Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 20.43 хувьтай байна. Саналын эрхтэй 2 сая 40 мянга 784 иргэн байгаа юм. Санал хураалт эхэлснээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн.
Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах, бусдад харуулах нь хуулиар хориотой. Хэрэв дээрх үйлдлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тухайн хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Мөн дараах үйлдлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар хориглосон байна. Үүнд:
- 62.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:
- 62.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
- 62.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
- 62.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
- 62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
- 62.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах.