2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮРiPEN Plus"Өвчин бол Үйлийн үр"

"Өвчин бол Үйлийн үр"

Буддын сударт “Өвчин бол Үйлийн үр” хэмээн бичжээ. Энэ үг юутай үнэн. Хүн төрөлхтнийг сүүлийн 11 сар бүрхсэн аюулт цар тахал таван тивийн 220 улсыг хамарч одооны байдлаар 62.1 сая хүн цар тахал өвчинд нэрвэгдэж 1 сая 450 000 хүн нас бараад байна. Монгол улс маань дотооддоо тахлыг алдаагүй цөөхөн орны нэг байж чадсан боловч энэ оны 11-р сарын эхээр дотооддоо энэ өвчнийг алдчихлаа. Төр засгаас энэ өвчнийг хумиж зогсоох талаар бүх арга хэмжээг авч байна. Монголчууд зохион байгуулалт, сахилга бат сайн байж чадвал энэ өвчний ард чадна хэмээн итгэж байна. Энэ аюулт тахлын гурав дахь давалгаа Японд, хоёр дахь давалгаа европд өрнөж байна. Энэ өвчин өдөр бүр цаг тутам нэмэгдэж олон хүний амь насыг авах одож байна. Буурах, зогсох шинж алга байна. Энэ өвчин дахин 1-3 жил үргэлжилнэ хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Өвчний эсрэг баталгаатай вакцин хийхэд 2-10 жил шаардагдах аж. Орос, Хятад, АНУ, Германд вакциныг бүтээсэн аж. Гэвч туршилтын хугацаанд нилээд цаг хугацаа шаардаж байгаа аж.

Энэ аюулт тахал юунаас болж яагаад үүсэв гэдгийг сайн тогтоох хэрэгтэй. Америкийн ерөнхийлөгч асан Трамп “Цар тахал бол хятад өвчин. Хятад улс энэ өвчнийг эхлээд нуун дарагдуулж хугацаа алдаж бусад улсад их хохирол учруулсан” хэмээн хэлсэн нь бас учиртай. Хятад улс өмнө нь Сарс хэмээн аюулт тахал гарахад бас л эхлээд нуун дарагдуулж байсан. Энэ аюулт өвчин тахианаас хүнд халдаж байсан. Одоо энэ цар тахал хятадын Ухань хотод гарч сарьсан багваахайнаас хүнд халдсан хэмээн үздэг. Өмнөх гамшгаас үүдэж хятадууд юунаас болов гэдэгт дүгнэлт хийсэнгүй. Хятадууд бид юу ч хамаагүй иддэг, гүрвэл, голио, өт хорхой, далайн нялцгай амьтад юу л бол юуг иддэг хэмээн өөрсдөөрөө бахархдаг. Энэ чинь л хамгийн том алдаа юм.

Монголчуудын өвөг дээдэс далайн амьтдыг лусын амьтан хэмээн алж хөнөөх, идэхийг ихэд цээрлэдэг байсан. Цэвэр байгалийн тал нутгийн шим тэжээлт зуун найман ургамлыг иддэг таван хошуу малынхаа шимээр монголчууд мянга мянган жил хооллож хувцаслаж эрүүл энх явсаар ирсэн. Монголчууд хэзээ ч өлсгөлөн, тахалд нэрвэгдэж байгаагүй. Энэ нь байгаль дэлхийгээ шүтэж ан амьтан мал сүргээ дээдэлж ирсний буян юм. Тэхлээр хятадууд байгаль дэлхий, ан амьтан, далайн амьтадыг ихэд сүйтгэж хорлосны үйлийн үйл ирсэн юм уу гэлтэй.

Өвчин яагаад хүнд тусдаг юм бэ гэхлээр хүний шунал, атаа хорсол, хорт сэтгэлээс болдог юм. Өвчин гэгч идэхээ ихдүүлснээс болдог, хөдөлгөөн дутагдснаас болдог, бохир заваан орчноос болдог. Өвчин зовлон бол хүний өөрийнх нь буруу үйлээс болдог.

Монголын уламжлалт анагаах ухааны сударт: “Өвчнийг үүсгэдэг “хий, шар, бадгана” өвчнийг “идээ, үйл явдал, эм, засал” гэсэн дөрвөн аргаар эмчлэх тухай бичжээ. Тачаалаас хий, уураас шар, мунхаг, хөдөлгөөнгүй байдлаас бадгана хямарна гэж үздэг. Шар нь гал шиг дээш бадарч байхад, Бадгана нь хөрч бөглөрч доош уруудан хүйтэн төлөвийн шинж тэмдэгийг үзүүлнэ. Хий нь энэ хоёрыг аль болохоор зохицуулахаар хооронд гүйж байдаг гэсэн бүдүүвч ойлголт нь тус бүрдээ ихдэх, багадах шинж тэмдгээр бие махбодид илэрдэг шинжээр нь 20 бэлэг чанар болгон тухайн хүний биеийн байр байдлыг шинжилдэг. Цаад утгаараа нүүрс ус, өөх тос, эдийн шингэний зохицоог л илэрхийлэх гэсэн эртний уламжлалт логик сэтгэлгээг биед илрэх шинж тэмдгээр мэдрэх хамгийн энгийн мөртлөө үнэнхүү олон мэдээлэлийг тусган хэлж, өвчин болж бүтцийн өөрчлөлт болохоос нь өмнө болгоомжтой байхыг хүн тус бүрийн онцлогт нь уялдуулаад шинжиж, шинж тэмдгүүдийн системийн анализ хийгээд өгдөг аж. Хүний сэтгэлийн 84 000 нисваанисийг багцлан Тачаал, Уур, Мунхаг гуравт хураангуйлсан бол Бие махбодь хэмээх био динамик системийн үлэмж их бужигнасан ай, саваас Хий, Шар, Бадгана хэмээх 20 бэлэг чанар хэмээх шинж чанарын хувирлыг түүн авч, биеийн “дотоод” хямрал, өөрчлөлтийн мөн чанарыг нь биеийн “гадна” мэдэгдэн илрэх шинж тэмдгээр нь шүтэн барилдуулж онош, эмчилгээний зарчмаа тогтоосоор ирсэн аж.

Анагаах ухааны эртний энэтхэгийн Аюурвед судар, Монгол, Түвдийн “Дөрвөн үндэс” хэмээх судар хүний 404 үндсэн өвчнийг хэрхэн анагаах талаар тодорхой өгүүлсэн байдаг ажээ. Монгол сударт: “Байгалийн болон арга, билгийн хуулийг эрхэмлэн мөрдөх аваас энэ бие нь эрүүл саруул, амь бөх, чалх сайтай оршино. Эс бөгөөс 5 цул, 6 сав, хий, цусны хөдөлгөөн, сав шимийн арга, билгийн хууль зөрчигдөн, үл зохицон самуурч өвчин эс салж ужиграх аваас үхэх болой хэмээн анагаахын эртний сударт онцлон тэмдэглэжээ. Үүнийг ухаарсан мэргэд өвчин ирэхийг эс хүлээх, харин урьдчилан сэргийлэх, ирвээс ужиграхыг эс хүлээх, харин эмчлэх, ужгирсан хойно эм хүртэх нь дайн эхэлсэн хойно зэвсэг бэлдэх ялгаа юун, оройтох бус уу” хэмээн өгүүлжээ.

Саяхан зурагтаар гарч байна. Америкийн хотуудад хорио цээр тогтоож хүний хөл хорьсноос болж байгаль дэлхий сэргэж зэрлэг тахь зэрэг амьтад гарч ирж бүр хотын гудамжаар давхиж яваа нь харагдаж байна лээ. Италийн хотуудын гол мөрөн цэвэршиж байгаль дэлхий илт сэргэж байна лээ. Тэхлээр хүний буруу үйлээс болж дэлхийн дулаарал болж хойд туйл болон гималайн нуруу өндөр оргилын цас хайлж гол мөрөн нуур ширгэж байна. Далай нуурт живсэн хөлөг онгоц, машинаас болж далай нуур бохирдож шатахуун нефтээр дүүрч загас амьтад үхэж байна. Хүний буруу үйлээс болж агаар, хөрс бохирдож, цэвэр ус хомсдож байна. Хүний буруу үйлээс болж дайн, өлсгөлөн, байгалийн сүйрэл, эцэстээ цар тахал гэгч аюулт өвчинд хүн төрөлхтөн нэрвэгдэж байна.

Эдүгээ орчин үед хүн төрөхлтөн дайнд бэлтгэж цэргийн зардалд асар их хөрөнгө мөнгө зарцуулсаар байна. АНУ нэг жилд цэргийн зардалд 600 тэрбум доллар, Хятад улс 350 тэрбум доллар, Орос улс 100 тэрбум доллар зарцуулж байна. Хүн төрөлхтөн цэргийн салбарт зарцуулдаг үлэмж их мөнгөнийхөөядаж тал хувийг нь анагаах ухааны салбарт зарцуулдаг байсан болөдийд халдварт тахал өвчин, хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг олон асуудлыг шийдчихсэн байх сан. Улс орнууд урагшаа харж өвчинтэй шийдвэртэй тэмцэх цаг болжээ. Өвчинтэй тэмцэж өвчнийг ялах бол хүн төрөлхтөний амин чухал асуудал юм. Эрүүл энх амьдрах нь манай дэлхийн бүх хүний бодит зорилго нь юм.

Хүмүүс ээ, Сэрэхтүн. Нүгэл үйлдэхээ зогсоож, Буян үйлдэхтүн.

Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!