Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ наймдугаар сард агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Баруун аймгуудынм нутгаар буюу Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч халахаар төлөвтэй байгаа юм. Зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Говийн аймгуудын нутгаар мөн адил дуу цахилгаантай бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/секунд хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
гуравдугаар арав хоног буюу сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэлт болж болзошгүй.