Энэ жил коксжих нүүрсний ханш огцом цойлж магадгүй гэсэн утгатай байр суурийг урд хөршийн нүүрсний зах зээлд ойр хүмүүс онцолж байна. Энэ сарын 6-ны өдөр болсон Coaltrans Global хэлэлцүүлгийн үеэр Fenwei компанийн Консалтингийн үйлчилгээний албаны ерөнхий менежер Feng Dongbin “2021 онд өндөр чанартай коскжих нүүрсний хомсдол өндөр байх төлөв анзаарагдаж байгаа. Коксжих нүүрсний ханш тэр хэрээр өсөх төлөвтэй байна. 2020 онд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт нийлүүлэлт 557 сая тонн байсан бол эрэлт 559 сая тоннд хүрсэн. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт нь эрэлтээсээ бага байлаа. Өнөө жил эрэлт нийлүүлэлтийн хоорондох хомсдол улам ихсэх төлөв ажиглагдаад эхэлчихлээ. Эрэлт өсөж 565 сая тоннд хүрэх тооцоо таамаг бий” хэмээн мэдэгдснийг “Голомт капитал ҮЦК”-ийн шинжээчид долоо хоног бүр гаргадаг таваарын зах зээлийн тоймдоо онцолжээ. Feng Dongbin-ий мэдэгдсэнээр бол өнөө жил урд хөршийн нүүрсний импорт 15.1 хувиар буурч 258 сая тонн, коксжих нүүрсний импорт 24.2 хувиар буурч 55 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
БНХАУ-ын тухайд Австралиас коксжих нүүрс авахгүй байгаа нь коксжих нүүрснийх нь импортод том нөлөө үзүүлж буй. Үүний зэрэгцээ ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр эрчимтэй ажиллаж байгаа гангийн үйлдвэрүүдийнх нь хэрэглээ коксжих нүүрсний зах зээлд эерэгээр нөлөөлөөд эхэлчихсэн. Ийм үед Хятадын коксжих нүүрсний аварга зах зээлд Монгол улсын тоглох орон зай улам томрох бүрэн боломж уг нь бий. Манай улс урд хөршийн коксжих нүүрсний зах зээлд гол тоглогч болоход ямар ч асуудал байхгүй. Харамсалтай нь бид коксжих нүүрсний ханш цойлох үеүдэд төмөр замгүйгээс болж боломжоо алдсаар ирсэн. Энэ удаад бүр ч хэцүү байдалтай нүүр тулчихаад байгаа. Ковидын тархалт өссөн нь, уул уурхайн гол бүс Өмнөговьд, тодруулж хэлбэл Оюу толгойд ковидын халдвар илэрсэн нь нүүрсний экспорт тасалдах гол шалтгаан болоод байна. Урд хөрш ийм шалтгаанаар хэдэн өдөр хилээ таг хааж, нүүрс, зэсийн экспорт таг гацсан нь саяхан. Одоогоор байдал арай наашилж нүүрс, зэсийн экспорт өдөрт хорь, гучин машинаар тоологдож байна.
А.Сэцэн