2025.06.21, Бямба
spot_img

С.Энхболд: Турк, Орос хоёр өнөөдрөөс 3 дахь тунг хийж эхэлсэн

0

ЭМЯ-ын сайд  С.Энхболд цар тахлын гамшгийн байдлын талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Нөхцөл байдал хэцүү байна. Манай улс төдийгүй, дэлхий даяар цар тахлын хүнд байдалд байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна. Жишээ нь, хөл бөмбөгийн багаа дэмжихээр Шотландаас Англид ирсэн 2000 хүний 75 хувиас нь вирус илэрч, тэр дундаа дельта вариантаар халдварласан байх жишээтэй. Орост тархаж байгаа халдварын 90 хувь нь дельта вариантаар халдварласан байна. Дельта вариант нь маш хурдтай тархаж байгаа учраас дэлхийн улс орнууд гурав дахь тунг хийх асуудлыг яаравчилж байна. Хилээ хааж, хөл хорио тогтоож байна. Өнөөдрөөс Турк, Орос улс  вакцины гурав дахь тунг ард иргэддээ хийж эхэлж байна. Тиймээс бид нөхцөл байдал уялдуулж шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай.

Хүй долоон худагт бэлтгэл ажил эхлэхээс өмнө тусгай баг гарч шинжилгээ авч байсан. ЭМЯ-наас түргэвчилсэн 2500 тест гаргаж, тодорхой баг ажиллуулж байна.  Тухайн ажиллаж байгаа хүмүүсийг хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангаж илэрсэн. Эрсдэл өндөр байгаа учраас наамдаа хойшуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Цахим наадам зохион байгуулахад 10 мянган хүн нэг дор цугларч, тэндээс 2000-3000 халдвар авах эрсдэл байгаа учраас цуцлах саналыг ЭМЯ-наас санал оруулсан байгаа.  Дельта вариант Монголд тархах нь цаг хугацааны асуудал. Бид Японы руу явуулсан 50 сорьцноос таваас нь дельта вариант илэрсэн. Ингэхдээ 4 болон зургаан сарын сорьцны 90 хувьд альфа хувилбар батлагдсан. Тавдугаар сарын эхэн үед зөөвөрлөгдөн ирсэн иргэний таван сорьцод дельта вариант илэрсэн. Эдгээр хүмүүс өнөөдөр эдгэрээд гарсан байгаа. Тэгэхээр шууд дельта өргөн тархсан гэж ойлгож болохгүй. Япон руу явуулсан шинжилгээний 90 хувьд альфа вариант илэрсэн. ЭМЯ-н дээр Эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлтэй уулзсан. Тэдний шаардсан цалинг хоёр дахин нэмэх шаардлагыг судалж байна. Одоо дахин уулзаж, шийдвэрт хүрнэ. Миний зүгээс эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг нэмэх талаарх байр суурийг Засгийн газар, УИХ-д чадах чинээрээ хүргэж, тэдний төлөө чадах хүртлээ явна.

А.Анар

Ипотекийн зээлийн төлөлтийг он дуустал хойшлуулав

0
Орон сууц

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Тус арга хэмжээний хүрээнд:

  1. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах,
  2. Харин хөтөлбөрийн хүрээнд зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.

Ингээд иргэдийн сонирхсон асуултад хариулъя.

-Ямар зээлдэгч хамрагдах вэ?

 -Энэхүү арга хэмжээнд зөвхөн Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн
жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана.

-Энэ арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ?

-Өмнөх зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээнд хамрагдаж 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг үргэлжлүүлэн, нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй нөхцөлтэй үргэлжлүүлэн хойшлуулна. Харин хөтөлбөрийн хүрээнд шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулна. Шинээр хүсэлт гаргах зээлдэгч харилцагч банкиндаа цахим хэлбэр (банкны цахим хуудас, имэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүсэлт гаргаснаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах боломжтой.

-Шинээр хүсэлт гаргах зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл
зээлийн төлбөрөө төлөх үү?

-Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн
дагуу төлнө. Зээлдэгч өөрийн боломжит хэлбэрээр цахимаар эсхүл өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зээлийн төлбөрөө хойшлуулах боломжтой.

-Төлбөрөө өмнө нь 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулсан мөн шинээр хойшлуулах хүсэлт гаргасан зээлдэгч зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулж, түүнийгээ нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 дугаар
тушаалаар баталсан “Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам”-аар зээлдэгчдэд цахимаар зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах боломжийг бий болгосон. Иймд хэрэв зээлдэгч цахимаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулсан тохиолдолд гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Харин зээлдэгч өөрийн биеэр банканд очиж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж баталгаажуулсан тохиолдолд, гэрээний өөрчлөлтийг мөн адил өөрийн биеэр нотариатад очиж баталгаажуулна. Зээлдэгч төлбөрөө хойшлуулах хүсэлт банканд гаргасан хэдий ч зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулаагүй тохиолдолд банк зээлдэгчийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулахгүй тул зээлдэгч нар анхаарна уу.

-Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж
болох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээ хэрэгжихээс өмнө хугацаа хэтэрсэн зээлтэй
байсан иргэдийн хувьд харилцагч банкиндаа хүсэлт гаргаснаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулж болно. Гэхдээ зээлийн төлбөр хойшлуулснаар зээлдэгчийн зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй. Хэрэв төлбөр хойшлуулсан саруудад харилцагч санаачилгаараа төлбөр төлсөн тохиолдолд хүсэлт гаргаж, зээлийн төлбөрөө хойшлуулахаас өмнө үүсээд байсан зээлийн үндсэн болон
хүүгийн төлбөрт суутгаж, үүний дараагаар зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд хийгдсэн төлбөр үндсэн төлбөрөөс суутгана.

-Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?

-Энэ арга хэмжээ нь зээлдэгч хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын
31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд зээлдэгч хүсэлт гаргахаас өмнө доголдсон зээлийн төлбөрт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргахаас өмнө төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүү, алданги хэвээр үлдэнэ.

-Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт бичиг, нотолгоо бүрдүүлэх
шаардлагатай вэ?

-Өмнөх зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээнд хамрагдаж 2021 оны 7 дугаар
сарын 1-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг
үргэлжлүүлэн, нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй нөхцөлтэй үргэлжлүүлэн хойшлуулна. Шинээр хүсэлт гаргах зээлдэгчийн хувьд ямар нэгэн нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор цахим (цахим хуудас, и-мэйл, гар утасны банкны апликейшн, утас зэрэг)-аар хүсэлт гарган, хөл хорионы дэглэм буурсан үед зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарьт орсон өөрчлөлтийг баталгаажуулах боломжтой.

-Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг
шинэчлэхэд зээлдэгчийн өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?

-Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар
зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудаас түр чөлөөлнө.

-Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр
өөрчлөгдөх үү?

-Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах
хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Мөн зээлийн гэрээний хугацаа нь төлбөр хойшлуулсан хугацаагаар сунгагдах болно.

-Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх
үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?

-Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр
төлөхгүй, үлдэгдэл төлбөрт хүү тооцохгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Энэ хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалыг төлнө. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол 6 сараар хойшлуулснаар гэрээний хугацаа тус хугацаагаар сунгагдаж 2030 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусах болно.

-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу

-Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

Хүсэлт гаргах хугацаа буюу 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш
шинээр зээл авсан иргэд зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой юу?

-Тус арга хэмжээ нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шинээр орон
сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан зээлдэгчид хамаарахгүй.

Дэлхийн дээвэр

0

Эргэх 12 сарын 8-д нь гэнэт гэнэт улаан шороо манарч, үе үе цасан шуурга хуйларсан бөмбөрцгийн хөлдүү дээвэрт эрдэс олборлоход хөрөнгө хүч асар их ордог бөгөөд ашиг гарах бүү хэл алдагдалд унана. Дэд бүтэцгүй нүд алдам цөлд хэн ч хөрөнгө оруулж мөнгөө үрэхгүй. Бид газар дорх баялгаараа баярхаад суудаг. Уур амьсгалын таатайгаас таагүйг эрэмбэлсэн жагсаалтад Монгол аз жаргалгүй оронд тооцогдсон. Олон улсын судалгааны дүн тийм. Худал гэж НҮБ-д хандлаа ч байгалийн сүр хүч ааш авир-нуух аргагүй.

Таагүй орчноос гадна “тусгаар тогтнолоо алдана” гэх бидний хардалт галзуу. Хэтлэшгүй аглаг орон зай, ангамал говь цөл, усны хомсдол, нутгийнхны нугаршгүй сэрдлэг-энэ бүхнээс хөрөнгө оруулагч шантардаг. “Тусгаар тогтнолоо алдана” гэх айдас өнгөрөгч зуунд Кремлээс дэврээсэн “империализмын аюул”, “Хятадын аюул” гэх суртлаас үлдсэн сэтгэцийн эмгэг юм.

Бүлээн тэнгисийн хөвөө-мөнх ногоон нутаг бус, аймшигт хахир хүйтэн-дээврийг булаан эзлэх гэж нэрээ хөөдөх гүрэн гарахгүй гэдэг монгол олон ч зөрвөл улстөрийн яланд унадаг тул Америк, Хятадын аюулаас айсан дүр эсгэж, 70 жил шороо хөдөлгөсөөр 1990 онтой золгуут яасан гээч. Нөгөө айдас хаачсан, нам засгаа буулгахаар боссон гэж байгаа. Нуулгүй хэлэхэд зоригтойдоо бус Зөвлөлт импер нурсныг далимдуулж бүгд эх оронч баатар болж онгирсон юм. Омогшил нь сүржин ч урт гар сунаж орж ирээд няслах гэвэл “эхэлж жагссаныгаа” барьж өгөх урвагчид гарах байсан шүү. С.Зоригийгоо яалаа. Урт гар ашгүй орж ирсэнгүй. Нэг мэдэхнээ бид зах зээлд орчихсон.

Учраа олохгүй баахан мунгинав. Толгойдоо мэдлэггүй, өвөртөө долларгүй өрсөлдлөө-зах зээлд. Үлийгээрээ өрсөлдөхөв. Бэлгүй, өртэй. Байгаа нь газрын гүнд орших баялаг гэх сураг төдий чулуу шороо. Хүрзнээс өөр багажгүй. Хүрз-импорт. Ганц горьдлого-гадны хөрөнгө оруулалт. Манай зэс, кокс, төмрийн хүдэр, алт, уран-дээр нь аварга хэрэглэгч Хятадтай хилэлдгийг гадны бизнес эрхлэгчид шохоорхов. Том том компани, корпорациуд хаалга тогшлоо.

Америкийн “Пийбоди”-нүүрсний аварга компани. Араас нь “Вале”-төмрийн хүдэр олборлолтоор нэгд жагсдаг бразил компани. Канадаас ураны “Денисен майнз”, “Хан ресурс”. Харамсалтай нь бүгд гараад явчихсан. Бодлого тогтворгүй, хууль хувьсамтгай, гадна дотны санхүүжилтэд оодорсон ТББ олонтой улсад хөрөнгө оруулагчид тогтдоггүй аж. Үүн дээр Г.Занданшатарын хуулиар засгийн газар зөвшөөрч олгосон лицензийг Байгаль орчны яам, орон нутаг цуцалдаг эрхтэй болсон нь бүр нэрмэв. Авилга өгөхгүй бол хөөх эрх нээгдсэн гээд ойлгочих. “Хан ресурс”-ийг орос тулгалтаар хөөж гаргатал канадууд заргалдаад Арбитрын шүүх Монголыг 100 сая доллароор торгов. Эцэст нь “ВНР ВiIIitоh”, “Англо Американ” ирж манай нөхцөлийг судалмар аядсанаа толгой сэгсрээд буцав. Тэсэж үлдээд хараалгаж, хөөгдөж буй нь ердөө “Рио Тинто”, “Арево” хоёр. Цаана нь манай солиотууд яаж ч доромжилж байсан зайлдаггүй Хятадын жижгүүд.

Онгон дагшин уул усаа сэвтүүлэхгүй хэмээн цээжээ дэлдэж, гадны хөрөнгө оруулагчдыг хөөдгөөрөө зартай поп улстөрчдөө “эх орончид” гэж сонгууль бүрээр сонгоод амтшуулав. Нөгөөдүүл хөрөнгө оруулагчдаас авилга нэхэхдээ царай нь ч улайхгүй зэсэрлээ. Авилга өгч орж ирсэн бага гарын хөрөнгө оруулагч бизнесээ эхэлмэгц орон нутгийн дарга нар дээдсээ дуурайж хахууль авахаар “эзлэгдлээ, устлаа” гэж харанхуй малчдаа тэмцэлд босгодог жүжиг дэлгэрэв. Төмөр хас сахиуст үлэмж биетнүүд нэмэгдвэл жижиг гарын бизнес будаа.

Уурхай эрхэлж үзээгүй, хуулиар амьдарч сураагүй малчны удам алтанд шунаж нутгаа энд тэндгүй сэндийлж сүйтгэв. Нүд алдам орон зайг сорчлон нутагладаг малчид нөхөн сэргээлт гэдгийг тоохгүй. Тэдний тарьсан гамшгийг босоо Гамбаа дөрөөлж, гуравдагч орны хөрөнгө оруулагчдийг хөөдөг рейтингээрээ золтой л Ерөнхийлөгч болчихсонгүй. Ганцхан хуруу дутав. Эдүгээ “эзлэгдлээ шулагдлаа, ууслаа устлаа” гэх давчидсан эх орончид хот хөдөөгүй яасан их олширч, яасан их үнэд хүрээ вэ. Тусгаар тогтнол үнэгүйдлээ, аюулгүй байдлаа алдлаа гэж хийморьтойхон попорвол юманд хүрч байна. Сум аймгийн поп дарга нар гишүүн болж, гишүүн болсон нь Байнгын хорооны дарга, сайд болдог.

Дорвитой арилжаа өрнүүлж, мега төслүүдээ хоршвол тусгаар тогтнолоо алдана гэж түгшсэн эрх баригчдыг хараад “тусгаар тогтнолоо үнэхээр алдаж буй юм байж” гээд өөрийн эрхгүй айх болов. Манай аюулгүй байдал, тусгаар тогтнолыг устгахаар гаднаас тэгж их заналхийгээд байгаа юм уу. Үгүй байлтай. Их цөлийн дундахь ардчиллын бяцхан оазис гэгдсэн Монголд тусалъя дэмжье гэж хандсан гурав дахь түншүүд зайлах ч дүүрчээ. Харин “тусгаар тогтнолоо алдах нь” гэж өвчигнөдөг хийрхэл маань-хоёр их хөршид хаягласан өдөлт мэт харагдвал яана. Үнэнчээ дөвийлгөн магтуулах гэж хэт зусардаж байж балрах алийг тэр гэх вэ.

Хоёр их хөрш Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа уг нь. Аюул нөмрөхөд бид хоёр хөршөөсөө тусламж гуйж таарна. Хоёр их хөрш маань өчүүхэн хөрш рүүгээ биенээсээ жийрхээд довтлохгүй. Үгүй ядаж дэлхий дахины нүдний өмнө бөөсөнд хутаг хэрэглэхээс нэрэлхэнэ. “Чингисийн Монгол” гэх хоосон алдар нь гэхэд л тусгаар тогтнолын дархлаа болдог. Дээдэс минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан тусгаар тогтнол гээд бид сүржигнэхдээ аймаар. Тусгаар тогтнолоо сэвтээхгүй гэх омог савангийн хөөс үү, чулуу юу. Эргэлзээтэй. Эсвэл мөнгө сэнтий юү?

Том төслүүдээ бие даагаад хөдөлгөх тийм их хүч хөрөнгө бидэнд алга. Ганц боломж-гадны хөрөнгө, технологид дулдуйдан хамтрах. Гэтэл тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж хийрхсэн эх орончид нөгөө ганц боломжийг маань хаачихав. Эх орончдын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэх баатарлаг тэмцэл ачир дээрээ амин хувьдаа ашиг олох шунал шүү дээ. Гадны хөрөнгө оруулалтай компани лицензээ үзүүлсээр атал хөөж гаргаснаар тэдний үрэгдсэн зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг. Хөөж нэрээ хугалаад дээр нь төлбөрт унаж хохирсноор хөрөнгө оруулагчид бараа тасрав. Хөөх байсан аваас лиценз олгодог нь яаж буй юм бол. Лиценз олгосон хөрөнгө оруулагчаа засгийн газар хамгаалах байтугай шулагч гэж сурталдана. Тэр жалганд, энэ довонд хятад хөрөнгө оруулалттай компанид лиценз өгөх гэлээ. Ингээд байвал Хятадын нэг муж болж Монгол устана гэж малчид улстөржинө.

Би яагаад Хятадын үсрэнгүй хөгжлөөс ахиухан хүртье гэж үглэдэг хүн бэ гэвэл бидэнд хил залгаа ойрхон өөр ашигтай хөрш заяасангүй. Тиймээс хаяа дэрлэсэн ганц аварга захад баялгаа чадлаараа шахаж, зоос олох гэсэн намайг ойлгооч. Урд хөрш манай зэс нүүрс хүдэр махыг шингээж буй ганц орон. Бидэнд маш ашигтай хөрш. Уусахгүй эвтэйхэн соёлтой харилцах жим эрүүл ухаантай улсад бол олдож л таарна. Ю.Цэдэнбалын үзлээр үргээчихгүй бол.

Найз маань баяжчихгүй бол би хувхайрсандаа яахав гэх атаач зан бидний брэнд. Хөршөө дажгүй ашиг олох бизнес хөдөлгөвөл түүнийг унагах шалгарсан зэвсэг бол “тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор учрууллаа” гээд хамар хашаан дээгүүрээ өнгийгөөд орилоход нөгөө муу хөршийнх нь бизнес дашин шог болно. Малаа жилд хэдэн саяар Орос руу тууварлахаа больсны ачаар 20 сая мал өсөж 70 саяд хүрэв. Махаа дулааны аргаар боловсруулж ахиу экспортолбол, арьс ширээ бүгдийг боловсруулах үйлдвэргүй учир илүүг илжрүүлж хаяснаас хятад ченжид зарвал-бас л тусгаар тогтнол устах гэнэ. Эрүүл улс итгэмгүй энэ суртал 30 жил юунд ч дийлдэлгүй хэрэгжив. Тусгаар тогтнол, аюулгүй байдал том жижиг баялаг бүтээхэд эрлэг болж гэлтэй. “Тусгаар тогтнолоо алдана” гэх айдсаар хөгжүүлэхгүй барих-хий үзэгдэл шүглэж, сэтгэхүйг гэмтээжээ.

Даргамсаг ихэрхүү улстөржилт хоосолж дууслаа. Барууныг дайсан гэх улстөржилт ардчиллын зуунд-ходоодны мухарт өмхийрсөөр. Баруунд муу хүн, дайсан байгаа. Гадныхантай түншилсэн мулгуу зальдуулж хохирно уу гэхээс сэргэлэн монгол түнштэйгээ адил хожоод чинээлэг амьдрах үүд нээлттэй. Нээлттэй үүдийг олж шургаад баяжсан компани, группын жишээ манайд бий. Тэнэг бол гадныханд бүү ойрт. Ухаантай бол хорш. Бизнес эрхлэх чадваргүй, мулгуу атлаа түншлэгчээ шулагч гэж үргээдэг нөхөд Монголын нэрийг хөөдөж буй. Баялаг бүтээх уран гаргүй, хоосон толгой бүхий даргамсгуудын хэт өндөрт цойлсон улстөрийн боловсрол эдийн засгаа тоодоггүй. Жингүйдсэн улстөржилт газардвал баян орны чинээлэг иргэд болох-баялаг заяажээ бидэнд.

Харийнхныг сохроор шүтсэндээ түншлэх гэж чармайгаад буй юм биш. Тэд мөнгөтэй, бид мөнгөгүй учраас шаагдаад байна. Түншээсээ амин хувьдаа авилга горьдоод өгөхгүй бол эдийн засгийн алуурч хэмээн хөөдөг хоцрогдсон ханилгаагүй зожиг зан бизнес эрхлэх дүйтэй бусад монгол нөхдөд чинь гай тариад буйг дүнхүү минь анзаар. Түншдээ хулхидуулахгүй адилхан ашиг хүртэгч-оюунлаг залууст, баялаг бүтээж амьдралаа өөд татахад нь-мулгуу минь бүү саад хий. ХХI зууны зах зээлийн менежментэд гологдохгүй боловсорсон монгол залуус олширч байна. Энэ бол дэвшил. Гүйх нохойд баах нохой саад.

Өндөр технологи эзэмшсэн харийн чинээлэг агаад овжин ноёдтой түншлэх хөгжлийн нэг ундрага болж. Олзонд шунасан ховдог түншид холгуулахгүй хорших ухаан монголчуудад чухал болов. Тийм ухаан тархиндаа суулгавал хөгжинө гэж мэд. Рио Тинтог шулагч гэж хийрхэлгүй ухаанаар уралдаж, зальдах гэвэл дор дор нь чихдэж, газраас хамтдаа ашиг ууталж хоёул хож. Шулмагц гялс илрүүлдэг мэдрэмж, хөдөлбөргүй нотолдог мэдлэгээ хөгжүүл. Коммунист хүмүүжлээр өв тэгш төлөвшсөн-Кремлийн сортууд орос олигархиудын хатгаасаар мега төслүүд гацааж, өм цөм хохироохоо боль. Гадны аваргуудтай хамтарч том олз олдог менежмент эзэмш. Их Хятад хүртэл хөрөнгө оруулагч дуудаж, тэдэнд хууль эрх зүйн таатай орчин нээж эрсдэлээс хамгаалдаг. Цөөн буурай бэл бэнчингүй өрөвдөм атлаа хөөрүү, гэнэн цайлган, хорхойд хоргүй малчдыг өмөөрөх гүрэн буй нь том боломж.

Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажаны айлчлалынхаа үеэр мэдэгдэхдээ “Энэтхэг бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа том эдийн засагтай улсуудын нэг. Манай эдийн засгийн өсөлтийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид харилцан ашигтайгаар аль болох сайн ашиглаасай” гэсэн. (“Өдрийн сонин” 2016. 04. 20). Буурай бидэнд тэрбум доллар зээлүүлснээр нефть үйлдвэр баригдаж буй. Зээлээр баялаг бүтээж чаддагаа донор орнуудад харуулаач. Эгийн УЦС, V-ДЦС, Гашуун сухайтын төмөр замыг гацаагаад, нефть үйлдвэрт чимээ гаргаагүй нь олон зуун км хоолойгоор лаг нефть урсахгүйг мэдчихсэн юм биш үү. Нэр байна хор байна орос олигархиудын хөх инээдийг хүргэхгүй юмсан. Олон зуун км хоолой нефтийн лагд бөглөрвөл “Монголчууд оросгүйгээр бие дааж юм хийж буйг хар” гэх суртал явж өгнө.

1,4 тэрбум хүнтэй Хятадын аварга хэрэглээ мангас шиг агаад үсрэнгүй хөгжихдөө гаднаас асар их эрдэс түүхий эд импортолсон. Мөнгөжсөн Хятад улстай дэлхийн улсууд түүхий эдийн худалдаа өрнүүлж хожсон. БНХАУ-тай хамгийн урт хилэлдэг хөрш Монгол улс л энэ ховор боломжийг ашиглалгүй ганцаараа хоосон хоцров гэж хятадууд гайхдаг аж. Тэд бидэнд “өөр өөрийн сонгосон замаа харилцан хүндэтгэж, адилхан хожъё” гэдэг. Бид аварга хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс ахиу халбагадвал ганц тэдний нөлөөнд орж, тусгаар тогтнолоо алдана гэх онолоор баадуурч ирэв. Энэ мангуурал гаднаас шордсон хатгаас болохоос монгол тархинд төрсөн онол биш юм шүү.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров зам зуур Монголд дөрөө мулталж, манай сэтгүүлчийн “Монгол Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ” гэсэн асуултад хариулахдаа “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэж амлав. Гадны нөлөөг Монголд тусгахгүйн тулд бүгдийг хийнэ гэж С.Лавров бүр БНХАУ-ын өмнөөс мэдэгдсэн! Мөн хүчирхгээ.

Ц.Доржготов

Цар тахлаас болж зуун жилийн ой цуцлагдав

0

Засгийн газрын хуралдаанаар Ардын хувьсгалын зуун жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчээ. Энэ шийдвэр noNaadam-ынханд таалагдаж, эсрэгээрээ yesNaadam-ынхны эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Засаг ямар ч шийдвэр гаргасан иргэд талцах нь ойлгомжтой болсон. Цахимаар наадах засгийн шийдвэрийг noNaadam-ынхан эсэргүүцэж, наадам тэмдэглэх мөнгөө эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийж, иргэдийнхээ амь насыг аврахад зарцуулахыг шаардсан юм.

Л.Оюун-Эрдэнийн засаг МАН-ын зуун жилийн наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхээр 10 тэрбумыг төсөвлөсөн. Үүнийг нь иргэд эсэргүүцсэнд наадмын төсвөө танаж, 2.5 тэрбум болгоод төрсөн ах “Херо” Б.Баатарт төсвийн 850 сая төгрөг өгч нээлтийн клип хийлгэх гэсэн нь дайрин дээр давс үрэв.

Наадмаа догдлон хүлээдэг байсан монголчууд энэ жил талцан хэрэлдэж байна. Нэг хэсэг нь наадмаа тэмдэглэхийг шаардаж, нөгөө хэсэг нь эсэргүүцэн тэмцэж буй.

Учир нь, цар тахлыг гамшин өдрөөс өдөрт нэмэгдэж, өвчлөл, нас баралт буурахгүй, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрч эмч, сувилагчдын хомсдолд орж буй тул наадмаа цуцлахыг иргэд аж ахуйн нэгжүүд шаардаж, талбай дээр гарч ирсэн.  Тэдний хувьд төрт ёсны баяр, үндэсний өв соёлоо үгүйсгээгүй. Зөвхөн өнөөдөр наадам хийж наргиж суух цаг биш болохыг анхааруулсан.

ЭМЯ өнөөдөр (2021.07.02)-ийн мэдээллийнхээ эхэнд иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хайртай дотны хүмүүсээ аврахыг анхаарууллаа. Учир нь, сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн ххэрээр эмнэлгийн ачаалал эрс өсч байгаа аж. Улмаар өвчтөнтэй ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тоо хүрэлцэхгүй байх эрсдэл рүү ойртож байгааг дуулгав.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9485 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2376 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 120339  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1494 нь Улаанбаатар хотод, 877 нь орон нутаг бүртгэгджээ. Үүний цаана шинжилгээ өгөөгүй, өгөх боломжгүй хэчнээн иргэд халдвар аваад явж байгааг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ЭМЯ-ны өдөр бүхэн өгдөг халдварын тоо бодит биш гэсэн үг юм.

 Тиймээс энэ хүнд өвчин зовлонтой, ажил орлогогүй, мөнгө төгрөггүй ядарч, зовж яваа үед цахим нэртээ дарга нарын дабль эрхтэй баяраа хийх гэж байгааг иргэд үгүйсгэж, өнгөрсөн хугацаанд хөл хорьж, үйл ажиллагааг нь хязгаарласан хэрнээ өөрсдөө 2.5 тэрбумаар наргиж, наадах гэснийг эсэргүүцсэн хэрэг. Түүнээс төрт ёсны баяр наадмаа үгүйсгээд, үзэх хүсэлгүй суух хэн байх вэ дээ.

Эрх баригчдын ойлгомжгүй эргэж буцсан шийдвэр, туршлага чадамжгүй байдал иргэдээ гудамжинд гаргахад хүргэлээ. Эрүүл явахад улсын наадам үзнээ гэж үгтэй билээ.

Монголыг гадаадад төлөөлөх 25 Элчин сайдыг УИХ дэмжих үү?

0

Гадаадад Монголын төлөөлөх 25 Элчин сайдуудын томилгоог Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Тэдний дунд харьсан улстөрчид ч цөөнгүй. Мөн тоон доторх үсгүүд ч байна. Засгийн газрын томилгоог УИХ-аар хэлэлцэж, Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичиг өгнө. Ингэснээр гадаадад Монголын төлөөлөх визтэй болох юм.


Засгийн газраас Элчин сайдад нэр дэвшүүлж буй 25 хүнийг танилцуулъя.

  1. Монгол  Улсаас  Австралийн  Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг,
  2. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Австри  Улсад  суугаа  Онц  бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг,
  3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
  4. Монгол  Улсаас   Бельгийн   Хаант  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас  Бельгийн Хаант Улсад суух  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг,
  5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист  Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашийн Билэгдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг,
  7. Монгол  Улсаас  Арабын  Бүгд  Найрамдах  Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чулууны Баярмөнхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булганыг,
  8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг,
  9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүүг,
  10. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Киргиз  Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар  Содномын Ганхуягийг,
  11. Монгол Улсаас  Кувейт  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт  Элчин  сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбатыг,
  12. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Ардчилсан  Лаос  Ард  Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэнг,
  13. Монгол  Улсаас  Оросын  Холбооны  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг,
  14. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдавааг,
  15. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаярыг,
  16. Монгол Улсаас  Бүгд  Найрамдах Турк  Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Равдангийн Болдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг,
  17. Монгол  Улсаас  Унгар  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин  сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг,
  18. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүүг,
  19. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
  20. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг,
  21. Монгол  Улсаас  Бүгд  Найрамдах  Энэтхэг  Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг,
  22. Монгол Улсаас  Швейцарын  Холбооны  Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лүндэгийн Пүрэвсүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг,
  23. Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
  24. Монгол  Улсаас  Их  Британи  Умард  Ирландын  Нэгдсэн  Хаант Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нархүүгийн Тулгыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух  Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүхийг,
  25. Монгол  Улсаас  Америкийн  Нэгдсэн  Улсад   суух  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр нарыг тус тус томилох саналыг  танилцуулж байна.

Эгүүлэн татагдаж буй Элчин сайд Б.Чулуунхүү, Г.Баттунгалаг, О.Оч, Д.Батсайхан, Д.Билэгдорж, Ч.Баярмөнх, Ц.Жамбалдорж, Л.Баттулга, З.Чинтүшиг, Л.Галбадрах, С.Цоггэрэл, Т.Лхагвадорж, Р.Болд, З.Батбаяр, А.Баттөр, Г.Ганболд, Л.Пүрэвсүрэн, Д.Ганбат, Н.Тулга нарын томилолтын хугацаа нь дууссан бол Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг 2021 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эгүүлэн татсан билээ.

Д.Эрдэнэбат, Б.Болор нарын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

0

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж байв. Харин Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй  гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.

"Өвчин бол Үйлийн үр"

0

Буддын сударт “Өвчин бол Үйлийн үр” хэмээн бичжээ. Энэ үг юутай үнэн. Хүн төрөлхтнийг сүүлийн 11 сар бүрхсэн аюулт цар тахал таван тивийн 220 улсыг хамарч одооны байдлаар 62.1 сая хүн цар тахал өвчинд нэрвэгдэж 1 сая 450 000 хүн нас бараад байна. Монгол улс маань дотооддоо тахлыг алдаагүй цөөхөн орны нэг байж чадсан боловч энэ оны 11-р сарын эхээр дотооддоо энэ өвчнийг алдчихлаа. Төр засгаас энэ өвчнийг хумиж зогсоох талаар бүх арга хэмжээг авч байна. Монголчууд зохион байгуулалт, сахилга бат сайн байж чадвал энэ өвчний ард чадна хэмээн итгэж байна. Энэ аюулт тахлын гурав дахь давалгаа Японд, хоёр дахь давалгаа европд өрнөж байна. Энэ өвчин өдөр бүр цаг тутам нэмэгдэж олон хүний амь насыг авах одож байна. Буурах, зогсох шинж алга байна. Энэ өвчин дахин 1-3 жил үргэлжилнэ хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Өвчний эсрэг баталгаатай вакцин хийхэд 2-10 жил шаардагдах аж. Орос, Хятад, АНУ, Германд вакциныг бүтээсэн аж. Гэвч туршилтын хугацаанд нилээд цаг хугацаа шаардаж байгаа аж.

Энэ аюулт тахал юунаас болж яагаад үүсэв гэдгийг сайн тогтоох хэрэгтэй. Америкийн ерөнхийлөгч асан Трамп “Цар тахал бол хятад өвчин. Хятад улс энэ өвчнийг эхлээд нуун дарагдуулж хугацаа алдаж бусад улсад их хохирол учруулсан” хэмээн хэлсэн нь бас учиртай. Хятад улс өмнө нь Сарс хэмээн аюулт тахал гарахад бас л эхлээд нуун дарагдуулж байсан. Энэ аюулт өвчин тахианаас хүнд халдаж байсан. Одоо энэ цар тахал хятадын Ухань хотод гарч сарьсан багваахайнаас хүнд халдсан хэмээн үздэг. Өмнөх гамшгаас үүдэж хятадууд юунаас болов гэдэгт дүгнэлт хийсэнгүй. Хятадууд бид юу ч хамаагүй иддэг, гүрвэл, голио, өт хорхой, далайн нялцгай амьтад юу л бол юуг иддэг хэмээн өөрсдөөрөө бахархдаг. Энэ чинь л хамгийн том алдаа юм.

Монголчуудын өвөг дээдэс далайн амьтдыг лусын амьтан хэмээн алж хөнөөх, идэхийг ихэд цээрлэдэг байсан. Цэвэр байгалийн тал нутгийн шим тэжээлт зуун найман ургамлыг иддэг таван хошуу малынхаа шимээр монголчууд мянга мянган жил хооллож хувцаслаж эрүүл энх явсаар ирсэн. Монголчууд хэзээ ч өлсгөлөн, тахалд нэрвэгдэж байгаагүй. Энэ нь байгаль дэлхийгээ шүтэж ан амьтан мал сүргээ дээдэлж ирсний буян юм. Тэхлээр хятадууд байгаль дэлхий, ан амьтан, далайн амьтадыг ихэд сүйтгэж хорлосны үйлийн үйл ирсэн юм уу гэлтэй.

Өвчин яагаад хүнд тусдаг юм бэ гэхлээр хүний шунал, атаа хорсол, хорт сэтгэлээс болдог юм. Өвчин гэгч идэхээ ихдүүлснээс болдог, хөдөлгөөн дутагдснаас болдог, бохир заваан орчноос болдог. Өвчин зовлон бол хүний өөрийнх нь буруу үйлээс болдог.

Монголын уламжлалт анагаах ухааны сударт: “Өвчнийг үүсгэдэг “хий, шар, бадгана” өвчнийг “идээ, үйл явдал, эм, засал” гэсэн дөрвөн аргаар эмчлэх тухай бичжээ. Тачаалаас хий, уураас шар, мунхаг, хөдөлгөөнгүй байдлаас бадгана хямарна гэж үздэг. Шар нь гал шиг дээш бадарч байхад, Бадгана нь хөрч бөглөрч доош уруудан хүйтэн төлөвийн шинж тэмдэгийг үзүүлнэ. Хий нь энэ хоёрыг аль болохоор зохицуулахаар хооронд гүйж байдаг гэсэн бүдүүвч ойлголт нь тус бүрдээ ихдэх, багадах шинж тэмдгээр бие махбодид илэрдэг шинжээр нь 20 бэлэг чанар болгон тухайн хүний биеийн байр байдлыг шинжилдэг. Цаад утгаараа нүүрс ус, өөх тос, эдийн шингэний зохицоог л илэрхийлэх гэсэн эртний уламжлалт логик сэтгэлгээг биед илрэх шинж тэмдгээр мэдрэх хамгийн энгийн мөртлөө үнэнхүү олон мэдээлэлийг тусган хэлж, өвчин болж бүтцийн өөрчлөлт болохоос нь өмнө болгоомжтой байхыг хүн тус бүрийн онцлогт нь уялдуулаад шинжиж, шинж тэмдгүүдийн системийн анализ хийгээд өгдөг аж. Хүний сэтгэлийн 84 000 нисваанисийг багцлан Тачаал, Уур, Мунхаг гуравт хураангуйлсан бол Бие махбодь хэмээх био динамик системийн үлэмж их бужигнасан ай, саваас Хий, Шар, Бадгана хэмээх 20 бэлэг чанар хэмээх шинж чанарын хувирлыг түүн авч, биеийн “дотоод” хямрал, өөрчлөлтийн мөн чанарыг нь биеийн “гадна” мэдэгдэн илрэх шинж тэмдгээр нь шүтэн барилдуулж онош, эмчилгээний зарчмаа тогтоосоор ирсэн аж.

Анагаах ухааны эртний энэтхэгийн Аюурвед судар, Монгол, Түвдийн “Дөрвөн үндэс” хэмээх судар хүний 404 үндсэн өвчнийг хэрхэн анагаах талаар тодорхой өгүүлсэн байдаг ажээ. Монгол сударт: “Байгалийн болон арга, билгийн хуулийг эрхэмлэн мөрдөх аваас энэ бие нь эрүүл саруул, амь бөх, чалх сайтай оршино. Эс бөгөөс 5 цул, 6 сав, хий, цусны хөдөлгөөн, сав шимийн арга, билгийн хууль зөрчигдөн, үл зохицон самуурч өвчин эс салж ужиграх аваас үхэх болой хэмээн анагаахын эртний сударт онцлон тэмдэглэжээ. Үүнийг ухаарсан мэргэд өвчин ирэхийг эс хүлээх, харин урьдчилан сэргийлэх, ирвээс ужиграхыг эс хүлээх, харин эмчлэх, ужгирсан хойно эм хүртэх нь дайн эхэлсэн хойно зэвсэг бэлдэх ялгаа юун, оройтох бус уу” хэмээн өгүүлжээ.

Саяхан зурагтаар гарч байна. Америкийн хотуудад хорио цээр тогтоож хүний хөл хорьсноос болж байгаль дэлхий сэргэж зэрлэг тахь зэрэг амьтад гарч ирж бүр хотын гудамжаар давхиж яваа нь харагдаж байна лээ. Италийн хотуудын гол мөрөн цэвэршиж байгаль дэлхий илт сэргэж байна лээ. Тэхлээр хүний буруу үйлээс болж дэлхийн дулаарал болж хойд туйл болон гималайн нуруу өндөр оргилын цас хайлж гол мөрөн нуур ширгэж байна. Далай нуурт живсэн хөлөг онгоц, машинаас болж далай нуур бохирдож шатахуун нефтээр дүүрч загас амьтад үхэж байна. Хүний буруу үйлээс болж агаар, хөрс бохирдож, цэвэр ус хомсдож байна. Хүний буруу үйлээс болж дайн, өлсгөлөн, байгалийн сүйрэл, эцэстээ цар тахал гэгч аюулт өвчинд хүн төрөлхтөн нэрвэгдэж байна.

Эдүгээ орчин үед хүн төрөхлтөн дайнд бэлтгэж цэргийн зардалд асар их хөрөнгө мөнгө зарцуулсаар байна. АНУ нэг жилд цэргийн зардалд 600 тэрбум доллар, Хятад улс 350 тэрбум доллар, Орос улс 100 тэрбум доллар зарцуулж байна. Хүн төрөлхтөн цэргийн салбарт зарцуулдаг үлэмж их мөнгөнийхөөядаж тал хувийг нь анагаах ухааны салбарт зарцуулдаг байсан болөдийд халдварт тахал өвчин, хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг олон асуудлыг шийдчихсэн байх сан. Улс орнууд урагшаа харж өвчинтэй шийдвэртэй тэмцэх цаг болжээ. Өвчинтэй тэмцэж өвчнийг ялах бол хүн төрөлхтөний амин чухал асуудал юм. Эрүүл энх амьдрах нь манай дэлхийн бүх хүний бодит зорилго нь юм.

Хүмүүс ээ, Сэрэхтүн. Нүгэл үйлдэхээ зогсоож, Буян үйлдэхтүн.

Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

Эрх баригч МАН энэ гамшгийн хариуцлагыг үүрэх ёстой!

0

Өнөөдөр Монголд хоёр цаг тутамд нэг хүн “ковид-19” цар тахлын улмаас амиа алдаж байна. Дэлхий нийтийг хамарсан энэ аюулт өвчний эсрэг засгийн газруудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч дэлхий нийтээр цар тахлын гамшиг хумигдаж байгаа энэ үед гуравхан сая хүн амтай манай улсад цар тахал хяналтаас гарч хүн бүр өөрийн амь нас, амьдралаараа төлж буй энэ гамшгийн жинхэнэ шалтгаан юу байв?!

Хүмүүс амиа алдаж, амьдралаараа хохирч буйн жинхэнэ шалтгаан нь өнөөгийн эрх баригчдын алдаатай шийдвэр, харалган байдал мөн. Засгийн газар, улсын онцгой комиссын гаргасан шийдвэрүүд шинжлэх ухаанч биш, улс төрийн ашиг хонжоо хайсан харалган байгаагаас өнөөгийн гамшиг үүдэлтэй.

Эрх баригч МАН энэ гамшгийн хариуцлагыг үүрэх ёстой.

Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид олон зуун мянган хүн халдвараар өвчилж, олон мянган хүн амиа алдах эрсдэл үүсээд байна. Энэ гамшигт нөхцөл байдлаас гарах хамгийн эхний алхам бол “мэргэжлийн” гэх өнөөгийн засгийн газрыг огцруулж, шинжлэх ухаанч шийдвэр гаргах чадамжтай өөр хүмүүсээр удирдуулах явдал. Гэхдээ зөвхөн шүүмжлээд орхилгүй санал хүргэх нь зөв биз. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн салбарт яаралтай авах арга хэмжээний саналаа энд бичье.

1. Эмнэлэгийн хүлээн авах чадавхийг нэмэгдүүлэх

Юуны өмнө амь насанд нь шууд заналхийлээгүй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахыг зогсоож, эмнэлэгүүдийн амбулаторийн хүчин чадлыг нэмэх. Ингэснээр эмнэлэгүүдийн орны ачаалал буурч хүндэрсэн хүмүүсийг авах боломж бүрдэнэ. Нэгэнт ковидийн халдварын тоо эмнэлэгийн хүчин чадлаас хэтэрсэн тул ковидийн халдвар авсан ч хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахгүй байх. Ингэснээр хүндэрсэн эмнэлэгийн тусламж зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг хүлээн авах боломжтой болно. Ялангуяа эрх баригч намын дарга нар эерэг гарсан л бол хамаатан саднуудаа эмнэлэгт хэвтүүлэх гэж дарамталдгаа зогсоох хэрэгтэй байна.

2. Эм, эмнэлэгийн хангамжийг нэмэгдүүлэх

Одоогийн байдлаар эмийн сангууд, эмнэлэгүүд эм, эмнэлэгийн хэрэгслийн нөөцгүй болж байна. Тиймээс эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд юуны өмнө шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгслийн тоо хэмжээг баримжаалах, эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын удирдлагатай уулзаж нөөц бүрдүүлэхэд шаардлагатай тээвэр ложистик, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх. Ирэх хоёр сарын хугацаанд өнөөгийн байгаагаас 3 дахин олон хүн ковидын халдвар авч, тэдгээрийн 90%-иас илүү нь эмнэлэгийн тусламж авч чадахгүй болно. Тэр үед эмийн хомсдолтой байж болохгүй.

3. Гэрийн нөхцөлд ковидын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийнхнээ хамгаалах зөвлөмж боловсруулах

Ковидын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжөөс гадна ковидын халдвар авсны дараа авах арга хэмжээний зөвлөмж байхгүй байна. Ковидын халдвар авсны дараах шинж тэмдгүүдийг насны бүлэг, биеийн онцлог тус бүрээр гаргаж, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж түгээх шаардлагатай байна. Үүнд: Жирэмсэн болон төрсөн эхчүүд, хүүхэд, илүүдэл жинтэй болон зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан зөвлөмж нэн шаардлагатай байна. Түүнчлэн гэрийн нөхцөлд хүндрэлийг хянах чадавхи бүрдүүлэх хэрэгтэй байна. Зарим орнуудад айл өрхүүдэд цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг хянадаг бичил төхөөрөмж (pulse oximeter) тарааж, утсаар асуух замаар хүндрэлийг хянаж байгаа туршлага байна.

4. Эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх

Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмж хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсон ч эмч, сувилагчдын тоо хүрэлцэхгүй. Тиймээс эмч, сувилагч нараас сайн дурын үндсэн дээр эрчимт эмчилгээний тасагт ажиллах, дадлагажих хүсэлтэй хүмүүсийг сонгон авч одооноос ажиллуулах. Эрчимт эмчилгээний эмч нарын цалинг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ эрчимт эмчилгээний 200 иж бүрэн ор захиалж авах шаардлагатай байна. Үүнээс олон ор тоноглох нь эмч, сувилагч дутагдалтай өнөө үед үр ашиггүй зардал болно. Харин гадаад улс орон, олон улсын байгууллагуудаас тусламжаар эмч нарын баг авах замаар эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатай.

5. Гурав дах шатлалын эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр нэн шаардлагатай 

Одоогийн байдлаар зөвхөн 1-р эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр ажиллаж байна. Бусад 3 дахь шатны эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Гэхдээ энэ нь 2-3 сарын хугацаа шаардах тул хэт олныг, дүүргийн эмнэлэгүүдэд байгуулах шаардлагагүй. Харин гуравдугаар шатлалын эмнэлэгүүдэд байгуулсан үйлдвэрээсээ хэрэглээнээс илүү гарсныг дүүргүүдийн эмнэлэгүүдэд нийлүүлж болно.

Энд ковидын эсрэг эрүүл мэндийн салбарт авах арга хэмжээний талаар товч саналаа бичлээ. Эдгээрээс гадна тархалтыг хумих стратегийг шинэчлэх, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай байгааг эрх баригчид ойлгож буй гэж найдья.

М.Чимэддорж

18 салбарын үйл ажиллагаа ахиад хөл хорионд оров

0

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу “Улаан” түвшинд байгаа юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хоёр сарын хугацаанд сунгагдсанаар одоогийн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд буюу 18 салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах, хилийн зарим боомтын зорчигч тээврийг зогсоох зэрэг нь мөн адил үргэлжилнэ.

Тодруулбал, олон улсын агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл зогсоож байна.

Үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийн салбар: 

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн, нийтийн халуун ус
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар
  15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб.

Н.Энхбаяр тамганыхаа хөлсийг авав

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн/ҮАБЗ/ нарийн бичгийн даргаар Ж.Энхбаярыг томилсон. Тэгвэл ҮАБЗ-ийн зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.  Ерөнхийлөгчийн суудлаа өгснөөс хойш 12 жил суудлаа олохгүй өнхөрч явсан тэрбээр буйраа олсон бололтой.

С.Ганбаатарыг сеск мөрөөдөлтэй нь үлдээж, нэг өдөр Ерөнхийлөгч болох хүслийг нь хязгаарласныхаа төлөө МАН-ын 30 хувиар тамгаа наймаалцсан нь Н.Энхбаярыг улс төрийн том наймаачин болохыг харуулав.

Мөн албан тушаалын төлөө чөтгөртэй ч нэгдэж, нийлж, урваж, долоож чадахын ч бэлгэ тэмдэг боллоо.

Стратеги судалгааны хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах зорилгоор чиг үүргийн байгууллага болон эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг юм байна.

Хүрээлэнгээс хийгддэг судалгаа, шинжилгээний ажлын чиглэл, баримтлах бодлого, сэдвийн хамрах хүрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл хангагдсан байхыг гол зарчмаа болгодог байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр намаа татан буулгаж, төрхөмдөө эргэн ирсэн. Тэрбээр албан тушаалд очихгүй гэдгээ зарлаж байсан ч хэлсэн үгэндээ хүрсэнгүй.  Түүний хувьд Үндсэн хуулийн цэц болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар очих сонирхолтой байсан. Гэвч, МАН түүний хүслийг биелүүлээгүй ч хоосон үлдээсэнгүй.

Тэрбээр хүүгээ УИХ-ын гишүүн болгохоор сойж яваа. СХД-ийн нөхөн сонгуульд түүний хүү Э.Батшугарыг МАН-аас нэр дэвшүүлэх тохироотойгоор тамгаа худалдсан байдаг.

Н.Энхбаяр ҮАБЗ-ийн  Стратеги судалгааны хүрээлэнгээр очсон нь Үндсэн хуулийг өөрчлөх туйлын сонирхолтой нь холбоотой байхыг үгүйсгэхгүй. Сонгууль болгоноос суусан газраасаа шороо атгадаг ганц хүн Монголын улс төрд ганцхан Н.Энхбаяр байна.

 А.Анар