнд оцгонодог шүүгчийн асуудлаар “цаасан буу” буудаж үзсэнээс биш яг үнэндээ гэдэс дотроо уудлалцаагүй биз дээ” гэх үг нь.
Өнгөрсөн хугацаанд үзэл бодол өөр, өрсөлдөгч бүхнээ шоронд хорьсон Х.Баттулга хамгийн их ганцаардаж явна. Түүний хажуу хавирга, бөөр бөгсөнд нь наалдаж явсан бүхэн өнөөдөр МАН-ын хаяаг бараадаж, хаялга горьдон амьдрах болсон нь худлаа биш. Херо Б.Баатар, Аса Д.Дагвадорж нараас эхлээд хоёр талд гарч, хор найруулан гүйх болсон юм.
Одоо АН-ыг Х.Баттулгадаа өгөх үү, эсвэл ингээд гудамжинд нь үлдээх үү гэдгийг У.Хүрэлсүхийн улс төр шийднэ.
А.Анар