2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР2Ерөнхий сайд С.Баярын үйлдсэн гэх “эрүүгийн хэрэг”-ийг ярьж өгье

Ерөнхий сайд С.Баярын үйлдсэн гэх “эрүүгийн хэрэг”-ийг ярьж өгье

С.Баярын “хэрэг”-тэй танилцсан түүх

Ерөнхий сайд С.Баярын эрүүгийн хэргийн материалтай огт санаандгүй танилцаж, шүүх хуралд нь “хүчээр” сууж билээ. “Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг” гэх алдарт 461 хавтаст хэрэгтэй танилцаж гарын үсэг зур, энэ хэргийн шүүх хуралд оролц гэсэн учир эс хүссэн ч С.Баярын гэх хэргийн хавтаст хэрэгтэй танилцаж шүүх хуралд сайн дурын ажиглагчаар суух “завшаан” тохиосон хэрэг. Ийнхүү хэргийн материалтай бүрэн танилцаж, шүүхийн шийдвэрийг нь уншсан сониуч өмгөөлөгчийн хувиар хамар доороо гараад ирсэн энэхүү хэргийн үнэн мөнийг бичье гэж эртнээс хэл загатнаад явсан хэрэг.

Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнээс даруй 6 жилийн дараах Дубайн төлөвлөгөөний гэх хэргүүдийг прокурор анхнаасаа үндэслэлгүй нэгтгэн шалгаж эхэлсэн. Дараа нь дүүргийн шүүх эдгээр хэргийг тусгаарласны эцэст буцаад Нийслэлийн шүүх дээр эргэж нэгтгэснээ маргааш нь дахин тусгаарлах зэргээр манай шүүхийн салбар бантан зуурч хөгөө хөлдөө чирсэн юмдаг. Нийслэлийн шүүх нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргүүдийг давж заалдах шатанд эргэж нэгтгээд дараа нь дахин тусгаарлахдаа “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмээр хориглоогүй” гэж хадууран шившгээ тарьсаныг хүнд хэлэхээс ч ичмээр.

Эцэст нь С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын хэргийн материалд үндэслэн С.Баярын хэргийг шийдвэрлэснээр шүүхийн түүхэнд байгаагүй булай явдал болсон. Хөөрхий, хамт улс төрийн хилс хэргээр яллуулсан атлаа Дубайн төлөвлөгөөний хэд маань С.Баяр, С.Баярцогт нарын улс төржилтөөс халгаж зайгаа барьж, нөгөөдүүл нь хань татах маягтай бөөнөөр хоморгологдон хэлмэгдэж явахдаа юу эсийг үзэхэв.

С.Баярын үйлдсэн гэх “эрүүгийн хэрэг”

Эхэндээ Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан явдлыг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйлдсэн эрүүгийн хэрэг хэмээн шалгаж эхлэв. Тэгэхээр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар зэрэг шийдвэр гаргасан төрийн эрх барих дээд байгууллагууд буюу товчхондоо улсаараа гэмт бүлэглэл болчих гээд байв. С.Баяр нэгэнтээ “Хэрэв гэрээ байгуулсан Засгийн газрын Ерөнхий сайд нь гэмт бүлгийн толгойлогч юм бол Х.Баттулга, Ц.Нямдорж нарын Засгийн газрын гишүүд гэмт бүлгийн гишүүн болж таарах уу?” хэмээн ам асуун адарч байсан удаатай. Оюу толгойн гэрээ бол УИХ, ҮАБЗ, Засгийн газрын хамтын бүтээлийг мэдсээр байж төр засгаа бүхэлд нь зохион байгуулалттай гэмт бүлэглэл хэмээн шалгасан шившигтэй түүх бидэнд үлдлээ. Ингэж сүр дуулиантай эхлүүлж олны жигшил дургүйцлийг төрүүлэх нь их танил сценари. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг улс орноо хорлон сүйтгэгч террорист гэж зарласантай адилаар С.Баярыг онц хүнд гэм хэрэг үйлдсэн мафийн толгойлогч гэж цоллон сүр дуулиантай шалгаж эхэлсэн байдаг. Удалгүй зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогч гэх зохиол нь үнэнд гүйцэгдэж, гишгэх газаргүй болсноор энэ хэрэг хэрэгсэхгүй болов. Гэхдээ С.Баярыг хоргоох нэг шалтаг нь Оюу толгойд аль эртнээс шатахуун нийлүүлэгч Петровисийн нэг үүсгэн байгуулагч нь түүний багын найз байсан явдал болов. Ингээд шатахуун нийлүүлэгч компанид Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл өгсөн гэж буруутгалаа. Оюу толгойн гэрээ 2005 оноос яригдаж эхэлсэн төдийгүй 2009 онд Монголын 2,7 сая иргэний нүдэн дээр хэлэлцэгдэж байсан учраас нууц мэдээлэл гэх зүйл байхгүй.

Мэдээлэл дамжуулсан, гэрээ байгуулах боломж олгосон гэх гэмт хэргийг С.Баяр хэзээ, хаана, хэрхэн, яаж үйлдсэн, яг ямар мэдээлэл өгсөн тухай баримт хавтаст хэрэгт бүү хэл хаана ч байхгүй тул прокурор, шүүх нь бантахдаа нотлох баримтгүйгээр ялласан гэдгээ нуудаггүй. Ер нь Оюу толгойн гэрээний талаар Петровист ямар давуу байдал олгосон, ямар мэдээлэл өгсөн нь одоо ч тодорхойгүй тул энэ мэдээллийг эрээд олсон хүн Монголд лав байхгүй. Сэжиг таамгаар хэргийг шалгаж болох ч ял шийтгэлийг бол зөвхөн нотлох баримтанд үндэслэн оноох хуулийн зарчим бий.

Дараа нь мөнгө угаасан гэх хэрэг тулгав. Хууль бус мөнгийг угаах тухай яригдахаас хууль ёсны татвар төлсөн бизнесийн орлогыг угаана гэдэг ойлголт угаас байдаггүй. Петровисийн хувь нийлүүлэгч Ч.Давааням болон С.Баярын охины АНУ-д 2005 оноос хойш эрхэлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, түрээслэх, засвар хийж зардаг бизнесийн 2009 оноос хойшхи нь мөнгө угаасан гэмт хэрэг болоодхов. Уул нь угаасан гэх мөнгөнийхөө эцсийн зарцуулалтыг мухарлаад шалгасан бол энгийн бизнес гэдэг нь тодорхой байсан ч хуулийнхан үүнийг хүссэнгүй. Татвараа төлсөн хууль ёсны орлоготой бизнесмэн мөнгө угаах ямар шаардлагатай гэж!

Мөнгө угаах гэмт хэрэгтэй дэлхий даяар тэмцдэг Америк улс өөрийн нутаг дээрх гүйлгээг хууль бус гээгүй байхад саарал жагсаалтаас чүү ай мултарсан Монгол Улс тэдний нутаг дээрх мөнгө угаах хэргийг илрүүлсэн сүрхий “гавьяа” байгуулсан байдаг. За тэгээд мөнгө угаах хэрэг нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа, ер нь бол насаараа угааж байгаа гээд яллана. Яг ийм аргаар С.Баярцогтыг мөнгө угаасаар байгаа гэж ялласан бөгөөд сүүлийн үед бүх насаараа мөнгө угаасан гэж цоллож ял өгөх нь шүүхэд тренд болоод байгаа.

Шинжээчийн дүгнэлт шүүх дээр унасан нь

Улаанбаатар хотын үнээс өндөр үнээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд шатахуун зарсан гэж харьцуулдаг шинжээчийг мэргэжлийнх гэж үзэх үү? Улаанбаатараас Чойр хүртэлх 240 км төмөр зам, цаашаа Ханбогд хүртэл 450 авто замаар тээвэрлэхийн зэрэгцээ ачих, буулгах, хадгалахаас эхлээд хүн хүч, үйл ажиллагааны зардал гардаг гэдгийг шинжээч мартсан бололтой юм. Иймээс Ханбогдын үнэ Улаанбаатараас өндөр байх нь зүйн хэрэг. Нэмээд Оюу толгойд шатахуун өндөр үнээр зарсан гэдгийг нотлохын тулд өөр цаг хугацааны шатахууны үнийг харьцуулах зэргээр дэндүү гэнэн гэмээр дүгнэлт хийсэн байдаг.

Шүүх хурал дээр шинжээч нь буруу харьцуулалт хийсэн гэдгээ зөвшөөрсөн төдийгүй дүгнэлтэнд ноцтой нөлөөлөх энгийн техник алдаанаас эхлээд хэлний мэдлэггүй орчуулгын алдаа бүхий мэргэжлийн бус дүгнэлт гаргасан нь тодорхой болов. Гэтэл бодит байдал дээр Петровис нь Ханбогд суман дахь бусад шатахуун нийлүүлэгч нараас хамгийн хямд үнээр Оюу толгой, түүний туслан гүйцэтгэгч нарт нийлүүлэлт хийж байжээ.

Хувийн компанийн бизнесийн гэрээнд төр хошуу дүрсэний харгай

Ер нь бол С.Баяр Ерөнхий сайд болсон эсэх, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан эсэхээс үл шалтгаалан Петровис нь 2002 оноос хойш Оюу толгойн төсөл дээр түлш шатахуун нийлүүлж хамтран ажиллаж байсан. Оюу толгойн ордыг илрүүлэхээс ч өмнө эрэл хайгуулын шатанд түлш шатахуунаар хангаж явсан тэд уг ордыг илрүүлэхэд Айвенхоу майнзтай хамтран ажилласан эртний түүхтэй бизнесийн байгууллагын нэг юм. Төдийгөөс өдий хүртэл 20 жил хамтран ажилласан Петровис Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед гэрээнээсээ татгалзах шалтгаан байхгүй.

Петровисийн тухайд өөрийн гэсэн шатахуун түгээх станц, стандарт хангасан лаборитори, тээврийн хэрэгслийн парк, шатахуун хадгалах агуулах, нөөц банк, 8 жилийн хамтран ажилласан туршлагатай зэрэг бусдаасаа олон давуу талтайгаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед Оюу толгойд түлш нийлүүлж байжээ. С.Баярыг Ерөнхий сайд байхад ч хожим 10 гаруй жилийн дараа эрүүгийн хэрэгт буруутгагдаж, цагдан хоригдох үед ч, өнөөдөр ял шийтгэгдэн шоронд сууж байхад ч Оюу толгой компанитай хамтран ажилласаар байна. Угаас шатахуун нийлүүлэх боломжтой үндэсний цөөхөн компаниудын нэг.

С.Баярыг буруутгах нь их өндөр үнэтэй бололтой юм. Манай хууль шүүхийн байгууллага хувийн хэвшлийн бизнест хошуу дүрж гадаадын хөрөнгө оруулалттай “Оюу толгой” ХХК-д хохиролтой, үндэсний хөрөнгө оруулагч Петровисд ашигтай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан гэх хэргийг шалгаж эхлэв. Хохирсон гэх Оюу толгой нь энэ талаар огт гомдол гаргаагүй, ганц ч төгрөг нэхэмжлээгүй байхад хоёр компанийн бизнесийн хэлцлийг сайн дураараа шүүгээд суудаг хууль шүүхийн байгууллагыг яалтай билээ. Наанадаж өндөр үнэтэй шатахуун авч хохирсон гэх Оюу толгойг хохирогчоор тогтоох ёстой биз дээ.

Оюу толгой төслийг өрөөсөн нүдээрээ үздэгүй төр засаг маань С.Баярыг буруутгах тал дээр бол Оюу толгойд жигтэйхэн хайр зарлаад сайн дураараа өмнөөс нь гүйлдэнэ. Бизнесийн байгууллага хоорондын гэрээ хэлцэл Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж мэлзэх атлаа түүнийгээ нотолж чадахгүй прокуроруудтай хууль ярих хэцүү. Монгол Улсад хүнд хор уршиг учруулсанаа нотолж чадахгүй болмогц бусад байгууллагад өрсөлдөх боломж олгоогүй гэж санаа зовнино. Тендерийн хууль хувийн хэвшилд падгүй гэдгийг тэд мэддэггүй бололтой юм. Гомдоогүй, хохироогүй Оюу толгойд Монголын шүүх, прокурор санаа их зовсон учир С.Баярыг яллаж үзүүлсэн бололтой.

Нарийн ярьвал Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 онд Оюу толгой, түүний туслан гүйцэтгэгч нартай Петровис нь өмнөх жилүүдээс харьцангуй алдагдалтай гэрээ байгуулсан байдаг.

Шатахуун түлш нийлүүлэх гэрээний бизнес загвар их энгийн. Шатахууны үнийг импортлогч нар өөрсдөө тогтоох боломжгүй. ОХУ-ын Роснефтээс худалдан авах үнэ, тээвэр, татвар, үйл ажиллагааны зардлаа хасаад 5 хувийн ашиг авах нөхцлөөр нийлүүлдэг юм байна. Тэгэхээр гэрээний үнээ дураараа зохиодог ч юм биш, импортын бүтээгдэхүүний үнийг Монголчууд тогтоох, тохируулга хийх эрхгүй бөгөөд энэ тал дээр хараат улс.

Эцэст нь Оюу толгой гомдоогүй, Петровис хохироогоогүй, Монгол Улсад хүнд хор уршиг учраагүй нь нэг үгээр хонь бүрэн, чоно цатгалан ч харин С.Баяр болон багын найз нь буруудах ёстой болж таарлаа.

Хууль шүүхийн байгууллагын завхрал хэзээ засагдах вэ?

С.Баярыг буруутгах шалтаг нь ердөө л Оюу толгойтой хамтран ажилладаг Петровис компанийн нэг үүсгэн байгуулагчтай багын найз, мөн багын найз болон охин нь АНУ-д хамтран үл хөдлөх эд хөрөнгийн бизнес хийдэг явдал байв. Ингээд 2002, 2005 оноос үргэлжилсэн бизнесийн 2009 оноос хойшхи нь гэмт хэрэг болж хувирсан. Үүнийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээтэй хүчээр механикаар холбон тайлбарласны дээр зарим улс төрчийн хувийн байр суурь, нефть импортлогч өрсөлдөгч компанийн сураг төдий “ийм яриа сонсогдож байсан, тэгсэн юм шиг байна лээ, гэхдээ хэн ярьсаныг нь мэдэхгүй” зэрэг явган хов живийг гэрчийн мэдүүлгээр үнэлж нэмж давслаад буруутгаж орхисон байдаг.

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн нэг онцлог нь заавал хууль зөрчсөн байхыг шаарддаг. Шүүхийн шийдвэрээс үзэхэд С.Баярыг яг ямар хууль зөрчсөнийг шүүх тогтоосон зүйл алга. Оюу толгой Хөрөнгө оруулалтын гэрээ нь тус төсөлд түлш шатахуун нийлүүлж байсан гэрээтэй ямар шалтгаант холбоотойг тогтоосон нотлох баримт бүр ч алга.

Прокурорын үгээр бол одоо ч түлш нийлүүлэгчийн давуу байдал үргэлжилж байгаа юм байх. Мань С.Баяр, Ч.Давааням нарыг хэрэгт шалгаж, цагдан хорьж, ял шийтгэсэн ч үйлдэл нь үргэлжлээд байгаа юм байхаа.

Оюу толгой, Петровис компаниуд хэний ч нөлөөгүй 20 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа төдийгүй 2009 оны буруутгагдсан гэрээг өнөөдөр хэн ч хууль бус гэж тогтоогоогүй байхад хууль шүүхийн байгууллага хөндлөнгөөс хувийн бизнест хошуу дүрэн хутгалдаж улмаар хүссэн улс төрчөө ялласнаар сая санаа амрав бололтой.

Ерөнхий сайд С.Баярыг ял эдэлж байхад нь уучлалт хүссэн өргөдлөө өгвөл ёсоор болгох саналыг нэлээд хэдэн сарын өмнө хүргүүлсэн байдаг. Хийгээгүй хэрэгтээ хилсээр ял шийтгэгдсэн С.Баяр уучлал гуйхаас эрс татгалзсан учир өнөөдрийг хүртэл хоригдлоо.

Дуулиантай хэргүүдийг энэ мэтчилэн шийддэг шүүх маань энгийн иргэдээ яаж хууль завхруулан ялладаг бол гэж бодохоос заримдаа яс хавталздагийг нуух юун…

Б.Баяраа

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!