2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР2Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол хүн ер нь ямар мөрөөдөлтэй байдаг вэ? Би өөрийгөө дундаж монгол гэж бат итгэдгийн хувьд том толгойлж өөрийнхөө бодож явсан, бодож яваа мөрөөдлөө чамд ярьж өгье. Мөрөөдөлтэй байх, зорилготой байх гэдэг хоёр юм нэг хэсэг мөрөн дээр жин дарж суучихаад зовоож өгдөг байв. Би ганцаараа мөрөөдөлгүй ч юм шиг, алсын зорилгогүй болохоор ойрын зовлондоо түүртээд ч яваа юм шиг санагдаад шаналж явсан өдөр хоногууд олон байна. Одоо ч хааяа өнөөх давтагддаг бодолдоо автаад эморчихсон л сууж байдаг.

Би арван жилд байхаасаа зүгээр сайхан хүүхдээ сайн хүмүүжүүлчих хэмжээнд ээж болъё л гэж мөрөөддөг охин байв. Тэгээд эргэн тойрныхон, инфлюнсер ах эгч нар гарч ирээд том мөрөөд гэдэг мессежийг талаар нэг тарааснаас болоод миний мөрөөдөл жижиг ч юм шиг санагдаад өөртөө энэ асуултыг ойр ойрхон тавих болсон юмдаг. Мөрөөдөл гэдэг юмыг ойлгохын тулд нөгөө талаас өөрийнхөө хувьд хэвийн гэдэг тодорхойлолт, хэмжүүрээ тодорхой болгох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Манай өмнөд Америк найз байдаг юм. Эмээ нь франц өвөө нь герман аав нь Швейцарт төрсөн, ээж нь африкийн шар, өөрөө Өмнөд Африкт төрсөн шар арьстан. Үндэстний хувьд жинхэнэ холимог хуурга учраас хэлний чадвар төрөхөд нь өгөгдчихсөн өгөгдөл. Дэлхийн нэг хэсэгт хүний төрөхөөсөө өгөгдчихсөн өгөгдлийг бидний ихэнх нь мөрөөддөг. Хоёр гурван хэлтэй л болчих юмсан… Заа алсын тэр африкийн охиныг амгалан орхиё энэ хүрээд.

“Энэ л амьдрал шдээ” гэж бодох буюу “Хөх цэгний нөлөө”

Миний сонсож байсан подкастуудаас хамгийн гүнзгий сэртгийлэм мэдрэмж төрүүлсэн нь Хүлээлгийн өрөө подкастны эцэгтээ хүчиндүүлдэг байсан охины орсон дугаар байсан юм. Тэр охины хэлсэн нэг үг олон хоног чихэнд сонсогдож явсан. “Энэ л амьдрал юм байна гэж бодсон” гэдэг үг. Хүчиндүүлэх нь, хүүхдээрээ хэрнээ дүүгээ хамгаалаад сэтгэл, биеэрээ хохирох нь… энэ л амьдрал юм байна гэж тэр бодсон байсан тухайн үед. Тэр подкастыг сонсноос хоёр сарын дараа “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” нэрт номоороо монголчуудад танил болсон Марк Мэйнсоны дараагийн номноос “энэ л амьдрал юм байна” гэдэг үгнийхээ учрыг олсон.

Сэтгэл судлаачид “хөх цэгний нөлөө” нэртэй нэгэн туршилт явуулжээ. Цагаанаас хүнд хөх хүртэлх бүх уусалтаар ягаан, нил ягаан, хөх, цэнхэр, цагаан гээд бөмбөлгүүдийг оролцогчдод дэлгэцэнд харуулна. Аажмаар өнгө нь солигдох дэлгэцийг хараад оролцогчид ямар өнгө давамгайлж байгааг хэлэх ёстой. Судлаачид анхандаа хөх өнгийн бөмбөлгийг түлхүү харуулж нүдэнд нь дасгаж байгаад аажмаар бөмбөлгийн өнгийг нил ягаан, ягаан зэргээр сольжээ. Гэвч оролцогчид анхнаасаа харж дадсан өнөөх өнгөөрөө буюу дэлгэцэн дээр ихэнх бөмбөлөг хөх өнгөтэй байна л гээд байсан аж. Эндээс хүн юмыг хэвийн гэж хүлээж авахдаа өөрийн анх авсан мэдрэмж, дассан зандаа тохируулна уу гэхээс нийгмийн хүлээлт, олон нийтийн шахалт энэ тэр тийм ч хамаатай байдаггүй байх нь.

Энэ хүртэл нуршсан нь нөгөөх дундаж монгол хүний хэвийн гэж боддог зүйлийг ойлгох, тэр хэвийнээс давбал зорилго тэрнээс цааш халихаар мөрөөдөл болох зүй тогтол харагдсных. Миний ажиглалтаар манай нийгмийн хэвийн гэдэг ойлголт “сүртэй шдээ” гэдэг үгтэй эн тэнцүү. Тийм ядмаг учраас миний арван жилийн мөрөөдөл хүүхэд хүмүүжүүлэх буюу за нэг үсрээд дөрвөн хүний амьдралд нөлөөлөх, өөрчлөх тухай явцуудуу байжээ гэж боддог.

Дундаж монгол Долгорын одоогийн мөрөөдөл

Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр нөхөн үржихүйн эд насанд хүрсэн ч Долгор ээж болж амжаагүй байгаа. Гэхдээ шинэ шинэ мөрөөдлүүдтэй болсон. Дундаж монгол Долгорууд олон болоосой. Энэ миний хамгийн том мөрөөдөл. Дүлгэнэж ядаад дөрвөн хүн л үүсгэх тухай бодож зүрхэлдэг байсан би одоо бидний дунджууд олон болно гэдэг итгэлтэй байдаг болсон. Нөгөө өмнөх нийтлэл дээр чамд ярьж өгсөн таван гайг нийтээрээ гаталчих юмсан. Долгор өөрөө, Долгортой адилхан монголчууд ч бас өлөн зангаа засаасай, юм үзэж, нүд тайлаасай, зоригтой махруу байгаасай гэж хүсдэг.

Бид америкчуудаас дутуу биш, африкуудаас ч илүү биш. Биологи, физиологиороо яг адилхан өгөгдөлтэй яг адилхан хүмүүс. Гэхдээ бидний хэвийн хэмжүүрүүд өөр. Бидний Долгорууд ядаж олигтой өлсөж ч үзээгүй, махийтлаа нийтээрээ ажиллаж ч үзээгүй. Бид үнэндээ юу ч үзээгүй, маш өлөн дээрээ байгаа санагддаг.

Чиний мөрөөдөл юу вэ? Чамд байгаа хэвийн хэмжүүрээс хэр хол вэ? Хүсвэл бодлоо хуваалцаарай.

Зам болгон энд авч ирдэг Истанбулд дүүрсэн талаасаа буцаж нуугдсан дүгэрэг шахуу сар ширтэнгээ чамд зориулж бичив. Дундаж монгол Долгор нь…

Дундаж монгол Долгор ба Google map-IV

Малчин удмын Долгор би шинэ содон газар үзэх хүсэлтэй, тэр хүсэлдээ эрдэгдээд ганцаараа байсан ч гараад шидчихдэг зоригтой нэмээд жоохон тэнэгдүү хүн л дээ. Альпийн нурууны үзүүр, сүрдэм Барро нэрт хайрханд ганцаараа авираад гарчихсны сацуу миний таамгаар сүүлийн гуч ч юмуу дөчин жилийн дотор тэр ууланд таавчиктай өгсөж гарсан ганц хүн байх хэхэ. Онгироо байна уу, яадын дундаж монгол хүн чинь энэ хэртэй онгирдог байх. Ганцаараа энд тэнд төөрчихөлгүй замаа олоод явахад мэдээж хамгийн сайн туслагч бол Гүүгл газрын зураг /Google map/. Гэхдээ гүүгл газрын зураг тийм ч хэрэглэгчээ бодсон аппликшн биш л дээ. Хэрэглэгч бүрийг бодох ч албагүй л дээ. Энгийнгээр тайлбарлавал тэр газрын зургийг ашиглаж явсан хүмүүсийн замыг л тэмдэглэсэн апп. Тэртээд хөхрөгч алсын уул чиглээд хөдөө явах талаар, тэр олон боломж дунд явж байгаа хэрнээ л тод ганцыг нь дагаад явдаг даа. Яг л тийм. Ихэнх хүн тэр хэсгээр гүүгл газрын зургийг барьж, дагаж алхаснаас болоод тодорчихсон, дараа нь чамд санал болгож байгаа тийм л аппликэшн. Сайхан нь гүүгл мап дагаж алхвал чи төөрөхгүй. Газраа олоод очно, асуудалгүй. Гэхдээ муу нь чамайг амар хялбарт сургана, адал явдлаас ангид байлгана, заримдаа чамайг сунжирсан урт замаар хөтлөнө. Тэгээд хамгийн гунигтай нь газрын зургаа л ширтээд явбал хамаг сонирхолтой хэсэг хажуугаар чинь шурт гээд зөрөөд өнгөрнө.

За нуршихгүй чамд анхааруулах хоёр, гуравхан зөвөлгөөгөө бичье.

  • Хэрвээ аяллаар огт танихгүй газар алхаж байгаа бол гүүгл ахаас чигээ асуучих тэгээд тэр зүгийг чиглээд зориглоод алх. Алхаж байхдаа хажуугаар өнгөрөх содон сонин зүйлийг сонжоод алхаарай. Дараа нь чамд хэрэг болно. Гүүгл хэчнээн тэмдэглэхдээ, чамд санал болгохдоо сайн ч чиний биеэрээ үзсэн, харсан, туулсан бүхнийг яагаад ч гүйцэхгүй.
  • Цагт баригдаж, юманд яарч байгаа бол гүүглийн зааврыг яг дага. Ийм эгзэгтэй үед эрсдэл гаргаад дэмий. Дараагийн унаанд яарах, товлосон цаг эхлэх зэрэгт бол гүүглээ сонсчихсон нь ононо.
  • Гүүгл газрын зураг дээр #review гэж хэсэг бий. Үзээд харчихсан хүмүүс өөрийн туршлагаа бичээд үлдээчихсэн хэсэг. Энэ хэсгээс чи жинхэнэ туршлагыг олох бөгөөд жишээ нь ресторан байлаа гэхэд хоолны цэс нь үнэ ханштайгаа байж байдаг. Тэр хэсгийг сонжиж харж байгаарай. Гол нь гүүглийн энэ хэсэгт өөрийн туршлага, мэдрэмжээ үлдээж байгаарай. Дараа дараагийн дундаж Монгол хүнд чинь тус болно.

Таван өөр улсад энэ аппыг хэрэглэж үзсэн хүний өгөх хамгийн чухал мессеж бол хүний зөвлөгөөг дага, гэхдээ өөрийнхөөрөө яв. Чиний зам бол чиний л зам. А цэгээс Б цэгт хүрэх арван зуун боломж байгаа. Бусдын зөвлөгөөг ав, гэхдээ өөрийнхөөрөө туул. Амьдралын зөвлөгөө шиг уншигдахгүй байна гэж үү. Тийм шүү, төөрч будилсан, товчилсон оносон ч миний л зам. Нэмээд “бичээд үлдээ”, өөрөө ямар замаар яаж алхснаа. Бусад хүмүүст хэрэг болно. Монгол хүн байна даа, нэг нэгэндээ тустай амьдарцгаая.

Дундаж Монгол Долгор /inews.mn/

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!