Ардчилсан даргын бүртгэх асуудлыг Улсын Дээд шүүхийн хурал өнөөдөр хэлэлцэж, О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ. Ардчилсан нам өнөөдөр хоёр том бүлэглэлд хуваагдаж, С.Эрдэнийн талынхан М.Тулгатыг, Ц.Тувааны талынхан О.Цогтгэрэлийг намын даргад бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Улсын дээд шүүхээс Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа гэсэн байна.
Ийнхүү С.Эрдэнэ, Ц.Туваан нарын хэрүүл М.Тулгат, О.Цогтгэрэл хоёроор үргэлжилж, Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь ч тодорхойгүй хэвээр үлдлээ. Одогоор АН-ын хоёр тал энэ асуудал ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.
А.АНАР