Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах мөн урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 2021 оны 4 дүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох шийдвэрийг гаргалаа.
Шийдвэрийг талаар Монголбанкны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээлийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 760 тэрбум төгрөгийн Ипотекийн зээл олгогдоод байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо. Ялангуяа 2020 онд 350-450 тэрбум төгрөгийн зээл гарч байсан бол энэ жил дөрөвдүгээр улирал эхлэх гэж байхад ийм өндөр түвшинд очсон байна. Ямар нэгэн гацаа байхгүйгээр ипотекийн зээл олгогдож байгаа.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ипотекийн зээл найман хувийн хүүтэй байснаа зургаан хувийн хүүтэй болсон. Ипотекийн зээлийг 100 хувь гэж үзвэл 60 хувийг нь төв банкнаас, 40 хувийг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс олгоод явж байгаа. Банк өөрөө 40 хувийг нь гаргаж байгаа тул энэ төрлийн зээлээ маш идэвхтэй гаргаж байна.
Цаашид ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрт гурван жилийн хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгоно гэж тусгагдсан байгаа” гэлээ.