2025.06.22, Ням
spot_img

Э.Магнайбаяр С.Ганбаатараас илүү мэдрэмжтэй

0

Наймдугаар ангиасаа мал маллахаар хөдөө гарсан Э.Магнайбаяр Их засгийг төгсөж, одоо Баянгол дүүргийн хүүхдийн зусланг хариуцаж байгаа. Тэрбээр орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулангуутаа МАН-д элссэн. Тэрбээр энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хоёр нам нэгдэхийн төлөө өөрийнхөө чадлаар явсан. Хувь хүнийхээ үүднээс хоёр нам нэгдээсэй гэдэг утгатай захиаг удаа дараа бичиж байсан. Одоо эвлээд, нэгдээд, хамтраад явж байгаад би баяртай байгаа.

МАН, МАХН хоёр нэгдэнэ гэдгийг мэдэж байсан учраас ийм сонголт хийсэн” гэжээ. Гэтэл С.Ганбаатар эцсийг нь хүртэл Н.Энхбаяр итгэсээр яваад нэг л өдөр Ерөнхийлөгч болох мөрөөдөл нь бүтэлгүйтсэн. Эндээс харахад Э.Магнайбаяр гэж залуу С.Ганбаатараас илүү улс төрийн мэдрэмжтэй бололтой.

А.Анар

Х.Тэмүүжин: Өөр хашаанд босгосон хороогоо хураая

0

АН сүүлийн гурван удаагийн сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүний гол буруутан нь Ардчилсан намынхан өөрсдөө. Тус намын дотоод зөрчил яван явсаар намаа хоёр хувааж, үнэмлэхүй ялагдал хүлээх гол шалтгаан болсон билээ.

Тиймээс  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар Ардчилсан намын Онц их хурал зарлаж, эв нэгдлээ хангах 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачлага гаргаж буй талаар өнөөдөр /2021.06.14/мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар АН 1990 оноос хойш хамгийн бага санал авлаа. Тиймээс талцаад буй намыг нэгтгэхгүй бол цаашид ч улс төрийн хамгийн бага үзүүлэлттэй байх болно гэдгийг гишүүд дэмжигчид хэлж байгаа. Улсын дээд шүүх намын дотоод эв нэгдлээ хангах хэрэгтэй гэсэн шалтгаанаар АН-ын бичиг баримтуудыг буцаасаар байгаа. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, намын удирдлагуудыг нэгтгэх үүднээс 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлж байна. Ингээд маргалдагч талуудыг аль алийг нь оролцуулж, нэг удирдлагатай болгох нь намын ирээдүйд туйлын чухал.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: Ардчилсан нам  дотроо хоёр хуваагдаж, нэг нэгэндээ дэгээ тавихаас илүүтэй хамтарч, нэгдэж урагшаа алхах цаг болсон. Ардчилсан намгүй сонгууль, ардчилсан хүчингүй өрнөж буй үйл явцын хохирогч нь иргэд болж байна. Тамганы булан барьж булаацалдаж байгаа хүмүүс гишүүдээ хонь адил хашаанд хашиж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тийм учраас өөр хооронд босгосон хашаа хороогоо хурааж, гишүүддээ хүч өгдөг итгэл үнэмшилтэй нам болох цаг болсон байна. Энэ намд хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тэр итгэлийг өөр хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Ардын намаар Ардчилсан намын хувь заяаг шийдүүлэхгүй.

Ковидтой зуны наадмыг үзье!

0

Амралтын хоёр өдрийг монголчууд нийтээрээ “улсын наадам болох болохгүй, хийх хийхгүй” тухай маргаж, соошлаар хэрэлдэж өнгөрөөлөө. Засгийн газар наадам зохион байгуулахад 10 тэрбум төгрөг зарцуулна гэсэн явдал үүний шалтаг болов. Энэ мөнгөний нэлээдгүй хэсэг Соёлын сайдын халаас руу орж байгаа тухай ч шүүмж өрнөлөө /Үнэн худлыг харж байж мэднэ/ ЭМЯ-ны өчигдрийн мэдээгээр халдварын тоо 2188 болж, 24 цагийн дотор 10 хүн нас барсан анхны тохиолдол ч нэрмээс боллоо.

Монгол Улс анх удаа ковидоос шалтгаалсан үхлийн тоогоор дэлхийд тэргүүлж, АНУ, Энэтхэгийг ардаа орхив. Халдварын нийт тохиолдол 72100 болсон нь хүн амын хоёр хувиас давж /50 хүн тутмын 1 нь халдвар авсан/, халдвар авсан 200 хүн тутмын нэг нь /0,5 хувь/ нас барсан байна. Манай дараа хоёрдугаарт яваа АНУ-д 33 сая хүн /хүн амын 10 хувь/ халдвар авсан ч нас баралт 600 мянга буюу халдвар авсан 500 хүний нэг нь нас барсан байна. Өчигдөр нас баралт 168 бүртгэгдсэн нь хүн амтай нь харьцуулбал манайхаас зургаан дахин бага гэсэн үг.

Ингээд наадмын тухай яриа “10 хоногт 100 иргэнээ ковидоор алдаж байхад 100 жилийн ойгоо 10 тэрбумаар тэмдэглэх нь зөв үү, буруу юу?” тухай маргаан мэтгэлцээн болж хувирав. Хамгийн мэдээлэл бүхий иргэд болох сэтгүүлчид хүртэл олон нийтийн сүлжээгээр “Наадамд зарцуулах 10 тэрбумаараа ковидоо эмчил, наадмаа боль, хөл хорио тогтоо” хэмээн бичиж байна. Коронавирус гадаадаас зөөвөрлөгдөөд жил гаруй, дотооддоо халдвар алдаад найман сар өнгөрсөн ч асуудал бахь байдгаараа, эхний цэг дээрээ эргээд ирэв. Ердөө хөл хорино, хорихгүй…

Эндээс ковидтой тэмцсэн жил хагасын /2019 оны арванхоёрдугаар сараас хойш/ хугацаанд манайх ямар үр дүнд хүрсэн бэ? гэдэг асуулт гарна. Хамгийн товчхондоо ямар ч үр дүнд хүрсэнгүй. Дөрвөн удаагийн хатуу хөл хорио, хоёр тун вакцин нөлөөлсөнгүй. Харин иргэд, бизнес эрхлэгчид л цаг хугацаа, эд баялаг, эрүүл мэнд, амь насаараа, хүүхдүүд сургууль, боловсролоороо хохироод үлдлээ. Төрийн зүгээс юуг ч шийдэж чадсангүй. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудынх нь чадамж чадавхи бахь байдгаараа, сүүлийн нэг, хоёр сарын хавтгайрсан халдвараас болж улам илүү уруудаж доройтов. Өнгөрсөн өвөл “маск зүүсний ачаар томуу өвчин буурсан” хэмээн бахархаж байсан ч өнөөдөр ковидоос бусад өвчний тухай ор тас мэдээлэхээ болив. Монгол Улсад ковидоос өөр өвчин, үхэл байхгүй гэж үү?

Сүүлийн шинжилгээгээр 11000 хүний 2188 нь халдвартай гарсан гэж үзвэл нийт хүн амын чинь 20 хувь нь халдвар тээсэн байх магадлалтай буюу эрсдэлтэй гэсэн үг. Ийм тохиолдолд бүх нийтийн, хамгийн хатуу хөл хорио тогтоогоод ч нэмэргүй. Халдвартай хүмүүсээ эмнэлгүүд хүлээж авахгүй, эмчилгээ үйлчилгээ үзүүлж чадахгүй болсон ийм үед хатуу хөл хорио тогтоох нь “гэр гэртээ үх” гэснээс өөрцгүй зүйл болно. Түүнийхээ оронд арай зөөлөн аргаар буюу хүмүүсийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, тэгээд гол нь гэрийн нөхцөлд эмчлэх, оношлох, эмчилгээний үе шатуудыг иргэдэд нээлтэй мэдээлж, заавар зөвлөгөө өгөх гээд олон арга замууд байж болно шүү дээ. Нийгмийн сүлжээгээр иргэд хоорондоо солилцож байгаа ковидыг хэрхэн эмчилсэн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагууд нь албан ёсоор, иргэддээ нээлттэй мэдээлэх, зөвлөмж зөвлөгөө тогтмол өгөх хэрэгтэй байна. ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийг “Ковидийг эмчлэх цаг” болгосон ч болно шүү дээ.

Ядаж л төрийн болон хувийн байгууллагуудынхаа ажлын цагийг зөрүүлөөд, өглөө оройныхоо хөдөлгөөнийг жигдэлчихэд хүмүүсийн нягтрал хамаагүй багасаад ирнэ. Тэгээд үйлчилгээний газруудаа “хаана, хорино” гэхийн оронд ширээ сандлынх нь тоог цөөлөөд /50 хувь хүртэл/, халдвар хамгааллын дэглэмээ бариад үйл ажиллагаагаа явуул гэхэд хэн ч эсэргүүцэхгүй. УОК-ийнхон ядаж ийм хэмжээний зохион байгуулалт, зөөлөн дэд бүтэц хийж сурчихаад дараагийн шатанд хаана, хорино гэдэг үгээ ярьдаг болмоор байна.

Харин тэр наадам хийх хийхгүйн тухайд бол жинхэнээсээ “хүүхэд нохойн тоглоом” шүү дээ. Соошлаар хэрэлдүүлээд, хэлэлцээд байх ч асуудал биш. Угаасаа өнгөрсөн жил дотоодын халдваргүй, гадагшаа хил хаалттай байхад “Ковидын жил” гээд наадам хийлгээгүй. Энэ жилжингээ “Ковидгүй зуны төлөө” сонгуульдсан эрх баригчид дахиад “Наадмаа болилоо” гэвэл хэн ч эсэргүүцнэ. Тийм болохоор наадмаа хийдгээрээ хий. Тэрэндээ 10 тэрбумаа зарна уу, гурван тэрбумыг зарна уу ч хамаагүй. Ганцхан хийхдээ иргэдэд хохирол, талцалгүйгээр хийж өг. Хүй долоон худагтаа морио уралдуул, төв цэнгэлдэхдээ бөхөө барилдуул. Тэрэндээ хүмүүсийг л битгий бөөгнүүл, бусад нь зурагтаараа л үзнэ биз. Наадмын гурван өдөр жинхэнээсээ хөл хориогоо тогтоо. Харин тэр болтол энэ иргэд чинь ажиллаж, амьдармаар байна. Аль болгон яс горьдсон нохой шиг халамжийн хэдэн төгрөг горьдоод тэнгэр харж хэвтэх юм бэ?

Эцэст нь хэлэхэд наадам болон ковид гэдэг чинь тус тусдаа асуудал. Шийдэх арга зам нь ч гэсэн тусдаа, хариуцдаг хүмүүс нь ч тусдаа. Тус тусдаа төсөв, эдийн засагтай. Баяр наадмын тухайд УОК, Баяр наадмын комисс хоёр нь нийлж хуралдаад, тус тусдаа ажлаа зохион байгуулчих л зүйл шүү дээ. Ийм зүйл дээр ард иргэдээр “Наадам уу, Ковид уу?” гэдэг таавар таалгаад, сонголт хийлгээд баймааргүй байна. Өөр өөрсдийнхөө л хариуцсан ажлаа хий. Тэр зэргийн ажил зохион байгуулж чадахгүй юм бол яах гэж төр засаг, энэ олон яам, тамгууд байдаг юм.

Ер нь бол ковид гарснаас хойш манай эрх баригчид нэг ч удаа өөрсдөө шийдвэр гаргаж байгаагүй. Ямар нэг аргаар дунд нь яс хаяж хэрэлдүүлээд дийлсэн талд нь ордог, “Иргэд ингэж хүслээ” гээд шийдвэрээ гаргаад явдаг байсан. Энэ удаа ч гэсэн тийм заль мэхэнд нь автмааргүй байна. Төр юм бол төр шиг байж, хийх ёстой ажлаа хий. Чадахгүй бол зайгаа тавиад зайлаад өг.

Б.СЭМҮҮН  

Монгол тахлын өмнө цагаан тугаа өргөлөө

1

Сүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 78347 болж нэмэгдлээ. Энэ хугацаанд найман хүн нас баржээ. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 369 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илэрчээ. Шинээр батлагдсан нийт тохиолдлын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.

Covid-19-ийн шалтгаант нас баралтын талаар тодруулбал, тавдугаар сарын 22-ны өдөр онош нь батлагдсан 62 настай эрэгтэй 20 орчим хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 болон бусад хавсарсан өвчний улмаас нас барлаа. Мөн тавдугаар сарын 27-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй 16 орчим хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа. 66 настай эмэгтэй гурав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хавсарсан өвчний улмаас нас барсан байна. 42 настай эмэгтэй дөрөв хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Энэ бол ЭМЯ-наас өгсөн мэдээлэл. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цар тахлын өмнө өвдөг сөгдөж байна.

УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихын хэлснээр байдал маш хүнд, халдварын тохиолдол буурах нь бүү хэл хоногтт 4000 хүн халдвар авах эрсдэл өндөр байгаа аж. Тэрбээр “Орон нутагт байдал их хүндэрч байна. Бодит байдал эмнэлгийн ачааллаас давж, гамшгийн хэмжээнд дөхлөө. Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодитоор 4000-д хүрч магадгүй” гэжээ.

Гурван сая хүн амтай Монгол Улсад өдөртөө 2000 хүн халдвар авч байгаа хүн амтай харьцуулахад өндөр тоо. Олон сая хүн амтай БНСУ гэхэд өдөртөө 2000-аараа халдвар авахгүй байна шүү дээ. Худалч хүнд Энэтхэгээс илүү хүнд нөхцөлд Монгол орсон гэсэн үг. Тиймээс дэлхийн улс орнууд “Монголд ковид улаанаараа эргэж байна” хэмээн ард иргэддээ Монголд очихгүй байхыг сэрэмжлүүлэх болсон байна. Гэтэл Монголынх нь эрх баригчид нь сонгууль дууссан гэсэн аятай чихэн дүлийн нүдэн балай суусаар.

Цар тахал ийнхүү гамшгийн хэмжээнд хүрсэн нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой. Мөн Засгийн газрын буруу бодлого шийдвэрээс болж, Монгол Улс тахлын өмнө цагаан тугаа өргөөд байна.  Учир нь, вакцин хийлгээд 14-өөс дээш хоног болсон нөхцөлд хөдөө явах эрхтэй гээд хэлчихсэн биш орон нутгаа улаан бүс болгочихлоо. Одоогоор Монголын 73 сум хөл хорионд орсон байна.

Мөн Ерөнхийлөгч хавтгайруулан шагнал олгосон нь ёстой л дайрин дээр давс үрнэ гэгч болов. Шагналын угаалга, найруудаас болж  халдвар хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэж байна.  Шагналыг баруун солгойгүй тарааж, нийгмийн эрүүл мэндэд заналхийлсэн нь Ерөнхийлөгчийн эл үйлдэл үнэхээр увайгүй, ёстой явах хүнээр ачаа бүү татуул гэгч л боллоо. Өөрөөр хэлбэл, санаатай, санамсаргүй ч бай Ерөнхийлөгчийн гавъяа шагналын хур иргэдээ өвчин тахал руу түлхсэн үйлдэл болж харагдаж байна.

Өвчин, тахалдаа “сүйрч” байгаа Монголыг бурхан өршөөг!

Иргэдийнхээ янзыг үзэв үү, ясыг тогшив уу!

0

Шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өнгөрөгч Баасан гаригийн өдөр нь цацагдаж, орой нь нийслэлийн бүх машин ШТС-ууд дээр бөөгнөрөл үүсгэв. Бөөгнөрсөн хүмүүс мэдээж  сошиалд бөөн уур унтуу, хараал ерөөл болцгоов. Гэтэл энэ нь худлаа мэдээлэл болж таарав.

 Ашигт малтмал, газрын тосны газар ийм мэдээлэл цацаагүй гэж гүрийв. Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “Шатахуун 600 төгрөгөөр нэмэгдэх нь худлаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнийг хямдруулж ирсэн. Монголын АИ-92 бензиний шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлж байгаа. Олон улсад шатахууны үнэ өсч байгаа. Зах зээлд АИ-92 бензин 1430 төгрөгөөр нийлүүлэгдэж байна. Хэрэв үнийг нэмвэл хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ” гэв.

Ахиад төрийн хүчирхийлэл, дарангуйлал. Шатахууны үнийг нэмбэл импортлогчид бизнесээ хураалгаж таарах бололтой. Чөлөөт зах зээл рүү, хувийн өмч рүү халдахыг л жинхэнэ дарангуйлал гээд байгаа юм шүү дээ.

Мөн өдөр Сангийн сайд хэвлэлийнхэнд хандаж “Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт зэрэг бүх арга хэмжээ долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа. Энэ бол Засгийн газар,  төсвийн хувьд нэлээд тулгамдсан асуудал болсон. Энэ талаар бид эрсдэлийн шинжилгээ хийж байна. Цаашид ковидын нөхцөл байдал эдийн засагт яаж нөлөөлж байна вэ гэдгийг цогцоор нь тооцоолох ёстой.   Долоодугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар энэ асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэнэ. Их, дээд сургуулиудын хувьд хавтгайрсан тусламж, зээлээр  санхүүжүүлдэг системийг хална. Шалгуур үзүүлэлтүүд тавьж, тэдгээрийг ханган суралцаж байгаа шилдэг оюутнуудад, дээрээс нь нийгмийн захиалгат шаардлагатай мэргэжлүүдээр суралцаж байгаа оюутнуудад зээл тусламж санхүүжилт  өгдөг систем бий болгоно” гэж мэдээлсэн.

Үүнийг мөн л няцааж, Засгийн газраас “Долдугаар сарын 1-нээс бүх төрлийн халамж зогсоно гэдэг худал мэдээлэл. Хүүхдийн 100 мянга, цахилгаан, дулааны хөнгөлөлт  гээд таван төрлийн халамжийг Засгийн газрын хурлаар орж хэлэлцүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эхний хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэх болно” гэв.

Түүнчлэн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ээлжит нэгэн хурлаараа хөл хорио тогтоох эрсдэл байгааг мэдээлсэн. Гэтэл мөн тун удалгүй “бид тийм зүйл яриагүй, хэлээгүй” болоод явсан.

Энэ мэтээс харахад манай төр хэлсэн ярьснаа байнга үгүйсгэдэг гэм биш зантай болчихлоо. Ийм зантай хүнийг монголчууд орон гаран гэж хэлдэг.  Тэгэхээр иргэдээ танддаг байдлаа зогсоохгүй бол Засгийн газар маань орон гаран хүн шиг харагддаг боллоо шүү.  Эсвэл иргэдийнхээ янзыг үзээд ясыг нь тогшоод байна уу.

Б.Чандмань

Вакцинд хамрагдах ёстой 200 мянган иргэн байна

0

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг тавин, 2021 оны хоёрдугаар сарын 23-аас хойш дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хүн амынхаа олонхыг дархлаажуулад байна. Гэхдээ дархлаажуулалтынхаа 2-р тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай буюу 1-р тунгаа аваад 21-ээс дээш хоносон 200 мянга гаруй хүн байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 19.512 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт хотод 7159, хөдөө орон нутагт 12361 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр нь авч үзвэл,

Улсын хэмжээнд

  • 1-р тунд – 1.887.425 хүн (91.3%)
  • 2-р тунд – 1.621.046 хүн (78.%)

Улаанбаатар хотод

  • 1-р тунд – 959.984 хүн
  • 2-р тунд – 827.433 хүн

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

  • 1-р тунд – 927.441 хүн
  • 2-р тунд – 793.613 хүн

Вакцины бүрэн тун авсны дараа танд хоёр том хамгаалалт үүснэ. Нэгдүгээрт халдвар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрвээ халдвар авсан тохолдолд үгдрэл хүндрэлээс хамгаалах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид баталж байгаа.

Б.Жавхлан: Засгийн газрын халамж, хөнгөлөлтүүд бүгд зогсоно

0

Ирэх долдугаар сараас цар тахлын эсрэг Засгийн газраас иргэддээ үзүүлж буй халамжийн арга хэмжээнүүд зогсож буйг Сангийн сайд Б.Жавхлан  өнөөдөр /2021.06.11/ дуулгав. 

Б.Жавхлан: Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт зэрэг бүх арга хэмжээ долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа. Энэ бол Засгийн газар,  төсвийн хувьд нэлээд тулгамдсан асуудал болсон. Энэ талаар бид эрсдэлийн шинжилгээ хийж байна. Цаашид ковидын нөхцөл байдал эдийн засагт яаж нөлөөлж байна вэ гэдгийг цогцоор нь тооцоолох ёстой.   Долоодугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар энэ асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэнэ.

Их, дээд сургуулиудын хувьд хавтгайрсан тусламж, зээлээр  санхүүжүүлдэг системийг хална. Шалгуур үзүүлэлтүүд тавьж, тэдгээрийг ханган суралцаж байгаа шилдэг оюутнуудад, дээрээс нь нийгмийн захиалгат шаардлагатай мэргэжлүүдээр суралцаж байгаа оюутнуудад зээл тусламж санхүүжилт  өгдөг систем бий болгоно.

А.Анар

Хоёр настай хүүхдийн хувьсах зардлыг эцэг эхчүүдэд өгнө

0

Ирэх долоо хоногт Боловсролын багц хуулийг салбарын яамнаас нь  өргөн барихаар болжээ.  Энэ талаар салбарын сайд нь мэдээлэхдээ “Сургуулийн өмнөх боловсрол гэж 3-5 насыг хэлж байгаа юм. 0-3 насны хүүхдийнх боловсрол биш, эрүүл мэнд, хөгжлийн асуудал байна. Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг нь буруу ойлголт юм. Цэцэрлэг нь өөрийн хүчин чадал, байршил боломжоос шалтгаалаад ясли, хүүхэд харах үйлчилгээг нээж болно. Боловсролын багц хуулийн гол зорилт нь сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь 3,4,5 настай хүүхдийг оруулна. Түүнээс биш ясли болон хүүхэд харах тогтолцоог халж, 0-3 насны хүүхдээ эцэг, эх өөрсдөө харна гэдэг нь буруу ойлголт.

Өргөн барих гэж буй шинэ хуульд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг онцгойлон анхаарах, ялангуяа 5 настай хүүхдийг цэцэрлэгт 100% хамруулах зорилтыг тавьж байгаа. Тиймээс 0-2 насны хүүхдэд сонголт хийгдэж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөө харж болно. Эсвэл ясли болон хүүхэд харах үйлчилгээгээр харуулж болно.

Дэлхий нийтэд 3-5 насыг сургуулийн өмнөх боловсрол гэдэг. Харин 0-2 насыг сургуулийн өмнөх боловсрол биш, хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал байдаг учир эцэг, эхчүүдийн оролцоо чухал. Ийм учраас хоёр настай хүүхдийн хувьсах зардлыг эцэг, эхчүүдэд өгнө гэж ярьж байгаа. Энэ нь эцэг, эхчүүдэд сар болгон 110,000-120,000 орчим төгрөг очно гэсэн үг. 

Мөн цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ харж буй ээжүүдэд 50,000 төгрөг өгч байгаа. Үүн дэр нэмээд сар бүр хүүхдийн 100,000 төгрөг өгч байгаа. Эдгээрийн дүнд 0-3 насны хүүхдээ харж буй эцэг эхчүүдэд нэг сард 250,000-300,000 төгрөгийн тэтгэлгийг төрөөс өгөх болно. Энэ мөнгөөр эцэг, эхчүүд хүүхдээ харах уу эсвэл яслид төлбөрөө төлөөд хүүхдээ харуулах боломжийг олгоё гэж байгаа юм”.

О.Цогтгэрэл: С.Эрдэнэд саналаа өгсөн

0

АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэлийн мэдэгдэл олон хүний шүүмжлэлийг  дагуулж байна. Тэрбээр “Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид ардчилалд хайртай Монголын ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр энэ сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой.

Ерөнхийдөө энэ удаагийн сонгуулийг дүгнээд хэлэхэд хятад маягийн сонгууль руу орчихлоо. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн төрийн аппараттай бусад намууд өрсөлддөг болж байна. Ийм зам руу Монгол Улсыг хөтөлж байгаа нь харамсалтай.

Захиалгаар АН-аас дэвшсэн нэр дэвшигч болон түүний багийнхан хариуцлага хүлээх ёстой. Бид бүхэн энэ сонгуулийн дараа урагшаа харж, олон ажил хийнэ. Удахгүй болох хоёр нөхөн сонгуульд одооноос бэлдэж ажиллах болно” гэв. Мөн тэрбээр эрдэнэ мэт саналаа С.Эрдэнэд өгсөн гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажиллаж, Ардчилсан намын нэр дэвшигчийг дэмжих байхыг сануулсан гэх.

 Түүнд хандаж АН-аас намыг нь төлөөлж янз бүрийн мэдээлэл хийхгүй байхыг мэдэгдсэн.

А.Анар

ЭМЯ: 44-82 насны найман хүн нас барлаа

0

Ковид-19-ийн халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10653 шинжилгээ хийх явцад 1622 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 72104 болж байгаа. 1622 тохиолдлын 1591 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1100 нь Улаанбаатар хотод
  • 491 нь орон нутагт бүртгэгдлээ.

Зөөвөрлөгдсөн 30 тохиолдол нь зургаадугаар сарын 4-ний өдөр Афганистанаас ирсэн иргэдээс илэрсэн.

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр буюу халдвар бүртгэгдсэн 20 аймгийн 19-д нь шинээр халдвар бүртгэгдлээ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.

Сүүлийн 24 цагт 684 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,253 боллоо. Халдварын улмаас 7,498 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 4725
  • Хүндэвтэр – 2012
  • Хүнд – 623
  • Маш хүнд – 138 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7988 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 44-82 насны найман хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.