Тэснэ, тэснэ гэхэд яаж зүгээр байх вэ гэгчээр тэвчээрийнх нь эцсийн цэг нь тасарсан АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл бүүм тарьж, Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нар жинхэнэ хонгилын эзэд байсан гэх дүгнэлтэд хүргэж байна.
Товчхондоо, төрийн ордны 3 давхраас хууль, шүүхийнхэнд захиалга өгдөг хүн бол Х.Баттулга болох нь баримтаар нотлогдсоор. Харин түүний хутгуур нь “ордны тайган” хочит З.Энхболд болохыг ч тэрбээр нуусангүй. Тэд өөртэй нь АН-ыг прокурорын шийдвэрээр наймаалцах гэж оролдсон хууль бус явдлыг С.Эрдэнэ дэлгэсэн юм.
Гуравдугаар сарын 1-нд З.Энхболд над руу утсаар яриад хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод чи өргөдлөө бичээд өг гэсэн. Би өргөдлөө өгчихсөн байгаа гэдгээ хэлсэн. Гэтэл ”Үгүй ээ чи хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод бичээд өгчих” гэсэн. Тэгээд би хоёрдугаар сарын 24-нөөр огноолоод өргөдлөө бичээд өгсөн. Тухайн өдрийн орой Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй тогтоолыг ирүүлсэн.
Нийслэлийн прокурорын орлогчийн гаргасан шийдвэрийг Ерөнхийлөгчийн шадар туслах надад өгсөн нь хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо, аятайхан байгаарай гэж ойлгуулах санаатай байсан байх. З.Энхболд намайг Ерөнхийлөгчтэй уулз гэж удаа дараа шахсан. Би З.Энхболдод ганцхан юм хэлсэн.
Би АН-ын хувь заяа, ардчиллын хувь заяагаар ямар нэгэн хэрэг наймаалцдаг хүн биш ээ.
Та нар зохиомлоор хүн гүтгэдэг, хэрэг тохдогоо боль гэж хэлсэн. Бүтэн жил бие, сэтгэл зүйн хувьд тамлаж, эргэн тойрны хүмүүсийг минь барьж хорьж, үндэслэлгүй хэргээр гүтгэчхээд, гуравхан цагийн дотор хэргийг хэрэгсэхгүй болгочхож байгаа юм. Гэтэл АН-ыг та нартай наймаалцахгүй гэхээр нийслэлийн прокурор Ц.Насанбатын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж нь хүчингүй болгоод буцаагаад нөгөө хэргийг сэргээчихэж байгаа юм. Хоёр зуун мянган гишүүнтэй АН Зандаахүүгийн Энхболд гэдэг төрийн хутгуураар дутахгүй ээ. Яаж төр самардгийг нь би мэднэ. Энэ бүх захиалга, завхралыг бий болгосон хүн нь Х.Баттулга.
Энэ бол С.Эрдэнийн өгсөн ярилцлага. Эндээс харахад Монголын хууль шүүх Х.Баттулга гэгч хүний өс хонзонгоо авах хэрэгсэл болсны тод томруун нотолгоо. С.Эрдэнээс өөр олон хүн Х.Баттулгын хонгилоор орсон. Төмөр замын “но”-г илчилсэн эртний өстөн М.Энхсайханаас эхлээд орон гэрээр нь орж гарч явсан С.Баярцогт “анд”-аа хүртэл барьж шоронд хийсэн. Энэ бүхэнд З.Энхболдын хор, хорсол ч нөлөөлсөн байх.
Тиймээс төрийн ордны 3 давхраас захиалга өгдөг, төрийн хутгуур болдог нөхдүүдийг Төрийн ордноос цэвэрлэх цаг болсон байна. Үүний тулд үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй ҮАБЗ-ийн даргад импичмент хийх эр зориг МАН-ынхан байх ёстой юм.
Zika virus