Ковид-19-ийн тархалтыг УОК барьж дийлэхээ больсон. Сар шинийн дараа хөл хориог нэгэн зэрэг тавьснаар халдвар улам эрчимжиж, нас баралт нэмэгдсэн. ЭМЯ-наас нас баралт 44 болсон гэж мэдээлнээс хойш Завханд нэг хүн ковидоор амиа алдсан мэдээлэл байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт энэ сарын 16-ны өдөр “хатгалгаа” оноштойгоор хандсан иргэн болон түүний гэр бүлийн хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарчээ. Тиймээс Архангай руу сорьцыг PCR-ийн шинжилгээнд явуулахад халдвар авсан нь батлагдсан байна. Халдвар авсан хүмүүс ойрын хугацаанд халдвартай бүс рүү зорчоогүй бөгөөд голомт нь тодорхойгүй байгаа аж. Иймд Тосонцэнгэл сумын Онцгой комисс хуралдаж 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн 12:00 цаг хүртэл 72 цагийн хугацаатай тэг зогсолтыг хийсэн байна.
Тэг зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх тул иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Тосонцэнгэл сумын Онцгой комиссоос анхааруулсан байна.
Д.ШООВДОР