2025.06.21, Бямба
spot_img

ШӨХТГ-ын ЦАВЧДАГ ДАРГА

1

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Лоозон шиг нэртэй энэ агентлагийг үеийн үед популистууд толгойлжээ. Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуулиас гадна Монгол хэлний тухай хуулийг ч бас хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын дарга нар цавчихаас өөрийг хийж харагддаггүй юм.

Мулгуу дээрээ мунатай

ШӨХТГ-ын сахиулах хууль жилээс жилд нэмэгдсээр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль ороод есөд хүрчээ. Уул нь шударга бусаар, хууль зөрчин зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг сүйтгэхээс хамгаалах л үүрэгтэй газар. Эрхэм зорилгодоо үүнийгээ яруу тод илэрхийлжээ. Гэвч хэзээд үл ханан гомдоллогч хэрэглэгчийн нэрийг барьж зах зээлийг бусниулахаас өөр гавьяа үнэндээ байгуулаагүй. Мулгуу дээр нь муна бариулав гэгчээр өнгөрсөн жил даргыг нь Улсын байцаагчаар өргөмжиллөө. Захиргааны шийтгэл ногдуулах; харж байгаад шийтгүүлэх; шаардлагатай баримт материал, эд зүйлийг хураан авах; үнэ төлбөргүй гаргуулан авах; хүссэн этгээдээ мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх бас “Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх” эдэлнэ. Харин “Хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах” ганцхан л үүрэг хүлээнэ. Ингээд хүссэн обьектдоо саадгүй нэвтрэх эрхгүй л болохоос бас нэг Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч төрсөн юм.

Ануд загнуулдаг ББ

Урьд урьдын дарга нар нь дээрх эрхийг эдэлсэн бол гэхээс нурууны хүйтэн хөлс аяндаа дааварлана. Одоох Б.Бат-Эрдэнэ хоосонгүй эр. Фэйсбүүкийн постуудаараа ном хэвлүүлж “ББ” нэрээр “алдаршсан” нөхрийн галзуу санаачилга мундахгүй. Б.Бат-Эрдэнэ сар бүрийн сүүлийн долоо хоногийн хоёр дахь өдрийг албан ёсоор “Даргаа загнах өдөр” болгосноо бахтай зарлаж билээ. “Дарга нарын буруу харилцаа, нийтлэг бус байдал, ажил дээр гарч буй асуудлууд байвал энэ өдөр бүх дарга нартаа нээлттэй хэлж, сануулж загнана. Дарга нар эсэргүүцэлгүй хүлээн авч, дүгнэлт хийх ёстой” юм гэнэ билээ. Гэхдээ өөрөө бол хэнд ч загнуулах хүн биш. Төдөлгүй МХЕГ-т шалгуулсан эсэх нь эргэлзээтэй төрөл бүрийн бараа орой болгон Фэйсбүүкээр борлуулдаг Ану хэмээх бүсгүйд төрийн эрх мэдлээ нэг өдөр шилжүүлчихсэн. Өөрөө туслахаар нь ажилласан юм гэдэг. Ямартаа ч МХЕГ-аас зөвшөөрөлтэй байх учиртай чихрийг бөөний худалдаанаас аваад зарж байсан ТҮЦ-ийг Фэйсбүүкээр бут ниргэсэн юм даг. Тэр өдөр жил тойрон даргын алба хашсан ББ өөрөө ч Анугаас банга хүртсэн нь гарцаагүй. Ер нь хүртэх ёстой л доо. Харин Ану өөрийгөө МХЕГ-ын дарга гэж андуурсан бололтой харагдана билээ.

Албаа ойлгоогүй албат

Улаанбаатар их сургуулийг түүх судлаачаар төгссөн Б.Бат-Эрдэнэ албан үүргээ хяналт, шалгалт хийх гэж ойлгодог. Ялангуяа зах, сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүрээр орох дуртай. Гэхдээ тэнд юуг хянаж бас шалгадаг нь бүрхэг. ШӨХТГ-ыг АНУ-ын Трастын эсрэг хуулийн Монгол хуулбар “Өрсөлдөөний тухай хууль”-ийг хэрэгжүүлэгч гэж бид нар ойлгодог. Жижиг бизнесийнхэн зах зээл дээр монопольт үнэ тогтоож чадна гэж үү? Түүнчлэн ШӨХТГ бол зах зээлийн төрөл зүйлээр дагнасан салбар салбарын экспертүүд мэргэжлийн шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт гаргадаг институц. Гэвч байгууллагын бүтцийг харвал сурталчилгаа, олон нийтийн хамтын ажиллагаа гэх пиарын гэмээр хоёр ч нэгжтэй. Ойрмогхноос Б.Бат-Эрдэнэ дарга ажил ихтэй. Шатахуун нийлүүлэгч 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 ШТС, 10 вагоноос нийт 76 дээж автал бүгд сувс байж гэнэ. Тэгээд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу есөн сая төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Бүр болоогүй шатахуун импортлогч зарим компаний тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналтай байгаа аж. ОХУ АИ-95, АИ-98 шатахууныхаа экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар болсноор манайд хомсдож үнэ огцом нэмэгдсэн энэ цагаар анхааралд өртөх гэсэн түүний санаа биелэсэн. Харин АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр МХЕГ-ын хийлгэсэн шинжилгээнд эргэлзэж буйгаа шулуухан хэлжээ. Б.Бат-Эрдэнэ 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан юм билээ. Популимзм, авлигын өртгийг иргэд төлдөг. ШӨХТГ-ын дарга популизм хийхийн хэрээр үнийн өсөлт инцфляци болж бидний нуруун дээр бууна гэсэн үг.

Зах зээлийн заналт дайсан

Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан болоод ингэж туйлаад яваа юм биш. Хамаг асуудал хуулинд л бий. Монгол Улс 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, 2010 онд Өрсөлдөөний тухай хуультай болсон.  Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт салбар дундын шинжтэй учраас нийтийн, эсвэл хувийн эрх зүйд дангаараа харьяалагдахгүй. Өрсөлдөөний тухай хуулийг үзвэл давамгай байдлаа хууль бусаар ашиглах (7 дугаар зүйл) гэснийг эс тооцвол дийлэнх нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэжээ. Шударга бус өрсөлдөөнөөс үүссэн үр дагаврыг арилгах зохицуулалтыг бүр орхисон. Өөрөөр хэлбэл шударга бусаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг сүйтгэснээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх заалтгүй. Зөвхөн ШӨХТГ торгох эрхтэй. Торгохоос бусдаар зах зээлийг огт хамгаалдаггүй. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд жагсаасан зөрчлүүдийг ШӨХТГ-аас тогтооход эрх зүйн ямар журам үйлчлэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд ч зохицуулаагүй. Гэтэл шударга бус өрсөлдөөн бусад зөрчлөөс онцлог, төвөгтэй, хэд хэдэн тусгай гүн мэдлэг, экспертийн шинжилгээ шаарддаг. Эдгээрийг манай хууль тогтоогчид анхаарсангүй. Галзуу хүний гарт нь мэс бариулаад л тавьчихаж. Ингээд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэдэг сайхан нэртэй ч чөлөөт зах зээлийн заналт дайсан бойжуулжээ. ШӨХТГ-ын Улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ таалагдсан “Ану”-тайгаа нийлж аваад чөлөөт зах зээлийг бензин шатахуунтай нь баруун солгойгүй цавчиж цавчиж ганц сайн “загнуулаад” явчихна. Удаах даргыг нь ч “Дараагийн Шагдар биш гэх баталгаа алга…”

Д.Батбаяр /baabar.mn/

ЭМЯ: Нийслэлд халдварын тоо буурч, орон нутагт өсч байна

0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 5221 сорьцод шинжилгээ хийхэд 1063 хүнээс ковид-19-ийн халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 166210 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 283 нь нийслэл хотод,
  • 780 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1957 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 823 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9694 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10120 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,013
  • Хүндэвтэр- 2,727
  • Хүнд – 791
  • Маш хүнд – 163 хүн байна.

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

0

Дундаж монгол хүн ер нь ямар мөрөөдөлтэй байдаг вэ? Би өөрийгөө дундаж монгол гэж бат итгэдгийн хувьд том толгойлж өөрийнхөө бодож явсан, бодож яваа мөрөөдлөө чамд ярьж өгье. Мөрөөдөлтэй байх, зорилготой байх гэдэг хоёр юм нэг хэсэг мөрөн дээр жин дарж суучихаад зовоож өгдөг байв. Би ганцаараа мөрөөдөлгүй ч юм шиг, алсын зорилгогүй болохоор ойрын зовлондоо түүртээд ч яваа юм шиг санагдаад шаналж явсан өдөр хоногууд олон байна. Одоо ч хааяа өнөөх давтагддаг бодолдоо автаад эморчихсон л сууж байдаг.

Би арван жилд байхаасаа зүгээр сайхан хүүхдээ сайн хүмүүжүүлчих хэмжээнд ээж болъё л гэж мөрөөддөг охин байв. Тэгээд эргэн тойрныхон, инфлюнсер ах эгч нар гарч ирээд том мөрөөд гэдэг мессежийг талаар нэг тарааснаас болоод миний мөрөөдөл жижиг ч юм шиг санагдаад өөртөө энэ асуултыг ойр ойрхон тавих болсон юмдаг. Мөрөөдөл гэдэг юмыг ойлгохын тулд нөгөө талаас өөрийнхөө хувьд хэвийн гэдэг тодорхойлолт, хэмжүүрээ тодорхой болгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Манай өмнөд Америк найз байдаг юм. Эмээ нь франц өвөө нь герман аав нь Швейцарт төрсөн, ээж нь африкийн шар, өөрөө Өмнөд Африкт төрсөн шар арьстан. Үндэстний хувьд жинхэнэ холимог хуурга учраас хэлний чадвар төрөхөд нь өгөгдчихсөн өгөгдөл. Дэлхийн нэг хэсэгт хүний төрөхөөсөө өгөгдчихсөн өгөгдлийг бидний ихэнх нь мөрөөддөг. Хоёр гурван хэлтэй л болчих юмсан… Заа алсын тэр африкийн охиныг амгалан орхиё энэ хүрээд.

“Энэ л амьдрал шдээ” гэж бодох буюу “Хөх цэгний нөлөө”

Миний сонсож байсан подкастуудаас хамгийн гүнзгий сэртгийлэм мэдрэмж төрүүлсэн нь Хүлээлгийн өрөө подкастны эцэгтээ хүчиндүүлдэг байсан охины орсон дугаар байсан юм. Тэр охины хэлсэн нэг үг олон хоног чихэнд сонсогдож явсан. “Энэ л амьдрал юм байна гэж бодсон” гэдэг үг. Хүчиндүүлэх нь, хүүхдээрээ хэрнээ дүүгээ хамгаалаад сэтгэл, биеэрээ хохирох нь… энэ л амьдрал юм байна гэж тэр бодсон байсан тухайн үед. Тэр подкастыг сонсноос хоёр сарын дараа “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” нэрт номоороо монголчуудад танил болсон Марк Мэйнсоны дараагийн номноос “энэ л амьдрал юм байна” гэдэг үгнийхээ учрыг олсон.

Сэтгэл судлаачид “хөх цэгний нөлөө” нэртэй нэгэн туршилт явуулжээ. Цагаанаас хүнд хөх хүртэлх бүх уусалтаар ягаан, нил ягаан, хөх, цэнхэр, цагаан гээд бөмбөлгүүдийг оролцогчдод дэлгэцэнд харуулна. Аажмаар өнгө нь солигдох дэлгэцийг хараад оролцогчид ямар өнгө давамгайлж байгааг хэлэх ёстой. Судлаачид анхандаа хөх өнгийн бөмбөлгийг түлхүү харуулж нүдэнд нь дасгаж байгаад аажмаар бөмбөлгийн өнгийг нил ягаан, ягаан зэргээр сольжээ. Гэвч оролцогчид анхнаасаа харж дадсан өнөөх өнгөөрөө буюу дэлгэцэн дээр ихэнх бөмбөлөг хөх өнгөтэй байна л гээд байсан аж. Эндээс хүн юмыг хэвийн гэж хүлээж авахдаа өөрийн анх авсан мэдрэмж, дассан зандаа тохируулна уу гэхээс нийгмийн хүлээлт, олон нийтийн шахалт энэ тэр тийм ч хамаатай байдаггүй байх нь.

Энэ хүртэл нуршсан нь нөгөөх дундаж монгол хүний хэвийн гэж боддог зүйлийг ойлгох, тэр хэвийнээс давбал зорилго тэрнээс цааш халихаар мөрөөдөл болох зүй тогтол харагдсных. Миний ажиглалтаар манай нийгмийн хэвийн гэдэг ойлголт “сүртэй шдээ” гэдэг үгтэй эн тэнцүү. Тийм ядмаг учраас миний арван жилийн мөрөөдөл хүүхэд хүмүүжүүлэх буюу за нэг үсрээд дөрвөн хүний амьдралд нөлөөлөх, өөрчлөх тухай явцуудуу байжээ гэж боддог.

Дундаж монгол Долгорын одоогийн мөрөөдөл

Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр нөхөн үржихүйн эд насанд хүрсэн ч Долгор ээж болж амжаагүй байгаа. Гэхдээ шинэ шинэ мөрөөдлүүдтэй болсон. Дундаж монгол Долгорууд олон болоосой. Энэ миний хамгийн том мөрөөдөл. Дүлгэнэж ядаад дөрвөн хүн л үүсгэх тухай бодож зүрхэлдэг байсан би одоо бидний дунджууд олон болно гэдэг итгэлтэй байдаг болсон. Нөгөө өмнөх нийтлэл дээр чамд ярьж өгсөн таван гайг нийтээрээ гаталчих юмсан. Долгор өөрөө, Долгортой адилхан монголчууд ч бас өлөн зангаа засаасай, юм үзэж, нүд тайлаасай, зоригтой махруу байгаасай гэж хүсдэг.

Бид америкчуудаас дутуу биш, африкуудаас ч илүү биш. Биологи, физиологиороо яг адилхан өгөгдөлтэй яг адилхан хүмүүс. Гэхдээ бидний хэвийн хэмжүүрүүд өөр. Бидний Долгорууд ядаж олигтой өлсөж ч үзээгүй, махийтлаа нийтээрээ ажиллаж ч үзээгүй. Бид үнэндээ юу ч үзээгүй, маш өлөн дээрээ байгаа санагддаг.

Чиний мөрөөдөл юу вэ? Чамд байгаа хэвийн хэмжүүрээс хэр хол вэ? Хүсвэл бодлоо хуваалцаарай.

Зам болгон энд авч ирдэг Истанбулд дүүрсэн талаасаа буцаж нуугдсан дүгэрэг шахуу сар ширтэнгээ чамд зориулж бичив. Дундаж монгол Долгор нь…

Дундаж монгол Долгор ба Google map-IV

Малчин удмын Долгор би шинэ содон газар үзэх хүсэлтэй, тэр хүсэлдээ эрдэгдээд ганцаараа байсан ч гараад шидчихдэг зоригтой нэмээд жоохон тэнэгдүү хүн л дээ. Альпийн нурууны үзүүр, сүрдэм Барро нэрт хайрханд ганцаараа авираад гарчихсны сацуу миний таамгаар сүүлийн гуч ч юмуу дөчин жилийн дотор тэр ууланд таавчиктай өгсөж гарсан ганц хүн байх хэхэ. Онгироо байна уу, яадын дундаж монгол хүн чинь энэ хэртэй онгирдог байх. Ганцаараа энд тэнд төөрчихөлгүй замаа олоод явахад мэдээж хамгийн сайн туслагч бол Гүүгл газрын зураг /Google map/. Гэхдээ гүүгл газрын зураг тийм ч хэрэглэгчээ бодсон аппликшн биш л дээ. Хэрэглэгч бүрийг бодох ч албагүй л дээ. Энгийнгээр тайлбарлавал тэр газрын зургийг ашиглаж явсан хүмүүсийн замыг л тэмдэглэсэн апп. Тэртээд хөхрөгч алсын уул чиглээд хөдөө явах талаар, тэр олон боломж дунд явж байгаа хэрнээ л тод ганцыг нь дагаад явдаг даа. Яг л тийм. Ихэнх хүн тэр хэсгээр гүүгл газрын зургийг барьж, дагаж алхаснаас болоод тодорчихсон, дараа нь чамд санал болгож байгаа тийм л аппликэшн. Сайхан нь гүүгл мап дагаж алхвал чи төөрөхгүй. Газраа олоод очно, асуудалгүй. Гэхдээ муу нь чамайг амар хялбарт сургана, адал явдлаас ангид байлгана, заримдаа чамайг сунжирсан урт замаар хөтлөнө. Тэгээд хамгийн гунигтай нь газрын зургаа л ширтээд явбал хамаг сонирхолтой хэсэг хажуугаар чинь шурт гээд зөрөөд өнгөрнө.

За нуршихгүй чамд анхааруулах хоёр, гуравхан зөвөлгөөгөө бичье.

  • Хэрвээ аяллаар огт танихгүй газар алхаж байгаа бол гүүгл ахаас чигээ асуучих тэгээд тэр зүгийг чиглээд зориглоод алх. Алхаж байхдаа хажуугаар өнгөрөх содон сонин зүйлийг сонжоод алхаарай. Дараа нь чамд хэрэг болно. Гүүгл хэчнээн тэмдэглэхдээ, чамд санал болгохдоо сайн ч чиний биеэрээ үзсэн, харсан, туулсан бүхнийг яагаад ч гүйцэхгүй.
  • Цагт баригдаж, юманд яарч байгаа бол гүүглийн зааврыг яг дага. Ийм эгзэгтэй үед эрсдэл гаргаад дэмий. Дараагийн унаанд яарах, товлосон цаг эхлэх зэрэгт бол гүүглээ сонсчихсон нь ононо.
  • Гүүгл газрын зураг дээр #review гэж хэсэг бий. Үзээд харчихсан хүмүүс өөрийн туршлагаа бичээд үлдээчихсэн хэсэг. Энэ хэсгээс чи жинхэнэ туршлагыг олох бөгөөд жишээ нь ресторан байлаа гэхэд хоолны цэс нь үнэ ханштайгаа байж байдаг. Тэр хэсгийг сонжиж харж байгаарай. Гол нь гүүглийн энэ хэсэгт өөрийн туршлага, мэдрэмжээ үлдээж байгаарай. Дараа дараагийн дундаж Монгол хүнд чинь тус болно.

Таван өөр улсад энэ аппыг хэрэглэж үзсэн хүний өгөх хамгийн чухал мессеж бол хүний зөвлөгөөг дага, гэхдээ өөрийнхөөрөө яв. Чиний зам бол чиний л зам. А цэгээс Б цэгт хүрэх арван зуун боломж байгаа. Бусдын зөвлөгөөг ав, гэхдээ өөрийнхөөрөө туул. Амьдралын зөвлөгөө шиг уншигдахгүй байна гэж үү. Тийм шүү, төөрч будилсан, товчилсон оносон ч миний л зам. Нэмээд “бичээд үлдээ”, өөрөө ямар замаар яаж алхснаа. Бусад хүмүүст хэрэг болно. Монгол хүн байна даа, нэг нэгэндээ тустай амьдарцгаая.

Дундаж Монгол Долгор /inews.mn/

Хоёроос дээш машин болон байр, хаустай өрхүүд хүнсний талон авдаг байжээ

0

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актад бүртгэн авчээ. Ингэснээр удахгүй legalinfo-д орж, албажих юм.

Энэхүү журамд нэлээд олон өөрчлөлт орулсныг “Хугацаатай болсон, нөхцөлтэй болсон, хяналттай болсон, хариуцлагатай болсон” хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцолжээ.

Тухайлбал, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах нь.  Хаус, орон сууцанд амьдардаг, авто машинтай, малтай 5525 иргэн хүнсний талонд хамрагддаг юм байна.

Мөн уг дэмжлэгийн хүрээнд өрхүүдэд хүнс олгох дэлгүүрийг сонгон шалгаруулахаа больж, НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй ямар ч дэлгүүрээр дэмжлэгт хамрагдаж буй иргэд хүнсээ сонгон авах боломжтой болж байна.

“10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлэв” хэмээн тэрбээр өөрийн албан ёсны хуудсаар мэдээлжээ.

Журамд орж буй өөрчлөлтүүд:

Эх сурвалж: ХНХЯ

Эх сурвалж: ХНХЯ

Х.Баттулга, Б.Баасанцогт, М.Энхсайхан хэмээх "Бермудын гурвалжин"

0

Олимпийн марафон дурдуур ҮАБЗ-ийн ажилтан гэгдэж асан өмгөөлөгч Б.Баасанцогт бас “марафон”-ыг эхлүүллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэг дээр яллагчаар ажилласан прокурортой уулзаж байсан Б.Баасанцогт Zarig.mn сайтын сэтгүүлчид гардуулж, хөлийн хурдаар зугтсан бичлэг өөрөө сүүлд болсон сонгууль, корона, түүний улмаас цуцлагдсан наадам зэргээс болж олны анхаарлаас түр хугацаанд алсраад байсан шүүгч нарын хэргийг дахин сануулав.

Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдахын өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч, прокурор, АТГ-ын ажилтнуудын хамтанд лифтэнд байгаа анхны бичлэг олон нийтэд цацагдаж, “хонгилын” гэж нэрлэгдсэн тэдгээр хуулийнхний нэр усыг нийтэд зарласан билээ. Үүний араас өмгөөлөгч Б.Баасанцогт нь НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдорж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гамт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Оргил, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэтсийн ажилтнууд, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч С.Гүндноров, ТЕГ-ын ажилтан Н.Агваан, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан зэрэг хууль, хүчний байгууллагын албан хаагчдын дансанд мөнгө шилжүүлдэг байсан тухай мэдээллийн мөрөөр хуулийн байгууллага шалгалт хийж эхэлсэн билээ.

Баталгаатай зүйл гэвэл Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Энэ 11 шүүгчийн зургаа нь М.Энхсайханы хэргийг шүүхээр шийдвэрлэхэд оролцсон тухай эх сурвалжууд хэлж байна. Санамсаргүй тохиолдол гэхэд итгэмээргүй давхцал биз?

Б.Баасанцогтын данснаас:

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603….дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт  10 сая төгрөг,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973…. тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417…. тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435…. дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712…. дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926…. 2021.1.27- 550 мянга

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420….дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг

-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333…. дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400 мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125…. дансанд 2019.7.8- нд 500 мянга төгрөг

-Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын  501920…. дансанд  2020.6.9-нд 800 мянган төгрөг

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819….дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.

Эхний бичлэг цацагдах үед Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн ажлын албанд гэрээгээр ажил гүйцэтгэж байсан. Мөн Төрийн ордны цайны өрөөнд нэр бүхий шүүгч, прокуроруудыг уулздаг байсан, мөн Б.Баасанцогтоос өөрөөс нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүүхээр шийдэгдсэн албан тушаалтнуудыг хэдийд хэрхэн шүүхээр оруулах тухай графикчилсан төлөвлөгөө хүртэл олдсон байдаг. Тухайн үед энэ хэрэг нэлээд өндөр авч, хуулийнхан ажиллаж эхэлсэн боловч тавдугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зарлагдсанаас хойш нам жим болж, олны анхаарлаас холдсон.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин энэ хэргийн тухайд “Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хэн нь нэр дэвших вэ гэдгээ шодож, “цаасан буу” буудаж үзсэн л хэрэг. Харилцан тохиролцох, нэг нь бууж, нөгөө нь дэвших л зорилготой байсан болов уу” хэмээн дүгнэсэн байдаг. Түүний хэлсэнчлэн сонгууль өнгөрсний дараа Б.Баасанцогтын хэрэг олны анхаарлаас холдож, “хонгилын” гэх шүүгч нарын нэр ч мөн дурсагдахаа больсон билээ. Гэвч муу юмыг даравч далдайж, булавч бултайдаг жамтай. Б.Баасанцогт анхаарал алдаж, сэтгүүлчийн дуранд өртсөнөөр шүүгч нарын хэрэг ч дахин босч ирэв. Тэр дундаа чухам яагаад М.Энхсайханыг ялласан прокурортой олноос нуугдаж уулзсан нь анхаарал татаж байна.

Тавантолгой төслийн удирдагчаар ажиллаж байсан М.Энхсайханыг гэмт хэрэгтэн болгосон хүн нь яалт ч үгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэр Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа УЕП-ын өрөөнд 100 гаруй хуудас материалтай явж ороод “Иргэн хүнийхээ хувьд мэдээлэл гаргаж байна. М.Энхсайханыг шалга” хэмээн Ерөнхийлөгчийн хувиар үүрэг өгсөн билээ. Энэ дагуу нь прокурорын байгууллага М.Энхсайханд “Үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” зүйл ангиар хэрэг үүсгэж, ял төлөвлөсөн ч тэр нь нотлогдоогүйн улмаас албан хэрэгцээндээ унаж байсан машиных нь үнээр хохирол тооцон ялласан байдаг. Гэтэл энэ хэрэг дээр ажилласан зургаан шүүгч Б.Баасанцогттой холбоотой. Сонирхолтой биз?

Inews.mn

Нөхөн сонгуульд 2,3 тэрбумыг зарцуулна

0

УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.07.06/ хуралдаанаар сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжиж, баталсан юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тул УИХ-ын гишүүний орон тоо гарсан юм. Иймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон СЕХ-ноос ирүүлсэн саналыг үндэслэн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.

Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэж заасны дагуу 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлох, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар боловсруулсан болно” гэлээ.

Мөн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 2,287,344,090.0 тэрбум төгрөг байх бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтсон болохыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Ерөнхий сайд асан М.Энхсайханг хэлмэгдүүлсэн үнэн түүх

0

М.Энхсайханыг ямар хэрэгт буруутгав

Түүнийг буруутгасан гол асуудал бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр “Тавантолгой” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотой юм. Энгийн логикоор бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй албан бичгийг албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол Ч.Сайханбилэгийг эхлээд шалгах ёстой байв. Тэр Монголд ирж уг асуудлаар тайлбар, мэдүүлэг өгөх шаардлагатай үүссэн, гэвч  тэр гадаадад байсан. Энэ бол хууль зүйн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан юм. Үүнээс өмнө хэргийг шийдвэрлэх ямар ч боломжгүй байсан. Гэтэл үйл явдал эрх мэдлийн хүчээр эсрэгээрээ өрнөв.

Анхан болон  давж заалдах шатны шүүх Тавантолгойн төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан үйлдлийг М.Энхсайханд шууд хамаатуулж, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй гэж түүнд 4 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулсан. Уг нь Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд л УИХ-д тогтоолын төслийг өргөн мэдүүлж гарын үсэг зурах ганц эрхтэй албан тушаалтан юм. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг алгасаж, Засгийн газрын нэг гишүүнд ял халдаав. Дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд залруулга хийсэн юм, М.Энхсайхан нь УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлээгүй нь тодорхой, гэхдээ түүнийг хэргээс салгаж болохгүй тулд гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай гэж шийдсэн юм. М.Энхсайхан нь ямар нэгэн захирамж, тогтоол, албан бичигт гарын зурсан зүйлгүй, гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан, эцэстээ гэрээний төсөл боловсруулсан асуудал нь түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцогдох, 4 жилийн хорих ял эдлэх гол шалтгаан болсон юм. Байгуулагдаагүй, хэрэгжээгүй, ямар нэг бодитой үр дагавар үүсгээгүй гэрээний төслийг шүүн хэлэлцэж, хэрвээ энэ гэрээ хэрэгжсэн бол Монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хохирол учрах байсан гэж үзэж ял шийтгэсэн.

УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн олон удаагийн зөвлөмж дагуу Засгийн газраас боловсруулсан улс төр, эдийн засгийн бодлого, томоохон төслийн асуудлыг Монгол улс эрүүгийн шүүхээрээ шүүж ял шийтгэсэн асуудал бол УИХ, Засгийн газрын улс төр, эдийн засгийн бодлого тодорхойлох эрх мэдэлд шууд халдсан хэрэг юм, үүнийг хэлмэгдүүлэлт гэж хэлэхээс өөр аргагүй юм. Улс төрийн бодлогын асуудал алдаатай бол түүнд бодлогын өөрчлөлт хийх, шинэ бодлого дэвшүүлэх замаар шийдвэрлэдэг болохоос улс төрийн бодлого тодорхойлсон хүмүүсийг эрүүгийн шүүхээр шүүж, яллах гэдэг бол ардчиллын зарчимд огт нийцэхгүй юм.

Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсэг болон өөрсдийн үзэл бодлыг аялдан дагалдаагүй нийгмийн хэсгийг залхаан цээрлүүлэх, егүүтгэх, баривчлах, цагдан хорих, тарчлаан зовоох, ялгаварлан гадуурхах, мөрдөн хавчих, хилс хэрэгт тулган шийтгэх, айлган сүрдүүлэх, мөн үй олноор нь хомроглон устгах, нийгмийг айдас хүйдэст автуулах, харгислах зэрэг арга хэлбэрээр төрөөс  (Төрийн эрх мэдэл авсан хэсэг хүмүүс) хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагааг хэлдэг.

Эрх мэдлээр далайлган хүчирхийлж, хэлмэгдүүлэх эзэрхэг түрэмгий энэ гаж үйлдлийг орчин үед эрх мэдлийн сэтгэцийн өвчин гэж үздэг болсон. Энэ нь байнга хэн нэгэн хүнийг хардаж сэрдэж, устгах, зайлуулах талаар бодож, хувь хүнийг эрх мэдлийн хүчээр нухчин дарж хэлмэгдүүлэх, хүн зовоож эрх мэдлийн амт таашаал мэдрэх, өрсөлдөгч нараа болон үзэл санаа нийлээгүй хэсэгт улс төрийн дарамт шахалт үзүүлэх, өрсөлдөгч гэж үзсэн хүмүүсийн амьдралыг тэвчихийн аргагүй болгох, хилс хэрэг тулгаж шийтгэх, хүнийг “амьдын  там”-д унагах, бусдыг дарамтлах, хууль бусаар тагнах, эрүүдэн шүүх, элдэв янзын хонгил, схeм бодож зохиох, бусдыг тарчлаан зовоох, эрх мэдэл, нэр төр хөөцөлдөх, түүндээ донтох, шүүмжилсэн, үг хэлсэн хүнийг гадуурхах, мөрдөн хавчих, зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт хийх, өөрсдийгөө хуулиас дээгүүр, гадуур гэж бодож, нийгмийн оюун санааг бүхэлд нь хүчирхийлэх, нийгмийг айдас хүйдэст автуулах, эрх чөлөө, ардчилсан соёл, үнэт зүйлд дайсагнадаг бусармаг арга, шинж тэмдгээр гоц илэрдэг юм.

Өнгөрсөн зуунд улс төр, үзэл суртлын шинжтэй эрх мэдлийн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт гарч байсан бол шинэ зуунд байгалийн нөөц баялаг, эрх ашгийн төлөө хэлмэгдүүлэлт, эрх мэдлийн хүчирхийлэл үйлддэг болов.

Монголын хэлмэгдэгсдийн хөшөөнд:

            Халуун итгэл цөхөрсөн

            Хатан зүрх шахирсан

            Хар дарсан жилүүдийг

            Хамаг Монголчууд бүү мартагтун”  гэсэн үг сийлсэн байдаг.

Түүхээс сургамж авч, эрх мэдэл, улс төрийн хэлмэгдүүлэлт, хүчирхийллийг хугацаа алдахгүй, нэн даруй таслан зогсоож, дотроо эв эеийг хичээж чадахгүй бол гашуун түүх давтагдаж эхлээд байна. Түүхэн нөхцөл байдал хэвээр байгаа тохиолдолд түүх дахин давтагддаг, харин хоёр дахь удаагаа давтагдахдаа илүү хоржоонтой байдаг гэсэн үг бий. Болж өнгөрсөн үйл явдлын түүхээс үлдэх чухал зүйл нь сургамж байдаг. Түүхээс сургамж авч чадвал түүх давтагдахгүй. М.Энхсайханы эрүүгийн хэрэг бол шинэ зууны Монголын анхны улс төрийн хилс хэрэг юм.

Мэргэжлийн шинжээч нар ямар дүгнэлт гаргав

Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн, эдийн засагч нарын дүгнэлт харин бодитой, үндэслэлтэй гарсан юм. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтэд “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт болохыг урьдчилан дурьдах нь зүйтэй.” гэдгийг онцолсон байдаг.

Мөн шинжээчийн дүгнэлтэд “… Хэрэв Тавантолгой уурхайгаас жилд 30 сая.тн нүүрс олборлож, боловсруулах, төмөр замын тээврээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой байсан бол доорхи давуу талууд үүснэ. Үүнд:

         -Нүүрсээ боловсруулж, угааж өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана.

        -Төмөр замаар тээвэр хийхэд өртөг зардал буурна.

        -Сул чанартай нүүрсний олборлолт хийгдэнэ. (одоогоор олборлохгүй орхиод байгаа)

        -Нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээ гэрээнд заасан 30.0 сая тн нүүрс олборлож, 20.5 сая.тн баяжуулсан нүүрс борлуулах хүчин чадалд хүрч нэмэгдэнэ.

        -О-давхаргын нүүрсийг олборлосноор хоосон орон зай үүсэж, энэ орон зайг ашиглан ТЭЗҮ-д төлөвлөсний дагуу дотоод овоолгод хуулсан хөрсийг буулгана, үүний үр дүнд өртөг зардал буурна.

        -Нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, тоосжилтын хэмжээ багасах боломж бүрдэнэ.

        -Төмөр замын тээврийг ашигласнаар, нүүрсийг хилийн бусад дахин буулгах, ачих зэргээр хаягдал үүсгэх, тоосжилт босох зэрэг сөрөг нөлөө арилна. Улмаар нүүрсний автотээвэр хийж олон жолооч нарыг тав тухгүй, хоол унд муутай орчинд ажиллуулж амьдруулж байсан нөхцөл болон үүнээс улбаатай гэмт хэрэг, зөрчил гарч байсан эх үүсвэрүүд арилна.

        -Тавантолгойн уурхайн Цанхийн баруун, зүүн хэсэг болон Ухаа худагийн ордуудыг нийлүүлж олборлох ТЭЗҮ боловсруулж, ашиглалт явуулснаар, нийтдээ ордын өгөөж сайжирна.

        -Эрчим хүчний нүүрсний борлуулалтын байдлаас шалтгаалж, Ухаа худаг дахь цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх, эсвэл шинээр том хүчин чадлын станц барих төлөвлөлтийн асуудал үүсч, шийдэгдэх боломжтой, энэ нь дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна эрчим хүчээ экспортлох боломж юм.

        -Нүүрс борлуулалтын үнийн асуудал нэг цонхны бодлогоор шийдэгдэнэ.

        -2 болон түүнээс дээш борлуулалтын замтай болсноор нэг улсаас хараат үнийн асуудал багасна…” гэж мэргэжлийн хувьд бодитой дүгнэлт хийсэн юм.

Хэрвээ М.Энхсайхан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн юм бол нийтийн ашиг сонирхолд нийцсэн, улс оронд давуу байдал үүсгэсэн ийм үр дагавар үүсэхгүй юм. Шинжээчийн дүгнэлтээр хэрвээ гэрээ хэрэгжсэн бол ийм давуу байдал үүсэх байсан гэж тогтоогдож байгаа нь энэ асуудал бол өөрөө гэмт хэрэг биш гэдгийг харуулж байдаг юм.

Албан тушаалаа урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгодог.

Шинжээчийн дүгнэлтээр М.Энхсайхан нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон биш, харин түүний хариуцан боловсруулсан төслийн гэрээ хэрэгжсэн бол Монгол улсад олон давуу талтай байжээ гэдэг нь хөдөлбөргүй тогтоосон юм. Харамсалтай нь шүүх шинжээчийн дүгнэлтийг ямар ч шалтгаангүйгээр үнэлж үзээгүй.

Улс төрийн хүрээний онцгой мэдэгдэл

УИХ-ын чуулганы 2021 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “ …  Монгол улсын шүүх,  прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж би хүсдэг …  ҮАБЗ-ийн хурал дээр хэлж байсан … та бүгд хэзээ нэг өдөр шалгагдана шүү, төрийн өмнө …  Ерөнхийлөгчөө, би удаа дараа хэлсэн, удаа дараа сануулсан …  тэр тусмаа Төрийн тэргүүн … та бид хонгил гэж баахан ярьдаг … би цаашид энэ ажлаа өгсөний дараа Монгол улсын хууль, дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх, прокурорын байгууллагад яаж дарамт шахалт үзүүлж байсан талаар баримт нотолгоотой ярина, хууль хүчний байгууллагууд ч өөрсдөө гаргаж ярих ёстой гэж бодож байгаа,  зарим дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж бодож байна …  шударга ёсны төлөө хэн яаж хууль, дүрэм зөрчиж  байсан талаар … Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа … Үндсэн хуулийн асуудлаар Парламент дээр асуудал тавина гэж бодож байна … би ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд муу муухай зүйлийг чинь олон түмэнд дэлгэж тавинаа …” гэж, мөн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ:  “… Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад удаа дараа тавьж байсан, Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гээд үүрэг даалгавар авдаг ёсыг халахын тулд Ерөнхийлөгчийн тавьсан шахалт шаардлагыг биелүүлээгүй ….” гэж хэлсэн нь ихээхэн анхаарал татсан мэдэгдэл болсон юм.

Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно.” гэж заасан. Хууль хэрэгжсэн бол М.Энхсайхан гэртээ сууж байх байлаа.

Хууль хүний төлөө, харин эрх мэдэл эсрэг талд

Эрүүгийн хуулиар хэрэг явдал болох үед үйлчилж байсан хуулийг хэрэглэх журамтай юм. Тухайн үед 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль үйлчилж байв. 2002 оны Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, заавал бодитой хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцогдоно. Иймд Тавантолгойн төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн асуудал нь бодитой учирсан хохирол гэж байхгүй тул 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш байв.

Шүүх ч хуулийн дагуу шүүгдэгчид ашигтай заалтыг хэрэглэх нь тодорхой юм. Шүүх удтал зөвлөлдөж М.Энхсайханд ашигтай заалтыг хэрэглэсэн гэдгээ мэдэгдэв. Гэтэл юу болсон гээч, М.Энхсайханд ашигтай заалтыг эрж олсон нь 2002 оны Эрүүгийн хууль биш, 2015 оны Эрүүгийн хууль болж  “гэнэт тодорсон” юм. 2002 оны Эрүүгийн хуулийг биш, 2015 оны Эрүүгийн хууль хэрэглэх нь М.Энхсайханд ашигтай гэж үзэж ял оногдуулсан нь дундаж, энгийн эрүүл саруул ухаантай хүн ч ойлгохооргүй хэдийдсэн зүйл болов. Үүнийг хүлээн зөвшөөрч боломжгүй, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөнд илтэд харш шийдвэр болсон юм. 2015 оны Эрүүгийн хуулиар албан тушаалын гэмт хэрэг нь материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон байсан. Хэрэг гарах үед хуучин хууль, хэргийг шийдвэрлэх үед шинэ хууль үйлчилж байвал шүүгдэж буй хүнд аль ашигтай хуулийг нь хэрэглэх зарчимтай. Гэтэл хэрэг гарах үе үйлчилж байсан хуулийг харсан ч, шүүгдэгч иргэнд ашигтай хувилбарыг бодсон ч 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тодорхой байсан юм.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан.

Шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар хоёр гэмт хэрэгт (Таван толгойн гэрээний төсөл, автомашины хэрэг) ял шийтгэгдэх нь М.Энхсайханд ашиггүй юм, харин 2015 оны Эрүүгийн хуулиар нэг гэмт хэрэгт ял шийтгэгдэх нь М.Энхсайханд ашигтай байна гэж үзсэн. Рационал хандлагаар бол 2002 оны Эрүүгийн хуулиар хоёр гэмт хэрэгт ял шийтгэгдэх биш, харин гэмт хэрэгт тооцогдохгүй тул хоёр хэрэг хэрэгсэхгүй болох байв. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар бол албан тушаалын гэмт хэрэгт хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон тул харин М.Энхсайханд ашиггүй тусч байсан. М.Энхсайхан ч 2002 оны Эрүүгийн хуулиар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж, уг хууль нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа гэж хэлж байв. Харамсалтай нь шүүх бол 2002 оны Эрүүгийн хууль танд илүү ашигтай биш гэж дүгнэсэн юм. Шүүхийн тайлбараар бол 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт яллагдаж, хоёр хэрэг нь хэрэгсэхгүй болж байснаас, 2015 оны Эрүүгийн хуулиар нэг гэмт хэрэгт яллагдаж, дөрвөн жил шоронд суух нь М.Энхсайханы эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хэрэг болж байгаа юм. Хуулийг эрх мэдэлдээ тулгуурлан ингэж илтэд буруу тайлбарлаж хэрэглэнэ гэдэг бол Үндсэн хуульд заасан хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болно.

Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил юм, Тоёота Лексус-570 маркийн автомашинтай холбоотой асуудал 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүссэн,  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1/72 тоот албан бичгээр “Тавантолгой” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг өргөн мэдүүлсэн, уг өдрөөс хойш 5 жилийн хугацааг тоолбол 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм.  Анхан шатны шүүх хурал 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан өдрөөс хойш 14 хоногийн дараа 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр болсон юм. Нэгэнт хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол ял шийтгэх хууль зүйн ямар ч боломжгүй. 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа “резин” биш болохоор яаж ч татаж, чангаагаад “сунах” учиргүй. Гэтэл 5 жил + 14 хоног. Ингээд “хөөн хэлэлцэх хугацаа” дуусаагүй гээд шийдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 14 хонож байгаа хэрэг дээр хуулийг илтэд буруугаар тайлбарлаж ял шийтгэсэн нь эрх мэдлийн түрэмгийлэл гэж ойлгохоос өөр аргагүй юм.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг бол ял завших хэлбэр биш бөгөөд эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг хэрэгсэхгүй болгодог зарчимтай юм, энэ нь ямарч хугацаа хязгааргүйгээр ямар ч хүнийг мөрдөн мөшгих, шалган байцаах, яллах, шийтгэхээс, хэлмэгдүүлэхээс сэргийлэх, хүн санаатай оргон зайлаагүй, шалгах бүрэн боломжтой байхад уг хугацаа дууссан бол уг үйлдлийг нийгэмд аюулгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгодог зарчим.

Хууль хэрэгжиж, М.Энхсайхан шударгаар шүүгдсэн бол гэм буруугүйд тооцогдох бүрэн боломж байв, харин улс төрийн оролцоо, нөлөө ихсэх, эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэх юм бол Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, ардчилал гэдэг “тунхаг” төдий “мөрөөдөл” юм гэдгийг харуулж байна. Эрүүгийн хариуцлагад татагдаж шүүхийн өмнө зогсохдоо хүн бүр төрийн машинтай нүүр тулдаг. Харин гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнд хэрхэн хандаж байгаа, эрүүгийн шүүх ажиллагаа нь тухайн улс орон хувь хүний эрх, хууль дээдлэх ёсыг хир хүндэтгэдэг болох нь харагддаг.

Бодит үнэн бол М.Энхсайханг шүүсэн ажиллагаа илт шударга бус, ялгаварлан гадуурхсан, хүний шударгаар шүүгдэх эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал юм. Хаа нэг газар дахь шударга бус явдал бусад газрынхаа шударга байдалд заналхийлдэг гэж Мартин Лютер Кинг хэлж байсан билээ. Монгол Улсын иргэн, Ерөнхий сайд асан М.Энхсайханы  зөрчигдсөн эрхийг сэргээх, улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өмгөөлөгчийн зүгээс хүсэлтээ нотлох баримтын хамт өнөөдөр хүргүүлэх болно.

Ерөнхий сайд асан М.Энхсайханы Өмгөөлөгч Д.ОРОСОО

Засгийн сайд Замын-Үүдийн мафитай тэмцсэн нь!

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрээнд түгжирсэн ачаа тээврийн асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговьд ажиллахдаа  төсвийн 163 сая төгрөгөөр санхүүжүүлсэн ариутгалын хаалганы цаадах авлигын бодит байдалтай “газар дээр” нь танилцав. Энэ бол ганцхан хаалганы асуудал биш, Монголын төрд ковидоор дамжуулан авлига, хээл хахууль хэрхэн цэцэглэж, хэдэн хурган дарга нар хөлжиж бэлжиж буйн ганц жишээ.  Ажил сайжруулах сарын хугацаатай даалгавар өгөөд ирсэн Ерөнхий сайд өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсгийг Замын-Үүд рүү илгээв.

Заригтай, гавтай, камертай очсон засгийн сайд зургаан хүн баривчилжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан нарын зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Засгийн сайд Х.Нямбаатарын хэлснээр камертай баривчилгаа цааш нь үргэлжлэх бололтой “Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна. Мөн нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч хил дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өөр орон нутагт ажиллуулах тушаал гарсан. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн даргууд гаргасан байгаа. Замын-Үүд суманд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтыг мөн хийж байна.

Covid-19 хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байна. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр ч үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно” гэжээ.

Ийнхүү Монголын хуулийнхан камерын өмнө баривчилгаа явуулдаг болоод удаж байгаа. Цаашдаа ч эл энтертаймент шоу үргэлжлэх бололтой.  Засгийн сайд Замын-Үүдийн мафитай цаашид тэмцэнэ гэсэн. Гэхдээ түүний сүржин мэдэгдэл даржин шоу үзэхэд жинхэнэ эздэд нь хандаж би баривчилгаа явууллаа шүү,та нар хол байгаарай гэсэн анхааруулга болж харагдаж байна.  Өөрөөр хэлбэл,Замын-Үүдийн мафитай тэмцэхийн тулд цаад эздийг нь баривчлах ёстой юм.

А.Анар

Ерөнхий сайд С.Баярын үйлдсэн гэх “эрүүгийн хэрэг”-ийг ярьж өгье

0

С.Баярын “хэрэг”-тэй танилцсан түүх

Ерөнхий сайд С.Баярын эрүүгийн хэргийн материалтай огт санаандгүй танилцаж, шүүх хуралд нь “хүчээр” сууж билээ. “Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг” гэх алдарт 461 хавтаст хэрэгтэй танилцаж гарын үсэг зур, энэ хэргийн шүүх хуралд оролц гэсэн учир эс хүссэн ч С.Баярын гэх хэргийн хавтаст хэрэгтэй танилцаж шүүх хуралд сайн дурын ажиглагчаар суух “завшаан” тохиосон хэрэг. Ийнхүү хэргийн материалтай бүрэн танилцаж, шүүхийн шийдвэрийг нь уншсан сониуч өмгөөлөгчийн хувиар хамар доороо гараад ирсэн энэхүү хэргийн үнэн мөнийг бичье гэж эртнээс хэл загатнаад явсан хэрэг.

Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнээс даруй 6 жилийн дараах Дубайн төлөвлөгөөний гэх хэргүүдийг прокурор анхнаасаа үндэслэлгүй нэгтгэн шалгаж эхэлсэн. Дараа нь дүүргийн шүүх эдгээр хэргийг тусгаарласны эцэст буцаад Нийслэлийн шүүх дээр эргэж нэгтгэснээ маргааш нь дахин тусгаарлах зэргээр манай шүүхийн салбар бантан зуурч хөгөө хөлдөө чирсэн юмдаг. Нийслэлийн шүүх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргүүдийг давж заалдах шатанд эргэж нэгтгээд дараа нь дахин тусгаарлахдаа “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмээр хориглоогүй” гэж хадууран шившгээ тарьсаныг хүнд хэлэхээс ч ичмээр.

Эцэст нь С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын хэргийн материалд үндэслэн С.Баярын хэргийг шийдвэрлэснээр шүүхийн түүхэнд байгаагүй булай явдал болсон. Хөөрхий, хамт улс төрийн хилс хэргээр яллуулсан атлаа Дубайн төлөвлөгөөний хэд маань С.Баяр, С.Баярцогт нарын улс төржилтөөс халгаж зайгаа барьж, нөгөөдүүл нь хань татах маягтай бөөнөөр хоморгологдон хэлмэгдэж явахдаа юу эсийг үзэхэв.

С.Баярын үйлдсэн гэх “эрүүгийн хэрэг”

Эхэндээ Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан явдлыг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйлдсэн эрүүгийн хэрэг хэмээн шалгаж эхлэв. Тэгэхээр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар зэрэг шийдвэр гаргасан төрийн эрх барих дээд байгууллагууд буюу товчхондоо улсаараа гэмт бүлэглэл болчих гээд байв. С.Баяр нэгэнтээ “Хэрэв гэрээ байгуулсан Засгийн газрын Ерөнхий сайд нь гэмт бүлгийн толгойлогч юм бол Х.Баттулга, Ц.Нямдорж нарын Засгийн газрын гишүүд гэмт бүлгийн гишүүн болж таарах уу?” хэмээн ам асуун адарч байсан удаатай. Оюу толгойн гэрээ бол УИХ, ҮАБЗ, Засгийн газрын хамтын бүтээлийг мэдсээр байж төр засгаа бүхэлд нь зохион байгуулалттай гэмт бүлэглэл хэмээн шалгасан шившигтэй түүх бидэнд үлдлээ. Ингэж сүр дуулиантай эхлүүлж олны жигшил дургүйцлийг төрүүлэх нь их танил сценари. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг улс орноо хорлон сүйтгэгч террорист гэж зарласантай адилаар С.Баярыг онц хүнд гэм хэрэг үйлдсэн мафийн толгойлогч гэж цоллон сүр дуулиантай шалгаж эхэлсэн байдаг. Удалгүй зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогч гэх зохиол нь үнэнд гүйцэгдэж, гишгэх газаргүй болсноор энэ хэрэг хэрэгсэхгүй болов. Гэхдээ С.Баярыг хоргоох нэг шалтаг нь Оюу толгойд аль эртнээс шатахуун нийлүүлэгч Петровисийн нэг үүсгэн байгуулагч нь түүний багын найз байсан явдал болов. Ингээд шатахуун нийлүүлэгч компанид Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл өгсөн гэж буруутгалаа. Оюу толгойн гэрээ 2005 оноос яригдаж эхэлсэн төдийгүй 2009 онд Монголын 2,7 сая иргэний нүдэн дээр хэлэлцэгдэж байсан учраас нууц мэдээлэл гэх зүйл байхгүй.

Мэдээлэл дамжуулсан, гэрээ байгуулах боломж олгосон гэх гэмт хэргийг С.Баяр хэзээ, хаана, хэрхэн, яаж үйлдсэн, яг ямар мэдээлэл өгсөн тухай баримт хавтаст хэрэгт бүү хэл хаана ч байхгүй тул прокурор, шүүх нь бантахдаа нотлох баримтгүйгээр ялласан гэдгээ нуудаггүй. Ер нь Оюу толгойн гэрээний талаар Петровист ямар давуу байдал олгосон, ямар мэдээлэл өгсөн нь одоо ч тодорхойгүй тул энэ мэдээллийг эрээд олсон хүн Монголд лав байхгүй. Сэжиг таамгаар хэргийг шалгаж болох ч ял шийтгэлийг бол зөвхөн нотлох баримтанд үндэслэн оноох хуулийн зарчим бий.

Дараа нь мөнгө угаасан гэх хэрэг тулгав. Хууль бус мөнгийг угаах тухай яригдахаас хууль ёсны татвар төлсөн бизнесийн орлогыг угаана гэдэг ойлголт угаас байдаггүй. Петровисийн хувь нийлүүлэгч Ч.Давааням болон С.Баярын охины АНУ-д 2005 оноос хойш эрхэлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, түрээслэх, засвар хийж зардаг бизнесийн 2009 оноос хойшхи нь мөнгө угаасан гэмт хэрэг болоодхов. Уул нь угаасан гэх мөнгөнийхөө эцсийн зарцуулалтыг мухарлаад шалгасан бол энгийн бизнес гэдэг нь тодорхой байсан ч хуулийнхан үүнийг хүссэнгүй. Татвараа төлсөн хууль ёсны орлоготой бизнесмэн мөнгө угаах ямар шаардлагатай гэж!

Мөнгө угаах гэмт хэрэгтэй дэлхий даяар тэмцдэг Америк улс өөрийн нутаг дээрх гүйлгээг хууль бус гээгүй байхад саарал жагсаалтаас чүү ай мултарсан Монгол Улс тэдний нутаг дээрх мөнгө угаах хэргийг илрүүлсэн сүрхий “гавьяа” байгуулсан байдаг. За тэгээд мөнгө угаах хэрэг нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа, ер нь бол насаараа угааж байгаа гээд яллана. Яг ийм аргаар С.Баярцогтыг мөнгө угаасаар байгаа гэж ялласан бөгөөд сүүлийн үед бүх насаараа мөнгө угаасан гэж цоллож ял өгөх нь шүүхэд тренд болоод байгаа.

Шинжээчийн дүгнэлт шүүх дээр унасан нь

Улаанбаатар хотын үнээс өндөр үнээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд шатахуун зарсан гэж харьцуулдаг шинжээчийг мэргэжлийнх гэж үзэх үү? Улаанбаатараас Чойр хүртэлх 240 км төмөр зам, цаашаа Ханбогд хүртэл 450 авто замаар тээвэрлэхийн зэрэгцээ ачих, буулгах, хадгалахаас эхлээд хүн хүч, үйл ажиллагааны зардал гардаг гэдгийг шинжээч мартсан бололтой юм. Иймээс Ханбогдын үнэ Улаанбаатараас өндөр байх нь зүйн хэрэг. Нэмээд Оюу толгойд шатахуун өндөр үнээр зарсан гэдгийг нотлохын тулд өөр цаг хугацааны шатахууны үнийг харьцуулах зэргээр дэндүү гэнэн гэмээр дүгнэлт хийсэн байдаг.

Шүүх хурал дээр шинжээч нь буруу харьцуулалт хийсэн гэдгээ зөвшөөрсөн төдийгүй дүгнэлтэнд ноцтой нөлөөлөх энгийн техник алдаанаас эхлээд хэлний мэдлэггүй орчуулгын алдаа бүхий мэргэжлийн бус дүгнэлт гаргасан нь тодорхой болов. Гэтэл бодит байдал дээр Петровис нь Ханбогд суман дахь бусад шатахуун нийлүүлэгч нараас хамгийн хямд үнээр Оюу толгой, түүний туслан гүйцэтгэгч нарт нийлүүлэлт хийж байжээ.

Хувийн компанийн бизнесийн гэрээнд төр хошуу дүрсэний харгай

Ер нь бол С.Баяр Ерөнхий сайд болсон эсэх, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан эсэхээс үл шалтгаалан Петровис нь 2002 оноос хойш Оюу толгойн төсөл дээр түлш шатахуун нийлүүлж хамтран ажиллаж байсан. Оюу толгойн ордыг илрүүлэхээс ч өмнө эрэл хайгуулын шатанд түлш шатахуунаар хангаж явсан тэд уг ордыг илрүүлэхэд Айвенхоу майнзтай хамтран ажилласан эртний түүхтэй бизнесийн байгууллагын нэг юм. Төдийгөөс өдий хүртэл 20 жил хамтран ажилласан Петровис Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед гэрээнээсээ татгалзах шалтгаан байхгүй.

Петровисийн тухайд өөрийн гэсэн шатахуун түгээх станц, стандарт хангасан лаборитори, тээврийн хэрэгслийн парк, шатахуун хадгалах агуулах, нөөц банк, 8 жилийн хамтран ажилласан туршлагатай зэрэг бусдаасаа олон давуу талтайгаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед Оюу толгойд түлш нийлүүлж байжээ. С.Баярыг Ерөнхий сайд байхад ч хожим 10 гаруй жилийн дараа эрүүгийн хэрэгт буруутгагдаж, цагдан хоригдох үед ч, өнөөдөр ял шийтгэгдэн шоронд сууж байхад ч Оюу толгой компанитай хамтран ажилласаар байна. Угаас шатахуун нийлүүлэх боломжтой үндэсний цөөхөн компаниудын нэг.

С.Баярыг буруутгах нь их өндөр үнэтэй бололтой юм. Манай хууль шүүхийн байгууллага хувийн хэвшлийн бизнест хошуу дүрж гадаадын хөрөнгө оруулалттай “Оюу толгой” ХХК-д хохиролтой, үндэсний хөрөнгө оруулагч Петровисд ашигтай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан гэх хэргийг шалгаж эхлэв. Хохирсон гэх Оюу толгой нь энэ талаар огт гомдол гаргаагүй, ганц ч төгрөг нэхэмжлээгүй байхад хоёр компанийн бизнесийн хэлцлийг сайн дураараа шүүгээд суудаг хууль шүүхийн байгууллагыг яалтай билээ. Наанадаж өндөр үнэтэй шатахуун авч хохирсон гэх Оюу толгойг хохирогчоор тогтоох ёстой биз дээ.

Оюу толгой төслийг өрөөсөн нүдээрээ үздэгүй төр засаг маань С.Баярыг буруутгах тал дээр бол Оюу толгойд жигтэйхэн хайр зарлаад сайн дураараа өмнөөс нь гүйлдэнэ. Бизнесийн байгууллага хоорондын гэрээ хэлцэл Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж мэлзэх атлаа түүнийгээ нотолж чадахгүй прокуроруудтай хууль ярих хэцүү. Монгол Улсад хүнд хор уршиг учруулсанаа нотолж чадахгүй болмогц бусад байгууллагад өрсөлдөх боломж олгоогүй гэж санаа зовнино. Тендерийн хууль хувийн хэвшилд падгүй гэдгийг тэд мэддэггүй бололтой юм. Гомдоогүй, хохироогүй Оюу толгойд Монголын шүүх, прокурор санаа их зовсон учир С.Баярыг яллаж үзүүлсэн бололтой.

Нарийн ярьвал Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 онд Оюу толгой, түүний туслан гүйцэтгэгч нартай Петровис нь өмнөх жилүүдээс харьцангуй алдагдалтай гэрээ байгуулсан байдаг.

Шатахуун түлш нийлүүлэх гэрээний бизнес загвар их энгийн. Шатахууны үнийг импортлогч нар өөрсдөө тогтоох боломжгүй. ОХУ-ын Роснефтээс худалдан авах үнэ, тээвэр, татвар, үйл ажиллагааны зардлаа хасаад 5 хувийн ашиг авах нөхцлөөр нийлүүлдэг юм байна. Тэгэхээр гэрээний үнээ дураараа зохиодог ч юм биш, импортын бүтээгдэхүүний үнийг Монголчууд тогтоох, тохируулга хийх эрхгүй бөгөөд энэ тал дээр хараат улс.

Эцэст нь Оюу толгой гомдоогүй, Петровис хохироогоогүй, Монгол Улсад хүнд хор уршиг учраагүй нь нэг үгээр хонь бүрэн, чоно цатгалан ч харин С.Баяр болон багын найз нь буруудах ёстой болж таарлаа.

Хууль шүүхийн байгууллагын завхрал хэзээ засагдах вэ?

С.Баярыг буруутгах шалтаг нь ердөө л Оюу толгойтой хамтран ажилладаг Петровис компанийн нэг үүсгэн байгуулагчтай багын найз, мөн багын найз болон охин нь АНУ-д хамтран үл хөдлөх эд хөрөнгийн бизнес хийдэг явдал байв. Ингээд 2002, 2005 оноос үргэлжилсэн бизнесийн 2009 оноос хойшхи нь гэмт хэрэг болж хувирсан. Үүнийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээтэй хүчээр механикаар холбон тайлбарласны дээр зарим улс төрчийн хувийн байр суурь, нефть импортлогч өрсөлдөгч компанийн сураг төдий “ийм яриа сонсогдож байсан, тэгсэн юм шиг байна лээ, гэхдээ хэн ярьсаныг нь мэдэхгүй” зэрэг явган хов живийг гэрчийн мэдүүлгээр үнэлж нэмж давслаад буруутгаж орхисон байдаг.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн нэг онцлог нь заавал хууль зөрчсөн байхыг шаарддаг. Шүүхийн шийдвэрээс үзэхэд С.Баярыг яг ямар хууль зөрчсөнийг шүүх тогтоосон зүйл алга. Оюу толгой Хөрөнгө оруулалтын гэрээ нь тус төсөлд түлш шатахуун нийлүүлж байсан гэрээтэй ямар шалтгаант холбоотойг тогтоосон нотлох баримт бүр ч алга.

Прокурорын үгээр бол одоо ч түлш нийлүүлэгчийн давуу байдал үргэлжилж байгаа юм байх. Мань С.Баяр, Ч.Давааням нарыг хэрэгт шалгаж, цагдан хорьж, ял шийтгэсэн ч үйлдэл нь үргэлжлээд байгаа юм байхаа.

Оюу толгой, Петровис компаниуд хэний ч нөлөөгүй 20 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа төдийгүй 2009 оны буруутгагдсан гэрээг өнөөдөр хэн ч хууль бус гэж тогтоогоогүй байхад хууль шүүхийн байгууллага хөндлөнгөөс хувийн бизнест хошуу дүрэн хутгалдаж улмаар хүссэн улс төрчөө ялласнаар сая санаа амрав бололтой.

Ерөнхий сайд С.Баярыг ял эдэлж байхад нь уучлалт хүссэн өргөдлөө өгвөл ёсоор болгох саналыг нэлээд хэдэн сарын өмнө хүргүүлсэн байдаг. Хийгээгүй хэрэгтээ хилсээр ял шийтгэгдсэн С.Баяр уучлал гуйхаас эрс татгалзсан учир өнөөдрийг хүртэл хоригдлоо.

Дуулиантай хэргүүдийг энэ мэтчилэн шийддэг шүүх маань энгийн иргэдээ яаж хууль завхруулан ялладаг бол гэж бодохоос заримдаа яс хавталздагийг нуух юун…

Б.Баяраа