2024.05.8, Wednesday
spot_img
НҮҮР2​Дэлхийн ихэс дээдсийн цугларалт ба Л.Оюун-Эрдэнийн тактик!

​Дэлхийн ихэс дээдсийн цугларалт ба Л.Оюун-Эрдэнийн тактик!

Их Британийн Хатан хаан II Элизабетийг оршуулах ёслол Монголын цагаар Даваа гаригт болж энэ арга хэмжээнд дэлхийн 500 орны удирдагч оролцсон нь сүүлийн арван жилийн турш зохион байгуулагдаагүй ихэс дээдэс, улстөрчдийн хамгийн том цугларалт болсныг гадаадын хэвлэлүүд онцолж байна.

Уг ёслолд Монголыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон агаад үүнийг жижиг улсын хувьд “нэр төрийн” хэрэг гэж хэлж болно. Тэр тусмаа дэлхийн улс төрийн байдал тун эвгүй байгаа энэ үед Монгол Улсыг тоож урьсан нь манай дипломат бодлого зөв замаар явж буйн илрэл. Үндсэндээ, Их Британийн хатан хаан II Элизабет болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэг оршоох ёслолд Монгол Улс оролцох нь манай Үндэсний аюулгүй байдлын нэг бодлого  юм.

Авторитари дэглэмтэй хоёр их гүрний дунд орших Монгол Улс олон улсад нээлттэй, идэвхтэй гадаад харилцааг эрхэмлэж байгаа. Өөрөөр хэлбэл, мөнхийн хоёр хөршөө гомдоохгүйгээр, мөн гуравдагч түншүүдтэйгээ “хүйтэн харилцаа” үүсгэчихгүйн тулд ёстой л 13 мэхээ ашиглаж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй ч биз.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 19-нд Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд ганцаараа оролцсон. Энэ үеэр Английн шинэ хаан Чарльз, түүний гэргий нар Ерөнхий сайдыг Хатан хааныг үдэх ёслолд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэхдээ хэзээ нэгэн цагт  Монголд очиж морь унах хүслээ дуулгасан гэх. Ардчилал, идэвхтэй гадаад бодлогын үр дүн шүү дээ.

 Тэрчлэн Ерөнхий сайд Англид хийсэн айлчлалынхаа үеэр Английн дэд Ерөнхий сайд /манайхаар бол Шадар сайд гэсэн үг/, Гадаад хэргийн сайд, болон дэд сайд, Лондон хотын захирагч, төв банкны ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, ковидын дараах улс орон бүрд үүсээд буй үнийн өсөлтийн эсрэг авч буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна. Их Британи бол Монголтой дипломат харилцаа тогтоосон Европын анхны улс. Ирэх жил манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо.  Жаран жилийн ойн хүрээнд Английн хааныг Монголдоо урьж авчраад морь унуулж хүслийг нь гүйцээвэл манай улсын хувьд “гоё” сурталчилгаа болно байх.

Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд уригдаж, Английг зорихдоо Л.Оюун-Эрдэнэ зөвхөн эмгэнэл илэрхийлэхээр яваагүй нь ойлгомжтой. Ард нь улсаа сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцаагаа идэвхжүүлэх давхар тактиктай явсан нь мэдээж.  Тиймээс  дэлхийн ихэс дээдсүүдийн энэхүү цугларалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улстөрчтэй уулзаж, хамтын ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.  Тэрбээр Японы эзэн хаан, гэргийн хамт уулзах үеэр тэд Монголын тухай сайхан дурсамж тээж явдгаа хуваалсан гэх албан бус мэдээлэл ч байна.  Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч, Европын холбооны Ерөнхийлөгч нартай уулзжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл “НҮБ-ын дарга Антонио Гуттерештэй уулзсаны дараа Гадаад хэргийн сайдаа Монгол руу илгээсэн тухай, цаашид хоёр орны харилцаанд илүү сайн анхаарч ажиллах, мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлахыг урьсан” аж. Мөн Ерөнхий сайд Европын холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэрт нь талархал илэрхийлсэн байна. Канадын Ерөнхий сайд Трудотой хоёр орны найрсаг харилцаа, тэр дотроо уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, ирэх онд Оюутолгойн далд уурхайн нээлт болох гэж буйг дуулгасан бол Францын Ерөнхийлөгч Макрон, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда, Сербын Ерөнхий сайд, Бутаны  хаан зэрэг нэг үеийн залуу төрийн тэргүүн нартай уулзаж улс орон бүрд тулгамдаж буй цаг үеийн асуудал, гарц шийдлийн талаар ярилцсан байна.

Тэрбээр ирэх Ням гаригт Японыг зорьж,  Ерөнхий сайд асан Шинзо Абэг үдэх ёслолд оролцоно. Тэнд мөн л дэлхийн улстөрчдийн цугларалт болох байх.

Ямар ч байсан явбал хүрнэ, хийвэл бүтнэ, суувал хоцорно гэж монголчууд хэлдэг. “Явсан нохой яс зууна” гэсэн үг ч байдаг.  Дэлхийн улстөрчдийн цугларалт, уулзалт хаана болно, тэнд Монгол оролцож л байх ёстой. Тэгж байж л авторитари дэглэмтэй, дайн байлдаан, цар тахалтай байгаа хоёр их гүрний дундах Монгол ардчиллаа авч үлдэнэ.

Г.ИНГА

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!