2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР1Хэрэг тохдог прокуроруудыг халах биш ШОРОНД СУУЛГАХ ЁСТОЙ!

Хэрэг тохдог прокуроруудыг халах биш ШОРОНД СУУЛГАХ ЁСТОЙ!

Ерөнхийлөгч Х.Баттулгын “дохиур” дор ажилладаг хонгилын шүүгчид, хуульчид нэр устайгаа, баримт нотолгоотойгоо ил болж байна. Прокурор, шүүгчдэд нөлөөлж, бусдад хэрэг үүсгэдэг, ял тохдог явдал Х.Баттулгын үед байдаг нэг үзэгдэл болсон. Тиймээс энэ асуудалтай тэмцэнэ гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцрохдоо заналтайгаар мэдэгдэж байсан юм.

Тэгвэл УЕП-оос нийслэлийн Прокурорын газарт их цэвэрлэгээ эхлүүлжээ. Улсын ерөнхий прокурор  Б.Жаргалсайханы тушаалаар Нийслэлийн прокурорын газрын дарга Ш.Нямдоржийн албан тушаалыг түдгэлзүүлж,  түүний орлогч Ц.Насанбатын тушаалыг буруулах арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.

Өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийж, Ш.Нямдорж, Ц.Насанбат нартай холбоотой хууль бус үйлдлийн талаар “шүгэл” үлээсэн. Тэрбээр “Гуравдугаар сарын 1-нд З.Энхболд над руу утсаар яриад хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод чи өргөдлөө бичээд өг гэсэн. Би өргөдлөө өгчихсөн байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл ”Үгүй ээ чи хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод бичээд өгчих” гэсэн. Тэгээд би хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод өргөдлөө бичээд өгсөн. Тухайн өдрийн орой Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй тогтоолыг ирүүлсэн. Бүтэн жил бие, сэтгэл зүйн хувьд тамлаж, эргэн тойрны хүмүүсийг минь барьж хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэчхээд, гуравхан цагийн дотор хэргийг хэрэгсэхгүй болгочхож байгаа юм. Гэтэл АН-ыг та нартай наймаалцахгүй гэхээр нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж нь хүчингүй болгоод буцаагаад нөгөө хэргийг сэргээчихэж байгаа юм” гэх мэдээллийг өгсөн билээ.

Тиймээс энэ асуудлаас нь болж, Нийслэлийн прокурорын газрын дарга Ш.Нямдорж, орлогч Ц.Насанбат нарт хариуцлага тооцсон байж магадгүй байна.

Ц.Насанбат нь ганц С.Эрдэнээр зогсохгүй М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт захиалгаар ял төлөвлөсөн хүн. Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт Төрийн ордонд ирж, ялын схем төлөвлөж байсныг нь батлах зураг ч дэлгэгдсэн, баримтууд ч цацагдсан.

Түүнчлэн Сү.Батболдтой холбоотой дуулиант асуудал түүний нэр холбогдож яваа. Х.Баттулгатай хамаарал бүхий М.Отгонжаргал, Ж.Майзориг нартай хамтарч Ц.Насанбат нь Сү.Батболдыг гадны шүүхэд өгсөн гол хүн нь.

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдыг дарамтлан 4 сая ам.долларыг нь дээрэмдэн авсан гэх хэрэг мөн нэр холбогддог. Т.Ганболд энэ талаар “Хууль прокурорын оролцоотой улайм цайм дээрмийн энэ хэрэгт өнөөдрийн Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат гэх хүн “Та хэргийг оролцогч биш байна” гэсэн худал дүгнэлтийг  гаргасан. Хууль ёс, дүрэм журам, эрх зүйт төрийг нулимдгийн тод жишээ энэ. Энэ хүн ийм дүгнэлт гаргаснаараа шоронд суух ёстой хүн” гэж байв. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгэнтээ тойруу үгээр Х.Баттулгаас хэнд хэдэн жилийн ял өгөхөө ирж асуудаг шүүгчдийн талаар шүгэл үлээсэн. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг гэх өмгөөлөгч Б.Баасанцогтоос авлига авсан байж болзошгүй, дансаараа мөнгө дамжуулж авсан шүүгчдийн баримтууд дэлгэгдсэн. Мөн түүнтэй хамт секс скандалын асуудалд З.Болдбаатар, Х.Идэр нарын шүүгчид нэр холбогдоод байгаа билээ.

Ийнхүү Х.Баттулгын “хонгил”-ыг үүсгэж, олон хүнд ял төлөвлөж, олон хүний дарамтлан хууль бус шийдвэр гаргаж байсан прокурор, шүүхийн сүлжээг таслах их цэвэрлэгээ эхэлжээ.

Ш.Насанбат, Ш.Нямдорж нар бусдын даалгавраар хэн нэгэнд хилс хэрэг тохдог нь үнэн бол тэдэнтэй хариуцлага тооцоод өнгөрөх бус шоронд суулгах ёстой юм.

Б.НИРУН

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!