ЭМЯ-ны ээлжит мэдээллээр Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээллээ. Халдвар тээгч өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө Монголын хилээр орж ирсэн байна. Түүнээс 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрчээ.
Д.Нямхүү: “Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Хяналт, тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс өөрийгөө тусгаарлаж, тэвчээртэй байж онцгой нөхцөлд энэ аюулыг хамтарч давах нь зүйтэйг энэ жишээ харуулж байна. Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгасан нь ийм учиртай.
Нэг сайн мэдээ нь “Авиган” гээд коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Японд үйлдвэрлэсэн энэ эмийг хурдан авсан. Ингэснээр коронавирусийн эсрэг дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа” гэв.