2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголНэг сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршуулсан

Нэг сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-ийн дансанд байршуулсан

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас даваа гараг бүрийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй ногдол ашиг олгох ажлын талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өгөв.

Тус компани 1 сая орчим иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд өнгөрсөн долоо хоногт байршуулжээ. Үүнээс бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 425 мянган иргэний ногдол ашгийг өнөөдөр олгоход бэлэн байгаа ч иргэдийн мэдээллийг тулгах ажил багагүй хугацаа шаардаж байгааг хэллээ.

Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр: “Ногдол ашгийг 5 дугаар сарын 1-нээс олгохоор компанийн ТУЗ шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байгаа ч 425 мянган иргэн арилжааны банкны дансаа холбосон байна. Тэдгээр иргэдийн болон дансаа нээлгэсэн ч ҮЦТХТ-д мэдээлэл нь хараахан ирээгүй байгаа 193 мянган иргэн зэрэг 1 сая орчим иргэний ногдол ашгийг өнгөрсөн долоо хоногт ҮЦТХТ-ийн дансанд байршуулсан. Нийт хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган хүний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил хугацаа шаардаж байна. Ногдол ашиг тараах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гадна хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байгаа учир холбогдох байгууллагууд иргэдийн мэдээлэлд тулгалт хийж байна” гэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган иргэн байгаа бөгөөд үүнээс 1 сая 718 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэж, 425 мянган иргэн банкны дансаа баталгаажуулжээ.

Хувьцааны дансаа банкны данстайгаа холбож баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Харин бүртгүүлээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн дансаараа авах боломжтой. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт аппликейшн хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байна. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ-ын буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!