Спортын холбоод руу улстөрчид унаж ирвэл ямар аюул болдгийг Монголын боксын холбоонд өнгөрсөн хэд хоногт болсон үйл явдал бүрнээ харууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны Ерөнхийлөгчид залсан найран дээрээс Улсын шигшээ багийн тамирчин согтуу хөлчүү гарч, ах нартайгаа хэрүүл маргаан үүсгэн зодоон, цохион хийсэн /уг нь бол зодуулсан/, түүнд нь Боксын холбоо арга хэмжээ авч, шигшээ багаас хөөсөн, дэлхийн аваргад оролцох эрхийг нь хассан, тэрийг нь улсаараа өмгөөлж хамгаалж байгаад буцаагаад Дэлхийн аваргад нь оролцуулахаар болов. Түүнийх нь золиосонд зүв зүгээр бэлтгэлээ хийж байгаад сорилгод ороод эрхээ авсан 21 настай залуу тамирчин эрхээ хасуулж байгаа юм байна. МҮОХ “хоёулаа зодолдоод хэн дийлсэн нь яв” гэсэн боловч энэ ч гэсэн шударга гэж үү?
Ер нь бол аль ч тохиолдолд Э.Цэндбаатар бэлтгэлийн үеэр архи уусан бол буруудна. Дасгалжуулагч нь энэ хүнд арга хэмжээ авах ёстой. Бэлтгэлээс хасдаг уу, эсвэл МҮОХ-нд мэдээлдэг үү, мэдэхгүй. Мөн согтуугаа олон нийтийн сүлжээгээр зарлаж, лайв энэ тэр хийсэн нь ёс зүйн хариуцлага хүлээх шалтгаан болно. Тэрийгээ Э.Цэндбаатар өөрөө сонгох ёстой байсан байх. Харин хүмүүсийг бухимдуулаад байсан зүйл бол Боксын холбоо яагаад үүнд оролцсон бэ? Яагаад шигшээ багаас хөөх шийдвэрийг холбоо гаргаж байгаа юм бэ? Энд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байсан уу гэдэг л байсан.
Мөн архи уусан, согтуурсан Э.Цэндбаатарыг шийтгэсэн бол архидалт зохион байгуулсан, албаар өдөж хатгаж байгаад зодоон цохион хийсэн хүмүүс нь яагаад гэмгүй өнгөрчихөв өө л гэдэг асуулт байсан. Бас холбооны удирдлагууд яагаад энэ залууг бэлтгэлээ таслаад, архи уугаад, тэнээд байхад нь амаа үдээд олимпод явуулсан, одоо гэнэт яагаад гэнэт баахан хавтаст хэрэг дэлгээд гараад ирэв? Энэ тэгвэл санаатай үйлдэл үү, санаандгүй юу?.
Тэгсэн чинь холбоо “Тэгвэл бид оролцохоо болилоо. Хоорондоо зодолдоод хэн дийлсэн нь яв аа” гэж байна. Тийм танхай, тийм дүрэмгүй. Нөгөө “Спорт гэдэг бол сахилга бат, сахилга бат” гэж дахин дахин хэлээд байсан холбооны шинэ Ерөнхийлөгч хаачсан бэ? Олимпийн аварга Э.Бадар-Ууган яасан бэ? Э.Цэндбаатарт авсан сахилгын арга хэмжээ ийм богино настай байсан бол эхнээсээ яах гэж ам ангайсан юм бэ?
Явж явж энэ бол өмнө хэлсэнчлэн Х.Нямбаатар гэдэг хүн байх ёсгүй газартаа байсны гай. Олон нийтэд таалагдах, оноо авахын тулд юу ч хамаагүй хийдэг, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, ямар ч дүрэмгүй улстөрчдийг мэргэжлийн холбоод, тэр дундаа спортын холбоод руу ойртуулж болдоггүйн бас нэг нотолгоо.
Боксын холбоо Э.Цэндбаатарыг шигшээгээс хассан шийдвэртээ хөөгдөөд тамирчдын дунд сорилго явуулсан нь дахиад шоглоом боллоо. Хоёрхон хоногийн өмнө “Цэндбаатарыг орлох маш олон тамирчид байгаа. Дэлхийн аваргад оролцох тамирчдаа сорилгоор тодруулсан” гэж мэдэгдсэн холбооны Ерөнхийлөгч хариуцлагаа яаж хүлээх вэ? Эхлээд Э.Цэндбаатар нь дээд үеийнхэндээ дээрэлхүүлээд эрхээ хасуулсан. Одоо Э.Цэндбаатарын эрхийг сэргээхийн тулд арай залуу, арай хүчгүй О.Тулгын эрхийг хасч байна. Шударга ёсыг ингэж тогтоодог уу?
Одоо тэгээд хоёр тамирчны нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Ялсан нь дэлхийн аваргад явна. Яваад медальтай ч ирнэ, медальгүй ч ирнэ. Медальгүй ирвэл бас хэнийг нь буруутгах вэ? Ингэхэд дэлхийн аваргад оролцоно гэдэг энэ залуусын хувьд шагнал юм уу, шийтгэл үү? Ийм сэтгэлзүйгээр тэмцээнд явсан залуус ямар амжилт үзүүлэх вэ?
Яг үнэндээ эхний удаад 100 хувь тамирчны буруу байсан. Гэхдээ Монголын боксын холбоонд түүнээс илүү буруу байна.
Б.ЗАЯА