Өнөөдөр Монголд хоёр цаг тутамд нэг хүн “ковид-19” цар тахлын улмаас амиа алдаж байна. Дэлхий нийтийг хамарсан энэ аюулт өвчний эсрэг засгийн газруудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч дэлхий нийтээр цар тахлын гамшиг хумигдаж байгаа энэ үед гуравхан сая хүн амтай манай улсад цар тахал хяналтаас гарч хүн бүр өөрийн амь нас, амьдралаараа төлж буй энэ гамшгийн жинхэнэ шалтгаан юу байв?!
Хүмүүс амиа алдаж, амьдралаараа хохирч буйн жинхэнэ шалтгаан нь өнөөгийн эрх баригчдын алдаатай шийдвэр, харалган байдал мөн. Засгийн газар, улсын онцгой комиссын гаргасан шийдвэрүүд шинжлэх ухаанч биш, улс төрийн ашиг хонжоо хайсан харалган байгаагаас өнөөгийн гамшиг үүдэлтэй.
Эрх баригч МАН энэ гамшгийн хариуцлагыг үүрэх ёстой.
Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид олон зуун мянган хүн халдвараар өвчилж, олон мянган хүн амиа алдах эрсдэл үүсээд байна. Энэ гамшигт нөхцөл байдлаас гарах хамгийн эхний алхам бол “мэргэжлийн” гэх өнөөгийн засгийн газрыг огцруулж, шинжлэх ухаанч шийдвэр гаргах чадамжтай өөр хүмүүсээр удирдуулах явдал. Гэхдээ зөвхөн шүүмжлээд орхилгүй санал хүргэх нь зөв биз. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн салбарт яаралтай авах арга хэмжээний саналаа энд бичье.
1. Эмнэлэгийн хүлээн авах чадавхийг нэмэгдүүлэх
Юуны өмнө амь насанд нь шууд заналхийлээгүй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахыг зогсоож, эмнэлэгүүдийн амбулаторийн хүчин чадлыг нэмэх. Ингэснээр эмнэлэгүүдийн орны ачаалал буурч хүндэрсэн хүмүүсийг авах боломж бүрдэнэ. Нэгэнт ковидийн халдварын тоо эмнэлэгийн хүчин чадлаас хэтэрсэн тул ковидийн халдвар авсан ч хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авахгүй байх. Ингэснээр хүндэрсэн эмнэлэгийн тусламж зайлшгүй хэрэгтэй хүмүүсийг хүлээн авах боломжтой болно. Ялангуяа эрх баригч намын дарга нар эерэг гарсан л бол хамаатан саднуудаа эмнэлэгт хэвтүүлэх гэж дарамталдгаа зогсоох хэрэгтэй байна.
2. Эм, эмнэлэгийн хангамжийг нэмэгдүүлэх
Одоогийн байдлаар эмийн сангууд, эмнэлэгүүд эм, эмнэлэгийн хэрэгслийн нөөцгүй болж байна. Тиймээс эмийн нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд юуны өмнө шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгслийн тоо хэмжээг баримжаалах, эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын удирдлагатай уулзаж нөөц бүрдүүлэхэд шаардлагатай тээвэр ложистик, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх. Ирэх хоёр сарын хугацаанд өнөөгийн байгаагаас 3 дахин олон хүн ковидын халдвар авч, тэдгээрийн 90%-иас илүү нь эмнэлэгийн тусламж авч чадахгүй болно. Тэр үед эмийн хомсдолтой байж болохгүй.
3. Гэрийн нөхцөлд ковидын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийнхнээ хамгаалах зөвлөмж боловсруулах
Ковидын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжөөс гадна ковидын халдвар авсны дараа авах арга хэмжээний зөвлөмж байхгүй байна. Ковидын халдвар авсны дараах шинж тэмдгүүдийг насны бүлэг, биеийн онцлог тус бүрээр гаргаж, авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж түгээх шаардлагатай байна. Үүнд: Жирэмсэн болон төрсөн эхчүүд, хүүхэд, илүүдэл жинтэй болон зүрх судасны өвчтэй хүмүүст зориулсан зөвлөмж нэн шаардлагатай байна. Түүнчлэн гэрийн нөхцөлд хүндрэлийг хянах чадавхи бүрдүүлэх хэрэгтэй байна. Зарим орнуудад айл өрхүүдэд цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг хянадаг бичил төхөөрөмж (pulse oximeter) тарааж, утсаар асуух замаар хүндрэлийг хянаж байгаа туршлага байна.
4. Эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх
Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмж хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсон ч эмч, сувилагчдын тоо хүрэлцэхгүй. Тиймээс эмч, сувилагч нараас сайн дурын үндсэн дээр эрчимт эмчилгээний тасагт ажиллах, дадлагажих хүсэлтэй хүмүүсийг сонгон авч одооноос ажиллуулах. Эрчимт эмчилгээний эмч нарын цалинг дөрөв дахин нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ эрчимт эмчилгээний 200 иж бүрэн ор захиалж авах шаардлагатай байна. Үүнээс олон ор тоноглох нь эмч, сувилагч дутагдалтай өнөө үед үр ашиггүй зардал болно. Харин гадаад улс орон, олон улсын байгууллагуудаас тусламжаар эмч нарын баг авах замаар эрчимт эмчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судлах шаардлагатай.
5. Гурав дах шатлалын эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр нэн шаардлагатай
Одоогийн байдлаар зөвхөн 1-р эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт хүчилтөрөгчийн үйлдвэр ажиллаж байна. Бусад 3 дахь шатны эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах шаардлагатай. Гэхдээ энэ нь 2-3 сарын хугацаа шаардах тул хэт олныг, дүүргийн эмнэлэгүүдэд байгуулах шаардлагагүй. Харин гуравдугаар шатлалын эмнэлэгүүдэд байгуулсан үйлдвэрээсээ хэрэглээнээс илүү гарсныг дүүргүүдийн эмнэлэгүүдэд нийлүүлж болно.
Энд ковидын эсрэг эрүүл мэндийн салбарт авах арга хэмжээний талаар товч саналаа бичлээ. Эдгээрээс гадна тархалтыг хумих стратегийг шинэчлэх, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүд зайлшгүй шаардлагатай байгааг эрх баригчид ойлгож буй гэж найдья.
М.Чимэддорж