Ердөө жилийн өмнө нь Монголын парламентыг Засгийн газартай нь “атгачихсан” явсан Х.Баттулгын хувь заяа Г.Занданшатарын парламентын гарт ирлээ. Түүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэр дэвших боломжгүй гэж Цэцийн дунд суудлын хуралдаанаас шийдвэрлэсэн.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарын гомдлын дагуу Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан юм.
- 1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна.
- 2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.
- 3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “… 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, … уугуул …”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, … уугуул …” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй.
- 4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
Ийнхүү Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ. УИХ хэрэвзээ хүлээж авахгүй бол Цэцийн Их суудлын хуралдаан руу очно гэсэн үг. Мягмар гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо ҮХЦ-ын дунд суудлын хуралдааны шийдвэрийг олонх нь дэмжсэн Тухайлбал, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, С.Бямбацогт нар үг хэлэхдээ ҮХЦ бол Үндсэн хуулийн манаач, тиймээс шийдвэрийг нь хүлээж авах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ дээр асуудал очихоос өмнө Ерөнхийлөгч урьтаж улс төрийн тоглолт хийсэн нь МАН-ыг тараах тухай захирамж. Гэхдээ ийм захирамж гаргах эрхгүй болохыг хуульчид сануулж буй. Тухайлбал, гавъяат хуульч С.Нарангэрэл “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шинжтэй органик бусад хуулийг ноцтой зөрчиж, төрийн тэргүүний ёс зүйгүй, хэрээс хэтэрсэн, балмад алхам хийлээ” гэж дүгнэсэн бол хуульч Б.Мэргэн хууль зүйн хүрээнд “Ерөнхийлөгч ийм захирамж гаргах эрхгүй. Ер нь бол Үндсэн хууль гэдэг нэг талаараа иргэний эрхийг хамгаалж байгаа боловч нөгөө талаараа Төрийн эрх мэдлийг хязгаарлахад л зориулсан хууль шүү дээ” гэв.
Хамгийн сүүлчийн мэхээ хийсэн Х.Баттулга давах уу, Үндсэн хууль ялах уу. Өнөөдөр үүнийг УИХ шийднэ.
А.Чадмань