2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРiPEN PlusАнна Германы дуулсан "Жонон хонгор"

Анна Германы дуулсан "Жонон хонгор"

“Жонон хонгор морь”-ийг ардын дуу гэж андуурах нь бий. Энэ дууны хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Лүндэгийн Дашням, шүлгийг нь ардын билэгзүйч, ерөөлч, магтаалч Лувсангийн Агваанжамбал бичжээ. Л.Агваанжамбал гуай энэхүү дуугаа анх өөрөө дуулсан ч хожим “Морины” хэмээн алдаршсан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Нансалмаа гайхамшигтай сайхан дуулж амьдруулан, олонд хүргэсэн түүхтэй.

Жонон хонгор морь минь ээ хө

Жолоо алдам тэлгүүлнэ дээ хө

Жаахан чинийхээ аашинд нь хө

Жаргахаар би чинь тэмүүлнэ дээ хө… хэмээсэн үгтэй энэ дуу дөнгөж гараад л олны аманд аялагдаж, одооныхоор бол жинхэнэ хит болж байжээ. Хилийн чанадад ч олон улс оронд дуулагдаж, гадаадынхан энэ дууг сурч дуулдаг байсан тухай Ж.Нансалмаа гавьяат “Монгол тулгатны 100 дуу” нэвтрүүлэгт орохдоо дурссан байдаг.

Оросын алдарт дуучин Анна Герман 1970-аад оны эхээр “Жонон хонгор морь” дууг дуулж бичлэг хийлгэж байсан нь эдүгээ youtube-т бий. Бичлэгээс харахад Анна Герман уг дууг дуулахдаа зарим өргөлт, үгэн дээр яг монгол хүн шиг мэдэрч дуулсан нь анзаарагдана. Алдарт “Надежда”-г амилуулсан Анна Герман юм чинь арга ч үгүй биз. Оросын бүх үеийн түүхэн дэх шилдэг дууг жагсаах аваас айргийн тав дотор лавтайяа багтах дуу гэгдэг “Надежда”-гийн үгийг яруу найрагч Николай Добронравов бичиж, хөгжмийг нь түүний эхнэр Александра Пахмутова зохиосон юм. Алдарт Иосиф Кобзоны голоод дуулаагүй энэ дууг Анна Герман гайхамшигтай амьдруулснаар жинхэнэ хит, тэр тусмаа дэлхий нийтийн сонсох дуртай дуу болж он цагийг даван эгшиглэсээр буй билээ. Өнөөг хүртэл хагас зуун жилийн туршид “Надежда”-г олон дуучин дуулсан ч Анна Германыг гүйцсэн нь үгүй гэдэг.

Оросын алдарт дуучин Анна Герман 1936 оны хоёрдугаар сарын 14-нд  тухайн үеийн ЗХУ-ын харьяанд байсан Узбекстаны Ургенч хотод төрсөн бөгөөд герман гаралтай польш дуучин байв. Анна Герман польш, оросоор голчлон дуулахаас гадна герман, англи, итали, испани, латин хэлээр дуулдаг байжээ.

Сэтгүүлч Г.Хангарди

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!