2025.06.20, Баасан
spot_img

Хөгжлийн банкийг “хөмрөгсөд”

0

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зарим яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн юм. Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар оролцож байна.

Нийслэлийн Прокурорын газраас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд нэр, нөлөө бүхий улстөрчид энэ хэрэгт холбогдсон.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас АТГ өнгөрөгч онд Хөгжлийн банкны асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан байдаг. УИХ-ын нээлттэй сонсголд түүнийг дуудаж, гишүүн Н.Энхбаяр аядуу зөөлнөөр түүнээс асуулт авсан билээ. Х.Баттулга нь зөвлөх Ц.Ууганбаяр, МоАХ-ны дэд дарга Г.Байгалмаа нараар дамжуулан Хөгжлийн банкийг “тоноход” оролцсон байж болзошгүй гэх хардлага байгаа. Ямартай ч Хөгжлийн банкнаас 142 тэрбумын зээл авч, найдваргүй зээлэгдэгчийн тоонд орсон “Нью Яармаг хаусинг прожект” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын өнгөрсөн онд цагдаа нар баривчлан саатуулсан. Түүнтэй хамт Хөгжлийн банкны хэргээр хууль шүүхэд дуудагдсан хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа. Тэрбээр МоАХ-ны байрыг барьцаалж, Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгасан хэрэгт буруутгагдаж буй агаад шүүх шинжилгээгээр экс Ерөнхийлөгчийн гарын үсэг болох нь тогтоогдсон гэх мэдээлэл гарсан.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан нь танил талдаа зээл олгож, давуу эрх бий болгосон гэх дуулианд холбогдож, Авлигатай тэмцэх газар /АТГ/хэргийг шалгаж буй.

АТГ нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнгөрсөн хавар УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүдийн олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзэж байсан билээ.

Мөн Монгол Улсын “эзэн” явсан алдарт сахал Д.Эрдэнэбилэг, анхнаасаа зээл аваад мурих зорилготой байсан “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат нар шүүхийн үүдэнд “чулуу няслахад” хүрсэн. Д.Эрдэнэбилэгийн энэ хэргээр өнгөрсөн онд мөн баривчлан саатуулсан юм.

Ийнхүү Хөгжлийн банкийг хөнжлийн болгосон цагаан захтнууд шүүхийн өмнө гэм буруугүйгээ батлах эсвэл гэм буруугаа хүлээх цаг ирлээ.

Намууд шилэнжиж, төр цэвэршинэ

0

Энэ асуултад намуудын дарга нар чадна гэж амлаж байна. Гэхдээ намууд авлигаас ангижирна гэдгийг амаараа хэлчих асуудал биш. Бодлого, дүрэм, журам, хуулиар л өөрчлөхөөс өөр аргагүй. Үнэндээ Монголын намууд өнгөний ялгаралгүй, хэдэн дээрэмчин, луйварчин, авлигачдын хоргодож, нуугддаг газар болж хувирсан.  Тиймээс улс төрийн намуудыг шилэн болгох асуудал энэ хаврын чуулганы халуун сэдвүүдийг нэг байх бололтой.

Төрийн ордонд өчигдөр  “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд оролцож, намуудын дарга нар байр сууриа илэрхийлжээ. Тэд нэгэн дуугаар намууд шилэн болохыг зөвшөөрч байна.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, зөвхөн тойргийн эрх ашиг, хатуу гишүүнчлэл мөнгөний сүлжээнээс үндэсний тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах, нийгмийн давхарга бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Тэрчлэн улс төрийн намууд “шилэн” болж, сонгуулийн санхүүжилт “ил тод” болж чадвал Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авлига тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ, Уул уурхайн далд эдийн засгийг ил болгож, системийн авилгын гинжин хэлхээг тасалж чадвал эдийн засаг, хөрөнгө оруулалт идэвхижиж ирэх 2-3 жилд эдийн засаг багадаа хоёр дахин тэлж, 40 их наядын эдийн засаг 60-80 их наядын эргэлттэй болно гэсэн тооцооллоо танилцуулжээ.

Тэгвэл АН-ын дарга Л.Гантөмөр “Улс төрийн нам өөрөө хэсэг бүлэг хүмүүсийн төдийгүй нэг гэр бүлийн гишүүдийн нэгдэл төдий болж хувирсан. Улс төрийн нам бол төр, иргэнийг холбох гүүр байх ёстой. Энэ үндсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт өнөөдөр шийдэл хэрэгтэй байна. Коммунист системийн үеийн намын загварыг одоог хүртэл хадгалаад байна. Нам цомхон, маневртай байх хэрэгтэй.  Даахгүй нохой булуу хураана гэгчээр их зардал шингээсэн бүтцийг чирж явах уу эсвэл сонгуульт гишүүдийн татварын хүрээнд багтсан улс төрийн намын бүтэц зохион байгуулалттай, бага зардалтай цомхон, авсаархан бүтэцтэй байх уу. Бид өөрсдөө шилэн байна гэдгээ нотлох хэрэгтэй. Хоёрдугаарт, хандивыг ил тод болгох хэрэгтэй. АН ил тодоор хандив авна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл парламентад суудалтай гурван намын нэг УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэлийг сэргээх, дараа нь улс төрийн намуудаа чадавхжуулах замаар парламентын ардчиллыг бэхжүүлэх нь чухал байгааг хэллээ.

Монгол Улс улс төрийн 35 гаруй намтай болсон агаад жижиг намуудын хувьд дансаа шилэнжүүлэхэд бэлэн гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн

0

Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнийн тус арга хэмжээнд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.
Уул уурхай тэр дундаа нүүрс, зэс дагасан далд эдийн засгийг ил болгож, төрийн бүх шатанд үүрлэсэн авлигын гинжин хэлхээг тасалж, шимэгчдийг шүүрдэн цэвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн намуудын санхүүжилт, нам дагасан цүнх баригчдын томилгооны асуудал, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай Монголчууд Та бид хамтдаа нүүр тулж байна.
Авлигын хөрсөнд ургасан хогийн ургамлыг таслах ажлыг Засгийн газар эхний “4 Ш” буюу шүгэл үлээх, шүүр, шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр далайцтай шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээгчийн тухай хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ хаврын чуулганаар өргөн барьж батлуулна.
“Шувуу” ажиллагааны хүрээнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад пасспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж, шаардлага тохиолдолд Улсын Их Хуралд оруулна.
Харин өнөөдрийн “Шилэн нам” хэлэлцүүлэг нь авлига ургаж буй хөрсийг орвонгоор нь өөрчлөх реформын эхлэл гэдгээрээ хамгийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд Эх орончдын өдөр бол тэмдэглэлт баяр гэхээс илүүтэйгээр, нийгэмд тулгамдаж буй системийн авлигыг нам харгалзахгүйгээр тэмцэх эх оронч үзэл санааны нэгдэл хэмээн үзэж байна.
Бид сайхан ярьж, бие биедээ мэндчилгээ дэвшүүлж, цэцэг өргөсөөр удлаа. Одоо үнэнээ ярилцаж, цаг алдалгүй бодит шийдэл гаргах нь Монголын ирээдүйд илүү тустай билээ.
Өнөөдөр би товч байдлаар тодорхой хоёр асуудлыг энэхүү хэлэлцүүлгийн эхэнд дурдъя.

Нэг. Сонгуулийн тогтолцоо
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна. Гагцхүү улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт ойлгон дэмжиж, намын жагсаалтын ард авлигачид, нэр хүндгүй улс төрчид халхавчлан орж ирэх боломжийг таслан зогсоох эрхзүйн орчныг Та бид сонгодог парламент бүхий бусад улс орнуудын сайн жишигт тулгуурлан хамтдаа бүрдүүлэх учиртай.
Нэг нам давамгайлсан үед сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагагүй гэж үзвэл Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй.

Хоёр. Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт

Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө.
Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ.

Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо.
Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын гажуудал ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсгэнэ.
Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Эх оронч байна гэдэг нийтийн эрх ашгийн төлөө авилгаас ангид байхаас л эхлэх билээ.
Өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА, Транспарэнси Интернэшнл Монгол байгууллагуудын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Авлигын эсрэг парламентын бүлэг буюу МОНПАК-ыг миний бие ахалж байхдаа “Шилэн нам” хэлэлцүүлгийг хоёр ч удаа зохион байгуулж, улс орнуудын шилдэг туршлага, эрхзүйн орчны шинжилгээг Та бүхэнтэй хамт хийж байсан.
Өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Та бүхний оюунаа уралдуулж, олон жил ярьсан асуудлыг бодит ажил хэрэг болгохын тулд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Монгол Улсад улс төрийн намууд “шилэн” болж, сонгуулийн санхүүжилт “ил тод” болж чадвал Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй болж, системийн авлига тасрах хөрс суурь бүрдэж, ил тод чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг тэлнэ.
Цар тахлын үед -4.7 хувь агшсан Монгол Улсын эдийн засаг 2022 оны төгсгөлд 4.8 хувийн өсөлттэй гарлаа.
Цаашид уул уурхайн далд эдийн засгийг ил болгож, системийн авилгын гинжин хэлхээг тасалж чадвал эдийн засаг, хөрөнгө оруулалт идэвхижиж ирэх 2-3 жилд эдийн засаг багадаа хоёр дахин тэлж, 40 их наядын эдийн засаг 60-80 их наядын эргэлттэй болно гэдэг тооцооллыг Засгийн газар гаргаад байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье!

 

Хөгжлийн банкийг тоносон хүмүүсийг нээлттэй шүүхийг шаардав

0

Парламентанд суудалтай ХҮН-ын дарга Т.Доржхандыг МАН-ын БЭТ гэж улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Тэрбээр авлига, албан тушаалын хэрэгт МАН-тай хамтран ажиллах болсон.  Үүний нэг нь Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй хийхийг хууль, шүүхээс шаардлаа.

Тэрбээр “Яллагдагчийн өмгөөлөгчдөөс шүүх хурал дээр хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх учир хаалттай явуулж өгөх хүсэлтийг гаргасан байна. Түүнийг нь шүүх дэмжсэн учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах гэж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хуулиараа хаалттай хуралдаж болно. Гэхдээ үнэхээр хувь хүний эмзэг мэдээлэл байгаа бол хэсэгчилсэн байдлаар хаалттай хийх боломж нь бий. Хаалттай хуралдсан тохиолдолд ял завших, наймаалцах боломж өгөх вий. Улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон гэмт хэрэг шүү дээ. Шүүх хурлыг нээлттэй хийх ёстой. Энэ бол төрийн нууцтай холбоотой асуудал огт биш.

Мөн УИХ-ын хянан шалгах түр хороо сонсголоороо маш олон нотлох баримтыг дэлгэсэн. Үүнийг шүүхийн байгууллага нягтлах ёстой. Бидний гаргасан нотлох баримтыг ашиглаж буй эсэхийг УИХ-ын гишүүний хувьд бас хармаар байна” гэв.

Б.Идэр-Одод найзаас нь захидал дайжээ

0

IHC токены үүсгэн байгуулагч нар болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдан хорих шийдвэр гаргасан. Тэд өөрсдийгөө хууль бус зүйл хийгээгүй гэдгээ удаа дараа илэрхийлж буй. Гэвч, хууль хүчнийхэн тэднийг хууль бусаар их мөнгө угаасан гэж үзэж байгаа юм.  Олон нийтийн сүлжээнд тэднийг нэг хэсэг нь өмөөрч, нөгөө хэсэг нь шүүмжилж буй. Тэгвэл Б.Эрхэмбаяр Б.Идэр-Одод хаяглан үг дайжээ.

Идэрээ найздаа

Сайн уу? Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?

Бид энд кино шиг л юм болж байна. Хүүхдүүдийнхээ дэргэд гэртээ нэгжлэг хийлгэж, кинон дээрээс л хардаг байсан 461-т хоригдож үзлээ. Найз нь нэг өдрийн дотор улс даяар гэмт хэрэгтэн болоод авлаа. Бидний талаар мэдээлээгүй зурагт, бичигдээгүй сайт, page гэж алга. Гудамжаар явахад л илт мэдрэгдэж байна. Энэ хооронд чамайг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дугарчих байх гээд их л хүлээлээ. Бид уг нь тэгтлээ муудалцаж салаагүй л юмсан. Цаанаа бас шалтгаантай байх гээд аль болох муугаар бодохгүйг хичээж байна.

Энд бидний харилцааны талаар бусдын мэдэх ёстой хэдэн зүйлсийг бичмээр санагдлаа. Олон нийт Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Үүний талаар өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй юм байна. Идэрээ энэ төслийг орхисон биш бид Идэрээг төслөөс хассан.

Идэрээ IHC төсөлд маркетинг хариуцан орж ирж байлаа. Өндөр боловсролтой, өөрийн амжилттай бизнесийн туршлагатай хүн учир Монгол гэлтгүй гадаад маркетинг дээр Идэрээ ахлаад явах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гэвч ажил хэрэг анх ярилцаж байсан шигээ өрнөөгүй. Гадаад маркетинг гэлтгүй дотоодын маркетинг дээрээ ч бидний төсөөлсөн шиг хичээл зүтгэл гаргаж, community-аа мэдээллээр хангаж ажилласангүй.

Харин гол анхаарлаа өөрийнхөө кинон дээр төвлөрүүлж байв. Бид Улаанбаатарт ажлаа хийгээд байдаг, маркетингийн албаны дарга маань хөдөө зомбитой киноны зураг авалттай яваад байдаг. Бидэнд анхнаасаа кино хийнэ, хэсэг хугацаанд хөдөө байх нь гэж хэлэлгүйгээр гэнэт л би кинотой гээд хөдөө яваад өгсөн. Кино зураг авалтаа дуусаад хотод орж ирсэн ч киноныхоо маркетингид хамаг анхаарлаа хандуулж Их Бит дээрх хариуцсан ажлуудаа орхигдуулсан. Бид нэлээд чаргууцалдаж байж л хэдэн пост, твит өөрийнхөө сошиал хуудаснууд дээр байршуулна.

Ийм гүйцэтгэлтэй байсан тул бидэнд Их Бит компанийн гадаад маркетингийг хариуцан ажиллаж чадна гэсэн итгэл төрөөгүй. Их Бит компанийн ажил бол энүүхнээр аргалчих хэмжээний жижиг төсөл биш билээ. Маш олон хөрөнгө оруулагчдын бидэнд итгэсэн итгэл дээр боссон том төсөл. Энэ их итгэлийн хариуд өөрийн биеэр ажил дээрээ байж, сэтгэл зүрхээ гарган, оюун бодлоо шавхан олон улсад Монгол Улсаа төлөөлөн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулагч олоход гол анхаарлаа хандуулах нь бидний үүрэг билээ. Гэтэл энэ том хариуцлагыг үүрч том зорилгын төлөө зүтгэж байгаа бид ажлын байран дээрээ ч ирэхгүй, ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа хүнтэй хэрхэн нэг баг болж ажиллах билээ.

Бид бүгд Идэрээг хөдөлмөрч, мундаг залуу гэж мэднэ. Гэтэл ажлын байран дээрх наад захын энэ зэргийн зүйлийг ойлгохгүй байна гэж байх уу? Надад нэг л асуулт байна. Ийм сэтгэлээр хандах байсан бол анхнаасаа ямар зорилгоор IHC төсөлд орж ирсэн юм бэ? Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийдэгдэж л таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа уг нь. Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зууралдаж байгаад уучлаарай гэхдээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай гэжээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана

0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодын дарга, гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн хамгийн өндөр хувиар дэмжсэн асуудлын нэг нь ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хяналт шалгах, бие даасан тогтолцоог бий болгох асуудал байсныг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцолсон юм. Ялангуяа санал асуулгад оролцсон иргэдийн төлөөлөл нийгмийн шударга ёс алдагдаж буй талаар саналаа илэрхийлж байсан. Ийм учраас авлига, хээл хахуулийг үндсээр нь таслан зогсоох эрх зүйн шийдлийг боловсруулахыг холбогдох байнгын хороодод чиглэл болголоо. Энэ хүрээнд хяналт шалгалтын бие даасан тогтолцооны талаарх олон улсын туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг судлан холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгахад анхаарч ажиллахыг Хууль зүйн байнгын хорооны даргад тус тус үүрэг болголоо.

Зөвлөлдөх санал асуулгын жижиг бүлгийн хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналд нарийвчилсан чанарын судалгааг хийх нь холбогдох хууль тогтоомжид иргэдийн бодит саналыг тусгахад ихээхэн ач холбогдолтой талаар дурдаж, Зөвлөмжид дурдсан дөрвөн багц асуудлаар ажлын хэсгүүд байгуулахаар тогтлоо. Эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд санал болгов.

Түүнчлэн, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан талаарх тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танил

Газрын ховор элементээ эдийн засгийн эргэлтэд оруулна

0

Монгол Улсын Ерөнхий сайд хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлал хийсэн.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаан БНСУ, Монгол Улсын хооронд хэлэлцэгдэж, яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан талаар ЗГХЭГ-ын дарга мэдээллээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилийн хугацаан яригдсан бүх зүйл албан ажил болсон үр дүнтэй айлчлал байсан. Энэ хүрээнд хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн байна.

Мөн БНСУ, Монгол Улсын хооронд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь Монголоос БНСУ-д ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэд болон хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлд Солонгосын талд тавигдаж байна. Солонгосын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэдийг эрх ашгийг хамгаалах чиглэлд энэхүү гэрээгээр хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг тодорхой болгооч гэх саналыг тавьдаг тул  эрх зүйн орчныг тодорхой болгоход Засгийн газар анхаарахаар болжээ.

Тэрчлэн  хоёр улс Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулахаар болжээ. Газрын ховор элемент бол Монгол Улсын байгалийн баялгийн ихээхэн нөөц гэж Засгийн газар, уул уурхайн судлаачид үздэг. Энэ утгаараа газрын ховор элементийн салбарыг эргэлтэд оруулах, улс орны хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг салбар болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашлаад Япон, АНУ, Герман, Франц зэрэг улсуудтай энэ чиглэлд яриа хэлэлцээрүүдээ баталгаажуулахад төвлөрч ажиллахаар болжээ.

Т.Аюурсайханыг хаврын чуулганаар сайдаас нь чөлөөлнө

0

Засгийн газрын зарим гишүүнийг яллагдагчаар татсан тухай АТГ-аас өчигдөр мэдээлсэн. Тэднийг хэзээ чөлөөлөх тухай ЗГХЭГ-ын дарга мэдээлэл өгөв.

Сайд Д.Амарбаясгалан “Хэд, хэдэн сайд шалгагдаагүй. Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. Гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар уг асуудал яригдана.

2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр хийдэг процесстой болсон.

Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.

Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түтгэлзэх өргөдлөө өгнө. Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг” хэмээн тайлбарлалаа.

“Орогнол хүсэх, хугацаа хэтэрсэн паспортоор нэвтрэх өөр”

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр “Ерөнхий сайдын зүгээс БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, визгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтарч ажиллах саналыг тавьсан. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай уялдуулан 30 гаруй улсыг визгүй зочлох нөхцөлийг хангасан. Үүнтэй адил нөхцөлөөр БНСУ-аас эхэлж саналаа тавьж байна.

2023-2025 онд Монгол Улсын иргэдийг визгүй болгох энэ нөхцөлийг хангаж өгөөч гэдэг санал. БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудад Монгол Улсын тавьсан саналын дагуу визгүй болох нөхцөлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүргийг өгсөн байна. Энэ ажил эрчимжиж БНСУ-ын хууль зүйн сайд, ГИХГ-ын дарга тэргүүтэй зочид гуравдугаар сард манай улсад айлчлах тов нь гарлаа.

Төлөөлөгчид визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хоорондын харилцаа, хүндрэл бэрхшээл, сайн талыг судлахаар ирнэ” хэмээн ярилаа.

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Халимагийн иргэн орогнол хүсэж ирсэн гэх мэдээллийн талаар “Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг төрийн байгууллагууд нь дагаж мөрдөх зохицуулалттай. Казахстан улсаас ирсэн Халимагийн иргэн Монгол Улс руу нэвтэрч чадахгүй болсон шалтгаан нь гадаад паспортын хүчинтэй хугацаа нь дууссантай холбоотой. Дэлхийн аль ч улсад хугацаа нь хүчингүй болсон паспорттой иргэнийг нэвтрүүлэх боломжгүй. Энэ нь агаарын тээврийн олон улсын яриа хэлэлцээрийн түвшинд зохицуулагдсан байдаг.

Орогнол хүсэх, хугацаа нь дууссан паспортоор нэвтрэх хоёр бол тэс өөр ойлголт гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй” гэлээ

Хууль, шүүхэд дуудагдсан ХУУЛЬ ТОГТООГЧИД

0

АТГ-аас өчигдөр /2023.02.28/ мэдээлэлэл хийж нүүрсний хулгайн хэргийн асуудлаар мэдээлэл хийж, яллагдагчаар татагдсан УИХ-ын зургаан гишүүний нэрийг зарлалаа.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн  “Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар нь авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 байна. Үүний зарим нь УИХ-ын зарим гишүүнбайна” гэв.

Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын зургаан гишүүний нэр:

  1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт,
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  3. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,
  4. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  5. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан,
  6. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна.

Ингээд эдгээр гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийг сонирхуулъя.

А.Адъяасүрэн нь АН-ын гишүүн. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд анх удаа Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан. Анх жолооны курсээс бизнесийн гараагаа эхэлсэн тэрбээр Монголын нүүрсний тээврийн гол хатагтай болсон. Хятадуудтай хамтарч, Монголын нүүрсний зах зээлийг атгадаг түүнийг АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламыг 100 мянган ам.доллараар авлигадаж байгаад газар дээрээ баригдаж байсан билээ. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт гол холбоотон болохыг Ерөнхий сайд өнгөрсөн оны хавар зарлаж байсан агаад өнөөдөр тэрбээр ийнхүү яллагдагчаар татагдаж байна.

Т.Аюурсайхан нь Б.Ганхуягийг цаад эзэн гэгдэж буй. “Эрдэнэс Тавантолгой” компаниас их хэмжээний мөнгө хулгайлсан хэрэгт түүний ойр дотныхон зөвлөх, туслах, найзууд бүгд холбогдож, баривчлагдсан саатуулагдсан. Тэрбээр энэ хэргээс болж УИХ-ын болон сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Ш.Раднаасэдийг нүүрсний хэргийн гол сэжигтэн болохыг АТГ анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 17 хүний хамт зарлаж байсан. Тухайн үед тэрбээр энэхүү мэдээллийг няцааж, Т.Аюурсайханыг нүүрсний гол хулгайч болохыг чуулганы хуралдаанаар зарлаж байлаа.  Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал Д.Ариунболдтой үй зайгүй найз агаад түрийвч нэгтэй гэж улс төрийн хүрээнийхэн хэлдэг.

Ж.Мөнхбат нь нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж эхлэнгүүтээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгөөд Өмнөд Солонгос руу ээжийгээ эмчлүүлэх нэрээр гадагшаа гарсан. Тэрбээр мөн “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал Д.Ариунболдтой нийлж нүүрс хулгайлсан байж болзошгүй гэж сэрдэгдэж, улмаар түүний хууль хүчнийхэн яллагдагчаар татах үндэслэлтэй болжээ.

Н.Наранбаатар нь Өмнөговь аймгийн Засаг дарга байхдаа нүүрсний хулгайлсан хэрэгт холбогдоод байна. АТГ-аас анх түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой болохыг зарлах үед эсэргүүцэн мэдээлэл хийж байсан. Энэ удаад хууль, хүчнийхэн илүү том баримт олдсон бололтой, ийнхүү яллагдагчаар татлаа. Түүнтэй хамт журмын тэмцэгч болох Х.Мандахбаяр хууль, хүчнийхэнд шалгагдаж байгаа билээ.

Б.Энх-Амгалан нь Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа Дарханы замыг там болгосон. Тэрбээр нүүрсний хэрэгт холбогдож, хууль шүүхийн өмнө дуудагдаж байна. Тодруулбал, сайд байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын  “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон юм байна. Тодруулбал, “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэх зорилгоор туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК-иар сайжруулсан шороон зам тавихад түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга, шороо ашиглах зөвшөөрөл авахад нь эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн хэрэгт холбогдсон гэж АТГ яллагдагчаар татлаа.