2025.06.21, Бямба
spot_img

Астразенека, СпутникV вакциныг жирэмсэн эхчүүдэд зөвлөхгүй

0

НҮБ-ын Хүн амын Сангийн эхийн эрүүл мэндийн зөвлөх Б.Цэдмаа

 ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож дэлхий дахинд жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин хамруулах талаар ямар бодлого баримталж байгааг танилцууллаа.

Тэрбээр “Олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын зүгээс жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд КОВИД-19 халдвараар өвчилсөн тохиолдолд эрчимт эмчилгээ хийлгэх, амьсгалын аппаратад орох магадлал 5-20 дахин их байгаа.

Мөн зулбах, дутуу төрөх, жирэмсэн үеийн хүндрэлүүд гарч байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд mRNA дээр суурилсан вакцинууд /Moderna, Pfizer-BioNTech, J&J/Janssen/ амьд вирус агуулаагүй, эсийн ДНК-д үйлчлэхгүй учраас гаж нөлөөгүй гэж үзэж байгаа. Түүнчлэн 90,000-135,000 жирэмсэн эмэгтэй эдгээр вакциныг хийлгэж, судалгаанд хамрагдсан.

Харин AstraZeneca вакциныг үрэвсэл сэдрээх магадлалтай гэж үзээд жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөхгүй байгаа. Мөн Спутник V вакцины үйлдвэрлэгчийн зүгээс гаргасан удирдамжид жирэмсэн ээжид вакциныг тарьж туршилт хийгээгүй учраас одоохондоо зөвлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тавдугаар сарын 11-нд ДЭМБ-аас Синофарм вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхийг зөвшөөрсөн зөвлөмжийг гаргасан.

ДЭМБ-ын зүгээс халдварт өртөх өндөр эрсдэлтэй газарт байгаа жирэмсэн, хөхүүл эхчүүдийг вакцинд хамрагдахыг зөвлөж буй.

Жирэмсний аль хугацаанд вакцинд хамрагдах вэ?

Вакцины эхний тунг жирэмсэний 14 дэх долоо хоногтойгоос хийж, хоёр дахь тунг 35 дахь долоо хоног дотор хийх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл төрсний дараа хийхийг зөвлөж байна.

Вакцин жирэмсэн эмэгтэйчүүдийг хүндрэлээс хамгаална гэдгийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа” хэмээв.

Спутник вакцин 2 тун маргааш ирнэ

0

Спутник V вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгийн нийлүүлэлтийг хүлээж байгаа. Тэгвэл уг вакцин маргааш ирэхээр болжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас “Спутник V вакцины 10 мянган ширхэг хоёр дахь тунг маргааш буюу зургаадугаар сарын 30-ны өдөр, үлдэх 10 мянган тунг долдугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Орос талаас илэрхийлсэн” гэсэн мэдээллийг өнөөдөр өглөө.

“Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж буй”-г ХӨСҮТ-өөс мэдэгдэж байв.

ОХУ-аас Спутник V вакцины хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног гэдгийг зарласан билээ.

ЗГ: Наадмаар 9 хоног амарна

0

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаар төсөвт тодотгол хийхийг сайдууд дэмжиж, энэ асуудлыг УИХ-д оруулахаар өргөн барихаар болжээ. Тодруулбал, эрүүл мэндийн салбарт нэмж 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгох асуудлыг төсвийн төсөлд тусгасан байна. Мөн хүүхдийн мөнгөний нэмэгдэл болон айл өрхийн цахилгаан, дулааныг он дуустал төр хариуцахаар болов.

“Улаан бүс”-д ажиллаж буй 13 мянган эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, мөн бусад байгууллагуудад ажиллаж байгаа 19.5 мянган ажилчинд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгох, мөн “Улаан бүс”-д ажиллаж буй эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх санал төсвийн тодотголд тусгасан байна.

Түүнчлэн цар тахлыг эмчлэхэд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг, резидент эмч нарыг дайчлах асуудалд 3.7 тэрбум, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбумыг төсөвт суулгаж өгчээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ирэх сарын 16-ны ажлын өдрийг 21-ний өдөр рүү шилжүүлснээр наадмаар 9 хоног амрахаар болж байна.  Хөдөлгөөний нягтралыг багасгаж, хотоос зайдуу, гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ийнхүү наадмын амралтыг уртасгажээ.

А.Анар

У.Хүрэлсүх улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадлаа, гэхдээ..?

0

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санасандаа хүрч, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадлаа. Харин ямар хэмжээнд гаргасан бэ гэдгийг уг сайтад тавигдсан өөр нэг зурагтай жишиж үзүүлэв.

*   *   *

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол “нижгэр” болж өнгөрлөө. Цэргийн парадтай, ёслолын буудлагатай, цагдаа, онцгойгийн хамгаалалттай, бас дээр нь баривчлагаатай. Ковидоос шалтгаалж ёслолын парадыг хэрэндээ л цомхон хийсэн боловч үйл явц, дуулиан шуугиан нь өмнөх бүх Ерөнхийлөгч нарыг давлаа.

Тангараг өргөх ёслол зарлагдсанаас хойш олон нийтийн сүлжээгээр “Ёслолын парадаа болиулаач ээ, наадмаа цуцлаач ээ” гэдэг эсэргүүцэл хэдэн долоо хоног үргэлжилсэн ч 100 жилийн ойгоо тэмдэглэж буй эрх баригч МАН иргэдийн энэ шаардлагыг нохой хуцсан чинээ үл тоов. ААН, үйлчилгээний газруудын хориог сунгасан УОК-ийн шийдвэрийг эсэргүүцсэн залуус “Тэвчээр ТАСАРЛАА” хөдөлгөөн өрнүүлж, эрх баригчдад үгээ хэлэхээр хотын төв талбайд очсон нь баривчилгаагаар дууслаа.

Гэтэл тэрнээс ч илүү үзүүштэй нэг зүйл болсон нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүндэтгэл үзүүлсэн цэргийн парад буюу түүн доторх нэг “жижигхээн” зураглал… Парадад оролцсон хөгжмийн салааны цэргүүдийн амны хаалтыг цоолсон явдал нь манай улсын ковидоос хамгаалсан цоо шинэ нээлт болж дэлхийд бүртгэгдэв. Тангараг өргөх ёслолын “оргил хэсэг” болсон энэ зураглал дэлхийн хамгийн алиа марзан, этгээд хачин зүйлийг нийтэлдэг 9GAG.com сайтад өдөртөө тавигдсан байдаг юм. Тийм болохоор У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ямар ч байсан санасандаа хүрч, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж, түүхэнд нэрээ мөнхөлж чадлаа.

Саяхан Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедов Ерөнхийлөгчийн сонгуульд найман хүнтэй өрсөлдөн 98 хувиар ялалт байгуулж өөрийн өмнөх рекордыг нэг хувиар давуулсан тухай дэлхийн чихийг дэлдийлгэсэн. Түүн лугаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн биднийхээ итгэлийг алдалгүй, тангараг өргөх ёслолын үеэр үзүүлсэн “амжилтын буухиа”-гаа таслалгүй үргэлжлүүлнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаа шүү, ард түмэн чинь. Удаан хүлээх ч хэрэггүй, удахгүй болох наадмаар заавал нэгийг дуулгана даа.

Ардын хувьсгалын тэгш ой тохиож буй энэ жилийн “цахим” наадамд 1024 бөх барилдана. Энэ жил түүхэнд анх удаа 2000 сур харваачийг өрсөлдүүлэхээр бүртгэл нь эхэлчихсэн, 3000 шахаад явж байгаа мэдээ ч байна. Дээр нь наадмын нээлтэд оролцох урлаг соёлынхон, цэргийнхэн гээд тэр олон мянган хүний халдвар хамгааллыг хэрхэн яаж сахиулах, УОК-оос ямар шаардлага тавихыг бурхан байгаад ч таашгүй.

Цэргийнхэн бол учраа олчихсон, бид харсан. Харваачид, урлагийнхан ч гэсэн уруултай, уруулгүй, соруултай, соруулгүй маскаа зүүгээд гарах байх. Гэтэл хоёр хүн барилдахын тулд заавал нэг нь нөгөөдөө хүрэлцэж байж барилдсанд тооцох ёстой. Масктай байгаад нэмэргүй. Тийм болохоор дахиад ямар шинэ нээлт, ШБОС гаргаж ирэхыг наадмын өглөө харцгаая.

Б.ЗАЯА

Х.Баттулга алуурчид, авлигачдыг уучлав

0

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа өгөөд дөрөв хонож байна. Тэрбээр өнгөрсөн нэг сарын турш хуруугаа цоортол 18 мянган хүнийг төрийн одон медалиар шагнасан бол ажлаа өгөхийн өмнөхөн хүн амины хэрэг болон авлигын хэргээр ял шийтгэл эдлэж байсан хүмүүсийг уучлах зарлиг гаргасан нь олны нүдийг орой дээр нь гаргаж байна.

Ингээд бүрэн Х.Баттулга хэн, хэнийг уучлах зарлиг гаргасныг тоймлон хүргэе.

Б.Энхбат

Хон Хэрээдийн Б.Энхбат нь хүн амины онц ноцтой хэрэг үйлдэж, шүүхээс түүнд 25 жил хорих ял оноосон байдаг. Гэвч Х.Баттулга Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараахан буюу 2017 оны аравдугаар сард шоронгоос суллагдсан.  Түүнийг уучлах тухай зарлигийг гаргахдаа Х.Баттулга хэвлэлд мэдээлээгүй нь олны хэл амнаас айсан байж магадгүй.

Шоронгоос гарч ирснийхээ дараа Б.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Монгол төрийн “сүнслэг орчин” намайг хамгаалж байсан учир би тэр хахир хатуу айхтар савнаас ингэж эрүүл энх гарч ирсэн гэж ойлгодог. Яагаад гэвэл, хүний хорвоогийн буруу зөвийг хамгийн эцсийн шатанд төр л дэнсэлж шийднэ. Монгол төрийн тэр дэнсэн дээр миний хувь заяа шийдэгдсэн. Түүнээс биш Женко Баттулга Ерөнхийлөгч болоод, намайг гаргасан юм биш шүү дээ” гэж байв.

Г.Солтан

Х.Баттулга тамгаа өгөхөөс гурван сарын өмнө буву 2021 оны гуравдугаар сард зарлиг  гаргаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн өрх толгойлсон 21 эмэгтэйд хүн уучлал үзүүлж байв. Мөн Наурызын баярын өдөр зарлиг гаргаж 11 казах иргэнд уучлалт үзүүлсний нэг нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан байлаа.

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр шүүхээс 3 жилийн ял оноосон. Тэрбээр гэм буруугаа хүлээсэн учир түүнд уучлал үзүүлжээ.

Д.Дамба-Очир

Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухын өмнө 13 хүнд уучлал үзүүлсний дотор УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир багтжээ. Д.Дамба-Очир нь ЖДҮХС-гаас авсан зээлээ мөн л зориулалтын бусаар ашигласан, албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр 3 жилийн ял шийтгэл шүүхээс авсан. Түүнийг гэм буруугаа ухаарсан гэх үндэслэлээр Х.Баттулга уучлал үзүүлэх зарлиг гаргасан байна.

Б.Махбал

Хамт ажилладаг нөхрөө албаа өгсөнгүй хэмээн онц хэрцгийгээр зодож хөнөөсөн Б.Махбалд уучлалт үзүүлсэн гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, хэвлэлд мэдээлснээр Х.Баттулга тамгаа У.Хүрэлсүхэд өгөхөөс нэг цагийн өмнө буюу өнгөрөгч Баасан гаригийн өглөө ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг санаатайгаар хөнөөсөн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг уучилжээ. Гэхдээ түүний нийт ялын 25 хувьд нь уучлал үзүүлсэн болохыг хэвлэлүүд бичиж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг Б.Махбал хашиж байжээ. Мөн 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдоход тухайн үед шинэхэн Ерөнхийлөгч болсон Х.Баттулга нөлөөлж, албан тушаалд нь тавиулсан, тиймээс би том артай хүн хэмээн сайрхдаг байсан гэх.

Э.Энхбат

“Шар Энхээ” гэх нэрээр олонд танигдсан Э.Энхбатын Хан-Уул дүүргийн нутагт байх “Ривер гарден” хотхон дахь гэрт нь Э.Насанжаргал, Б.Цолмон, Б.Чинзориг нар 2019 оны тавдугаар сард өмнөд хөршөөс оруулж ирсэн мансууруулах бодисоо хүргэн өгч байхдаа үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл бий. Түүгээр ч зогсохгүй тэднийг баривчлах үед тэд эсэргүүцэж, автомашинаараа цагдаагийн ажилтныг мөргөн зугтаасан гэдэг. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Энхбатад найм, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн, цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн Э.Насанжаргал, Б.Цолмон нарт долоо, шүүгдэгч Б.Чинзоригт дөрвөн жил хорих ял оноосон гэх мэдээлэл бий.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнд уучлал үзүүлэхдээ Э.Энхбатын ялаас 2.5 жилийг хассан мэдээлэл байна.

Д.Галсансүх

Зохиолч, яруу найрагч Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцсэн байдаг. Тэрбээр зам тээврийн ноцтой осол гаргаж, автомашинд нь зорчиж явсан хэвлэл мэдээллийн 2 ажилтан амиа алдсан юм.

Шүүхээс шүүгдэгч Харгана овогт Дэжидмаагийн Галсансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 3 сарын хорих ял оноосон юм. Харин Х.Баттулга түүнд уучлал үзүүлжээ.

Б.Хурц

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 3 шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгах явцад тагнуул, прокурорын эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ыг удирдаж байсан Б.Хурц нарын 9 хүн буруудан шүүгдсэн юм.

Хоёр жил орчим үргэлжилсэн эрүү шүүлтийн гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн 4 дүгээр сард болж анхан шатны шүүх Б.Хурц нарт 1-3 жилийн ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц 1 жил 6 сар хоригдох ял сонссон. Харин түүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлал үзүүлжээ. Гэхдээ тэрбээр уучлал гуйх шаардлагагүй, би хэрэг хийгээгүй гэсэн боловч Х.Баттулга хүчээр уучлал үзүүлсэн талаар хуульчид шүүмжилж байна.

Сангийн сайд халдвар авчээ

0

Сангийн сайд Б.Жавхлан ковид-19-өөр өвчилсөн байна. Тэрбээр “Миний бие өнгөрөгч 7 хоногт шинжилгээгээр Ковид-19-ийн халдвар авсан нь тогтоогдон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмч, сувилагч нарынхаа хяналтанд эмчилгээ хийлгэж байна.

Одоогийн байдлаар халдварын шинж тэмдэг болох бие сульдаж, толгой эргэх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа хэдий ч 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.

Миний хувьд Хятадын Синофарм үйлдвэрийн #вероселл вакцины 2 дахь тундаа 4 сарын 20-нд хамрагдсан бөгөөд эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины 2 тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын НЭН ШААРДЛАГАТАЙ САНХҮҮЖИЛТ-ийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно.

 Мөн өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.

Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ мөн цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж буй хөгжлийн түнш орнууддаа ТАЛАРХАЛ илэрхийлье.

Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутган, дархлаагаа дэмжиж, хүн хоорондын зайгаа барьж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин УРИАЛЖ байна” гэлээ.

Монголын Засгийн газар шинэ бонд босгоно

0

Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлээс шинэ бонд босгохоор болжээ. Өнгөрсөн долоо хоногт олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch” агентлаг Монгол Улсын Засгийн газрын санал болгож буй ам.долларын бондод “B” гэсэн үнэлгээг өгсөн байна.

Зургадугаар сарын 21-нээс хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг санал болгох, мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley”, “Nomura” зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ. Хөрөнгө оруулагч нартай яриа хэлэлцээ ид үргэлжилж байгаа учраас Сангийн яамнаас мэдээлэл өгөх сонирхолгүй байна.

Монгол Улсын хувьд уул уурхайн салбараас хэт хараат, төсвийн алдагдал өндөр зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд хангалтгүй байгаа ч улс төрийн хувьд тогтвортой байх нөхцөл бүрдсэн учраас хөрөнгө оруулагчид нааштай хандаж магадгүй гэсэн итгэл үнэмшил Засгийн газарт байна.

Энэхүү бондоор хэдий хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Монгол Улсын хувьд 2021 онд том хэмжээний бонд болон зээлийн эргэн төлөлт байхгүй. Харин 2022 оны сүүл, 2023 оны эхээр том хэмжээний төлөлтүүд хийх хуваарьтай. Гэхдээ одоо босгох бондыг дахин санхүүжилтэд зарцуулахгүй, харин цар тахалтай тэмцэхэд төсвийн дэмжлэг байдлаар ашиглахаар төвөвлөж буйг зарим эх сурвалж хэллээ.

Халдвартай эхчүүдийн төрөхийн хүндрэл 22 дахин нэмэгдэж байна

0

Эрүүл мэндийн яамны мэдээллийн үер жирэмсэн эхчүүд халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдвөл ямар эрсдэлүүд үүсч байгаа талаар АШУҮИС-ийн доктор Д.Мөнхцэцэг  мэдээлэл өглөө.

Тэрээр “Сүүлийн өдрүүдэд халдвар өргөн тархаж байгаатай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх, хүндрэх, эндэх тохиолдлын тоо өсч байна. Жирэмсэн эмэгтэй та өөрийгөө халдвараас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд халдвараас хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх. Хэдий жирэмсэн эх гэртээ байгаа ч гэр бүлийн бусад гишүүд халдвар авч ирснээс болж халдвар авч байгаа тохиолдол их байна. Тиймээс гаднаас орж ирсэн хүмүүс нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гараа сайтар угааж, эрсдэлтэй хүн болон газраас явсан бол зай барих, маскаа зүүх хэрэгтэй.

Гэртээ хүн битгий урь, аль болох зайнаас, утсаар асуудлаа шийдээрэй. Ажил олгогч байгууллагууд жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээс нь ажиллуулах боломж нөхцөлөөр хангах нь зөв. Мэдээж жирэмсэн эхчүүд маань вакциндаа хамрагдаж, үүсч болох хүндрэлээс өөрийгөө сэргийлээрэй.

Доор дурдсан шинж тэмдгээс хэд хэдэн нь илэрч байгаа бол эмнэлэгт хандаарай. Манай улсын хуулиар халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг заавал эмнэлэгт хэвтэн эмчлэх заалттай. Иймд гэрээрээ дур мэндэн эмчилгээ хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хүнд, нэн хүнд хэлбэр рүү шинжиж байгаа бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.

Халдвартай жирэмсэн эх нь халдваргүй жирэмсэн эхтэй харьцуулахад төрхийн хүндрэл 2-22 дахин нэмэгдэж байгаа судалгаа гарсан. Үүнээс гадна халдварын хүндийн зэрэгт, 35-аас дээш насны жирэмсэн эхчүүд, жирэмсний чихрийн шижинтэй, таргалалттай, жирэмсний хугацаа 28-32 долоо хоногтоо жирэмсэн эхчүүд хүндэрч байна. Энэ үе нь жирэмсэн эмэгтэй зүрх судасны тогтолцоо, амьсгалын тогтолцоо маш их ачаалалтай байдаг учраас хүндэрч байна.

Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвараар өвдсөний дараа урагт сөрөг нөлөөтэй эсэх талаар санаа зовж байна. Энэ талаарх хамгийн сүүлийн судалгаагаар эхээс урагт халдвар дамжих эрсдэл 12.5 хувь гэж гарсан. Эхчүүд халдвараар өвчилснөөс болж дутуу төрөлт  нэмэгдэж буй. Дутуу төрснөөс болж хүүхдийн амьдрах чадвар муудах, хөгжил доройтох асуудал үүсдэг. Өвчин хүндэрсэн үед хүүхэд дутуу төрөх, кесар хагалгаа хийх нөхцөл үүсч байна.

Бусад судалгааны үр дүнгээс танилцуулбал, коронавирусээр өвдсөн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг богино хугацаанд алдагдана, түүнээс үргүйдэлд хүргэхгүй гэсэн судалгаа гарсан.

Жирэмсний 1-36 хүртэл долоо хоногтоо жирэмсэн эхчүүдэд дэлхийн нийтээр файзер вакциныг хийж байна. Жирэмсэн эх төрөөд 42 хоногийн дараа вакциндаа хамрагдахад ямар нэгэн гаж нөлөө гаргахгүй гэж үзэж байна. Иймд өвдөхгүй байхын төлөө хичээж, дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй” гэлээ.

Шударга ёсны донтолт

0

SNS дээрх элдэв хэрүүлийн сэдвүүд, олны танил хүмүүсийг балбах уралдаан, сүүлийн үед гэвэл коронагийн хямралаар тодорсон “сайн дурын энхийг сариулагчид”. Нийгмийг гүйлгэн харвал “Гарцаагүй миний зөв” гэх өвч хандлагаар бусдыг ширүүн дайрч доромжлох үг үйлдэл дан ялангуяа сүүлийн хэдэн жилд эрчимтэй дэлгэрч байх шиг. Өөрийгөө аанай л шударга ёсны ариун хамгаалагч мэтээр бодон автаж, өөр бодол саналыг яагаад ч ойлгож зөвшөөрч чадахгүйгээс болж тэвчишгүй мэдрэмж тээж орхидог “Шударга ёсны донтолт” гэх үзэгдэл. Тархи судлаачид үүнийг тархинд байгалиас суугдсан механизм, хүн л бол хэн бүхэн өртөх эрсдэлтэй өвчин хэмээж байна.

Энэхүү “Тэвчишгүй” бачуурлаас мултран гарах эхний алхам бол танд тэгж мэдрүүлээд байгаа тархины механизмыг таньж мэдэх явдал юм. Хэний ч хувьд падгүй асуудал гэж хэлэхээргүй тэр эмоцыг хөндлөнгөөс ажиглан засаж, бага ч болов сэтгэлээ тогтоож авснаар илүү олон ургалч үзэл бодлыг зөвшөөрөх тэнхээтэй өөрийгөө, мөнхүү нийгмийг ч бүтээж чадах учиртай.

Түлхүүр 1: Сүргээс гадуурхыг балбаснаар тархинд таашаалын бодис ялгардаг

Хүн гэдэг амьтан өөрийн сул доройг нөхөх тактик болгож сүрэглэх хэлбэрээр хувьсаж ирсэн. Аюулгүй байдал хийгээд амьдралын бүтээмжийг дээшлүүлэх тал дээр сүрэг буюу бүлгийн тогтвортой байдал бол зайлшгүй шаардлагатай нөхцөл. Тиймээс хүн байгалийн инстинкт талаасаа өөрийн харьяалагдах сүргээс гадуурхыг хүлээн зөвшөөрөхгүй байх, эсэргүүцэн дайрдаг байхаар бүтээгджээ. Өөрсдийн шударга ёсны хэмжүүрт нийцэхгүй хүнийг “муу хүн” гэж үзэн балбаснаар тархинд таашаалын бодис болох допамин ялгарч, тааламжтай мэдрэмж төрдөг гэнэ. Тиймээс балбах тусам дотор онгойж, түүнээсээ салахгүй давтан давтах үзэгдэл өрнөнө. Бас хүн бүхэн өөрийн харьяалагдах бүлгийн гишүүдийг бусад хүмүүсээс сайн гэж мэдрэх “In-group bias” (дотор бүлгийн хэлбийлт) гээч хандлагыг тээж явдаг гэнэ. Сайтар анхаарахгүй л бол тархи залхуурч, өөрийн группээс гаднах хүмүүсийг нэг бүрчлэн нямбайлан шүүлгүйгээр “Нөгөөдүүл чинь” гэсэн нэг шошгонд базаж чихээд цэгцэлчихдэг аж.

Түлхүүр 2: Хэнийг хэрхэн үл тэвчих нь нийгмийн шинж чанараас ч хамаарна

Шударга ёсны донтолт хэнд ч тохиож болох боловч ямар хүнийг дайрах вэ гэдэг суурь хэмжүүр нь улс орон хийгээд соёл, нийгмийн төлөвшил зэргээс хамааран янз бүр байдаг бололтой. Нэгдмэл нэг үндэстэн, нийтлэг зовлон ихтэй боловч нийгмийн төлөвшил сул монголчуудын хувьд бусдыг өөр шигээ үзэх нь түгээмэл, нийтлэг бус нөхцөл байдлыг ойлгож бодолцох чадвар сул, өөрөөр хэлбэл нийгмийн цөөнхийг орхигдуулах хандлага хүчтэй гэж харагддаг. Наад захын бэлэн жишээ гэвэл бидний бүтээсэн хүрээлэн буй орчин маань нийгмийн цөөнх болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд даанч ээлгүй, тэгсэн хэрнээ тэр нь олонх хүний хувьд төдийлөн асуудал биш байх жишээтэй. Иймэрхүү баригдмал стереотип өргөн түгсэн нийгэмд ялгаатай үзэл бодлын хооронд мөн чанарлаг бүтээлч мэтгэлцээн өрнөх нь ховор, сав л хийвэл эсрэг талын персоналити (хувь шинж) рүү халдах гээд байдаг гэмтэй.

Түлхүүр 3: SNS-ээс болж дайралцаан улам ширүүссэн

Хэн нэгнийг “тэвчихгүй” гэх энэ эмоц хүмүүсийн нийгэм бүтээж ирсэн түүхийн туршид байж ирсэн зүйл. Гэхдээ энэ эмоцоо бодитоор тухайн хүндээ гаргаж цацах явдал хэн бүхэн оролцох боломжтой SNS гэх хэрэгсэлийн нөлөөгөөр сүүлийн үед улам эрчимжиж байна. Мөн SNS дээр үзэл бодлоор төстэй хүмүүс хоорондоо холбогдох хандлага байдаг тул интернэтэд өөрөө ч анзаараагүй байтал өөрийн таалалд нийцсэн мэдээлэл л илүүтэй танд хүрдэг болно. Чингүүт “Гарцаагүй миний зөв, түүний буруу” гэх бодон төөрөгдөл улам батжин чангарахад нөлөөлдөг байна.

Түлхүүр 4: Тархи хөгшрөхийн хэрээр консерватив болдог

Ямар ч хүнийг хүнийх нь хувьд хүндлэх, хүлээн зөвшөөрөх гэдэг тархины функц нь үнэндээ маш дээд түвшний зүйл юм. Тэр функцыг тархины урд дэлбээний OFC хэмээх хэсэгт хариуцдаг боловч харамсалтай нь тэр хэсэг 25 ~ 30 насанд хүрч байж арай чүү бүрэн хөгжиж, дээрээс нь буцаад доройтохдоо хурдан гэнэ. Өөрөөр хэлбэл нас ахихын хэрээр тархи хөгширч, өөрийн суурь үзэл бодол хатууран хөшиж, түүнээс бусдыг улам бүр хүлээн зөвшөөрөх чадваргүй болдог аж.

Түлхүүр 5: Бусдыг “Зөвшөөрөх” тархийг шинэ туршлагаар тэжээж болно

Шударга ёсны донтолтонд автаж, бусдыг балбаснаар таашаал авдаг хүмүүс зэрэгцээд өөрсдийгөө ч бас үзэн ядах эмоцийг тээж явдаг. Бусдыг зөвшөөрч амгалан тайван амьдрахын тулд юуны өмнө уурын мэдрэмж төрөх бүртээ “Яг одоо донтолтын шинж тэмдэг хүчтэй илэрч байна” хэмээн өөрийгөө хөндлөнгийн байр суурьнаас ажиглаж сурах нь чухал. Мөн тархи хөгшрөхийн хажуугаар дадал зуршил хийгээд туршлагаар дамжуулан хөгжих ч боломжтой байдаг. Үргэлж явдагаасаа өөр замаар харих, үргэлж ордог дэлгүүрээ сольж үзэх зэргээр зориуд шинэ туршлага хуримтлуулах, эсвэл хангалттай нойр авах зэргээр бие сэтгэлээ тэнийлгэж авах нь уян хатан бөгөөд уужуу тайван тархинд хүрэхэд нэмэр болдог гэнэ шүү.

Жич:

Үүгээр дамжуулж шударга бус хүмүүсийг хаацайлахыг зорьсонгүй. Саяын сонгуулиар яснууд нь ярайтал цухуйсан төлбөртэй инфү нарыг ч аврах гэсэнгүй. Шударга ёсны эрэлхийллийг буруу гэсэн юм ч биш. Хэн нэгнийг шүүмжлэх, буруу зөрүүг дүгнэх нь аль ч эрүүл нийгэмд байдаг үзэгдэл, байх ч ёстой зүйл. Гагцхүү хувь хүн та өөрийгөө шударга ёсны алтан луужин гэж бат итгэхдээ болгоомжтой байхыг л сануулахыг зорилоо. Хүн бүрийн тоогоор шударга ёс оршдог. Харин нийгэм тэдний хоорондох эрүүл мэтгэлцээний үр дүнд урагшилдаг билээ.

Томё Бодё /baabar.mn/

“Цахимаар наадна” гэж хуурч суугааг “цагаандаа гарлаа” гэх үү?

0

Лхагва гаригт хуралдсан УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс эхлэн бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 10 хоног зогсоов. Мөн бүх төрлийн ресторан, баар, кофе шопуудыг заалаар үйлчлэхийг хориглосон өмнөх шийдвэрээ дахин 10 хоногоор сунгасан билээ.

Энэ шийдвэрийг эсэргүүцэн “Takesan Miso Ramen” ресторан мэдэгдэл хийж, заалаар үйлчилж эхэлснээ олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Рестораны зүгээс гаргасан мэдэгдэлд “Халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэж, халдварыг ихэсгэсэн нь төр засаг. Төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна” гэсэн билээ. Олон сараар үйл ажиллагаа нь зогссон ААН-үүд ажилчдыхаа цалинг тавьж чадахгүй, ард нь байгаа гэр бүлийн гишүүд ажил, орлогогүй болж, амьжиргаанаасаа салаад байгаа нь гол шалтгаан болов.

Гэвч тус рестораныг үйл ажиллагаагаа нээсэн даруйд цагдаагийнхан давхиж очоод менежерийг баривчлан авч одов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “үйл ажиллагааг нь хаана” хэмээн мэдэгдлээ. Төрийн байгууллагуудаас явуулж буй энэ дарангуйллыг эсэргүүцэж, өнгөрсөн хугацаанд ажил, орлогогүй зогссон хувийн хэвшлийнхэн ч нэгдэж эхэллээ.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өчигдөр орой Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга УОК-оос ресторан, зоогийн газруудад тавьсан дээрх хязгаарлалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “ААН-үүдтэй хариуцлагын гэрээг байгуулан үйл ажиллагааг нь нээнэ. Мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөж ажиллана” гэв. Энэ асуудлаар маргааш буюу 26-ны өдөр ААН-үүдтэй уулзаж, хариуцлагын гэрээ байгуулах гэнэ.

ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан УОК-ийн энэ удаагийн шийдвэртэй холбоотойгоор улсын наадмыг цахимаар хийх Засгийн газрын шийдвэр дахин эсэргүүцэлтэй тулж ирлээ. Иргэдээ хорьж, цагдчихаад эрх мэдэлтнүүд нийлж суугаад наадам хийхийг монголчууд тэвчихгүй шүү л гэж байна.

Гэсэн ч өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Улсын наадмыг цахимаар хийнэ, Засгийн газар өчигдөр орой эцсийн шийдвэрээ гаргасан” гэж мэдэгдлээ. Ёстой нөгөө “намайг хэн хэлж, нохойг хэн саах юм” л гэж байна. Цахим наадам гэдэг нь чааваас, үзэгчгүй наадам хийж, дарга нар нь наадмын асарт суугаад, иргэд түүнийг нь зурагтаар харахыг хэлж байгаа юм. Түүнээс биш бөх, морь, сур гурав цахимаар уралдаж, барилдаж, харвалцана гэж юу байх вэ дээ.

Саяхан болтол монголчууд “наадам хийнэ, хийхгүй” гэдэг дээр хоёр талцчихаад байв. Талцах болсон шалтгаан нь наадмын төсөвт баталсан 10 тэрбум төгрөгтэй холбоотой. Нэг хэсэг нь “энэ мөнгөөрөө ковидоо эмчил, наадмаа боль” гэж, нөгөө хэсэг нь “ковидынхоо төсвийг ч гаргаад, наадмаа ч хийх ёстой” гэсэн байр суурьтай байв. Гэвч УОК-оос сүүлд гаргасан шийдвэр наадмыг дэмжиж байсан хүмүүсийн ч гэсэн бухимдлыг төрүүлэв. Дарга нарт зориулж Төв цэнгэлдэхэд 512 /тэгш ой учраас 1024 ч гарч магадгүй/ бөх барилдах, хэдэн зуун хүн цуглаж, наадмын нээлтийн тоглолт тавихад тэнд УОК-ийн хориглоод байгаа хүний бөөгнөрөл үүсэхгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдахгүй гэж үү?

Өнгөрсөн жил дотооддоо халдвар алдаагүй, гадагшаа хил нь хаалттай байхад “улсын наадмын морины хүүхдүүдэд маск зүйлгэж уралдуулна” гэж элийрч байсан нөхөд өнөөдөр халдварын тоо хоногтоо 2000 давж, 3000 дөхөж, ковидоос шалтгаалсан үхэл өдөртөө арваас буухгүй байхад “Цахимаар наадна” гэж хуурч суугааг “цагаандаа гарлаа” гэх үү?

Б.Заяа

Гэрэл зургийг ikon.mn