2025.06.20, Баасан
spot_img

Т.Гантөмөр: Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 96.5 хувьтай байна

0

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 23-ны байдлаар нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 96.5 хувийн биелэлттэй байна. Дулаан хангамжийн системийн хувьд 998 арга хэмжээг төлөвлөсөн байсан.

Дулаан хангамжийн хувьд Эрчим хүчний яамны захиалгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3.3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөх, бүрэн шинэчлэх ажлыг энэ онд зохион байгуулж халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажилласан.

Уг төслийн хүрээнд 73 орон сууцны 9,043 өрх айл, 40 ААН байгууллага наймдугаар сарын 25-наас эхлээд хэрэглээний халуун ус дулаанд холбогдсон. Үлдсэн хоёр байрны 83 өрх есдүгээр сарын 28-нд хэрэглээний халуун хүйтэн усаар хангагдана.

Агаарын бохирдлыг бууруулах захирамжийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй захын сургууль, цэцэрлэг айл өрхийг дулаанд холбож байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургууль, 29, 71 дүгээр цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж, 95 хувийн ажлын гүйцэтгэлтэй явж байна.

БЗД-ийн 8, 16, 19 дүгээр хороо, газарчин, Эрдэнэтолгой дахь дулаан холболтын ажил шугамын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна” гэв.

У.Хүрэлсүх: Монгол Улс энхийг эрхэмлэгч ардчилсан улс гэдгээрээ танигдсан

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Чуулганы дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы даргаар гишүүн улсуудын дэмжлэгийг авч сонгогдсон Абдулла Шахид танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе. Таныг энэхүү хариуцлагатай, чухал үүргээ гүйцэтгэхэд манай төлөөлөгчид бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно.

Сүүлийн хоёр жилд дэлхийн улс, орнууд цар тахлын гамшигт нэрвэгдэж, бид амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна. Миний бие Монголын ард түмний нэрийн өмнөөс дэлхий даяар коронавирусийн улмаас 4.6 сая хүн амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Манай гарагийн өнцөг булан бүрт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө амь хайргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болон тэргүүн шугамын албан хаагчдад талархал илэрхийлье.

Мөн КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд НҮБ болон түүний системийн байгууллагууд онцгой үүрэг гүйцэтгэж, гишүүн улсуудаа нэгтгэн зангидаж, тусалж дэмжин, мэдээлэл, арга зүйгээр хангаж байгаад чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Чуулганы дарга аа,

Цар тахал дэлхий нийтийн эрүүл мэндийн төдийгүй эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л салбарт өөрчлөлт авчирч, цаашид хүн төрөлхтний аж амьдрал КОВИД-19-ийн өмнөх болон дараах үе гэж хуваагдах нь тодорхой боллоо.

Цар тахлын үед бид олон зүйлээс сургамж авлаа. Монголчууд бид “Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсэж ирдэг” гэж ярьдаг. Энэ нь өвчин зовлон хүнийг арьс өнгө, нас хүйс, баян ядуугаар нь ялгадаггүй гэсэн үг.

Тиймээс энэ зүйр үгээр дамжуулан монголчууд өвдөж зовсон нэгнээ ялгаварлан гадуурхах биш харин энэрч хайрлах ёстой гэдэг ёс суртахууныг номлодог юм.

Хүмүүс бид бие биенээ ялгаварлан гадуурхах биш, харин хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа энэхүү аюулт цар тахал өвчнийг хамтын хүчээр хэрхэн ялж гарах талаар бодох ёстой. Мөн зарим улс оронд цар тахлын хөл хорио, дэг журмаас үүдэн хүний эрхийн төлөөх бослого, хөдөлгөөн ч бас гарлаа.

Бүс нутагтаа ардчиллын “Баян бүрд” гэж нэрлэгддэг Монгол Улс хөл хорионоос үүдсэн хүний эрхийн асуудалд анхааралтай хандаж байна.

Монгол Улс болон Азийн олон улс орон ийм зөрчилд хүрэлгүйгээр КОВИД-19-ийн хүндрэлтэй үеийг даван туулж байгаа нь хувь бодьгалийн бус харин хамтач дорно дахины соёлын онцлог давуу тал гэж хэлж болно. Бид бие биенийхээ соёлын онцлог, үнэт зүйлийг хүндэтгэж, ололт амжилт, алдаа дутагдлаасаа харилцан суралцах нь хүн төрөлхтний өмнө цаашид тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

КОВИД-19 огцом дэгдсэнээр дэлхий дахины эрүүл мэндийн салбарын хүний нөөц, дэд бүтэц, нийлүүлэлтийн тогтолцоо асар том цохилтод өртөж, вирусийн тархалт ужиграх хэрээр нийгмийн тэгш бус байдлын үнэн дүр төрхийг илчилсэн гэж хэлж болно.

Эрүүлийг хамгаална гэдэг бол улс орныг батлан хамгаалахтай нэгэн адил оршин тогтнолын ач холбогдолтой салбар гэдгээ орчин цагийн төрт улсуудад хатуухан сануулж өглөө.

Ирээдүйн дэлхийн хөгжлийн үзэл баримтлал нь ногоон, хүртээмжтэй нийгэм эдийн засгийн хөгжил байх төдийгүй эрүүл мэнд суурьтай байх, эрүүл мэндийн дипломат ажиллагааг хөгжүүлэх бодит шаардлага шинээр бий болж байна. Мөн эрүүл мэндийн салбарт эрсдэлийн удирдлага, бэлэн байдлыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, өндөр технологи, шинэлэг арга барилыг шуурхай нэвтрүүлэх асуудал бид бүхний өмнө тулгамдаж байна.

КОВИД-19 цар тахлаас хамгаалах гол арга зам нь дархлаажуулалт тул дэлхийн улс орнууд, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт, харилцан туслалцаа үүнд чиглэгдэх учиртай.

КОВИД-19-ийн вакцины тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 138 улсад 190 сая тун вакцин нийлүүлээд байгаа нь бага, дунд орлоготой орны иргэдэд хүрсэн үнэлж баршгүй дэмжлэг байлаа.

Монгол Улс өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрөөс гадна бусад улс орны  дэмжлэг тусламж, Засгийн газрын худалдан авалтын үр дүнд хүн амынхаа 65 хувийг вакцины бүрэн тунд хамруулж чадсан байна.

Вирусийн тархац өндөр байгаа ч буурах хандлага ажиглагдаж байгаа тул манай Засгийн газар үйлчилгээний газруудыг үе шаттай нээх, боловсролын бүх шатны сургалтыг танхимаар эхлүүлэх, гадаад нислэгийн тоог нэмэгдүүлэх зэргээр хэвийн амьдралын горимд шилжих алхмуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Чуулганы дарга аа,

Цар тахал дэлхийн улс орнуудын эдийн засаг, түүний дархлаа, уян хатан байдалд урьдынхаас илүү хүнд сорилт учрууллаа. Цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг 4.9 хувиар, олон улсын худалдаа 5.3 хувиар тус тус агшсан ч 2021 оноос тодорхой сэргэлт үзүүлэх хандлагатай болж байна.

Цар тахлын үед мэдээллийн технологи нийгмийн амьдралын гол хурдасгагч байж, XXI зуунд өөрийн эзлэх байр сууриа нотолж чадлаа. Өмнө нь мэдээллийн технологийн хэрэглээ эдийн засаг, бизнес, санхүүгийн харилцаанд л гүнзгий нэвтэрч байсан бол цар тахлын үед зайн оношилгоо, эмчилгээ, цахим сургалт, зайнаас ажиллах гэх мэтээр өргөжин тэлж хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэр, дүр төрхийг олж байна.

Хүн төрөлхтөн нийгэмших хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа энэ үед хөл хорионд орж нийгмээс тусгаарлагдах, ганцаардах нь коронавирусаас ч аймшигтай болохыг энэ хоёр жилд бид бүхэн мэдэж авлаа. Гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачууд, хамт олон, улс үндэстнүүд хуран чуулж, амьд харилцаа үүсгэх боломжгүй байх нь ажил хэрэг, боловсрол, хүмүүжил, нийгэмшил, сэтгэцийн эрүүл мэндэд асар хортой болохыг бид харлаа.

Дэлхий нийтэд тулгараад буй олон сорилтыг зөвхөн бэрхшээл бус, харин хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэх, орон зайг үл хамааран үр дүнтэй ажиллах боломж хэмээн харвал бид энэ шинэ орчинд илүү хурдацтай дасан зохицож, сэргэн хөгжих бололцоотой гэдгийг дурдах нь зүйтэй.

Чуулганы дарга аа,

1921 оны Ардын хувьсгалын үр дүнд монголчууд бид анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан билээ. 1961 онд НҮБ-д элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон бөгөөд энэхүү түүхт ойг манай ард түмэн үндэсний онцлох үйл явдал хэмээн үзэж байгаа.

Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ-ыг монголчууд бид туулсан нэгэн жарны маань итгэлт нөхөр, туулах олон жарны маань өмөг түшиг хэмээн хардаг.

Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ гэж монголчууд ярьдаг билээ.

Монгол Улс өдгөө дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоож нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улс, бүс нутгийн Засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад гишүүнээр элсээд байна. Мөн олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орсон нь манай улсын дэлхий нийтийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл гэж үздэг.

НҮБ-ын системийн байгууллагуудын тусламж, дэмжлэг Монгол Улсын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсны дотор ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, байгаль орчин, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр илүү үр дүнтэй хамтран ажиллаж чадлаа.

Манай улсын 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе, удаа дараа тохиолдсон зудын гамшиг, КОВИД-19 цар тахал зэрэг хүнд хэцүү, бэрхшээлтэй бүх цаг үед НҮБ болон түүний системийн байгууллагууд тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж, Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Чуулганы дарга аа,

Өнгөрсөн жаранд Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй оролцож ирлээ. Манай улсаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зэвсэг хураах долоо хоног, улс түмэн энх тунх амьдрах эрхийн тухай тунхаглал, цөмийн зэвсэггүй статус, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалах, хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, бичиг үсгийн боловсрол, ардчиллын боловсрол зэрэг 20 шахам асуудлын хүрээнд 90 гаруй тогтоол санаачлан батлуулаад байна.

Үүн дотроос Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарлаж, өнөөг хүртэл энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Мөн 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Монгол Улсын санаачилгаар 2003-2012 оныг “НҮБ-ын бичигтэн болох 10 жил” хэмээн зарласан, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Засгийн газар хоорондын анхны байгууллага болох Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулсан зэргийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Бид далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог байдал, ашиг сонирхлыг хангахын төлөө урьдын адил тууштай ажиллахын зэрэгцээ Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болохыг зорьж байна.

Мөн эл завшааныг ашиглан Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь эдийн засгийн интеграцид оновчтой хэлбэрээр оролцох, тухайлбал АПЕК-т нэгдэх, АСЕАН-ын яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч тал болох эрмэлзэлтэй байдгийг цохон дурдахыг хүсэж байна.

Чуулганы дарга аа,

Коронавирусийн цар тахал нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн том гамшигт тооцогдож байгаа билээ. Хэдийгээр Дэлхийн I дайн өнгөрөөд 103 жил, Дэлхийн II дайн өнгөрөөд 76 жил болсон ч дайны хор хөнөөл өнөө хэр нь бүрэн арилсангүй, цэрэг, зэвсгийн хүчээр шийдвэрлэх гэсэн асуудлууд ч өнөөдөр бүрэн шийдэгдээгүй байна.

Тиймээс өнөөгийн дэлхий ертөнцөд дайн хэмээгч энэхүү аймшигт үзэгдлийг хүн төрөлхтний түүх, хүний ёсноос бүр мөсөн арилгах хэрэгтэй бөгөөд аливаа зөрчил маргаан, үл ойлголцлыг зөвхөн эв зүй, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг хөгжүүлэхийн үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Бидний өвөг дээдэс Чингис хааныг олон ард түмнийг эзлэн түрэмгийлсэн догшин хэрцгий хүн байсан мэт туйлширсан ойлголт байдаг. Гэхдээ түүнийг дипломат харилцааг баримтлагч, энхийг эрхэмлэгч, амар амгалан хил хязгаарыг бий болгох гэсэн чинхүү хүсэл эрмэлзлэлтэй нэгэн байсныг дэлхийн түүх болон эрдэмтдийн судалгаа нотолдог юм.

Түүний энэхүү хүсэл эрмэлзлэл биелэлээ олж Евразид 200 орчим жил дайн дажингүй амар амгаланг цогцлоосон бөгөөд энэ цаг үеийг дэлхийн эрдэмтэн судлаачид хүн төрөлхтний хөгжилд үлэмж хувь нэмэр оруулсан “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” гэж нэрлэдэг.

Өвөг дээдсийнхээ амар амгаланг эрхэмлэх ёсыг өнөөгийн монголчууд бид ч өвлөн үлдсэн бөгөөд өдгөө Монгол Улс энхийг эрхэмлэгч ардчилсан улс гэдгээрээ олон улсад танигдаад байна.

Бид 1990 онд нэг ч буун дуу гаргалгүй тайван замаар ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж чадсан. Манай улс хөрш орнуудтайгаа газар нутаг, хил хязгаарын маргаан байхгүй. Бидэнд шашны болон үндэстэн, угсаатан хоорондын мөргөлдөөн байхгүй. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орон юм.

Иймээс монголчууд бид дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлааг хүн төрөлхтөнд тогтоох зорилгоор дэлхийн 30 гаруй орны 100 гаруй сая хүн татагдан оролцож, олон сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон хөнөөлт Дэлхийн II дайн дууссан 9 дүгээр сарын 2-ны өдрийг жил бүр “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилга дэвшүүлж байна.

Энэхүү санаачилгыг дэлхийн улс орон, хүн ард дэмжинэ гэдэгт монголчууд бид итгэл төгс байна.

Дэлхий дахинд цэрэг, улс төр, аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал үүсэж, даяаршил, шашин шүтлэг, соёлын ялгаа, эдийн засгийн өрсөлдөөнтэй холбоотой зэвсэгт мөргөлдөөний тоо нэмэгдэж, эх орноосоо дүрвэх дүрвэгсдийн урсгал ихсэж, хүрээлэн буй орчны доройтол газар авч буй энэ цаг үед НҮБ-аас явуулж байгаа улс төр, энхийг сахиулах ажиллагааны бодлого, төрөл, далайц ч шинэчлэгдэж байгаа нь зүй ёсны хэрэг юм.

Энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг нэмэгдэх төдийгүй тэдэнд тавигдаж буй шаардлагад өөрчлөлт орж, тухайн ажиллагааны цагийн байдалд нийцүүлж орчин үеийн зэвсэг техник, тоног төхөөрөмж бүхий цомхон бие бүрэлдэхүүнээр түргэн шуурхай арга хэмжээ авахыг эрмэлзэх болсныг бид зөв зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 20 орчим мянган цэнхэр дуулгатнаа оролцуулаад байгаа билээ. Энэ нь манай улсын хүн амын тоо болон Зэвсэгт хүчний алба хаагчдын тоотой харьцуулахад дэлхийд дээгүүрт бичигддэг үзүүлэлт юм. Бид оролцоогоо цаашид ч нэмэгдүүлэн Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг шинээр оролцуулахаар төлөвлөж, ажиллагааны газар оронд илгээх бэлтгэлээ базааж байна.

Түүнчлэн манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу НҮБ-ын  энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байна.

Энэ хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Уг хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газар болон гишүүн орнуудаас хүсэж байна.

Чуулганы дарга аа,

Ойрын ирээдүйд цар тахал, дархлаажуулалт гол асуудал хэвээр байгаа боловч ирээдүйн хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийн асуудлыг бид цалгардуулах учиргүй.

Дэлхийн хөгжлийн хандлага, “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөртэй уялдуулан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан.

Цар тахлын өмнөх гурван жилд тогтвортой өсөж байсан манай улсын эдийн засаг цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.5 хувиар агшсан. Гэвч дотоодын эдийн засгийг дэмжих шат дараатай арга хэмжээ авч ажилласны үр дүнд эдийн засгийн гадаад таатай орчны нөлөөгөөр манай улсын эдийн засаг сэргэж, 2021-2022 онд  дунджаар 4.5 хувиар өсөх төлөвтэй байна.

Манай улс цар тахлаас эдийн засгаа хамгаалахад зориулж буй төсөв, хөрөнгийн хэмжээ Монгол Улсын эдийн засгийн чадавхтай харьцуулсан байдлаараа дэлхийн зарим хөгжилтэй орноос ч өндөр байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд онцлон хэлж байгаа.

Түүнчлэн, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудын дүгнэлтэд Монгол Улс нэн ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийг ядууралд өртөхөөс сэргийлэхэд тодорхой үр дүнтэй ажиллаж байна хэмээн удаа дараа онцлон тэмдэглэсэн.

Хөдөө аж ахуй, уул уурхайн салбар зонхилсон Монгол Улсын эдийн засаг нь аливаа эрсдэл, гамшгийн эсрэг эмзэг, дархлаа сул хэвээр байгаа тул цар тахлын дараах байгаль орчинд ээлтэй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэхийн тулд бүтцийн шинэчлэл хийх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, төсвийн болон санхүүгийн тогтвортой байдлыг чанд хадгалах зэрэгт онцгой анхааран ажиллаж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт цар тахлын үед болон түүний дараа хөгжиж буй орнуудад чухал үүрэгтэй хэвээр байх болно. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно.

Цаашид бид дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй урьд урьдынхаас илүү идэвхтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй, уламжлалт амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлах болно.

Мөн бид төр, хувийн хэвшлийн бүх түвшинд засаглалын реформыг эрчимжүүлж, түүн дотроо ил тод байдал, хариуцлага, үр дүнтэй үйлчилгээ, сайн засаглалыг хангах бодит механизмуудын нэг болох цахим шилжилтээр дамжуулан авлигыг эрс бууруулахад өндөр ач холбогдол өгч байна.

Монгол Улс 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болох зорилтыг дэвшүүлсэн.

Чуулганы дарга аа,

Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм.

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.

Энэ цаг мөчид нүүдэлчин ардын “бэлчээр өнжөөх”, “бэлчээр амраах” гэдэг арга технологи яах аргагүй санаанд орж байна. Энэ бол өөрийн гэсэн амь, амьдралтай байгаль дэлхийдээ амрах боломж өгдөг монгол малчны ухаан юм.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна.

Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн. Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг. Тиймээс дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтол нь хил хязгаар, үндэс угсаа, шашин шүтлэг үл хамааран хүн төрөлхтний цаашдын оршин тогтнолын баталгаанд аюул занал учруулж байна. Энэхүү эгзэгтэй эргэлтийн мөчийг дэлхийн улс, үндэстнүүд дор бүрнээ ухамсарлан ойлгож ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын  талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон билээ.

Энэхүү хурлын хүрээнд ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө тус тусын боломжит амлалтыг авах, шинэчилж ахиулахыг уриалж байна.

Чуулганы дарга аа,

Цар тахлын хор хохирлоос түргэн ангижрах, цэнхэр гарагаа амирлуулан сэргээх  гол арга зам бол бид бүхний нягт харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, харилцан туслалцаа бөгөөд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Аддис Абебагийн Үйл ажиллагааны хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг олон улсын хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг тууштай үргэлжлүүлэх, эрчимжүүлэх явдал гэж үзэж байна.

Өнгөрсөн сард таван тивийн тамирчид Токио хотноо хуран цугларч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон зуны Олимпын наадмаа амжилттай хийсэн болон 2020 онд цахимаар хуралдаж байсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл нь энэ жил Ерөнхий Ассамблейн их танхимдаа болж, та бид халуун сэтгэлээр уулзан учирч байгаа нь цар тахлын аюулыг бид хамтдаа даван гарна, түүнийг ялах болно гэдэг итгэл найдвар бидэнд төрүүлж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнөд ивээх болтугай.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа!” гэлээ.

У.Хүрэлсүх: 2030 он гэхэд тэрбум мод тарих ажлыг эхлүүлнэ

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.

Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.

Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна.

Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм.

Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ  дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.

Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэлээ.

Ж.Батзандан Элчин зөвлөхөө чамлаж, цөллөгтэй жишив

0

 Ардчилсан намын бүлгийг задалж, МАН-д үйлчилснийхээ хүчинд Лу.Болд, Ж.Батзандан хоёулаа гадагшаа дипломат албаны “томилолт” өвөртөлсөн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан сонгуульд өвдөг шороодсон ч, МАНАН-гийн эсрэг жагсаалд оройлон оролцсоныхоо шагналыг авч, Австрали улсыг зорьсон. Түүнийг ногоон гэрлээр Элчин зөвлөх болсонд олон хүн шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Гэвч түүнийг Элчин зөвлөхөөр “шагнасан” нь Ж.Батзанданд чамлалтай санагдсан бололтой, Австрали явснаа цөллөгтэй жишжээ. Тэрбээр энэ талаар нүүр номдоо цөллөгийн газрын тэмдэглэл бичжээ.  Яг үнэндээ Ж.Батзандан шиг мэргэжлийн бус хүнд дипломат алба ахдана. Тэгээд ч Ж.Батзандан мэргэжлийн дипломатчин биш байдаг нэг энтертайментчин билээ. Гэтэл түүний цөллөг хэмээн дуудаж буй энэхүү албанд очихийг мөрөөдөж, хүсч, зүтгэж яваа мэргэжлийн дипломатчин олон. Насаараа ийм албыг мөрөөдсөөр тэтгэвэртээ гарах нь ч бий. Харин Ж.Батзандангийн хувьд бол ердөө цөллөг төдий алба болсон нь харамсалтай.

 

Зүүнбаянгийн төмөр замыг барьснаар 2000 хүн ажилтай болно

0

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 онд зам, тээврийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, цаашдын зорилго, чиглэл, төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны газрын дарга нар мэдээлэл өглөө.

Төмөр замын үйл ажиллагааны талаар ЗТХЯ-ны Төмөр замын тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Артур “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийн сараалж угсрах ажил гол болон өртөө зөрлөгийн замын дэлгэмэл уртаар нийт 463.414 км-ээс 452.635 км буюу 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьснаар Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, зүүн бүсэд томоохон эдийн засгийн төв, зангилаа бий болж 2,000 орчим шууд ажлын байр шинээр бий болгох, Монголын зүүн бүсийн уул уурхайн компаниуд хямд зардлаар дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг бий болгох, орон нутгийн дэд бүтэц хөгжих боломж үүсгэх боломж бүрдэх юм.

Энэ чиглэлийн төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад бүрэн оруулна.

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 312.89 км /дээд бүтэц/ урт төмөр замын барилга, угсралтын ажлын явц 79.2%-ийн гүйцэтгэлийн түвшинд байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж буурч, авто замаар тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурах юм. Уг замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

“Богдхан төмөр зам” төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм.

Энэхүү төмөр зам баригдсанаар:

  • Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
  • Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхлэж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэнэ.
  • Дагуул хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхижиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болно.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм” гэдэг мэдээлэл өглөө.

Дельта ба Мю хувилбар хавсарвал аюултай

0

Коронавирусийн Дельта хувилбар дэлхийн ихэнх улсад тархаад байгаа.

Үүнээс тархалт өндөр буюу 100,000 хүн амд 300-аас дээш тохиолдол бүртгэгдэж буй улсын тоонд манай улс багтаж байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ. Тэрбээр мөн “Мю хувилбар 43 улс оронд бүртгэгдсэн. Уг хувилбар нь дэлхий нийтэд хэрэглэгдэж буй вакцинуудад тэсвэртэй байх эрсдэлтэй байгаа.

Дельта хувилбартай хавсарсан тохиолдолд том давлагаа үүсгэх эрсдэлтэй байна.

Ард иргэддээ анхааруулж хэлэхэд, Дельта хувилбарын халдварлах чадвар маш өндөр болсон. Уханьд гарсан эх хувилбартай харьцуулахад сорьц дахь вирусийн тоо 1,000 дахин нэмэгдсэн. Эсэд нэвтрэх болон эс дотор өөрийгөө хувилах чадвар нь эрс нэмэгдсэн” гэлээ.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн салбарынхан ачаалал ихтэй ажиллаж байгаа тул эмч, ажилтнуудад хүндэтгэлтэй хандахыг уриалав

Ерөнхийлөгч Э.Оюунболдын аварга цолыг хураах зарлиг гаргав

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн аварга цолыг хураажээ.

Э.Оюунболд нь 2019 оны наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан юм.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, Увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус олгохоор боллоо.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид “Улсын гарьд”, Ц.Одбаярт “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртээх аж.

Б.Мэргэн: Ш.Нямдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх

0

Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт нь нэгжлэг хийхэд их хэмжээний гадаад валют олдсон. Гэтэл түүний хэргийг шүүхээс прокуророос ирүүлсэн хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдэж нийтийн албанд томилох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгосон. Тэгэхээр их хэмжээний авлига, хээл хахуультай холбоотой албан тушаалтнуудыг ийм хэмжээний мөнгөөр торгоод өнгөрөх нь шударга бус гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн тайлбар өгсөн байна.

-Олон нийтийн анхаарлын төвд байсан авлига, албан тушаалын хэргүүд дээр ийм бага мөнгөөр торгуулиад өнгөрөхөөр үлдсэн мөнгө нь тэдний ашиг юм биш үү гэх мэтээр иргэд шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, тэрбум төгрөгийн авлига авчихаад 50 сая төгрөгөөр торгуулаад таван жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хаслаа гэхээр таван жил гэртээ суухдаа үлдсэн 950 сая төгрөгөөрөө амьдарчих юм байна гэж ойлгодог. Хялбаршуулсан журмаар хэрэг нь шийдэгдсэн ч шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах эрхтэй. Шүүх шийдвэрээ гаргахдаа зөв шийдвэр гаргасан уу гэдэгт л асуудлын гол бий. Дээр дурдсан хүнтэй холбоотой хэргийг нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол хуульд заасан шаардлагыг биелүүлсэн болоод л шийдсэн гэж би ойлгож байгаа. Хэрэв хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдсэн бол прокурор, шүүгчийн алдаа болно. Энэ асуудал Шүүгчийн сахилгын хороо, Прокурорын ёс зүйн хороогоор шалгагдаад явах асуудал. Ийм асуудалд хэр баргийн шүүгч, прокурор оролцохыг хүсэхгүй л болов уу. Тиймээс тухайн авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотойгоор хэнд, ямар хохирол учирсныг шүүх, прокурорын байгууллага тогтоосон байх. Ингээд түүнийгээ барагдуулсан гэж үзсэн болоод, гэм буруутай этгээд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, хувийн байдал нь сайн учраас л хялбаршуулсан журмаар шийдсэн болов уу. Прокурор ял төлөвлөхдөө, шүүгч хариуцлагыг нь хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, хүлээлгэж байгаа хариуцлага тохирсон байх зарчмаа баримтлах хэрэгтэй” гэжээ. Өөрөөр хэлбэл, Ш.Нямдорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас шүү хялбаршуулсан журмаас шийдсэн гэх тайлбарыг өгчээ.

 

Э.Цэндбаатарын эрхийг сэргээхийн тулд О.Тулгын эрхийг хасах нь шударга уу

0

Спортын холбоод руу улстөрчид унаж ирвэл ямар аюул болдгийг Монголын боксын холбоонд өнгөрсөн хэд хоногт болсон үйл явдал бүрнээ харууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны Ерөнхийлөгчид залсан найран дээрээс Улсын шигшээ багийн тамирчин согтуу хөлчүү гарч, ах нартайгаа хэрүүл маргаан үүсгэн зодоон, цохион хийсэн /уг нь бол зодуулсан/, түүнд нь Боксын холбоо арга хэмжээ авч, шигшээ багаас хөөсөн, дэлхийн аваргад оролцох эрхийг нь хассан, тэрийг нь улсаараа өмгөөлж хамгаалж байгаад буцаагаад Дэлхийн аваргад нь оролцуулахаар болов. Түүнийх нь золиосонд зүв зүгээр бэлтгэлээ хийж байгаад сорилгод ороод эрхээ авсан 21 настай залуу тамирчин эрхээ хасуулж байгаа юм байна. МҮОХ “хоёулаа зодолдоод хэн дийлсэн нь яв” гэсэн боловч энэ ч гэсэн шударга гэж үү?

Ер нь бол аль ч тохиолдолд Э.Цэндбаатар бэлтгэлийн үеэр архи уусан бол буруудна. Дасгалжуулагч нь энэ хүнд арга хэмжээ авах ёстой. Бэлтгэлээс хасдаг уу, эсвэл МҮОХ-нд мэдээлдэг үү, мэдэхгүй. Мөн согтуугаа олон нийтийн сүлжээгээр зарлаж, лайв энэ тэр хийсэн нь ёс зүйн хариуцлага хүлээх шалтгаан болно. Тэрийгээ Э.Цэндбаатар өөрөө сонгох ёстой байсан байх. Харин хүмүүсийг бухимдуулаад байсан зүйл бол Боксын холбоо яагаад үүнд оролцсон бэ? Яагаад шигшээ багаас хөөх шийдвэрийг холбоо гаргаж байгаа юм бэ? Энд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байсан уу гэдэг л байсан.

Мөн архи уусан, согтуурсан Э.Цэндбаатарыг шийтгэсэн бол архидалт зохион байгуулсан, албаар өдөж хатгаж байгаад зодоон цохион хийсэн хүмүүс нь яагаад гэмгүй өнгөрчихөв өө л гэдэг асуулт байсан. Бас холбооны удирдлагууд яагаад энэ залууг бэлтгэлээ таслаад, архи уугаад, тэнээд байхад нь амаа үдээд олимпод явуулсан, одоо гэнэт яагаад гэнэт баахан хавтаст хэрэг дэлгээд гараад  ирэв? Энэ тэгвэл санаатай үйлдэл үү, санаандгүй юу?.

Тэгсэн чинь холбоо “Тэгвэл бид оролцохоо болилоо. Хоорондоо зодолдоод хэн дийлсэн нь яв аа” гэж байна. Тийм танхай, тийм дүрэмгүй. Нөгөө “Спорт гэдэг бол сахилга бат, сахилга бат” гэж дахин дахин хэлээд байсан холбооны шинэ Ерөнхийлөгч хаачсан бэ? Олимпийн аварга Э.Бадар-Ууган яасан бэ? Э.Цэндбаатарт авсан сахилгын арга хэмжээ ийм богино настай байсан бол эхнээсээ яах гэж ам ангайсан юм бэ?

Явж явж энэ бол өмнө хэлсэнчлэн Х.Нямбаатар гэдэг хүн байх ёсгүй газартаа байсны гай. Олон нийтэд таалагдах, оноо авахын тулд юу ч хамаагүй хийдэг, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, ямар ч дүрэмгүй улстөрчдийг мэргэжлийн холбоод, тэр дундаа спортын холбоод руу ойртуулж болдоггүйн бас нэг нотолгоо.

Боксын холбоо Э.Цэндбаатарыг шигшээгээс хассан шийдвэртээ хөөгдөөд тамирчдын дунд сорилго явуулсан нь дахиад шоглоом боллоо. Хоёрхон хоногийн өмнө “Цэндбаатарыг орлох маш олон тамирчид байгаа. Дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилгоор тодруулсан” гэж мэдэгдсэн холбооны Ерөнхийлөгч хариуцлагаа яаж хүлээх вэ? Эхлээд Э.Цэндбаатар нь дээд үеийнхэндээ дээрэлхүүлээд эрхээ хасуулсан. Одоо Э.Цэндбаатарын эрхийг сэргээхийн тулд арай залуу, арай хүчгүй О.Тулгын эрхийг хасч байна. Шударга ёсыг ингэж тогтоодог уу?

Одоо тэгээд хоёр тамирчны нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Ялсан нь дэлхийн аваргад явна. Яваад медальтай ч ирнэ, медальгүй ч ирнэ. Медальгүй ирвэл бас хэнийг нь буруутгах вэ? Ингэхэд дэлхийн аваргад оролцоно гэдэг энэ залуусын хувьд шагнал юм уу, шийтгэл үү? Ийм сэтгэлзүйгээр тэмцээнд явсан залуус ямар амжилт үзүүлэх вэ?

Яг үнэндээ эхний удаад 100 хувь тамирчны буруу байсан. Гэхдээ Монголын боксын холбоонд түүнээс илүү буруу байна.

Б.ЗАЯА

Монголбанк: Ипотекийн зээл олголт өссөн

0

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах мөн урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 2021 оны 4 дүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох шийдвэрийг гаргалаа.

Шийдвэрийг талаар Монголбанкны удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээлийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 760 тэрбум төгрөгийн Ипотекийн зээл олгогдоод байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо. Ялангуяа 2020 онд 350-450 тэрбум төгрөгийн зээл гарч байсан бол энэ жил дөрөвдүгээр улирал эхлэх гэж байхад ийм өндөр түвшинд очсон байна. Ямар нэгэн гацаа байхгүйгээр ипотекийн зээл олгогдож байгаа.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ипотекийн зээл найман хувийн хүүтэй байснаа зургаан хувийн хүүтэй болсон. Ипотекийн зээлийг 100 хувь гэж үзвэл 60 хувийг нь төв банкнаас, 40 хувийг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс олгоод явж байгаа. Банк өөрөө 40 хувийг нь гаргаж байгаа тул энэ төрлийн зээлээ маш идэвхтэй гаргаж байна.

Цаашид ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрт гурван жилийн хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгоно гэж тусгагдсан байгаа” гэлээ.