IHC токены үүсгэн байгуулагч нар болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдан хорих шийдвэр гаргасан. Тэд өөрсдийгөө хууль бус зүйл хийгээгүй гэдгээ удаа дараа илэрхийлж буй. Гэвч, хууль хүчнийхэн тэднийг хууль бусаар их мөнгө угаасан гэж үзэж байгаа юм. Олон нийтийн сүлжээнд тэднийг нэг хэсэг нь өмөөрч, нөгөө хэсэг нь шүүмжилж буй. Тэгвэл Б.Эрхэмбаяр Б.Идэр-Одод хаяглан үг дайжээ.
Идэрээ найздаа
Сайн уу? Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу?
Бид энд кино шиг л юм болж байна. Хүүхдүүдийнхээ дэргэд гэртээ нэгжлэг хийлгэж, кинон дээрээс л хардаг байсан 461-т хоригдож үзлээ. Найз нь нэг өдрийн дотор улс даяар гэмт хэрэгтэн болоод авлаа. Бидний талаар мэдээлээгүй зурагт, бичигдээгүй сайт, page гэж алга. Гудамжаар явахад л илт мэдрэгдэж байна. Энэ хооронд чамайг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дугарчих байх гээд их л хүлээлээ. Бид уг нь тэгтлээ муудалцаж салаагүй л юмсан. Цаанаа бас шалтгаантай байх гээд аль болох муугаар бодохгүйг хичээж байна.
Энд бидний харилцааны талаар бусдын мэдэх ёстой хэдэн зүйлсийг бичмээр санагдлаа. Олон нийт Идэр-Од энэ төслийг жилийн өмнө яагаад орхисон бэ гэсэн асуулттай үлдсэн. Үүний талаар өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй юм байна. Идэрээ энэ төслийг орхисон биш бид Идэрээг төслөөс хассан.
Идэрээ IHC төсөлд маркетинг хариуцан орж ирж байлаа. Өндөр боловсролтой, өөрийн амжилттай бизнесийн туршлагатай хүн учир Монгол гэлтгүй гадаад маркетинг дээр Идэрээ ахлаад явах нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Гэвч ажил хэрэг анх ярилцаж байсан шигээ өрнөөгүй. Гадаад маркетинг гэлтгүй дотоодын маркетинг дээрээ ч бидний төсөөлсөн шиг хичээл зүтгэл гаргаж, community-аа мэдээллээр хангаж ажилласангүй.
Харин гол анхаарлаа өөрийнхөө кинон дээр төвлөрүүлж байв. Бид Улаанбаатарт ажлаа хийгээд байдаг, маркетингийн албаны дарга маань хөдөө зомбитой киноны зураг авалттай яваад байдаг. Бидэнд анхнаасаа кино хийнэ, хэсэг хугацаанд хөдөө байх нь гэж хэлэлгүйгээр гэнэт л би кинотой гээд хөдөө яваад өгсөн. Кино зураг авалтаа дуусаад хотод орж ирсэн ч киноныхоо маркетингид хамаг анхаарлаа хандуулж Их Бит дээрх хариуцсан ажлуудаа орхигдуулсан. Бид нэлээд чаргууцалдаж байж л хэдэн пост, твит өөрийнхөө сошиал хуудаснууд дээр байршуулна.
Ийм гүйцэтгэлтэй байсан тул бидэнд Их Бит компанийн гадаад маркетингийг хариуцан ажиллаж чадна гэсэн итгэл төрөөгүй. Их Бит компанийн ажил бол энүүхнээр аргалчих хэмжээний жижиг төсөл биш билээ. Маш олон хөрөнгө оруулагчдын бидэнд итгэсэн итгэл дээр боссон том төсөл. Энэ их итгэлийн хариуд өөрийн биеэр ажил дээрээ байж, сэтгэл зүрхээ гарган, оюун бодлоо шавхан олон улсад Монгол Улсаа төлөөлөн мэдээлэл түгээх, хөрөнгө оруулагч олоход гол анхаарлаа хандуулах нь бидний үүрэг билээ. Гэтэл энэ том хариуцлагыг үүрч том зорилгын төлөө зүтгэж байгаа бид ажлын байран дээрээ ч ирэхгүй, ажилдаа сэтгэл гаргахгүй байгаа хүнтэй хэрхэн нэг баг болж ажиллах билээ.
Бид бүгд Идэрээг хөдөлмөрч, мундаг залуу гэж мэднэ. Гэтэл ажлын байран дээрх наад захын энэ зэргийн зүйлийг ойлгохгүй байна гэж байх уу? Надад нэг л асуулт байна. Ийм сэтгэлээр хандах байсан бол анхнаасаа ямар зорилгоор IHC төсөлд орж ирсэн юм бэ? Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийдэгдэж л таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа уг нь. Жилийн өмнө гарсан төслөөс нь болоод эргэн зууралдаж байгаад уучлаарай гэхдээ чи биднийг ямар их хөдөлмөрлөж юу хүсэж тэмүүлж явсныг мэдэх хүн гэдэг утгаараа найзаасаа хүн чанар хүссэн юм шүү эмзгээр битгий хүлээж аваарай гэжээ.