Парламентанд суудалтай ХҮН-ын дарга Т.Доржхандыг МАН-ын БЭТ гэж улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Тэрбээр авлига, албан тушаалын хэрэгт МАН-тай хамтран ажиллах болсон. Үүний нэг нь Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй хийхийг хууль, шүүхээс шаардлаа.
Тэрбээр “Яллагдагчийн өмгөөлөгчдөөс шүүх хурал дээр хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх учир хаалттай явуулж өгөх хүсэлтийг гаргасан байна. Түүнийг нь шүүх дэмжсэн учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах гэж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хуулиараа хаалттай хуралдаж болно. Гэхдээ үнэхээр хувь хүний эмзэг мэдээлэл байгаа бол хэсэгчилсэн байдлаар хаалттай хийх боломж нь бий. Хаалттай хуралдсан тохиолдолд ял завших, наймаалцах боломж өгөх вий. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон гэмт хэрэг шүү дээ. Шүүх хурлыг нээлттэй хийх ёстой. Энэ бол төрийн нууцтай холбоотой асуудал огт биш.
Мөн УИХ-ын хянан шалгах түр хороо сонсголоороо маш олон нотлох баримтыг дэлгэсэн. Үүнийг шүүхийн байгууллага нягтлах ёстой. Бидний гаргасан нотлох баримтыг ашиглаж буй эсэхийг УИХ-ын гишүүний хувьд бас хармаар байна” гэв.