2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Дэлхийн тэрбумтан Мангер: Атаархах хэрэггүй

Дэлхийн тэрбумтан Мангер: Атаархах хэрэггүй

Мягмар гарагт 99 насандаа таалал төгссөн нэрт хөрөнгө оруулагч Чарли Мангер нь дэлхийн тэргүүлэх баячуудын нэг Уоррен Баффетын баруун гар, түүний Berkshire Hathaway компанийн дэд ерөнхийлөгч байсан юм.

Баффетыг зуу гаруй тэрбумын хөрөнгөтэй болоход тусалсан тэрбээр өөрөө $2.6 тэрбумын хөрөнгөтэй болоод байжээ.

2019 онд Мангер урт наслах, амжилттай амьдрах өөрийн нууцаас CNBC сувагт ярьж байв.

“Эдгээр энгийн дүрмүүд ажил, амьдралд маш сайн нөлөөтэй нь нэгэнт батлагдсан. Тийм ч учраас улиг болсон зүйлс мэт сонсогдох байх” гэж Мангер ярьж байжээ.

  • Атаархах хэрэггүй

Мангер атаархлын хор уршгийн талаар олон жилийн турш номлож иржээ. 1986 онд Харвардын их сургуулийн төгсөгчдөд үг хэлэхдээ тэр атаархлыг “зовлонгийн үндэс” гэж тодорхойлж байв.

2022 онд Daily Journal байгууллагын жил тутмын хуралд оролцохдоо Мангер “Дэлхий ертөнцийг шунал биш, атаархал хөтөлдөг” гэж хэлж байжээ.

  • Гомдоллохоос зайлсхий

1986 онд Харвардын төгсөлтийн баярт үг хэлэхдээ Мангер “Хэрвээ та зовлон зүдгүүрийг хүсэж байгаа бол энэ зөвлөгөө тус болохгүй байх” гэж бусдад гомдоллохын хор уршгийн талаар хэлж байв.

Тэрбээр өөрөө гэр бүл салсан, хэсэгчлэн хараагүй болсон, хүүгээ алдсан зэрэг олон зовлон бэрхшээл туулсан ч хэзээ ч хэнээс ч буруу хайж, гомдоллож байгаагүй гэдэг.

  • Зарлагыг орлогоосоо давуулж болохгүй

Өнгөрсөн тавдугаар сард болсон Berkshire Hathaway компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр тэр “Олсноосоо бага мөнгө зарцуулж, ухаалаг зүйлд хөрөнгө оруулах нь маш энгийн дүрэм” гэж хэлж байжээ.

Мангер бас энэ үеэр сөрөг хүмүүсээс хол байх, байнга суралцах, зугаа цэнгэлийг хязгаарлахын ач холбогдлыг зөвлөж байв.

“Хэрэв та эдгээрийг хэрэгжүүлж чадвал амжилтад хүрэх нь бараг тодорхой. Хэрэв тэгэхгүй гэвэл маш том аз дайрахыг хүлээх хэрэгтэй болно” гэж Мангер хэлжээ.

  • Зовлон бэрхшээлийг үл харгалзан өөдрөг байх

Ямар ч зовлон бэрхшээлтэй тулгарсан сэтгэлээр унахгүй, өөдрөг байхын ач холбогдлыг Мангер номлож байв.

“Гүн гүнзгий үзэн ядалт, гомдол гутралд автсан үедээ та өөдрөг байж чадах уу? Мэдээж чадахгүй. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижирч сурах нь чухал” гэж тэр ярьж байжээ.

  • Сайн хүмүүстэй нөхөрлө

Мангер зөв, итгэлтэй хүмүүстэй нөхөрлөж, сөрөг хүмүүсээс хол байх нь амжилтын нэг чухал хэсэг гэж үздэг байв.

Мэдээж түүний хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг Уоррен Баффет байсан. Омаха хотод төрсөн тэд 1959 онд анх танилцаж, 60 гаруй жил нөхөрлөсөн юм.

2014 онд хувьцаа эзэмшигчдэд бичсэн захидалдаа Баффет “Анх танилцуулсан Омахагийн эмч биднийг урт удаан түншлэх, хоорондоо таарах хүмүүс гэж хэлсэн, бид ч үүнийг баталсан” гэж бичиж байжээ.

Тэр бас Berkshire Hathaway компанийнхаа амжилтыг “Чарлигийн төлөвлөгөөний дагуу бүтсэн зүйл” гэж үнэлж байсан юм.

  • Хийх ёстой зүйлээ хий

Мангер уйгагүй хөдөлмөрлөхийн ач холбогдлыг олонтоо сургаж байв. Тэр нэг удаа “Өдөр бүрийг өглөө сэрэх үеэсээ арай илүү ухаалаг болсон байхаар өнгөрүүлэхийг хичээгээрэй” гэж хэлж байжээ.

Бас нэг удаа “хүний хийж чадах хамгийн сайн зүйл бол бусдыг илүү мэдлэгтэй болоход туслах явдал юм” гэж сургасан байна.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!