2024.04.27, Saturday
spot_img
НҮҮР1Намууд шилэнжиж, төр цэвэршинэ

Намууд шилэнжиж, төр цэвэршинэ

Энэ асуултад намуудын дарга нар чадна гэж амлаж байна. Гэхдээ намууд авлигаас ангижирна гэдгийг амаараа хэлчих асуудал биш. Бодлого, дүрэм, журам, хуулиар л өөрчлөхөөс өөр аргагүй. Үнэндээ Монголын намууд өнгөний ялгаралгүй, хэдэн дээрэмчин, луйварчин, авлигачдын хоргодож, нуугддаг газар болж хувирсан.  Тиймээс улс төрийн намуудыг шилэн болгох асуудал энэ хаврын чуулганы халуун сэдвүүдийг нэг байх бололтой.

Төрийн ордонд өчигдөр  “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцож, намуудын дарга нар байр сууриа илэрхийлжээ. Тэд нэгэн дуугаар намууд шилэн болохыг зөвшөөрч байна.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, зөвхөн тойргийн эрх ашиг, хатуу гишүүнчлэл мөнгөний сүлжээнээс үндэсний тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах, нийгмийн давхарга бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Тэрчлэн улс төрийн намууд “шилэн” болж, сонгуулийн санхүүжилт “ил тод” болж чадвал Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авлига тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ, Уул уурхайн далд эдийн засгийг ил болгож, системийн авилгын гинжин хэлхээг тасалж чадвал эдийн засаг, хөрөнгө оруулалт идэвхижиж ирэх 2-3 жилд эдийн засаг багадаа хоёр дахин тэлж, 40 их наядын эдийн засаг 60-80 их наядын эргэлттэй болно гэсэн тооцооллоо танилцуулжээ.

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр “Улс төрийн нам өөрөө хэсэг бүлэг хүмүүсийн төдийгүй нэг гэр бүлийн гишүүдийн нэгдэл төдий болж хувирсан. Улс төрийн нам бол төр, иргэнийг холбох гүүр байх ёстой. Энэ үндсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт өнөөдөр шийдэл хэрэгтэй байна. Коммунист системийн үеийн намын загварыг одоог хүртэл хадгалаад байна. Нам цомхон, маневртай байх хэрэгтэй.  Даахгүй нохой булуу хураана гэгчээр их зардал шингээсэн бүтцийг чирж явах уу эсвэл сонгуульт гишүүдийн татварын хүрээнд багтсан улс төрийн намын бүтэц зохион байгуулалттай, бага зардалтай цомхон, авсаархан бүтэцтэй байх уу. Бид өөрсдөө шилэн байна гэдгээ нотлох хэрэгтэй. Хоёрдугаарт, хандивыг ил тод болгох хэрэгтэй. АН ил тодоор хандив авна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл парламентад суудалтай гурван намын нэг УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг сэргээх, дараа нь улс төрийн намуудаа чадавхжуулах замаар парламентын ардчиллыг бэхжүүлэх нь чухал байгааг хэллээ.

Монгол Улс улс төрийн 35 гаруй намтай болсон агаад жижиг намуудын хувьд дансаа шилэнжүүлэхэд бэлэн гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!