Улсын онцгой комисс өнөөдөр 21.00 цагт хуралдсан бөгөөд гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Нийтийн тээвэр, автомашины хөдөлгөөний зорчих цагийг 07-10, 17-20 цаг хүртэл үйлчлэхээр болгож, цагийн хуваарийг богиносгосон байна.
Автомашины хөдөлгөөн өнөөөдөр эрс нэмэгдсэн тул дээрх цагийн хуваарийн хатуу зохицуулалт хийж буй аж.
Хөдөлгөөний нягтралыг сийрэгжүүлэхийн тулд албадлагын арга хэмжээ авах шаардлага үүссэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Амгалан мэдэгдлээ.
Төрийн албан хаагчдын 15-20 хувь маргааш ажилдаа ирнэ, ажилдаа явахдаа ажлын үнэмлэхтэй байхыг анхаарууллаа.
Бүх нийтийн хатуу хөл хориог чангатгаж чадвал цар тахлын тархалтыг арванхоёрдугаар сарын 1-ний дотор барих боломжтой гэлээ. Мэргэжлийн байгууллагуудаас хөл хориог чангатгах шаардлагатай талаар зөвлөмж өгсөн аж.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өнөөдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгах шийдвэр гаргажээ.