Улсын ерөнхий прокуророос өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, прокурорын хяналтад ирээгүй байгааг онцлов. Мөн УИХ-ын гишүүдийг дуудан ирүүлэх зэрэг хянан шалгах ажиллаанд хүндрэл учирч байгаа. Мөрдөх байгууллага болон прокуророос дуудсан хугацаанд ирэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах явдал гарч байгаа. Тиймээс хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авах болно гэдгийг анхаарууллаа.
Тавантолгойн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулна
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцын асуудлыг хэлэлцэдэ төр өөрөө барихаар болжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өгөхдөө “Оюутолгой” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станцыг 1,1 тэрбум ам.долларын өртгөөр барих боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар өөрөө 450 мкВат цахилгаан станцыг төр санхүүжүүлж барих шийдвэрийг гаргалаа. Энэ ажлын хариуцах төрийн өмчит компани барьж, байгуулахаар болсон. Одоо бэлэн байгаа ТЭЗҮ-г ашиглаад барих уг төслийг хэрэгжүүлэхэд 560-600 сая ам.доллар шаардлагатай байгаа юм. Станц ашиглалтад орохоор Оюутолгой компани хамгийн идэвхтэй хэрэглэгч нь байх юм. Станцын ажлыг маргаашнаас зохион байгуулалтын ажлаа эхлүүлж 2024 онд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна” гэв.
"Авиган” эмийг Монгол эмчилгээнд хэрэглэж эхэллээ
ЭМЯ-ны ээлжит мэдээллээр Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээллээ. Халдвар тээгч өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Монголын хилээр орж ирсэн байна. Түүнээс 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрчээ.
Д.Нямхүү: “Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Хяналт, тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс өөрийгөө тусгаарлаж, тэвчээртэй байж онцгой нөхцөлд энэ аюулыг хамтарч давах нь зүйтэйг энэ жишээ харуулж байна. Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгасан нь ийм учиртай.
Нэг сайн мэдээ нь “Авиган” гээд коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Японд үйлдвэрлэсэн энэ эмийг хурдан авсан. Ингэснээр коронавирусийн эсрэг дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа” гэв.
Хятад эдийн засгаа дэмжих шинэ төслүүд хэрэгжүүлнэ
Хятадын төрийн зөвлөлийн 3-р сарын 25, 27-ны хурлаар “Хятад Улс эдийн засгийн дотоод эрэлтээ дэмжиж, энэ жилийн хөгжлийн зорилтоо биелүүлэхийн төлөө хичээх болно” гэж мэдэгдсэн нь эрх баригчид эдийн засагт үүсээд буй сөрөг нөлөөг саармагжуулах бодлогын арга хэмжээг илүү эрчимтэй авч хэрэгжүүлэх хүлээлтийг зах зээлд үүсгээд байна.
Засгийн газрын тусгай зориулалттай бонд гаргалтыг нэмэгдүүлж, нийт хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжих, автомашин худалдан авалтыг татвараас чөлөөлөх, жижиг – дунд үйлдвэрлэгч, компаниудад санхүүгийн дэмжлэг олгох хүрээнд 1 их наяд юанийн хөнгөлөлттэй зээл олгох, нийгмийн хамгийн эмзэг давхаргад 6-р сарыг хүртэл хугацаанд дэмжлэг үзүүлэх гэсэн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ. Мөн дэд бүтцийн шинэ төслүүд ч хэрэгжүүлэх юм. Үүнд:
5G суурь станц байгуулах, UHV дамжуулах шугам барих, өндөр хурдны болон хот доторх галт тэрэг, авто замын төслүүд, Big Data, AI болон интернэт аж үйлдвэрийг хөгжүүлэх төслүүд багтжээ.
Мөнгөний бодлогоор дэмжиж Хятадын төв банк буцах нөхцөлтэй репо санхүүжилтийн хүүг 2.2 хувьд хүргэж бууруулав. Мөн зах зээлд 50 тэрбум юанийг нийлүүлсэн нь 4-р сард мөнгөний бодлогын хүүг бууруулах хүлээлт үүсгэж байна. Цаашид зээлийн хүүг бууруулах, жижиг дунд бизнесүүдэд олгох зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан бөгөөд энэ онд заавал байлгах нөөцийн хувийг 1.50-2.0 нэгж хувиар бууруулах хүлээлтийг бий болгоод байгаа юм.
Эдгээрийн дүнд гангийн үйлдвэрлэл өндөр хэвээр хадгалагдах тул Хятадын дотоодын коксжих нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгааг SXCoal онцлов.
Гуравдугаар сард 0.8 тн алт, мөнгө худалдан авчээ
Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар нийт 5.3 тн үнэт метал худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө байна. 2020 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

ӨНӨӨДӨР: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Зурхай: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Үйл явдал:
-
- 11 цагт: Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал,
- 11 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.
Цаг агаар: Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 12 градус дулаан, шөнөдөө -3 градус хүйтэн ба салхины хурд 6-8м/с байна.
Сонгуульгүй бол ардчилал ҮГҮЙ
Сонгуульгүй бол ардчилал үгүй. Сонгууль болон санал хураалт нь ардчиллын цөм юм. Сонгууль явагдаж сонгогчид саналаа өгч байж тэд төлөөлөгчдөө сонгож, өмнө нь сонгосон төлөөлөгчдөө сольдог. Иргэд сонголтоороо аль намд итгэл үзүүлж байгаагаа илэрхийлж, улс төрийн шийдвэрт нөлөөлж байдаг. Сонгууль яагаад тогтмол явагдаж байх ёстой вэ гэвэл хэнд, хэр удаан хугацаагаар төрийн эрх мэдлийг шилжүүлсэн бэ гэдэг нь иргэдэд ойлгомжтой байх ёстой.
Эрх мэдэл цаг хугацааны хязгаарлалтгүй байх нөхцөлд эрх мэдлийг буруугаар ашиглахад амархан байдаг. Үүнийг батлах жишээ дэлхийгээр дүүрэн байна.
Улс орон, бүс нутаг, орон нутгийн өмнө тулгарч буй сорилтуудад тохирсон хариултуудыг өгөхийн тулд сонгогчид хоорондоо өрсөлдөгч нэр дэвшигчдийн дундаас сонгох боломжтой байвал хамгийн сайн. Нэр дэвшигчид ямар учраас тодорхой шийдвэрийг илүүд үзэж санал болгож байгаа, бусдыг нь яагаад тохирохгүй хэмээн үзэж байгаагаа тайлбарлах ёстой. Мэдээж ямар шийдвэрийг илүүд үзэх вэ гэдэг сонголтод улс төрийн намуудын үзэл баримтлал, чиг хандлага чухал үүрэгтэй. Иргэд нь нийгмийн баталгаатай хамгаалалд, төр нь хүчирхэг байх ёстой гэж үздэг улс төрийн намуудын хөтөлбөр хүн бүр өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг, татвар бага байх ёстой гэж үздэг зах зээлийн механизмуудыг дэмждэг улс төрийн намуудынхаас өөр байдаг. Мэдээж аль нэг намд харьяалалгүй бие даагч нэр дэвшигчид байж болно. Хамгийн чухал нь сонгогчид өрсөлдөгч намуудын хөтөлбөрүүд дундаас бодит сонголт хийх боломжтой байх юм.
Хүмүүст амьсгалах агаар хэрэгтэй байдгийн нэгэн адил ардчилалд сонгууль зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн онцгой нөхцөл байдал үүссэн үед л сонгуулийг хойшлуулж эсвэл дахин явуулж болно. Ковид-19 цар тахлын байдал сонгуулийг хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл үүсгэх хүртэл хүндэрч болзошгүй юм. Саяхан Ковид-19 цар тахалд маш хүндээр нэрвэгдсэн Европын зарим оронд орон нутгийн сонгуулиудыг хойшлуулах эсвэл захидлаар санал хураалт явуулах шийдвэрт хүрсэн. Сонгуулийн санал авах байранд халдвар авах аюул их байна гэдэг шалтгаанаар сонгуулийг хойшлуулах эсвэл захидлаар саналаа өгөх шийдвэрт хүрсэн. Бодит нөхцөл үүсээд байгаа ч сонгогчдын эрхэд ноцтой халдсан шийдвэр учраас Засгийн газрууд нягт нямбай тайлбар хийх ёстой болсон. Шийдвэр шүүмжлэлгүйгээр өнгөрөөгүй, ялангуяа сөрөг хүчний намууд эрс шүүмжилсэн.
Тэгвэл Монголд нөхцөл байдал ямар байна вэ? Олон хүн Монголын улс төрийн намуудын хооронд бараг ялгаа алга хэмээн шүүмжилдэг. Аль нам нь барууны үзэлтэй, аль нь зүүний үзэлтэй гэдгийг шууд ялгаад хэлчих хүн хэд байгаа бол? Ийм байлаа ч намууд хоорондоо ялгарахгүй байх нь ардчилал болон сонгуульд хортой бус харин ч иргэд санаанд нь таарахгүй, санал нийлэхгүй байгаа улстөрчдийг дахин сонгохгүй байх эрхээ эдлэх нь илүү чухал. Ардчилал хэзээ ч төгс байдаггүй. Гэхдээ зөвхөн ардчилал л засгийн эрхийг баригчдыг тайван замаар солих боломжийг олгодог. Улс төрийг өөрчлөхийг хүсэгч иргэн бүр сонгуульд саналаа өгөх ёстой! Ардчиллыг машинтай зүйрлүүлж хэлэх юм бол сонгууль бол машины моторын тос солихтой адил. Шинэхэн тос моторыг хамгаалдгийн адилаар сонгууль нь иргэдийн хувьд хээл хахуульд автсан, ард түмнээс сонгогдсон чадваргүй нэгнийг авьяаслаг, идэвх зүтгэлтэй, үнэнч шударга төлөөллөөр солих боломж юм. Энэхүү шинэчлэлийн механизм, улс төрд оролцох боломжид зөвхөн онцгой нөхцөлд л халдаж болно. Сонгуулийг хуулийн хугацаанд тогтмол явуулах нь хүн бүрийн ашиг сонирхолд нийцнэ. Учир нь, мөнгөөр авдаг гээд тосноосоо татгалзаж, хэт алгуурлавал бүтэн хөдөлгүүр солих зардал гаргах хэрэгтэй болно.
Монголын ардчиллын тосоо солих зардал хэр өндөр вэ? Нарийвчлан тооцоод харах юм бол тэгтлээ өндөр биш. 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр ойролцоогоор 15 тэрбум зарцуулжээ. 2020 оны зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн зардалд 20.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь сонгуулийн жилийн улсын төсвийн зардлын 0.15 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Энэ зардалд зөвхөн сонгуулийн зардал бус харин сонгуулийн соён гэгээрүүлэх, ардчиллыг сурталчлах, хүмүүсийг оролцоотой байхыг уриалах, идэвхжүүлэх зардал багтдаг. Эдгээр бүх үйл ажиллагаа нь мөн л ардчиллын нэг хэсэг. Ардчилал хүмүүсийн дэмжлэг, оролцоон дээр тогтдог. Сонгогчид сонгууль яаж явагддаг, хэн, хаана сонгуульд нэр дэвшихийг мэдэж байж л сонгуульд оролцоно. Ардчилсан сонгуулиар сонгогдсон Германы анхны төрийн тэргүүн Фридрих Эбертийн хэлснээр бол “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй” юм.
Монгол Улс сонгуульд техник ихээр хэрэглэдэг учраас үлдсэн бүх зардал нь техникийн зардал байдаг. Камер, дэлгэц, санал тоологч машинууд, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд их зардалтай. Үнэгүй юм нэгээхэн ч үгүй. Сонгуулийн үр дүнг луйвардах боломжийг хэнд ч олгох ёсгүй, тэгвэл энэ бүх зардлууд үргүй зардал болж хувирна. Сонгуулийн санал өгөх байрнаас гадуур Сонгуулийн хууль мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавих боломж бараг байхгүй ч санал авах байранд чөлөөт, санал өгөх нууцлал хангагдсан байх ёстой. Сонгогч бүр санал өгөх кабинд ганцаараа, бусдын нөлөөгүйгээр саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн нөхцөлд сонгогчдын ардчилалд итгэх итгэлийг бэхжүүлж чадна.
Монголд болон бусад оронд ч сонгуулийн бодит өндөр зардал нь бусад буюу кампанит ажлуудад зарцуулагддаг бөгөөд энэ нь төрөөс гардаггүй. Харин сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчид ба улс төрийн намуудаас гардаг. Монголд улс төрийн намууд төсвөөс бараг мөнгө авдаггүй учраас хэдэн зуун нэр дэвшигчид өөрсдийн, бусдаас зээлсэн эсвэл бусдын хандивласан мөнгөөр сонгуулийн зардлаа санхүүжүүлдэг. Улс төрийн албан тушаалд нэр дэвшигчид хувийнхаа эрх ашгийн төлөө бус, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэдэгт олон нийт байнга эргэлзэж байдаг.
Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчид бүгдээрээ биш юм гэхэд зарим нэр дэвшигчийн хувьд сонгуульд оролцох нь хожим ашиг авчрах ёстой хөрөнгө оруулалт гэдэг таамаглал байнга дэвшүүлдэг. Ингэхээр хэтийн зорилго нь ойлгомжгүй, хувийнхаа мөнгөөр өртөг өндөртэй сонгуулийн кампанит ажил явуулдаг нь сонгуулийн зардлыг эрс нэмэгдүүлдэг. Олон хүн сайнтай муутай гэгчээр нийт нэр дэвшигчдийн дунд цөөнх болох ардчиллыг бизнес болгогчид сонгуулийн кампанит ажлын зардлыг тэнгэрт тултал өсгөдөг. Харин үнэнчээрээ яваа нэр дэвшигчид хөтөлбөр, санаагаа олны анхааралд хүргэхийн тулд мөн тэр хэмжээний зардал гаргаж хөлд нь чирэгддэг.
Ардчиллыг бизнес гэж хардаг нэр дэвшигчид сонгуульд өндөр зардал гаргаад, зардлаа нөхөөд дээрээс нь нэмж өндөр ашиг олохын төлөө ажилладаг. Энэ нь бүх иргэд зөвхөн хувийн эрх ашгийн төлөө ажилладаг эдгээр улстөрчдийн балгийг үүрэхэд хүргэдэг.
Асуудлыг өөр өнцгөөс харвал олон улсын харьцуулалтаар Монгол улс ардчилалдаа бага мөнгө зарцуулдаг. Парламент нь жижиг. УИХ-ын гишүүдийнх нь цалин өндөр бус. Төсвөөс улс төрийн намуудад тун бага санхүүжилт өгдөг. Наанаа хэмнэвч цаанаа асар өндөр зардал гарч байдаг. Учир нь, бусад олон орны туршлага, судалгааны үр дүнгээс харахад улстөрчид болон улс төрийн намууд нь улс төрийн үйл ажиллагаагаа хувийнхаа эсвэл хандивын мөнгөөр санхүүжүүлдэг орнуудын улс төрчид, улс төрийн намууд авилгад хамгийн өртөмтгий байдаг. Улс төрийн хээл хахуулийн төлөөсийг байнга ард түмэн нь төлдөг. Авлигыг бууруулахын тулд төр нь төсвөөс улс төрийн намууд ба улстөрчдөө хувийн мөнгө, хандиваас хамааралт байдалд оруулахгүй байх хэмжээнд хангалттай санхүүжүүлдэг байх ёстой. Тэгсэн нөхцөлд улстөрчид, намууд иргэддээ илүү сайн үйлчлэх болно. Хамгийн хямдхан ардчилал, хамгийн шилдэг нь байх нь тун ховор юм.
Канадын Бритиш Колумбийн их сургуулийн Азийн судалгааны хүрээлэнгийн дэд профессор
Жулиан Дийркс
Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч
Др. Нийлс Хегевиш
Ч.Улаан: Үлдсэн ноолуураа гадаадад зарна
Махны үнийг өсгөвөл хар толгойгоороо хариуцна гэж байсан Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган барина гэсэн ам өгсөн. Гэвч, бодит байдал дээр ноолуурын үнэ нэг клограмм нь 50 мянган төгрөг байна. Энэ талаар Ч.Улаан өнөөдөр/2020.04.07/ Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр мэдээлэл өгөхдөө “Энэ жил 233 мянган малчин өрх 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Улсаас гаргаж буй 300 тэрбум төгрөгөөр нийт гарч буй ноолуурын 30 хувийг л авч чадна. Үлдсэн 70 хувийг гадаадынхан авдаг байсан. 300 тэрбум төгрөгөөр дунджаар 3000 тонн ноолуур авна гэж тооцоолсон. 10 мянган тонн ноолуурыг бүгдийг нь угаах анхан шатны боловсруулалт хийчих хүчин чадал бүрэн бий. Тиймээс 10 мянган тонн ноолуураа угаана. Ингэж байж экспортод гаргах зохицуулалтыг хийнэ. Хоёрдугаарт, хялгасыг нь ялгаж самнах буюу 5200 тонн ноолуурыг самнах хүчин чадал байгаа. Ямартай ч самнах үйлдвэрт 3000 тонн ноолуураа самнана. Самнасан ноолуураар эцсийн сүлжмэл хийх хүчин чадал бий. Тиймээс үйлдвэрүүдийн худалдан авах 3 мянган тонн ноолуур сүлжмэл болно гэсэн үг. Үлдсэн 7 мянган ноолуурыг дуудлага худалдаа зохион байгуулна.Гаднын биржүүдээс хүсэлт ирж байгаа” гэв.
ЦАГ АГААР: НОЙТОН ЦАС, БОРОО ОРНО
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Мөн энэ долоо хоногт зарим нутгаар бороо орох аж. Харин өнөөдар /2020.4.7/ маргаашдаа төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, говийн нутгаар салхи шуургатай байна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Н.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Дөрөвдүгээр сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, цас орно. Мөн 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна” гэлээ.
Мөн дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутгаар тэр дундаа Увс аймгийн зүүн хэсгээр, Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа юм. Харин мөн сарын хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 13-15м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 19-23 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах ажээ.
Төвийн аймгуудаар хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 13-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 17-20 м/с хүртэл сс с үртэл ширүүс ч цасан болон шороон шуурга шуурна.
Зүүн аймгуудад хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 13-16 м/с, хорьдын үеэр зарим үед түр зуур 18-21 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах гэнэ.
Говийн аймгуудад хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр, зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүс ч шороон шуурга шуурах төлөвтэй.
О.Баасанхүү Орхон аймагт АН-аас нэр дэвшинэ
УИХ-ын 2016 оны сонгуулиар 4222 сонгогч буюу нийт санал өгсөн хүмүүсийн 28.9 хувийн саналаар сонгогдож байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намаас нэр дэвших болсон байна.
Тэрээр АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтад орсон байна. Харин Орхон аймгийн 47-р тойрогоос түүнийг хамгийн бага саналаар дэмжиж гаргасан сонгогчид О.Баасанхүүд хэрхэн хандах бол?