Эрүүл мэндийн яамны мэдээллийн үер жирэмсэн эхчүүд халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдвөл ямар эрсдэлүүд үүсч байгаа талаар АШУҮИС-ийн доктор Д.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.
Тэрээр “Сүүлийн өдрүүдэд халдвар өргөн тархаж байгаатай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх, хүндрэх, эндэх тохиолдлын тоо өсч байна. Жирэмсэн эмэгтэй та өөрийгөө халдвараас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд халдвараас хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх. Хэдий жирэмсэн эх гэртээ байгаа ч гэр бүлийн бусад гишүүд халдвар авч ирснээс болж халдвар авч байгаа тохиолдол их байна. Тиймээс гаднаас орж ирсэн хүмүүс нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж, гараа сайтар угааж, эрсдэлтэй хүн болон газраас явсан бол зай барих, маскаа зүүх хэрэгтэй.
Гэртээ хүн битгий урь, аль болох зайнаас, утсаар асуудлаа шийдээрэй. Ажил олгогч байгууллагууд жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээс нь ажиллуулах боломж нөхцөлөөр хангах нь зөв. Мэдээж жирэмсэн эхчүүд маань вакциндаа хамрагдаж, үүсч болох хүндрэлээс өөрийгөө сэргийлээрэй.
Доор дурдсан шинж тэмдгээс хэд хэдэн нь илэрч байгаа бол эмнэлэгт хандаарай. Манай улсын хуулиар халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг заавал эмнэлэгт хэвтэн эмчлэх заалттай. Иймд гэрээрээ дур мэндэн эмчилгээ хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хүнд, нэн хүнд хэлбэр рүү шинжиж байгаа бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.
Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвараар өвдсөний дараа урагт сөрөг нөлөөтэй эсэх талаар санаа зовж байна. Энэ талаарх хамгийн сүүлийн судалгаагаар эхээс урагт халдвар дамжих эрсдэл 12.5 хувь гэж гарсан. Эхчүүд халдвараар өвчилснөөс болж дутуу төрөлт нэмэгдэж буй. Дутуу төрснөөс болж хүүхдийн амьдрах чадвар муудах, хөгжил доройтох асуудал үүсдэг. Өвчин хүндэрсэн үед хүүхэд дутуу төрөх, кесар хагалгаа хийх нөхцөл үүсч байна.
Бусад судалгааны үр дүнгээс танилцуулбал, коронавирусээр өвдсөн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг богино хугацаанд алдагдана, түүнээс үргүйдэлд хүргэхгүй гэсэн судалгаа гарсан.
Жирэмсний 1-36 хүртэл долоо хоногтоо жирэмсэн эхчүүдэд дэлхийн нийтээр файзер вакциныг хийж байна. Жирэмсэн эх төрөөд 42 хоногийн дараа вакциндаа хамрагдахад ямар нэгэн гаж нөлөө гаргахгүй гэж үзэж байна. Иймд өвдөхгүй байхын төлөө хичээж, дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй” гэлээ.