Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Мөн энэ долоо хоногт зарим нутгаар бороо орох аж. Харин өнөөдар /2020.4.7/ маргаашдаа төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, говийн нутгаар салхи шуургатай байна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Н.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Дөрөвдүгээр сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, цас орно. Мөн 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна” гэлээ.
Мөн дөрөвдүгээр сард баруун аймгуудын нутгаар тэр дундаа Увс аймгийн зүүн хэсгээр, Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгаа юм. Харин мөн сарын хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 13-15м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 19-23 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах ажээ.
Төвийн аймгуудаар хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 13-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 17-20 м/с хүртэл сс с үртэл ширүүс ч цасан болон шороон шуурга шуурна.
Зүүн аймгуудад хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 13-16 м/с, хорьдын үеэр зарим үед түр зуур 18-21 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах гэнэ.
Говийн аймгуудад хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр, зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүс ч шороон шуурга шуурах төлөвтэй.