2025.06.22, Ням
spot_img

В.Путин: У.Хүрэлсүх танд итгэж найдаж байна

2

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ухнаагийн Хүрэлсүхэд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж, баярын цахилгаан ирүүлжээ.

“Санал хураалтын үр дүн таны улс төрийн өндөр нэр хүндийг бүрэн утгаар нь баталгаажууллаа. Төрийн тэргүүний хувьд хэрэгжүүлэх таны үйл ажиллагаа манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэж Путин цахилгаандаа онцолжээ.

Энэ сарын 9-нд болсон бүх нийтийн сонгуулиар эрх баригч Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх ялалт байгуулсан. Орон нутгийн цагаар 23.00 цагийн байдлаар, Хүрэлсүхийн төлөө 776 мянга гаруй сонгогч саналаа өгсөн бол УИХ-ын гишүүн асан Дангаасүрэнгийн Энхбатыг 235 мянга орчим сонгогч дэмжиж, сөрөг хүчний Ардчилсан намын дарга асан Содномзундуйн Эрдэнийн төлөө 67 мянга орчим хүн саналаа өгчээ. Сонгуулийн ирц 52.69 хувьтай байжээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу, тус улсын иргэд анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилийн хугацаагаар сонгосон юм.

Их, дээд сургуулиудийг ирэх намраас эхлүүлнэ

0

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Цахимд шилжсэнээр жил бүр төсөвлөдөг 1.7 их наяд төгрөг сурагчдад хүрч байгаа эсэх, мөн 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь сурагчдын сурах орчин, сургалтын чанар хүртээмжид шууд зарцуулагдаж чадаж байгаа эсэхийг хянах боломжтой анхны алхам болж байна.

Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд ямар өртөгөөр сургадаг болон төрөөс нэг хүүхдэд оноож буй хувьсах зардлын хэдэн хувь нь сурах орчинд, хэдэн хувь нь сурлагын ахицад нөлөөлдөг гэдгийг хянах боломж нээгдэнэ.

Зөв төсөв байж түүнээс зөв бодлого байна. Зөв бодлогоос зөв үр дүн гарна. Монгол Улсад байгаа цэцэрлэг сургуулийн тоо өнөөдөр 2500-д хүрсэн байна.

Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор асар богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас нэг тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Тиймээс цахим төсөв нь боловсролын салбарт гарч байгаа том хэмнэлт гэж ойлгож болно.

Бид эхний ээлжид сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ. Харин Их, дээд сургуулиудийн хувьд ирэх намраас эхлүүлэхээр төлөвлөсөн” хэмээв.

Сангийн сайд Б.Жавхлан “Боловсрол, нийгэм хамгаалал болон эрүүл мэндийн салбар нь манай улсын нийт төсвийн 75 хувийг эзэлдэг. Тиймээс төсвийн шинэчлэлт нь хамгийн түрүүнд дээрх гурван салбарын төсвийн шинэчлэлт байх болно.

Энэхүү төсвийн шинэчлэлийн амин хүнс нь боловсролын салбарын чанар үр дүн, хүртээмжид суурилсан санхүүжилтийн системийг бий болгох юм.

Энэ хүрээнд БШУ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тус салбараас нийгэмд үзүүлж байгаа үйлчилгээг илүү хүртээмжтэй, гүйцэтгэл сайтай болгож, үүнийг санхүүжилтээр нь хянах цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Боловсролын салбарт зарцуулж байгаа нэг төгрөг болгон нь чанарт суурилах ёстой. Тиймээс өнөөдрийн цахим төсвийн цогц систем нь төсвийн төлөвлөлт, хяналтын шатанд маш том үүрэг гүйцэтгэнэ.

Энэ нь цаашид ЕБС, цэцэрлэг нь нам, танил талаараа төсвөө нэмүүлдэг бус хэдэн хүүхдийг сургаж, боловсролын чанарыг хэрхэн сайжруулсан гэдгээрээ санхүүжилтээ авч, түүгээрээ үр дүнг сайжруулахад чиглэсэн менежментийн үйл ажиллагааг хагас бие даасан байдлаар шийдвэрлэж чаддаг тогтолцоог бий болгох эхний алхам боллоо” гэсэн юм.

Шинэ Ерөнхийлөгчийн ХУУЧИН БАГ

0

Дараалсан гурван сонгуулийн дараа намдаа үнэмлэхүй ялалт авчирсан У.Хүрэлсүх зургаан жилээр Төрийн Тэргүүний алба хашна. ҮАБЗ-ийг даргалдаг, прокурорын удирдлагуудыг томилох, хууль санаачлах, хориг тавих эрхтэй Ерөнхийлөгчийн институцийг шүдгүй арслантай яахин зүйрлүүлэх билээ. Түүний гал тогоог хэн барих болон хэн, хэнийг зөвлөхөөрөө авах нь  олны анхаарлын төвд байна. Товчхондоо, Х.Баттулга шиг хулгайчийн нөөцтэй юу эсвэл МАН болоод У.Хүрэлсүх хүний нөөцтэй юу гэдгийг шинэ Ерөнхийлөгчийн томилгоо харуулна.

Шинэ Ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө буюу зургадугаар сарын 14-нд тангараг өргөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээтэй зэрэгцээд түүний гал тогоог хариуцах хүний нэрс тодорч байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэг нь Ерөнхийлөгчийн тамгыг атгах болов уу гэсэн таамаглал Тусгаар тогтнолын ордноос хөвөрч байна.

Аль, аль нь У.Хүрэлсүхийн шадар найзууд, улс төрийн ойрын холбоотнууд. Хэн ч болсон У.Хүрэлсүхийн хувьд ялгаа байхгүй юм. Гэхдээ тэдний хувьд олон нийтийн дунд нэр хүнд муутай. Хоёулаа ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ерөнхийлөгчөөсөө дутуугүй улстөрждөг нэгэн байж болохгүйг З.Энхболд сайн харуулсан гэхэд болно. Харин түүний оронд томилогдсон Ө.Шижир залуу хүн гэхэд харьцангуй тулхтай ажилласан.

Ямар ч байсан шинэ, содон гоё томилгоо болж чадахгүй болов уу. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга бол улс төрийн талаасаа ч улс орны аюулгүй байдал талаасаа чухал алба. ҮАБЗ-ийн гал тогоог хариуцах хүн Монголын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч байх ёстой.  Энэ албыг одоогоор Х.Баттулга А.Гансүхэд хариуцуулсан. Гэвч харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил Х.Баттулгын муу муухай бүхнийг А.Гансүх гардан хийдэг байсан нь өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой баримт нотолгооноос тодорхой болсон.

Ерөнхийлөгчийн улс төрийн ахлах зөвлөх бол бусад зөвлөхүүдээс илүү чухал байдаг. Х.Баттулгад Н.Алтанхуяг зөвлөж байсан бол У.Хүрэлсүх хэнээр улс төрөө зөвлүүлэх нь бас л сонирхол татахаас аргагүй томилгоо болно.

Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад болон эдийн засгийн зөвлөхүүд маш сул хүмүүс байсан. Мөн цаазын ялыг сэргээх санаархлаа байнга илэрхийлдэг Г.Уянгын хүний эрхийн зөвлөхөөр авсан багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Асаа Давгадоржийг албан бус зөвлөхөөрөө авсан ч өнөөх нь амиа бодоод зугатчихсан юм.  Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргаа өөрөө томилно. Мэдээж, өнгөрсөн хугацаанд МАН руу “галласан” хошууч генерал Д.Ганзоригтой хамтрахгүй л болов уу.

Ямар ч байсан шинэ Ерөнхийлөгч хулгай, худалч гэх шошго зүүсэн хуучин багаа авчрах юм бол Ерөнхийлөгчийн институциэс юу ч хүлээх хэрэггүй болно гэсэн үг.

Б.Чандмань

Ард түмэндээ дахиад гомдоорой!

0

-Энэ цаг үедээ Хүрэлсүх гэдэг лидертэй гэдгийг одоо хүлээн зөвшөөрчих!

Жилийн өмнө яг ингэж бичиж байсан. УИХ-ын сонгуулийн дүн тоологдож эхлэхэд бичээд шөнө дунд “Засгийн газрын мэдээ” сонинд илгээж, сонин үүрээр хэвлэлд шилжиж, ажил цуглахад сонин уншигчдын гарт очно гэж тооцсон. 2020 оны сонгуулийн дүнд дүн шинжилгээ хийсэн анхны улс төрийн нийтлэлийг би шигтгэж тэрхүү сонин ба baabar.mn дэх нийтлэлчийн сайтдаа гаргаж тэр нь цаашаа дамжиж хоёр ч чухал сайтад тавигдсан шигээ энэ удаа зориглоод үзье.

Миний нийтлэл монголын хамгийн их уншигчтай baabar.mn; gogo.mn; sonin.mn гурван сайтад тавигдах тул монголын ихэнхи уншигчдад хүрэх болтугай!

Монголын ард түмэн сонголтоо хийчихлээ. Зургаа дахь Төрийн тэргүүнээ санаснаас харин ч зөв шударга, хурдан, зардал чирэгдэл багатай, гомдол хохиролгүй сонгочихлоо. Ёстой ард түмэндээ баярлалаа гэе. Цагаан сонголт нь даваад дахиулна, хэн нь ч “50+1” авч чадахгүй тул дахина, намар хүртэл хойшлоно гэж цуурч, таамаглаж, хүсч байснуудыг бодохул энэ удаа ингэж огцом хурдан, зардал чирэгдэлгүй, тэр дундаа ковидын хүнд нөхцөлд ухаалгаар шийдсэнд нь талархахаас аргагүй.

Гомдоорой гэсэн нь ёж үг шүү дээ. Ялагдагсдад зориулсан ёж үг. Ноднин бол ухаантнууд дүүрчихсэн, “Бид л байхгүй бол эх орон сөнөлөө!” гэсэн малгай уриатай улс төрийн бүх намд (ялсан МАН-аас бусдад нь) хандаж хэлсэн ухаантай юм. Ялагдсаныг нь тавласан ухаантай юм.

Энэ удаа ялагдал хүлээсэн Ардчилсан Нам ба түүний гишүүд дэмжигсэд, нэр дэвшигч, түүний багт хандан харамсалтайгаар хэлж байна. Ард түмэн АН-д ёстой хатуу дүн тавилаа даа гэж.

Ноднингийн УИХ-ын ялагдлаас хойш намрын адаг сараас эхлэн өнөөг хүртэл нам дотроо шившиг шидээ тарин бужигнасан АН-д ард түмэн бараг эцсийн дүн тавьчихсан биш байгаасай!

УИХ-д ганц суудалтай ХҮН-ын ганц гишүүн (Т.Доржханд) одоо Та нарыг захирах, адаглаад үг хэлүүлэхгүй байх бүрэн эрхээ олоод авчихлаа. Та нараас зарим нь тийшээ гүйж очих ч байх. Хагарсан чигээрээ “хоёр АН” УИХ-ын 2024 оны сонгууль хүргэлтэй биш.

Хэрэв “босоо” хэмээх С.Ганбаатар МАХН-аас хөөгдөөд АН руу гүйж очихыг нь амдаад ХҮН-ынхан тосч аваад өөрийн нэрээр (цаана нь “Зөв хүн-Электорат эвсэл”) түүнийг дэвшүүлчихсэн бол харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд эсрэгээр, эгзэгтэй нөлөөлөх байсан байж болно. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлсэн амжилтаар нь би тэгж ургуулж тааж байна.

Гэхдээ тэгээгүй юм чинь одоогийн үр дүнг дүгнэе. МАН-ын засгийн эрх барьж буй ерөнхий дүр зураг, ерөнхий сэтгэгдэл муугүй яваа нь харагдлаа. Хамгийн том дэвшил нь хоорондоо таарч тохирохгүй хагарчихаад хоёр салчихсан байсан МАН, МАХН хоёр 100 жилийнхээ ойгоор нэгдэн нийлж, нэг нам болж, тэр их хүчийг нэг дор зангидсаны гавьяа, үр дүн энэ сонгуулиар гарлаа. Монголын ард түмэн эв нэгдлийг хүсдэг юм байна. Хоёр намын эв нэгдлийн энэ үйлсийг зориглон хийсэн (харилцан буулт хийсэн) улс төрчид түүхэнд мөнхрөх болтугай.

Харин энэ сонгуулийн үр дүнгээс хүртэж чадаагүй хуучин МАХН-ын зарим хэсэг нь дахин сэргээх гэж хуйвалдаад явж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын багтаамж хэр билээ. Ерөнхийлөгч хэдэн хүнийг хоолонд хүргэх билээ, тооны хязгаартай тул МАН ба тийшээ нэгдэж орсон МАХН-ын гишүүд тооцоолсон л байдаг байгаа?

АН-ын хувьд эцсийн цэг тавилт л биш байгаасай. Дотоод зодоонд нь гишүүд нь бүү хэл эрүүл саруул ухаантай монгол хүн бүр залхлаа. Залхсандаа дүнгээ тавьчихлаа гээд ойлгочих! Гучин жилийн өмнө моод байсан, 30 жил ярьсан ардчиллын тухай тэр ухуулгад монголчууд үндсэндээ цадсан байна. Дарангуйлал тогтоно гэсэн айдсаар айлгаад нэмэр алга. Төрийн гурван өндөрлөг МАН-ын гарттөвлөрнө гэдгээс ч монголчууд огт айсангүй. Ганц л зүйлийг хүслээ. Тэр нь эв нэгдэл ба тайван амгалан амьдрал нь.

Монголд гуравдагч хүчний орон зай байгаа юм байна гэдгийг “Зөв хүн-Электорат эвсэл”, түүний нэр дэвшигч Д.Энхбат нотлож чадсанд ёстой баяр хүргүүштэй. Дотроо хагарсан, хэмлэлцсэн, Дээд Шүүх дээр шившгээ дэлгэсэн, тэгээд дэвшүүлсэн нь авсан саналынхаа тоогоор цоо шинэ нэр дэвшигч Д.Энхбатаас 2-3 дахин доогуур орчихоод явж байгаа, энэ бүхэн юу хэлнэв?

АН-д маш том сургамж, дахин сургамж, шинээр төлөвшиж ариусах, өвөр хоорондын тэмцлээ эгнэгт гээх ухаан хайрлах сонгууль болж өнгөрлөө л гэдгийг харуулж байна. АН энэ ёозоороо үзэлцээд дуусвал юун 2024 оны УИХ-ын сонгууль, түүхнээс арчигдахын даваан дээр ирлээ гэдэгтээ дүгнэлтээ хийгээд парламентын дорвитой, тулхтай, сөрөг хүчин болохыг чин сэтгэлээсээ уриалан дуудъя.

Гарчигт өгүүллээ. “Энэ цаг үедээ Хүрэлсүх гэдэг лидертэй гэдгийг одоо хүлээн зөвшөөрчих” гэж. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН ялж 62 суудал авахад ард түмний таньж мэдэхгүй олон шинэ улс төрч тодорсны цаад фон нь ганц энэ нөхөр байсан юм шүү дээ. Тэр нүүрээрээ энэ удаа яалт ч үгүй гараад ирлээ!

Нийтлэлч Б.Баярхүү

У.Хүрэлсүхийн ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ

0

Монголчууд найм дахь удаагаа тТөрийн тэргүүнээ сонголоо.  Зургаан жилээр төр барих зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулав.

Санал өгөх насны бүлгийн хувьд 65-69 насныхан хамгийн идэвхтэй байж нийт санал өгөх хүмүүсийн 75.83 хувь нь саналаа өгчээ. Харин 60-64 насныханы 72.8 хувь, 70-аас дээш насныханы 72.4 хувь нь санал өгч идэвхтэй оролцсон байна. Энэ удаад анх удаагаа санал өгч байгаа 18-19 насны сонгогчид идэвхтэй оролцсоныг дурдах нь зүй. Тэдний 58.3 хувь нь төрийн  тэргүүнээ сонгох ээлжит сонгуульд саналаа өгчээ. Түүхэндээ хамгийн муу ирцтэй сонгуульд У.Хүрэлсүх хамгийн өндөр санал авлаа.

Тэрбээр ялалтын мөчтэй зэрэгцээл Монголынхоо ард түмэнд хандаж үг хэлсэн юм.

У.Хүрэлсүх “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хуулийн хүрээнд явагдаж өндөрлөж байна. Манай ард иргэд телевизээр мэдээллийг бидэнтэй хамт авч байгаа гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай улсын сонгуульд оролцох насны иргэдийн 60 орчим хувь нь оролцжээ. Энэ иргэдээс МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 орчим хувийн санал авсан. Үүнийг би асар том хариуцлага гэж хүлээж авч байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээлээ. Монголын ард түмэн, Монгол Улсын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо олон зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг үзүүлж энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж үзэж байгаа. Ард түмнийхээ итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно. Үр хүүхэд залуу хойч үеэ сайн сайхан нийгэмд амьдруулахын төлөө зүтгэнэ. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, ХҮН-аас өрсөлдсөн Д.Энхбатдаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Би энэ сонгуулийг зардал багатай болсон гэж үзэж байгаа. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

 Энэ удаад ХҮН танигдах сонгууль хийсэн бол АН ардчилалаа авч үлдэх эсэхээ үзсэн. Санасныг бодоход ХҮН-ын нэр дэвшигч өндөр санал авч, Монголын Ардчилсан нам гэж байхгүй болсныг харуулав. Н.Алтанхуягийн засгийг огцруулсан хорсол яван явсаар ийнхүү АН-ын аминд хүрлээ гэж дүгнэгдэж байна.

Юутай ч У.Хүрэлсүхийн энэхүү үнэмлэхүй ялалт эргээд Монголын ард түмний зовлон битгий болчихоосой гэж залбирах л үлдэж байх шив.

 Б.Нирун

 

 

ЭМЯ: 140 хүний бие маш хүн байна

0

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт ковид-19-ийн халдвар 1312 хүнээс илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 68287 болж байна. Мөн хугацаанд 444 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 6 хүн уг өвчний улмаас нас барлаа.  Тодруулбал, 72, 73, 77, 89 настай эрэгтэй, 83, 67 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.

1312 тохиолдын 1310 нь дотоодын халдвар бол хоёр нь зөөвөрлөгджээ. 

  • 970 нь Улаанбаатарт
  • 340 орон нутагт бүртгэгдсэн.

Нэмж мэдээлэхэд орон нутагт халдварын тохиолдол их байгаа тул, иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу” гэв.

Ковид-19-ийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн мэдээлэл: /2021.06.08 23:59 цагийн байдлаар/

  • Хөнгөн 4,235
  • Хүндэвтэр 1,911
  • Хүнд 532
  • Маш хүнд 140 хүн байна.

Үер уснаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулав

0

Монгол орны ихэнх гол мөрний зургадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны  ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голуудын зургадугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас эх авах  Туул, Ерөө, Онон, Хэрлэн голын эх Их Хянганы нурууны  Халх зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын сүүлийн арав хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна.

Мөн агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

АНХААР: Сонгогчид дараах зүйлийг хориглоно!

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 20.43 хувьтай байна. Саналын эрхтэй 2 сая 40 мянга 784 иргэн байгаа юм. Санал хураалт эхэлснээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.

Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах, бусдад харуулах нь хуулиар хориотой. Хэрэв дээрх үйлдлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тухайн хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Мөн дараах үйлдлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар хориглосон байна. Үүнд:

  • 62.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:
  • 62.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • 62.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
  • 62.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
  • 62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
  • 62.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.

Сонгууль 2021: Нэр дэвшигчид юу захив

0

Өнөөдөр 2021 оны зургадугаар сарын 9. Түүхэн өдөр.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 07.00 цагт орон даяар эхлэв. 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээ сонгох энэхүү сонгуульд МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшсэн билээ. Нэр дэвшигчид саналаа өгөхдөө Монголын нийт сонгогчдодоо хандаж хэлсэн үгийг нь тоймлон хүргэе.


МОНГОЛ АРДЫН НАМ

МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охины хамт саналаа өглөө. Тэрбээр хөх даавуун дээлээрээ гоёжээ.

У.ХҮРЭЛСҮХ: Ард иргэд идэвхтэй саналаа өгч байгаад талархаж байна

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор явагдаж байна. Энэ жил улс тунхагласны 100 жилийн түүхт ой, Монгол Улсад төрт ёс байгуулагдсаны 2230 жил, Нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой гээд түүхэн жил болж байна. Олон тэгш ой давхацсан онцлогтой жил Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. Ард иргэд маань идэвхтэй санал өгч байгаад талархаж байна. Монголд их олон баялаг бий. Уул уурхай, хүмүүс гээд хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг бөгөөд түүх, соёлынхоо эзэн болсон ард түмэн билээ. Мөн хамтдаа нэр дэвшиж буй Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нартаа миний бие сонгуульд нь өндөр амжилт хүсье.

АРДЧИЛСАН НАМ

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ эхнэрийн хамт ирж саналаа өглөө. Тэрбээр цэнхэр хүрэм, хээтэй цэнхэр зангиагаар гоёжээ.

С.ЭРДЭНЭ: Дарангуйлалгүй ирээдүйг үр хүүхдэдээ үлдээе

-Монгол Улс 8 дахь удаагийн сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Иргэдээ Монгол Улсад шударга ёс тогтоох, ёс зүйт төрийн бий болгох, төрд хяналттай байх боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Би Дарангуйлалгүй Монгол, Ардчилсан Монгол гэсэн уриатай сонгуульд орж байгаа. Би ямар нэгэн гоё сайхан амлалт өгөөгүй, мөнгө төгрөг, амлаагүй.  Монгол оронд дарангуйлал бодитоор бий болсон. Цаашдаа дарангуйлалгүй ирээдүйг үр хүүхдэдээ үлдээе гэж бодож байгаа бол сонголтондоо хариуцлагатай хандаарай гэж хэлмээр байна. Энэ гажуудлууд дээр хууль хяналтын байгууллага нь ажиллахгүй, СЕХ нь асуудлыг шийдэхгүй байна.

Залуучууд төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай оролцмоор байна. Өөрсдийнхөө ирээдүйг шийдэж байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр /2021.06.08/ зөөврийн хайрцгаар саналаа өглөө. Тэрбээр ковид-19-ийн халдвар авсны тул ийн зөөврийн хайрцаар саналаа өгч байгаа юм.

Д.ЭНХБАТ: Би Ерөнхийлөгч болбол гадаадад суугаа иргэдийн саналыг цахимаар авдаг болгоно

Үүний дараа Д.Энхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний биеийн байдал сайн байна. Эмч сувилагч нар сайн ажиллаж байна. Бид ном журмынх нь дагуу эм бэлдмэлээ ууж байгаа. Ойрын үед эдгэрч гарна гэдэгт итгэлтэй байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахим хэлбэрээр санал авдаг болно гэж найдаж байна. Би Ерөнхийлөгч болвол ийм ажил хийнэ.
Зөөврийн хайрцгаар санал авах үед эмнэлгийн ажилтан болон СЕХ-ны санал авах ажилтан байлцлаа.
Би телевизийн байранд очоод шилэн хоргоны цаанаас мэтгэлцэх боломж байсан. Одоо Жи таймын хурал ч цахимаар явж байна. Тэгэхээр дэлхий нийт цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. Бид ч ялгаагүй цахим шилжилт хийх хэрэгтэй.
А.Анар

 

Б.Болдсайхан: Би хүүхдээ битгий өвдөөсэй гэж хүсч байна

0

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан коронавирусийн нөхцөл байдал болон хүүхдүүдийг вакцинжуулахтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Маш олон судалгааны төвүүд олон хүнд вакцин хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа. Тэр тусмаа Ковид-19 бол дэлхий нийтэд анхны зүйл. Бид анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гэж ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд л байж байна. Засгийн газар ч алдаж байгаа. АНУ ч алдсан. АНУ-д ямар байсныг санаж байна уу. Өдийд Нью Йоркт хэцүү байсан.

Дэлхийн хоёрдугаар дайн шиг хүнээ тавих газаргүй массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа ч хамгийн бага алдах ёстой, яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байгаа. Бусад орныхтой харьцуулаад өвчлөлийн хувьд тэдэн хувь, вакцинжуулалтын хувь тэдэн хувь байна гээд байгаа нь ингэж л тэдний алдаанаас сурах хэрэгтэй.

Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн мэт болж байгаа юм биш. Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүн халдвар авч байгаа. Халдвар бие рүү ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой зүйл бий. Дэлхий даяар вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийн дөрөв, таван хувь нь халдвар авч байна. Зарим орнуудад үүнээс өндөр байгаа.

Монголд энэ тохиолдол харьцангуй бага. Гэвч хүмүүс вакцин хийлгэсэн ч өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа тул тийм амар биш. Нэгдүгээр тунгаа хийлгээгүй хүмүүс хийлгээрэй. Хоёрдугаар тунгаа хийлгэж амжаагүй бол хийлгэхийг уриалж байна. Бүх хүмүүс вакцинаа хийлгэсэн ч өвдөлт бүрэн алга болохгүй. Тэр байтугай энэ зун, намар ч арилахгүй. Тав, арваар өвддөг, долоо хоногт нэг, хоёроор нас барах тохиолдол байсаар байх болно.

Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувь байгаа. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна.

Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их өвдөж байна. Энэ намар хичээл эхэлнэ. Үүнээс өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага Рfizer вакцины 2.5 сая тунг Засгийн газар гэрээ хийгээд, эхнээсээ оруулж ирсэн. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Pfizer юм.

Би хамгийн түрүүнд 15 настай хүүдээ Pfizer вакцин хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрэхгүй байгаасай гэж бодож байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчихээд,  талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ? Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ” гэлээ.