Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зарим яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн юм. Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар оролцож байна.
Нийслэлийн Прокурорын газраас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд нэр, нөлөө бүхий улстөрчид энэ хэрэгт холбогдсон.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас АТГ өнгөрөгч онд Хөгжлийн банкны асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан байдаг. УИХ-ын нээлттэй сонсголд түүнийг дуудаж, гишүүн Н.Энхбаяр аядуу зөөлнөөр түүнээс асуулт авсан билээ. Х.Баттулга нь зөвлөх Ц.Ууганбаяр, МоАХ-ны дэд дарга Г.Байгалмаа нараар дамжуулан Хөгжлийн банкийг “тоноход” оролцсон байж болзошгүй гэх хардлага байгаа. Ямартай ч Хөгжлийн банкнаас 142 тэрбумын зээл авч, найдваргүй зээлэгдэгчийн тоонд орсон “Нью Яармаг хаусинг прожект” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын өнгөрсөн онд цагдаа нар баривчлан саатуулсан. Түүнтэй хамт Хөгжлийн банкны хэргээр хууль шүүхэд дуудагдсан хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа. Тэрбээр МоАХ-ны байрыг барьцаалж, Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгасан хэрэгт буруутгагдаж буй агаад шүүх шинжилгээгээр экс Ерөнхийлөгчийн гарын үсэг болох нь тогтоогдсон гэх мэдээлэл гарсан.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан нь танил талдаа зээл олгож, давуу эрх бий болгосон гэх дуулианд холбогдож, Авлигатай тэмцэх газар /АТГ/хэргийг шалгаж буй.
АТГ нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Улсын ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнгөрсөн хавар УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүдийн олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзэж байсан билээ.
Мөн Монгол Улсын “эзэн” явсан алдарт сахал Д.Эрдэнэбилэг, анхнаасаа зээл аваад мурих зорилготой байсан “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат нар шүүхийн үүдэнд “чулуу няслахад” хүрсэн. Д.Эрдэнэбилэгийн энэ хэргээр өнгөрсөн онд мөн баривчлан саатуулсан юм.
Ийнхүү Хөгжлийн банкийг хөнжлийн болгосон цагаан захтнууд шүүхийн өмнө гэм буруугүйгээ батлах эсвэл гэм буруугаа хүлээх цаг ирлээ.