2024.05.12, Sunday
spot_img
НҮҮРУлс ТөрХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын мөрөөдөх нь сайхан юм даа!

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын мөрөөдөх нь сайхан юм даа!

Манай дарга нарын мөрөөдөх нь дэндүү сайхан. Даанч бүтэхгүй нь олон. Тавдугаар цахилгаан станцыг барина, Тавантолгойн IPO–г гаргана гэж олон жил мөрөөдсөн. Зарим нь эхнээсээ “өтөж” байх шиг. Гэвч, манай дарга нар мөрөөдөхөөс уйдахгүй шиг улс орон маань ч урагшладаггүй, хөгждөггүй. Сансарын технологийг хөгжүүлнэ, сая, сая жуулчин хүлээж авна, вакцин үйлдвэрлэж, шинэ хот барьж босгоно гээд заримдаа шөнө зүүдэлснээ өглөө босоод ярьчихдаг юм биш байгаа гэж эргэлзмээр.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Спутник-V” вакциныг Монголд  үйлдвэрлэнэ

Баасан гариг /2021.03.19/-т  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын “Спутник-V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүссэн байна.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов дипломат ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө амлаж.

Харин “Монгол Улс вакцин боловсруулах технологио улам сайжруулаагүйн улмаас хүнд хэрэглэх ганц ч вакцин хийж чадаагүй”-г академич П.Нямдаваа онцлоод “Вакцин үйлдвэрлэх арга технологийн хувьд бид ухарсан. Манай эрүүл мэндийн салбар үйлдвэр үйлчилгээгээ дандаа байхгүй болгож ирсэн”-ийг шүүмжилжээ. Товчхондоо, Ерөнхийлөгчийн мөрөөдлийг биелүүлэх боломж Монгол Улсад байхгүй. Бид малынхаа вакциныг ч гаднаас импортолдог улс. Вакцин үйлдвэрлэх нэрээр төсвийн бөөн, бөөн мөнгө угаалт явагдаж, баахан чанаргүй “ус”-тай хоцрохгүй гэх баталгаагүй.

Энэ бол манай Ерөнхийлөгчийн ээлжит нэг мөрөөдөл. Үүний өмнө Сайншандын аж үйлдвэрийн парк барина гэж Чингис бондын 14 сая ам.долларыг “алга” болгосон. Араас нь залгуулаад Майдар хотхон босгох том мөрөөдөлтэй яваа. Хот хэзээ босч, иргэд тэнд амьдрахыг хэлэхэд хэцүү. Хот барихад 107 тэрбум ам.доллар буюу 300 гаруй их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Сансрын технологийг хөгжүүлнэ

Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэхэд дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амлав. Бүтдэг бол сайхан л мөрөөдөл санж. Гэвч, Дарханы замаа засч чадалгүй хоёр жил болж байж сансрын технологийг хөгжүүлэх нь ёстой үлгэр байлгүй дээ. Ерөнхий сайдын үлгэрт итгэдэг нас нь уг нь өнгөрсөн баймаар.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөрөөдөх дуртай нэгэн. Монгол Улс 400 сая жуулчин хүлээж авна гэсэн гоё мөрөөдөл тээж явдаг гэнэ. Гэвч, үнэндээ Монгол Улсын аялал жуулчлалын бодит нөөц боломж хамгийн ихдээ л сая жуулчин хүлээж авах боломжтой.

Харин Ерөнхий сайдын мөрөөдсөнчлөн 400 сая жуулчин хүлээж авахад адгийн наад зах нь дэд бүтцийн хүчин чадлаа тооцох ёстой. Мөн жуулчдыг хүлээж авах зочид, буудлуудаа бэлтгэх шаардлагатай. Гадаадын жуулчдыг хүлээж авах стандарт чанар хангасан зочид буудал маш цөөхөн. Жилдээ 400 сая жуулчин хүлээж авдаг улс дэлхий дээр байхгүй, манай Ерөнхий сайд мөрөөдөнө, мөрөөдөнө гэхэд арай л дэндүү мөрөөдөж.

Улс орны хувьд зорилт, төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ мөрөөдөх нэг хэрэг. Мөрөөдлөө ажил хэрэг болгох бүр өөр асуудал. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг. Гэвч, дарга нар мөрөөдөхөд төсвийн мөнгө ёолдог болсон.

Б.НИРУН

 

 

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

  1. Монголчууд хүлцэнгүй шүү. Улс төрчид нь худлаа ярих тусам баяжиж, иргэд нь үнэнээр амьдрах тутам ядуурч бдг.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!