2024.05.30, Thursday
spot_img
НҮҮР3Эрх чөлөөг эрх чөлөөгөөр устгаж байна

Эрх чөлөөг эрх чөлөөгөөр устгаж байна

Ончтой тууштай өөрийгөө бодох үзэл нь хүн бүр алсыг харж ухаалаг сэтгэж өөрийнхөөрөө шийдвэр гаргах эрх юм. Энэ нь хүний үндсэн суурь чанар бөгөөд өөрийнхөө төлөө логик сэтгэлгээ бас гаргалгаатай байх үйлс болой. Амьдралыг тэтгэгч бүтээлч чадвар бол булчин биш авьяас оюун сэтгэлгээ юм.

Хүн оюун санаагаа эрчимжүүлэн ундрааж ололт амжилтанд хүрч ашигтай үр дүнтэй хөлжих хөгжих боломжийг олж харж нээж бүтээлч бодит үнэ цэнээр баялгаа цогцлоох үйлс нь ёс жудгийн ариун мөн чанар болой…

Мөнчгөрөөрөө мөнгө хийдэг баялаг бүтээж амьдрах боломж хүмүүнд өөрийгөө үнэлэх өгөөж хайрладаг ажилч сэтгэгч ончтой хүн бүрийн соёлтой харилцаа үйл хэрэг хэлцлэл л жинхэнэ чөлөөт зах зээлийн эргэлтийг тасрашгүйгээр ундраана… Үүнд зөвхөн буруу буюу “Данхар төр” л гай гамшиг садаа тотгор болж байгаа юм. Муу мунхаг төр хүчирхийллийн аргаар бүдүүрч ялзарна.

Гагцхүү үр бүтээлтэй бусдад хэрэгцээтэй үнэ цэнэ өгдөг давуу эрх эдэлдэггүй цэвэр бизнес бодитой үнэн зөв байсныхаа ачаар хүрээгээ тэлдэг, өгөөжтэй ч байдаг.

Эдийн засаг чөлөөтэй хараат бус байхад ганцхан зүйл хэрэгтэй.

– Зах зээлд хэн ч хөндлөнгөөс хэрхэвч бүү хутгалд. Ялангуяа төр. Чөлөөт өрсөлдөөнийг төр хамгаалахыг хүсээд байгаа бол зүгээр л зөнд нь орхи. Өрсөлдөөнийг хуульчилдаггүй юм. Ямар хүн хэнтэйгээ өрсөлдөхийг нэг салбарт хичнээн компани байж болохыг хуулиар тогтоож хэрхэвч болдоггүй юм. Бүтээгдэхүүнээ хэдээр зарахыг, ямар арга замаар өрсөлдөхийг тэр нь шударга шударга бус эсэхийг нь хуулиар тогтоохгүй. Зах зээл нь үнэхээр чөлөөт зах зээл мөн л юм бол ямар байхыг нь хэн ч тогтоох гэж тархиа гашилгах шаардлагагүй. Учир нь зах зээл өөрөө өөрийгөө зохицуулж үнэ цэнээ тогтооно. (Айн Рэнд ингэж нарийн шинжлэн судалж тогтоожээ).

Гашилсан толгойнууд л хүний өмчийн эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлд чөдөр болно.

Өнөөдөр манай төрийнхөн нуль ухаантай царайлж хүний биш хуулийн төртэй болох оролдлогоо улам лавшруулж хуулиас, төрөөс өмнө хүн нь байсныг хүн байж байж л төр хууль нь үүснэ гэдгийг мартаж, маанагтаж, МАНАНтсаар байна.

Эрх чөлөөгөөр эрх чөлөөг устгаж байна. Дээр дооргүй л тийм байна, тэгж тэнэглэж харагдах юм даа хөөрхийс. Андуураад байна. Монголын хувь заяаг хуулийг хуулиар эрэмбэгүй хүчгүй болгодог ёстой жинхэнэ хуульгүй, ёс жудаггүй төрийн нэр барьсан хам хэрэгтнүүдийн дураараа авирлах авирт дөрлүүлэн атгуулж базуулжээ.

Муу эр төрийн гай

Муу эм гэрийн гай… Р.Чойном

Тэнэглэлийн давирхайд тархи нь зунгагдсан зарим сувснууд өөрсдийгөө суутнуудтай зүйрлэх өвчин нийгэм даяараа тусаад ужгирч гүйцлээ. Цэвэр бизнесийг төрөөр угжуулдаг бохир арга давуу эрхт тонуулчидтай адилтгах үйлдэл газар авч байна…

Чимээгүй хэрнээ өөрийнхөөрөө байдаг өөрийгөө хүндэтгэн үнэ цэнэтэй үйлс бүтээгч сэтгэгч цөөн тооны бизнесмэнүүд л өөрсдийгөө өөдлүүлэн дэвжээж үндэстнээ ч хөгжүүлнэ гэж итгэж хүлээнэ би. Бизнесмэнүүдээ зоригтой бай! Төрд богтлогдсон чөдрөөсөө тайлагд. Чөлөөт зах зээл та нарын сэтгэлгээ оюунаар өндийх л болно.

– Харамсмаар нь ихэнх бизнес эрхлэгчид ялигүй нэг муу атаархсан төрийн албан хаагч төрөө магтан дуулах үзэлтэн нэр төр хөөцөлдсөн улс төрчдийн дохио зангаанд хамааралтай байна.

– Бас манай зарим нэгэн цэвэр дүр төрх харуулсан буянтай царайлсан хуудуутай бизнесмэнүүд төрийнхнийг тал талын хормойн донтой болгож аваад, ивээлдээ баглаж, идэж шамшигдуулах авилгалын шуналтай эдгэшгүй хэнхэгээр нь далимдуулж, одоо минийх болсондоо гэж хөх инээдээ барьж ядан шогширч шоглоно.

Саяхан манай улсын хувилгаан хууль ч мэнгэт Дүвчин:

– Намайг загнаж байна гэх байх, би загнаж байна гэснээ хам хэрэгтнүүдээсээ нэгэн гэр бүлийг цоллож, төр та нарыг хангалттай эрхлүүлсэн гээд л суваг сүвэгч болгоноор гөвнөлээ.. Эд нар төрд очсон л бол эрхлэх ёстой гэж үздэгийнх нь баталгаа. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив уу?

– Бас албан тушаалын сэнтийгээр улбаалж хувааж иддэг алимныхаа тухай айлдана лээ. Эдний хэн нэгэннь улс төр эдийн засгийн эрх мэдэлтэй болох үед бусад эрх мэдэлтнүүд тэрийг нь өөрийнх нь эрх мэдэлд халдсан үйлдэл гэж хардаг эмгэгтэй.

Бид яг одоо өнөөдөр фашист Герман, Зөвлөлт Оросын угшлаар яваад байна. Одоо боль! Ард иргэдээ эрх чөлөөтэй бай гэчихээд өмч рүү нь сүх далайж өмчийн эзэн рүү нь сэлэм эргүүлж байна. Магадгүй бас хармаандаа нагаантай ч байж мэднэ.

– Ахаа би өмнө нь айхгүй амьдарч байлаа. Одоо би айж байна гэсэн дотнын бизнесмэн дүүгийнхээ хоолойн өнгийг сонсоод цочирдов.

Одоо манай улсын аятай өөдтэй болгон хэзээ намайг ямар нь ирээд баривчлах бол хэдийд шоронд орж шонд дүүжлэгдэх юм бол, бас л хамаг бүтээсэн өсгөснөө хэдийд хураалгах юм бол гэсэн айдас дор чичирч эхэллээ. Энэ чинь дэндэж байна зогс. Юм л бол нэр төрд халдсан гээд л шүүх цагдаад өгдөг нэг их сүрхий Бериягийн сүнс атиралдан дэлхий цөмрөх вий гэсэн биенээсээ ахадсан алхаагаар гэтнэ.

Самбараас зүүгдээд салдаггүй сайдынхаа албанаас буудаггүй бас нэг салга Ежов зальтай нүдээ жарвайлган нэг л их гавьяатай хэрнээ зовсон хүн болж сөөнгөтнө. Ийм цөөврүүдээс л хүний үнэ цэнэ капитализмыг өмөөрнө би. Энэ социалистуудаас энэ албингуудаасл өөрийгөө бодох ариун үйлсийг хамгаална би.

Өөрийгөө бодсон бизнесмэнүүдийн зорилго буюу арга нь ашигтай ажиллах орлогоо арвижуулах. Харин улс төрчдийн барил бол айлган сүрдүүлэлт. Энэ айлган сүрдүүлэлтээ одоо зогсоо!!!

Төр хүчирхэг биш айлган сүрдүүлдэг бус цомхон чадварлаг байж оюун сэтгэлгээний цар хүрээ өргөн юмс үзэгдлийг олон талаас нь хардаг цэлмэг, цэгцтэй, тууштай, зөв бодлоготой байх ёстой. Тэр нь зөвхөн хувь хүний эрх чөлөөг хамгаалахад оршино. Ерөөсөө төрийн үүрэг энэ. Төр бизнест хутгалдахгүй байх нь л аврал юм.

Эцэст нь хэлэхэд төр хүнийг хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас өмгөөлж хүн өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэх эрхийг хамгаалж байгаа цагт л төр оршин тогтнох үндэстэй юм билээ…

2019 оны 9-р сарын 12

Төрийн соёрхолт Д.Сосорбарам

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!