2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Засгийн сайд Замын-Үүдийн мафитай тэмцсэн нь!

Засгийн сайд Замын-Үүдийн мафитай тэмцсэн нь!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрээнд түгжирсэн ачаа тээврийн асуудлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговьд ажиллахдаа  төсвийн 163 сая төгрөгөөр санхүүжүүлсэн ариутгалын хаалганы цаадах авлигын бодит байдалтай “газар дээр” нь танилцав. Энэ бол ганцхан хаалганы асуудал биш, Монголын төрд ковидоор дамжуулан авлига, хээл хахууль хэрхэн цэцэглэж, хэдэн хурган дарга нар хөлжиж бэлжиж буйн ганц жишээ.  Ажил сайжруулах сарын хугацаатай даалгавар өгөөд ирсэн Ерөнхий сайд өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд багтсан шалгалтын ажлын хэсгийг Замын-Үүд рүү илгээв.

Заригтай, гавтай, камертай очсон засгийн сайд зургаан хүн баривчилжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан нарын зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Засгийн сайд Х.Нямбаатарын хэлснээр камертай баривчилгаа цааш нь үргэлжлэх бололтой “Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна. Мөн нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч хил дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өөр орон нутагт ажиллуулах тушаал гарсан. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн даргууд гаргасан байгаа. Замын-Үүд суманд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтыг мөн хийж байна.

Covid-19 хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байна. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр ч үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно” гэжээ.

Ийнхүү Монголын хуулийнхан камерын өмнө баривчилгаа явуулдаг болоод удаж байгаа. Цаашдаа ч эл энтертаймент шоу үргэлжлэх бололтой.  Засгийн сайд Замын-Үүдийн мафитай цаашид тэмцэнэ гэсэн. Гэхдээ түүний сүржин мэдэгдэл даржин шоу үзэхэд жинхэнэ эздэд нь хандаж би баривчилгаа явууллаа шүү,та нар хол байгаарай гэсэн анхааруулга болж харагдаж байна.  Өөрөөр хэлбэл,Замын-Үүдийн мафитай тэмцэхийн тулд цаад эздийг нь баривчлах ёстой юм.

А.Анар

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!