Гурван хувийн хүүтэй зээлийг ирэх онд нэг их наяд төгрөгөөр үргэлжлүүлэхээр болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрээр “Удахгүй 2022 оны Төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулж зарим тогтоолын төсөл батлагдсан байгаа. Энэ нь 2022 оны Төсвийн үйл ажиллагааг илүү чанаржуулах утга агуулгатай тогтоол гарлаа. Тогтоол маань найман хэсгээс бүрдсэн.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх гурван хувийн хүүтэй зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Цар тахлын хуулийг зургаан сараар сунгая гэж байгаа. Хуулийг нь сунгая гэж байгаа. Өнөөдөр бүх заалтуудыг хөндөөгүй.
Нэг заалтыг хөндөж оруулахаар боллоо. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай болсон тохиолдолд урсгал хөрөнгийн зардлыг хоорондоо зохицуулалт хийж болно гэж өмнө нь байсан. Долдугаар сарын 1-нд хийсэн өөрчлөлтөөр үүнийг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ гэсэн нэмэлт заалт орсон. Үүнийг хуулийн дагуу сунгая гэж ярилцсан.
Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээж байгаа. Зөвхөн төсөвтэй холбоотой заалтыг өөрчилье гэж байгаа” гэв.
Мөн тэрээр “Нийслэл болон орон нутагт буй төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг багасгах гэсэн үйл ойлголцол үүссэн. Энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цалин, урамшуулал, тэтгэмжтэй холбоотой тухайлбал 36 сард нэг удаа олгогддог тэтгэмж бүх албан хаагчдын тоогоор жил бүр тусгагддаг хэвээр байна. Үүнд ямар ч өөрчлөлт орохгүй” гэлээ.