2025.06.19, Пүрэв
spot_img

Ч.Хүрэлбаатар: Намайг айлгана бодож байна уу, үгүй

0

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг ХААН банкны хувьцаа эзэмшигч Х.Савадагийн гомдлоор АТГ шалгаж эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Мөн хэвлэлээр түүнтэй холбоотой сөрөг мэдээллүүд ч багагүй цацагдах болсон. Энэ талаар тэрбээр цахим хуудсандаа тайлбар хийлээ.

“Амьдралдаа уулзаж үзээгүй, байдаг эсэхийг нь хүртэл мэдэхгүй хүмүүсийг, бас компаниудыг нь надтай хамааралтай мэтээр бичжээ. Бас компанитай эсэхийг нь мэдэхгүй ч таньдаг зарим хүмүүсийн компаниудыг надад хамаатуулж. Би жил бүр АТГ-т ХОМ-оо гаргаж өгдөг, бизнес хийдэггүй, хамааралтай компани байхгүй. Х.Баттулгын “захиалгаар” зөндөө шалгуулчихсан, элдвээр бичүүлчихсэн хүн учир бусдад гай болохгүйгээ сайн мэддэг юм, би. Бусдын хэргийг надад хамаатуулаад хэрэггүй, юм олж долоохгүй.

Саяхан болж өнгөрсөн Увс аймгийн намын даргын өрсөлдөөнтэй холбоотойгоор намайг муулах ажиллагааг хөлсний “хэд” зохион байгуулав. Үнэнийг хэлэхэд мөнгөөр муулж байгаа хүмүүст мөнгө өгүүлж байгаа гээд өөрийгөө бас тоодог гэдгээ хэлчихье. Харин хүн доромжилж, гүтгээд авсан мөнгө нь хоол болдог эсэхийг бол мэдэхгүй.

Увсад Ардын нам гэхээр зөвхөн намайг муулдаг уламжлалтай. Бусад нь нам мам хамаагүй цаагуураа бол нэг. Аймгийн намын даргын сонгууль болдгоороо болж, үнэн ялдгаараа ялсан.

Аймгийн намын сонгуулийн хар ПР-ыг ХААН банкыг авах гээд бүтэлгүйтээд байгаа хэдэн шуналтан үргэлжлүүлж байна.

Намайг их муулчихвал айгаад зогсоно гэж бодоод байна уу? Үгүй шүү.

Намайг их муулчихвал банкны зөвшөөрлөө авчихна гэж бодож байна уу? Үгүй шүү.

Хууль хяналтын байгууллагаар айлгана гэж бодож байна уу? Үгүй шүү. Захиалгаар, мөнгөөр хүн хэлмэгдүүлдэг цаг өнгөрсөн.

Төмөр зам, төмөр, нүүрс, банк тойрсон хулгай, тендертэй тендергүй барилга барьж хөлжиж мөнгөтэй болчхоод их мөнгөөр юу ч хийж болно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Үнэн гутлаа өмсөж байхад худал хорвоог тойрдог гэлцдэг. Тэр тусмаа мөнгөөр бол үүнийг нь хурдасгаж, худлыг үнэн, үнэнийг худал болгоход амархан гэж бодоод байх шиг. Үнэн ялдаг хорвоод амьдарч байна, үнэн ялж л таарна” гэжээ.

"Х.Баттулгаар дамжиж В.Путиний бодлого Монголд хэрэгжихийг эсэргүүцнэ"

0

Өнгөрсөн баасан гарагт 409 дүгээр ангийг зорьж, хилс хэргээр дөрвөн жилийн ял авчхаад хоригдож байгаа Хотын дарга асан Э.Бат-Үүлийг эргэлээ.

Эргэх ч гэж дээ. Нарсанд байгаа хүнийг эргэх нь наранд байгаа биднийхээс тэс өөр ойлголт. Дураар ганц ном аваачаад өгөх боломжгүй. Top дүүрэн дуртай амттаныг нь оруулах эрхгүй. Шилэн хаалтын наана цаанаас утсаар ярихыг ямар эргэлт гэх вэ дээ.

Э.Бат-Үүл баатартай уулзахаар хүлээлгийн танхимд зогсож байх зуур харуулын ажилтан “Туувар яасан бэ” хэмээн станцаараа ярив.

Хорих ангийн өрөөнөөс хоригдогсдыг эргэлтийн заал руу авчрах процессыг туувар гэдэг юм байна. Шоронгийнхны жаргон хэллэгээр ардчиллын баатар Э.Бат-Үүл тууврын замаар туугдсаар эргэлтийн заал руу орж ирлээ.

Хөх куртикнийхээ гадуур шар хантааз углачихсан, гараа даллаад сүйд. Цагаан үс нь малгайд дарагдан налмайж, жаахан жин хасаа юу даа гэж харагдана. Түүнтэй ярилцах хугацаа хорин минутын лимиттэй. Эргэлтээр очсон хоёр хүнд энэ хорин хором хаанаа ч үгүй гэдэг нь ойлгомжтой.

Харилцуураа чихэндээ сайн нааж, гадна орчны дуу чимээнээс тасрахгүй бол түүний яриа тээр цаана сонсогдоно. “3а, та нар сайн уу. Гэр хорооллоороо явж байна уу. Явахгүй байгаа даа та нар. За энд одоо хэрэлдээд суултай биш. Сонин юу байна” гэсээр уулзав.

Цаашаа бидний хооронд ийм яриа өрнөсөн юм.

-Бид сайн. Таны бие сайн уу?

-Сайн сайн. Би асуудалгүй.

-Хоол унд нь хэр юм?

-Дажгүй ээ. Энэ хорих ангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн юм байна. Тэрэнд санаа зоволтгүй. Ном уншаад юмаа бичиж байгаа.

-Сүүлийн үеийн сонин хачныг өмгөөлөгчөөс сонсов уу. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлснийг дуулав уу?

-Сонслоо. Үнэхээр гайхаж байна. О.Цогтгэрэлийг ингэнэ чинээ ёстой санасангүй. Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна.

Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой. Гэвч Х.Баттулга үүнийг ойлгохгүй нэрээ татахгүй бол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Х.Баттулга МАН-ын даргын зөвлөхөө хийхэд л хангалттай.

-Намын даргад нэр дэвшигчдийн материал авах хугацаа нь дуусчихсан юм билээ…

-Тэр хамаагүй. Угаасаа дүрмийн бус сунгаа шүү дээ. Би үүний эсрэг тэмцэх болно. Ардчилалд аюул учирлаа.

-Ямар аюул?

-Х.Баттулгаар дамжиж В.Путиний бодлого Монголд хэрэгжинэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

-Орос, Украины дайны талаар Та юу гэж бодож байна?

-Яг энэ сэдвээр нийтлэл бичээд явуулсан ч одоо болтол baabar.mn дээр гарахгүй байна.

-Яагаад вэ, шуудангаар явуулсан юм уу?

-Шуудангаар явуулаад хоёр, гурав хонолоо, очоогүй байна гэсэн. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.

-Тэр нийтлэлдээ юу гэж бичсэн юм бэ?

-В.Путин Украин руу түрэмгийлэн дайрч байгаа шалтгаан нь ердөө дарангуйлагч төрийнхөө хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг. В.Путин Орос орныг авторитар дэглэмээс хойд Солонгос шиг тоталитар дэглэм рүү шилжүүлэх гэж байна. Тиймээс коммунистуудын замаар орж социализм руу буцах гэж байна. Энэ нь Монголын ирээдүйд маш аюултай.

Социализм гэдэг бол колоничлолын бодлого юм шүү дээ. Өнгөрсөн түүхэнд Монголд байгуулсан социализм бол үнэндээ колоничлолын тогтолцоо байсан. В.Путин өөрөө маш их асуудалтай. толгой өвтгөсөн зүйл ихтэй хүнд үед ирчихсэн байсан.

Жишээ нь, Чечень, Кавказаас эхлээд хэзээ мөдгүй салан тусгаарлаж магадгүй нөхцөл байдлууд түүний санааг зовоож байсан. ОХУ задрах аюул ойртчихсон, Путиний эрин дуусахад ойрхон болсон учраас амиа аврахын тулд түүнд Оросыг тоталитар дэглэмд шилжүүлж, Ким Жон Ун шиг дарангуйлагч болохоос өөр гарц үлдээгүй. Тиймээс түүнд далим хэрэгтэй. Тэр шалтаг нь Украин байсан.

Энэ санаархлаараа Монгол руу хийж байгаа эхний алхам нь Х.Баттулгаар илэрч байна. Х.Баттулгаар дамжуулж Монголыг буцаад Социализм руу буцаахыг хүсэж байна.

-Монголчууд социализм руу буцахыг хүсэх үү?

-Хэдийгээр монголчууд социализмд ам сайтай байдаг ч эргээд соц нийгэм рүү шилжихийг хэзээ ч хүсэхгүй. Хувийн өмчгүй, чөлөөтэй бизнес хийх боломжгүй, гадагшаа явах, үг хэлэх эрхгүй, малчид нь малаа төрд хураалгаж, эргээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөвөл залуучууд Та нар дэмжих үү. Тэвчихгүй биз дээ.

Монгол Улс социализмын үед колоничлогдсон орон байхад Хятадад тийм таатай байгаагүй. Тиймээс Монголыг эргээд социалист орон болохыг урд хөрш зөвшөөрөхгүй. Хятадад ардчилсан Монгол хэрэгтэй. Гэсэн ч Путиний санаархал зогсохгүй. Тэгэхээр бид нэн яаралтай ардчиллын дархлаагаа бататгах хэрэгтэй.

-Яаж?

-Гэр хорооллоо өөд нь татах хэрэгтэй. Монголд гэр хороолол, хөдөө хоёр л хөгжөөгүй хаягдсан. Ядуурал гэр хороололд их байгаа. Гэтэл атгаг улстөрчид иргэдийн ядуу зүдүү дээр дөрөөлж улс төрийн тоглолт хийдэг. Гэр хорооллыг ядуурлаас гаргаж. юунд ч автахааргүй болгох нь хамгийн чухал байна.

-Орос, Украины дайны талаар манай төр засаг албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа…

-Манайх Оросоос эдийн засгийн хамааралтай учраас тэр байх. Гэхдээ Монгол, Украин хоёр хоёулаа жижиг орон.

ОХУ жижиг орон руу дайрч дайн хийж байхад Монгол дуугүй харж сууснаараа НҮБ-д нэр хүндгүй болж байна. Монголын төр засаг нь дүүрч гэхэд ард иргэд нь энэ дайныг эсэргүүцэж дуугарах нь зөв. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ.

Нөгөө талаар монголчууд бид ёс суртахуунаа гээж болохгүй. Хүмүүнлэг ёсны үүднээс бид Украиныг өмөөрч, дайныг эсэргүүцэх хэрэгтэй.

Ард иргэд нь хүний ёсоор энх тайвны төлөө жагсаж, дуугарсны төлөө үг хэлэх эрхийг нь хааж боож болохгүй. Тиймээс монголчууддаа хандаж дайны эсрэг. Украиныг дэмжихийг уриалж байна. Бид адил жижиг орон учраас хүн ёсоо ийм үед харуулах ёстой.

Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа.

-Давж заалдах шатны шүүхийн тов гараагүй юу?

-Гараагүй. Хэзээ гарах юм мэдэхгүй хүлээж л байна. Давж заалдах шатны шүүх хуралд миний бие онлайнаар биш өөрийн биеэр оролцож, нээлттэй явуулахыг хүсэж байгаа.

-Цаг дуусаж байх шиг байна. Өөр хэлэх зүйл байна уу?

-Өөр юу байх вэ дээ. Өө нээрээ сая Мартын 8-наар 409 дүгээр хорих анги эмэгтэй хоригдлууддаа баяр хүргэж тоглолт зохион байгуулсан. 409 дүгээр анги “Жигүүр” гэдэг хамтлагтай юм байна. Хоригдож байгаа эмэгтэйчүүддээ зориулж урлагийн тоглолт үзүүлсэн.

Хүний эрхийг ингэж дээдэлж, хүнлэг сайхан арга хэмжээ зохион байгуулсанд маш их баярлаж, тэр оройн арга хэмжээнд үг хэлж хорих ангийн удирдлагуудад баяр хүргэсэн. Тэгээд сэтгэл хөдлөөд амьдралдаа анх удаа тайзан дээр дууллаа.

-Тийм үү. Ямар дуу дуулсан юм бэ?

-Найз З.Зундарийнхаа зохиож байсан “Сэтгэлийн жигүүр” дууг “Жигүүр” хамтлагтай дуулсан. Хүмүүс алга ташаад л их сайхан хүлээж авсан гэж хэлээд харилцуураа тавиад цааш туугдан одлоо.

Өнгөрсөн шөнө 5 машин шатжээ

0

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэний тав нь автомашин шатсан дуудлага байжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг 06:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:11 цагт очиход тус байрны гражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан байна. Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Шүрт” хотхоны автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:58 цагт очиход иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг 5 минут ажиллан унтраажээ.

Украины эмгэнэлт явдлууд

0

Нэг.

1986 онд “Ард” кинотеатрт зөвлөлтийн “Хатыны эмгэнэлт явдал” хоёр ангит уран сайхны киног үзэж билээ (Дуусгаад үстэй малгайгаа суудал дээрээ мартаж гарсан учраас сайн санадаг, тэгэхээр өвөл байсан). Орос нэр нь “Иди и смотри”. Үйл явдал гэвэл Эх орны дайны үеэр германы СС-ийн отряд белоруссын хоёр тосгоны иргэдийг хядсан тухай юм. Эхний тосгоноос нэгийг ч амьд үлдээлгүй буудаад овоолсноор харуулдаг бол хоёр дахь тосгоны иргэдийг том амбаарт хөөж оруулан түгжээд, томчууд нь хүүхдүүдээ үлдээгээд гарч болно гэхэд зөвхөн Флёра гэдэг жаал, бас нэг залуу хүүхэн нялх хүүхдээ тэврээд цонхоор бууж гарч ирэхэд хүүхдийг нь булааж дотогш буцаан шидээд бүх хүнийг амьдаар нь шатаадаг.

Миний мэдэх, дайны тухай хамгийн хүчтэй кино бол Алесь Адамовичийн “Хатынская повесть”-ийн  дагуу Элем Климовын найруулсан энэ кино. Одоо цагийн аймшгийн кинонууд дэргэд нь зугаа төдий. Дараа нь уг киног Германд болон европын бусад оронд үзүүлэхэд тухайн үедээ маш их дуулиан тарьж, хүлээн зөвшөөрөхгүй, бүр зөвлөлтийн пропаганда гэж үзсэн нь бий.

Үнэхээр пропаганда буюу нэг том гуйвуулга энэ кинонд оржээ. Жинхэнэ үйл явдал нь гэвэл 1943 оны 3-р сарын 22-нд Белоруссын нутаг дэвсгэрт германы цуваа руу дайрч гурван цэргийн албан хаагчийг алсан партизануудаас өшөө авч Хатынь тосгоны (эхлээд оршил болгож өөр нэг тосгоны 26 хүнийг хүйс тэмтрээд) бүх оршин суугчийг хамтралын сарай руу оруулж 149 хүн, тэдний дотор 75 хүүхдийг (ес, бас долоон хүүхэдтэй гэр бүлийг тэр чигээр нь) шатаасан нь германчууд биш, харин Schutzmannschaft Battalion 118 хэмээх отряд байсны дийлэнх нь Улаан армид алба хааж байгаад дайны эхээр сайн дураар бууж өгсөн зэрэг украинчууд, украины үндсэрхэг үзэлтнүүд байсныг тухайн үедээ зөвлөлтийн ард түмнүүдийн эв нэгдлийг эрхэмлэх үүднээс нуусхийж, германы СС-ын цэргүүд, хажуугаар нь нутгийн хэд гурван полицай оролцсоноор кинон дээр харуулдаг.

Хоёр.

2014 оны хавар Украинд Евромайдан хөдөлгөөний үр дүнд төрийн эргэлт гарсны дараа уг үйл явдлыг дэмжигч украины үндсэрхэг үзэлтнүүд болон хүлээн зөвшөөрөөгүй “антимайдан”-чууд буюу орос үндэстэн голдуу  иргэд гудамжинд жагсаал цуглаан хийж, хоорондоо сөргөлдсөн олон хотын нэг нь Одесса юм. Явсаар 5-р сарын 2-ны өдөр хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн ордны өмнөх Куликовын талбайд антимайдан-ы идэвхтнүүд олон палатка босгож Украиныг холбооны улс, орос хэлийг албан ёсны хэл болгох санал асуулга зохион байгуулах үеэр евромайданчууд дайрахад цаадуул нь ордон руу орж нуугдсан байна. Ингээд жинхэнэ аймшиг эхэлжээ. Ордныг битүү бүсэлж, талбай дээр шууд Молотовын коктейль бэлтгэн шидсэнээр байшин шатаж, амь тэмцсэн хүмүүсийг гаргахгүй  өөдөөс нь буудаж, цагдаа нар таслан зогсоогоогүйн улмаас албан ёсны мэдээллээр 48 хүн амиа алдсаны зарим нь цонхоор үсрэхдээ, бусад нь амьдаараа шатаж, бэртэж шархадсан хүний тоо 200 давжээ.

Энэхүү эмгэнэлт явдлаас хойш бараг найман жил өнгөрсөн ч мөрдөн шалгах ажил дуусаагүй ажээ. Ордныг хэрхэн шатааж, Молотовын коктейль бэлтгэн шидэж, буудсан зураг, бичлэгээ эзэд нь тухайн үедээ нийгмийн сүлжээнд бахархалтайгаар нийтэлснээ хэрэг бишэдмэгц нэгд нэгэнгүй устгасан боловч тэдний гар хүрэхгүй Интернэтийн булан тохойд хангалттай хуулбарлагдан үлдэж хоцорчээ. Гэвч ганц ч ял аваагүй өнгөрч, эрх баригчид антимайдан-чууд өөрсдөө буруутай, дотроосоо гал тавьсан гэж буруутгаж үзээд нотолж чадаагүй

2022 оны 3-р сарын 24-нд В.Путин Украинд цэрэг оруулахаа мэдэгдэж хэлсэн үгэндээ “энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд шийтгэл хүлээгээгүй. Тэднийг хэн ч эрж хайхгүй байгаа. Гэвч бид тэднийг нэр усаар нь мэднэ. Тэднийг олж шүүхэд өгч шийтгэхийн тулд бүгдийг хийх болно” гэжээ.

Гурав.

Евромайданыг Одесса төдийгүй Украины зүүн өмнөд нутгийн орос хүн ам зонхилсон муж, хотууд хүлээн зөвшөөрөөгүй. Үүнийг ашиглан Оросын Холбооны Улс санал асуулга явуулах замаар Крымын хойгийг өөртөө нэгтгэв. Харин Украины шинэ засаг эсэргүүцлийн хөдөлгөөнийг төдөлгүй дарж авсан ч нүүрсний уурхай, хүнд үйлдвэр зонхилсон Донецк ба Луганскийн мужуудийн зүүн хэсэг өөрсдийгөө тус бүрдээ Бүгд Найрамдах улс хэмээн тунхаглаж амжсан. Киев цэрэг хөдөлгөж байлдааны ажиллагаа эхлүүлэв.

Найман жил үргэлжилж байгаа энэ дайнд 13 мянган хүний амь үрэгджээ. Үүнийг зогсоохын тулд Украин, Орос, Герман, Франц дөрвөн улсын удирдагч нар уулзалт хийж, улмаар 2015 онд Минск хотноо тохиролцоонд (гал зогсоож хэлэлцээр эхлүүлэх, орон нутгийн сонгууль явуулж энэ хоёр мужид онцгой эрх олгох гэх мэт) хүрсэн боловч Украины тал хэлэлцээрт орохоос татгалзжээ. Хамгийн том саад тотгор нь Украины байнгын армийн ангиудаас илүүтэй дайнч, нацист үзэл суртлаа ил дэлгэж туг, далбаа, тэмдгээрээ нотолсон Азов, Айдар, Правый сектор нэртэй  зэвсэгт бүлгүүд тэргүүн шугаманд байрлан дайтаж ирсэн явдал юм.

Фронтын шугам Донецкийн хот суурингуудад ойрхон, олон тосгодын захаар өнгөрч амиа алдсан зөвхөн хүүхдийн тоо 150-д хүрчээ.  Оросууд үүнийг геноцид хэмээн үзэж дэлхий нийтийн анхаарлыг татахыг оролдож түгшүүр зарладаг ч Москвад нэг хүнийг бороохойдоход сүйд болдог барууныхан таг дуугүй явж ирсэн, тэнд юу болж байгааг Путин геноцид гэж тодорхойлсон нь инээдтэй хэрэг гэж Германы шинэ канцлер Олаф Шольц хэлээд оросуудыг хилэгнүүлээд авсан.

Дөрөв.

Оросын эзэнт гүрэн, дараа нь ЗХУ-ын хэсэг байсан, хүн ам нь тэр чигээрээ славян (слав)-чууд, ихэнх нь орос хэлтэй, тал нь орос байсан Украин улс нэг мэдэхэд бүрэн форматлагдаж Оросоос тусгаар төдий бус Оросын эсрэг улс болон хувирчээ. Украин хэлийг цорын ганц албан ёсны хэлээр зарлаж, дунд сургуульд орос хэлээр сургалт явуулахыг бүрэн хориглосон бол сүүлдээ оросоор ярихыг албан ёсоор хязгаарлаж эхлэв. 2021 оны 6-р сард баталсан уугуул иргэдийн жагсаалтаас оросуудыг хаслаа. Украинд оросууд хэн ч биш болов. Киевийн гудамжаар Орос, оросуудыг устгаж сөнөөнө гэж 1930-аад оны фашистын Германых шиг бамбартай жагсдаг хэт үзэлтнүүд украинчуудын оюун санааг хордуулж, энэ улсыг барьцаанд авснаас ялгаагүй болсон байна.

Украин бол Оросын эсрэг үзэл, үйлдлийн зөвхөн үзүүр нь. Хүйтэн дайнаас хойш Оросыг зогсоо зайгүй доош хийж, коммунизм, тоталитаризмаар далимдуулан түүхийг нь үгүйсгэж, 27 сая амиар олдсон Их ялалтыг Гитлерийн Германтай хутган гутааж, дотоод хэрэг явдалд нь эрээ цээргүй оролцож, эцэс  төгсгөлгүй олон хориг тавьж, сүүлдээ оршин тогтнох эрхийг нь хасч хаагуур хэд хуваахыг төлөвлөж, цэрэг зэвсгээ тулгаж байршуулан овоо хараандаа оруулж гэтсэний хариу эцэстээ тултал шахагдсан пүрш тавигдах мэт Украин дээр буув. Оросуудын хэлж буйгаар, баруун зүгээс өөрсдийг нь төхөөрөх гэж ирэхийг 1941 он шиг хүлээхгүйгээр шийдээд хөдөлсөн нь энэ дайныг авчирлаа. Путины хэлсэнчлэн орос, украинчууд яг нэг үндэстэн биш юмаа гэхэд славяны хоёр том  үндэстэн хоорондоо алалцаж, цаанаас нь энэ галыг өрдөж өгч байгаа. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол …

Тав.

2022 оны 2-р сарын 24-нд Путины Украинд халдаж эхлүүлсэн байлдааны ажиллагаа хоёр долоо хоног үргэлжилж байна. Урьдчилж тооцоолсон төлөвлөгөөний дагуу яв цав явагдаж байгаа гэж Путин өөрөө мэдэгдсэн, Оросын Украины нисэх буудал, онгоц, танк, их буу, холбооны цамхаг төхөөрөмж, зэвсгийн агуулах зэргийг эхний өдрүүдэд л устгаж жагсаалаас гаргасан гэж Батлан хамгаалах яам нь зарласан ч санаандгүй ширүүн эсэргүүцэл, хүмүүнлэгийн болоод бусад бэрхшээлтэй тулгарч, зурагтаар харагдаж байгаа шиг шаварт суусан болов уу. Байлдаан эхлээд долоо хоносны дараа буюу 3-р сарын 2-ны байдлаар ОХУ-ын 498 цэргийн албан хаагч алагдаж 1597 нь шархаджээ.

Бараг 500. Энэ бол маш өндөр тоо, асар их хохирол. Зөвлөлт Холбоот улс 1980-аад онд Афганистанд найман жил байлдахдаа 15 мянган хүнээ алдсан. Тэгвэл Украинд долоохон хоногт хагас мянга. Одоо дахиад долоо хоног өнгөрөхөд алагдсан цэргийн тоо хэд болсныг зарлаагүй байна. 1990-ээд оноос хойш дампуурч байсан Оросын зэвсэгт хүчнийг 2012 онд сайд болмогцоо буцаагаад хөл дээр нь босгосон хэмээн сүүлийн арван жил тэнгэрт тултал магтуулж (манайхан хүртэл монгол цустай, Сүбээдэйн удам гэж) ирсэн Сергей Шойгу жанжин цэргүүдээ мянга мянгаар алдана гэж “яв цав” төлөвлөөгүй байх.

Д.Цэрэнжав /baabar.mn/

МИАТ Улаанбаатар-Франкфурт чиглэлд шууд нислэг үйлдэнэ

0

МИАТ ТӨХК нь энэ сарын 12-н буюу маргаашаас эхлэн Улаанбаатар – Франкфурт – Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо. Ингэхдээ алслалт өндөртэй В767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэг үйлдэх юм байна.

Сануулахад, Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлд нислэг үйлддэг байсан бол ОХУ, Украины сөргөлдөөнөөс зорчигч тээврийн нислэгийн маршрутад өөрчлөлт оруулж, Улаанбаатар-Бишкек-Истанбул-Франкфурт-Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин маргаашаас Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд зогсолтгүй шууд нислэг үйлдэхээр болжээ.

Х.Баттулга Монголын улс төрөөс явсангүй!

0

Угаасаа тэр улс төрөөс явахгүй нь нэн тодорхой, тиймээс эргэн ирэх цагаа ёстой л анхааралтай ажиглаж суусан. Энэ удаагийн түүний эргэн ирэлтийг АН-ынхан төдийгүй иргэд ч таашаахгүй байгаа юм. Х.Баттулга улс төрд эргэн ирсэн нь Монголд айдас хүйдэс болж байна. Нөгөө талаасаа тэрбээр АН-ыг ийнхүү самарч байгааг гадаадын явуулгатай гэж хардах хүмүүс бий. Ингээд түүний талаар байр сууриа нүүр номд хэн, хэрхэн илэрхийлснийг сонирхуулъя.

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин, АН-ын гишүүн Д.Сосорбарам:

-Х.Баттулга аа, чи одоо болно оо зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно.Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас МОНГОЛ үндэстэнд чи дэмий” гэжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Баатархүү:

-Ардчилсан нам хуваагдах магадлал тун өндөр боллоо. Хайран намыг дахин хувааж ялагдуулах нүүдлүүд үргэлжилсээр байна даа. Батзандан, Болд хоёроор хийсэн мэхээ дахин хийж байна” гэв.

Комедиан Д.Амартүвшин:

-Ядаж MAH-ын даргын зөвлөхийнхөө ажлыг өгчихөөд АН-ын даргад өрсөлдөж болдоггүй л хорвоо байсан юм байх даа. Улаан цаймдаа гарцан юм байна дөө. Энэ улс төрчид…” гэжээ.

Шог зураач С.Цогтбаяр:

-Ардчилсан намыг хэд ч оршуулж, хэд ч ухаж гаргаж ирдэг юм бэ дээ. Зомби цаашаа боллоо шүү дээ. Үзэл бодол нийлсэн залуучууд нь эрүүл саруулаараа үлдсэн лидерүүдтэйгээ нийлээд шинэ нам байгуулчвал бараг дээр дээ. Дэмжмээр байх юм. Яая даа.

АН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин

-Ардчилсан нам бодитойгоороо хуваагдах нь дээ.

Гавъяат эмч Б.Болдсайхан:

-Орос Монголын төрийг дахиж АН-р дамжуулж авах гэж байгаа юм уу? нүүрс, зэс, төмөр зам, цахилгаан, УЦС, уран зогсоох. Төрийг нь дахиж авах?

Эдийн засгийн хямралыг эв нэгдлээр давна!

0

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН-ын дотоод маргаан гэж байхгүй, шийдэгдсэн” гэжээ. Түүний үгэнд захын хүүхэд ч итгэхгүй л дээ. Хагарсан шаазан эвлэдэггүй шиг үнэнийг хэлэхэд, Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр байгаа цагт АН эвлэрэхгүй байх. Эв нэгдэлгүй аваас ямар ч том нам хэрхэн сүйрдгийг АН яруу тодоор харуулж буй. Ялгаагүй улс орон ч эв нэгдэлгүй бол яг АН шиг улс төрийн хямрал руу гулсана.  Ядаж байхад цар тахлын дөрөв дэх давалгаа нь дэгдэж, эдийн засагт томоохон цохилт, хямрал авчирч байна. Энэ хүнд үеийг давахад улс нь ч, иргэд нь ч “бүсээ чангалах”-аас өөр боломжгүй.

Өдийд, жил бүрийн нэгдүгээр сар бол айл өрх, албан газрууд  төдийгүй улс оны эдийн засгийн хувьд хамгийн тааламжгүй үе. Харамсалтай нь, энэ жил хил хаалттай, дээр нь омикроны давалгаа эхэлсэн тул эдийн засаг мөддөө сэргэж чадахгүй л болов уу. Хэдийгээр ҮСХ-ноос инфляци 10 хувьтай байгааг зарласан ч эдийн засагчид 12-т хүрсэн гэж багцаалж. Инфляцийн өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол болсон.

 Эрээний хил хаагдаад хоёр сар болж байгаа нь экспорт, импортын хувьд хоёр хөршөөс шууд хамааралтай  Монголд  барааны хомсдол, үнийн өсөлт авчирсан. Сүүлийн зургаан сарын дотор өргөн хэрэглээний барааний үнэ 50-60 хувь өсчээ. Мөн өнгөрсөнд Монгол Улс түүхэндээ байгаагүй өндөр алдагдал хүлээсэн.

Эдийн засгийн хямрал ганц Монголд тохиолдож байгаа үзэгдэл биш. Улс орнуудад тээвэр ложистик болон бараа таваар, ажиллах хүчний хомсдол нүүрлэсэн. Үүнээс болоод дэлхий нийт эдийн засгийн томоохон цохилт амсч байна.  Уг нь Монголын эдийн засаг жижигхэн, унах, сэргэх нь амархан. Ердөө л 10 тэрбум ам.долларын эдийн засагтай улс шүү дээ.

Эдийн засагч О.Батчулуун энэ оны эдийн засгийн төлөв байдлыг шинжихдээ “ААН-үүдэд дотоод болон гадаад эрсдэлүүд өндөр хэвээр байна. Ковидоос шалтгаалсан хүний нөөц, тээвэр ложистик, санхүүгийн эрсдэлүүд ААН-үүдэд сорилт авчирсан хэвээр байх болно. Тиймээс ихэнх ААН-үүд бүсээ үргэлжлэн чангалах бодлого барихаар байна” гэж дүгнэжээ.

Товчхондоо, Эрээн хилээ нээсэн ч эдийн засаг шууд сайжирах боломжгүй. Таньжин дээр гацсан 4300 чингэлэг бий. Нөгөөтэйгүүр олон улсын судлаачид  БНХАУ өвлийн олимпийн дараа ч мөддөө хилээ нээхгүй гэх болсон. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед Хятад хилийн бодлогоо чангатгаж, дотоодын хөл хөдөлгөөнөө сул тавих бодлого барьж байна гэж.  Тэгэхээр монголчуудын хувьд зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөөсэй, Эрээн үүдээ хурдан нээгээсэй гэж залбирахаас өөр аргагүй нь.

Цар тахлын үед улс орнуудад эрүүл мэндээ хамгаалах уу, эдийн засгаа хамгаалах уу гэх хоёрхон сонголт тулгарснаас Л.Оюун-Эрдэнийн засгийн хувьд хөл хорихгүйгээр иргэдээ дархлаажуулах замаар эдийн засгаа хамгаална гэж тооцож байх шиг.

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих аж.  Үндсэндээ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтуудыг гурван жилийн хугацаатай зогсоохоор болжээ. Энэ нь хувийн секторыг дэмжих Засгийн нэг бодлого бололтой.

Харин эдийн засгийн хямралаар далимдуулан засаглалын тогтворгүй байдал үүсгэх сонирхол гадаад, дотоодын улстөрчдөд байгаа бололтой. Нэн ялангуяа эрх баригч нам наанаа нэгэн цул мэт харагдавч цаанаа хэдэн хэсэг хуваагдсан нь хэвлэлээр нисгэж буй бор шар мэдээллээс харчихад л болно.

“Давхар дээл”-ийн сургаар УИХ, Байнгын хорооны чуулганы хуралдаан дээр МАН-ын бүлгийн гишүүд бие, бие рүүгээ дайрах болсон нь андашгүй байгаа. М.Оюунчимэг, С.Амарсайхан хоёрын “дайсагнал”-ын ард албан тушаалын амбиц байгаа нь  ойлгомжтой. Эрчүүдийнх нь цээжинд эмээлтэй хазаартай морь, эмэгтэйчүүдийнхэд эзэнтэйгээ багтдаг гэдэг шиг “давхар дээл”-ийн нөмрөх сонирхол МАН-ын бүлгийн 62 гишүүнд бүгдэд нь бий. Энэ дэлхийд эрх мэдлээс татгалзсан хүн Будда л байгаа байх. Ядаж намтартай сайд байсан гэх үг бичүүлэхээс МАН-ынхан яаж татгалзах билээ.

 Тиймээс “давхар дээл”-ийн сургаар Л.Оюун-Эрдэнийн үүдийг сахигчид ч олширсон. Хэрэвзээ хүслийг нь биелүүлж чадахгүй бол тахиа гурвантаа донгодохоос өмнө Л.Оюун-Эрдэнээс гурвантаа урваж чадах хүн түүний намд цөөнгүй. Тэд албан тушаалын төлөө засгаа огцруулахаас сийхгүй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ юу эс андах билээ. Харин улс орны эдийн засаг, эрүүл мэндээ бодвол улс төр хамгийн тогтвортой байх ёстой цаг мөн. Нэг сайд солигдохоор тэр яам бүхэлдээ өөрчлөгддөг. Бодлого шийдвэр дагаад солигддог.  Тэгээд ч  засаглалын тогтвортой байдлын төлөө МАН-ыг сонгосон. Түүнээс МАН-ынхан мундаг учраас үнэмлэхүй олонх болсон юм биш. Өөрөөр хэлбэл, хүнд нь гэхээсээ намд нь саналаа өгсөн нь МАН-ынхныг хоорондоо тийрэн болоод түйрэн тавьчихгүй байх гэж итгэснийх. Ардчилсан нам сонгуульд дараалан ялагдсан шалтгаан нь хоёр хуваагдаж, хоорондоо тийрэн болсных.  Иргэд ерөнхийдөө улс төрийн хэрүүл, зодооноос хэдийнэ залхсан байна.

Тэр тусмаа өвчин зовлон дээр улс төрийн хэрүүл зодоон нэмэрлэвэл улс орны эдийн засаг улам хэцүүднэ. Эрх мэдлийн төлөө эдийн засгаа “галдаж” мэдэх хүмүүс МАН-д ч, АН-д ч байгаа. Эцэст нь иргэд л хохироод үлддэг.

 

Л.Оюун-Эрдэнийн засгийн бодлого экспортын төмөр зам

0

Тэгвэл Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг ирэх долдугаар сарын 1-нд нээхээ Засгийн газар жилийн өмнөөс зарлаж, саяхан Бээжингийн олимпиор урд хөршид айлчлахдаа Хятадын төмөр замтай холбох цэгээ тохироод ирснээ Ерөнхий сайд өөрийн амаараа дуулгасан билээ. Тэгэхээр энэ жилдээ багтан Монгол Улс ямар ч байсан урагшаагаа экспортын хоёр  шинэ гарцтай болох бололтой. Угаасаа ч гарц, үүдний тоог нэмэхгүйгээр эдийн засаг тэлэх, сэргэх боломжгүйг “та ч харлаа, би ч харлаа” гэгч болж байгаа.  Харин өргөн биш нарийн царигтай төмөр зам тавьсан бол эдийн засагт илүү их мөнгө орж ирэх байв. Учир нь, Монголын экспортын гол худалдан авагч хойно биш урдаа.

Урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам тавина гэдэг хамгийн боломжит хувилбар байсан. Даанч, гал тэрэг хэдийнэ хөдөлсөн, төмөр зам нь бараг баригдаад дуусч байна.

Араас нь барихаар төлөвлөсөн, 2010 онд УИХ-аас баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд хэрэгжих дөрвөн том төсөл бийн нэг нь Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн хөндлөн төмөр зам. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг болох “Алсын хараа-2050” болон Засгийн газраас зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүтээн байгуулалтуудын нэг.

Засгийн газрын 28 дугаар тогтоолд уг төмөр замын төслийг  шууд концессын гэрээгээр барихаар заасан. Гэрээг  нь Төрийн худалдан авах ажиллагааны газар хариуцаж буй агаад ажлын хэсгийнхний боловсруулсан саналын урилгыг хоёр компанид өчигдөрхөн хүргүүлсэн гэх шинэ мэдээ саарал ордноос дуулдаж байна. Хэрэвзээ гэрээгээ байгуулчих юм бол ирэх гуравдугаар сарын эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэнэ.

Мөн Ханги-Мандал боомтод хил дамнасан дүүжин чингэлэг тээврийн зам талбай барих эсвэл төмөр замын боомт байгуулах асуудлыг 2022 оны эхний хагаст багтаан Хятадын талтай тохиролцохоор болжээ.

Зүүнбаян-Ханги мандал, Чойбалсан хот-Хөөт Бичигт буюу зүүн босоо чиглэлийн 237 км төмөр зам, Арц суурь-Шивээ хүрэн чиглэлийн, баруун босоо чиглэлийн 1280 км төмөр зам, Рашаант өртөө-Богд хаан төмөр замыг барихар нийтдээ 600-700 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэх тооцоог өнгөрсөн онд Засгийн газар гаргасан байдаг. Л.Халтар сайд ОХУ, Японоос зээл авч уг төмөр замуудын төслийг санхүүжүүлэх талаар ч өмнө нь дуулгаж байв. Тиймээс Засгийн газар 2021 оны долдугаар сард тогтоол гаргаж,  Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан байдаг. Тодруулбал,  хуулийн этгээд нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр өргөн царигийн (1520 мм) төмөр замыг дагалдах дэд бүтцийн хамт барьж, концессын гэрээнд заасан хугацаанд ашиглан гэрээний хугацаа дуусахад төрд үнэ төлбөргүй шилжүүлэх гэнэ.

БИ НЭГ Ч МАНЖ ХҮН ҮЗЭЭГҮЙ

0

Манжийг дарлан мөлжигч заналт дайсан гэж өсөх наснаас би үзэн ядаж хүмүүжснээс, Манж хэмээх тэр аюулт дайсныхаа удам судар-түүхийг миний хувьд огт мэдэхгүй насыг элээж яваагаа саяхан гэнэт анзаардаг хүн юм гээч. Нэг ч манж хүнтэй уулзаж учраагүй болохоор манж хүн тийм зан ааш, ийм яс чанартай гэх ойлголт надад алга. Чингээд түүхийн номнуудын энд тэндээс шүүрдэн уншлаа. Түүхийн шинэ бичлэгийг анхааралтай нягталбал зоримог бус ч үнэмшил төрөхүйц  хандлага мэр сэр цухалзах болсонд олзуурхав. Манжийг хятад гэж ухаарч явлаа. Үзэл суртал тэгж ухааруулжээ.

“Монголын зүүн өмнө орших манж, зүрчид нартай угсаа гарал нэгтэй. Тэд гурван том аймгаас бүрддэг ч дотроо олон жижиг овогт хуваагдаж аж. Нүүдэлчин малчин Зүрчид угсааны хүн ам өсөж, гар урлал газар тариалан хөгжсөөр тэдний үйлдвэрлэл аж ахуйд ахиц гарч ХVII зууны эхнээс хүчирхэгжив. Тэдний дундаас Манж аймаг ХVI зууны сүүлээс давамгайлсан төдийгүй Зүрчидийн бусад аймгийг Мин улсын хараатаас гаргаж, тусгаар улс болохын төлөө тэмцэв”. (Л.Жамсран. “ХVI зууны эхний Өмнөд Монгол ба Манжийн түрэмгийлэл”. ШУАМ. УБ. 1973. №3). Зүрчидүүд Манж гэх уулын нэрээр өөрсдийгөө нэрлэсэн домог бий гэх.

Манж язгууртнууд дундаас Нурхач баатар (1575-1626) товойж, Зүрчидийн олон аймгийг оройлон захирах идэвхтэй ажиллагаа явуулсан байна. Түүний тухай сурвалж бичигт “Тэр нь ёсонд мэргэн бөгөөд журамтай хүн тул түүнийг даган орогчид маш олон байсан” хэмээн өгүүлжээ. (Жамбалдорж. “Болор толь”. Бээжин. 1984. Тал 474). Монголын өмнөд хэсгээс Хорчин аймаг нутаг ойрын хувьд Манжтай анх харилцсан аж. Хорчины бэйл Онгудай, Мангус, Мянган нарын ноёд Зүрчидийн Ехэ, Хада аймгуудтай хамтран Нурхачийг довтлоод ялагджээ. (“Манжийн үнэн магад хууль”. 1-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС). Тэрхүү ялагдлын дараа 1594 онд Хорчины ноёд Нурхачид элч илгээн найрамдаж, 1605, 1606 онд Баяд отгийн ноён Энхдара таван отог Халхын элчийг толгойлон Нурхачийн ордонд дараалан очиж адуу тэмээ бэлэглэн “хүндлэлт хаан” гэж магтан өргөмжилжээ.

Тэр үеийн хил залгаа улс гүрэнд тогтсон дэг журмын дагуу Монгол аймгууд хөрш Манжтай элчин солилцох, худ ургийн холбоо тогтоох зэргээр харилцав. 1612 онд Манжийн ноён Нурхач Хорчины ноён Мянганы охиныг хатан болгон авсан бол 1614 онд Нурхачийн хөвгүүн Гүен баатар бэйл, Мангултай бэйл нар Жарууд аймгаас, Нурхачийг залгамжлагч хөвүүн Абахай нь Хорчины Мангус ноёны охиныг тус тус эхнэр болгон авчээ. (“Манжийн үнэн магад хууль”. 4-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС). Монголын ноёд ч Манжаас эхнэр буулгаж байв. Халхын Баяд отгийн Энхдара Нурхачийн дүү Дархан баатар бэйлийн охиныг эхнэр болгон авчээ.

Монгол Манжийн худ ургийн холбоо Цагаан хэрмийн зүүн хойд талаар нутагтай хоёр улс хоорондоо ойртох, харилцаагаа сайжруулахад чиглэсэн бодлого байв. Гэвч манж нар хожмоо хөрөнгөжиж, хүч чадал суухын хэрээр монголын язгууртан ноёдод өндөр цол хэргэм, үнэт бэлэг шан гар татахгүй өгч эхэлсэн нь тэднийг татах нөлөө бүхий арга болов. Монголчуудын цол хэргэм, шан харамжинд дурлах муу зан тэр үед бас л байж. Одоо ч нөлөөтэй байгаа энэ өөдгүй зуршил анх хэдий үеэс улбаатай нь сонин. Их л цаашаа түүхийн гүн рүү яргах биз.
1616 онд Нурхач баатар өчүүхэн жижиг Зүрчид аймгуудыг нэгтгэж, Хэтуала гэдэг газар Манж улсыг байгуулж хаанд өргөмжлөгдсөн байна. Тэр бээр улсаа Алтан улс хэмээн нэрийдэж, “Тэнгэрээс заяат” гэсэн оны цол авчээ. Манж Мүгдэнгээр нийслэлээ тунхаглаж худам монгол бичиг, ламын шашинтай улс болов. Тэд удалгүй Мин улсын хараат байдлаас гарч Хятадын хаанд алба төлөхөө зогсоожээ. Манж хүч нөлөөгөө нэмэхийн хэрээр монгол их хаадын жишгээр хөрш зэргэлдээ улсуудыг эзлэн нэгтгэх, нутгаа тэлэх бодлого явуулав. 1618 оноос Манж нар Мин улсын зүүн хойд хил хязгаарыг байлдан эзэлж, 1619 онд Солонгост довтолжээ. Манжийн эхний хаад Монголын бие даасан ноёдтой адил тэгш харилцах ба цэрэг-улс төрийн холбоо тогтооход чиглэж байснаа удалгүй хөрш зэргэлдээ бүх улсыг эзлэн захирах тэнгэрийн эзний тухай Хятадын уламжлалт гадаад бодлогыг баримталжээ.

Монголын сүүлчийн их хаан Лигдэн (1604-1634) өөрийн улсын эв нэгдэл, хүчин чадлыг бэхжүүлэх, Манжийн халдан довтлох аюулаас сэргийлэх зорилгоор Мин улстай найрамдах бодлогоо түлхүү баримтлав. Манжийн эсрэг холбоо тогтоох Монголын саналыг Мин улс дуртай хүлээн авч зүүн хойд хил хязгаараа Манжаас хамгаалахад монголчуудыг ашиглах далим олжээ. Үүний тулд монголчуудтай хилийн худалдаа нээхийг зөвшөөрч Лигдэнд хил сахин хамгаалсны шагнал хэмээн жил бүр мянган лан цагаан мөнгө өгөх болсон аж. Лигдэн Мин улстай холбоо тогтоосноор Манж нарын баруун тийш тэлэх түрэлтийг сөрөн зогссон төдийгүй уг харилцаагаа эдийн засгийн давхар ашигтайгаар гүйцэтгэх болжээ.

Хорчины хөрш Зүрчидийн Үлэ аймаг Манжийн цэргийн довтолгоонд өртөж тусламж хүсэхэд Лигдэн хааны даалгаснаар Хорчины Онгудай баатар ноён, хөвүүн Уубагийн хамт цэрэглэн Үлэ аймгийн цэрэгтэй хамтран Манжийн цэргийг цохин ухруулжээ. Мөн Лигдэн хаан Ехэ аймагт туслуулахаар Хорчины цэргийг илгээж, Манжийн Нурхач баатарын удаахь жанжныг алсан аж. (“Манжийн үнэн магад хууль”. 12-р дэвтэр. ШУА. Түүхийн хүрээлэн. ГБС).

Гэвч Лигдэн хутагт хааны нөлөө удаан хадгалагдсангүй. Салж сарнисан ханлигийн зарим нь түүнийг ёс төдий хүлээн зөвшөөрч, зарим нь үл тоож, нөгөө нь бүр дайсагнаж байжээ. Жил ирэх тусам Манж амжилт олохын хэрээр Монгол аймгуудын дунд тэдний нэр нөлөө, худалдаа эд бараа өсч, монголчууд дараалан дагаар орох нь нэмэгджээ. 1626 онд Хорчины Ууба тайж тэргүүлэн Манжийн хаанд биеэр бараалхан бэлэг сэлт өргөхөөр ирэхэд Манжийн хаан арван газрын өмнөөс биеэр угтан авч Уубад Түшээт хан цол, Уубагийн ах Түмэнд Дай дархан, дүү Будачид Засагт дүүрэн цол тус тус шагнаж, Уубагийн дүүд төрсөн охиноо гэргий болгон ураг барилдуулжээ. Ингэж дагаар орсон монгол ноёдод ихээхэн шан хишиг хүртээж, түрүүлж дагаар орогсдод илүү хүндэтгэл үзүүлэх, монголчуудаар монголчуудыг Манжид нэгдэхийг ятгуулах арга хэрэглэсэн нь Монголын олон аймгийн ноёд Манжийн хааны зүг итгэл хандуулахад чухал хөшүүрэг болов. Хоорондоо алалцаж цус урсгаснаас эвийн бодлогоор зохицсон нь тухайн зэрлэг харгис үедээ дэвшилттэй сонголт гэмээр ч юм шиг.

Лигдэн хутагт хааны алдаа бол өөрийгөө Манжаас хүчирхэг гэж үзэж, биеэ “Дөчин түмэн Монголын эзэн Чингис” гэж дөвийлгөж, Нурхачийг “Усны гурван түмэн Манжийн эзэн” гэж басамжилдаг байв. Манжтай сөргөлдсөн удаа дараагийн тулгаралтад Лигдэн ялагдаж, эцэстээ Түвдийн шашны улааны урсгалтай цэрэг-улс  төрийн холбоо тогтоож, Манжаас хариугаа авах гэсэн тооцоо нь эмгэнэлтэй нурсан юм. Нурхач нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч уян хатан алсын хараатай бодлого явуулснаар амжилт олж байлаа. Лигдэн хаан, Цогт хун тайжийн цэрэг Гүүш хааны толгойлсон дөрвөн ойрадын хамтарсан их хүчинд бут ниргүүлж, Хөх нуурын хоёр хадан хушууг цахар халхын гурван түмэн эрсийн цусаар бялджээ.

1626 онд Манжийн хаан Нурхач нас нөгцөж, түүнийг залгамжилсан Абахай монгол аймгуудын талаар эрчимтэй бодлого явуулав. 1636 онд Зүүн Монголын 16 аймгийн ноёд чуулж, Абахайг Монголын хаанд өргөмжилж, түүнд Хубилайн хас эрдэнэ тамга шилжснээр тэр өвөр Монгол аймгуудаас хальж нийт монголчуудыг эрхэндээ оруулах алсын санаа өвөрлөв. Абахай хаан монголчуудын бүтээсэн том алтан бурхныг Мүгдэнд аваачиж шүтээнээ болгосон байна. Абахай хаан 1636 онд өвөр Монголыг нэгтгэж 1644 онд Бээжинг эзэлж Мин улс унав. Угсаа залгамжилсан манж их хаадын гүрэн даруй 295 жил оршин тогтнож, 1911 он хүрчээ. Энх-Амгалан хаан 16 настайгаас Манж дайчин гүрний төрийг 61 жил жолоодсон цэцэн билэгт хаан бөгөөд Чингис хааны тэнгэрлиг ач Хубилай цэцэн шиг гаргуун улс төрч, дээдсийн үйлсийг гарамгай залгамжлагч байв. Хятад орныг 300 шахам жил захирч чадсан Манжийн үе залгамжилсан хаад, аугаа Хубилайн шийрийг хатаагч цөөхөн атлаа сэргэлэн нүүдэлчдээр түүхэнд тодорчээ.

Энэ зуур Халхын ноёд өөрсдийн хүчинд тулгуурлан Манжийн цэргийг хорьж дийлэхгүй болсноо ухаарч, манж нартай харилцахдаа тусгаар тогтнолоо аминчилж хадгалахын хамт хөрш хоёр улсын ёсоор элч солилцон найртайгаар айлсчээ. Энэ нь амар амгалан амьдрахыг дээдэлсэн бодлого байв. Эсэргүүцэн байлдах чадал хүрэхгүй нөхцөлд Халхын ноёд ингэхээс ч өөр яалтай билээ. 1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга зэрэг зүйлсийг өргөж, найрамдахыг хүссэний хариуд  Абахай хаан бэлэгтэй хариу элч илгээж байв. Мөн 1637 онд Түшээт хаан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн элч зарж, найрсаг холбоотой явахаа илэрхийлэв. (Ялимгүй л бэлэг юмсанж. Өргөх бэлэг хомс байв уу, улсаа хайрлав уу. Ямартай ч чанга гартай л хаад байж).

Ер нь Манж Монголын шашин нэг, хэл заншил төстэйгөөс гадна гол нь нүүдэлч малчин угшил нь арай дотносгож байжээ гэх таамаг ургадаг. Монгол саахалт хөршийн хувьд Манжийн дагуул улс-холбоотон нь болж, буулт хийсэн нь эртний бүдүүлэг нөхцөлд цус асгаруулсан алалдаанаас зайлсхийсэн ухаалаг хувилбар болсноос урвалт биш гэж үзүүштэй. Монголчууд малынхаа арьс шир ноосыг тэмээн жингээр зөөж, гурил будаа, бөс даавуу, цай тамхи, боов чихэр сэлтээр борлуулж, хэрэгцээгээ хангаж байсан нь тэднийг ойртуулжээ. Ингэхээс өөр илүү боломжтой улс гүрэн тэр үед хил залгаа ойр орчинд нь байсангүй. Хүн гүтгэх нүгэл. Үхсэн хүн гүтгэх бүр нүгэл. Тэр тусмаа босож ирэхгүй болсон дээдсийнхээ намтрыг харь үзэл суртлын шахалтаар мушгин гуйвуулж, гүтгэн доромжилж, цатгалан амьдарсан түүхчид гутамшигтай. Бидний дээдсүүд маань бас ч гэж Манжийн боол болсонгүй, харъяат албатын өвөрмөц эрхтэй вассаль-түшэг улсын хэмжээнд ард олноо авч гарсан гавъяатай. Халхын хаадыг урвагч шарвагч гэж адлах гэм бурууг мунхаг би бээр тэднээс олдоггүй. Тэд миний дээдэс агаад ирээдүй хойч-биднийхээ төлөө чадлаараа зүтгэж, амиа хүртэл золиосолсон удам угсаа. Эцэг өвгөдийнхөө түүхийг бусдын зараалаар зориуд гуйвуулан гүжирдэх нүглийн цаадахь нүгэл бөгөөд мөн худал магтах ч нүгэл. Тиймээс худал магтахыг би бас хатуу цээрлэдэг.

Манжийн хаад өмнөд Хятад, Солонгос, Тайвань зэрэг хүн ам шигүү, урин дулаан уур амьсгалтай, эд агуурсаар баян зах зээлийг эрхшээлдээ оруулахаар бүх хүч анхаарлаа тийш дайчилж байснаас ар талдаа орших малаас өөр хөрөнгөгүй, хахир хүйтэн нутагтай цөөн нүүдэлч монголчуудын талаар тэгтлээ шунах хэрэгцээ гарсангүй. Энх-Амгалан хаан Өндөр гэгээн хоёр олон жилийн уламжлалт найрсаг харьцаатай биесийн оюунлаг увидсыг эрхэмлэсэн багш шавь хоёр явжээ. Монгол ээжтэй шарын шашинт Энх-Амгалан хаан Өндөр гэгээнтнийг цагаан сараар Бээжинд урьж, тусгай хүндэтгэл үзүүлж, Хянганы нуруу зэрэг умард нутагт ан авд мордохдоо Гэгээнтэнг халхаас залж байв. Энх-Амгалан Занабазарын тухайд “Хутагт олон боловч Живзундамба шиг нь үгүй” гэж үнэлсэн эх сурвалж хадаглагдан үлджээ. Нөлөө бүхий энэ хоёр этгээд найртай явсан тухай түүхэнд дурсаагүй. Харин эдүгээ орчин үеийн түүхчид сөхөж, дүгнэж цэгнэж эхэллээ.

Манжийн угсаа залгамжилсан үе үеийн хаадын бодлогод монголчууд хятад иргэдээс дээгүүрт тавигддаг байв. Энэ бол Манжийн хаадын үе дамжсан хатуу зарчим байлаа. Манж нар өөрсдийгөө хятадад уусах вий гэж ямагт сэрэмжилдэг асан агаад монголчуудыг энэ бодлогодоо багтаадаг байсан аж. Манж монгол хоёр гэр бүл болохыг дэмждэг атлаа монгол хятадыг зөвшөөрдөггүй хууль үйлчилж байжээ. Манжийн хаан Нурхач “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн” гэж бичиж түүхэнд үлдээсэн бол Энх-Амгалан хаан бүр анхнаасаа Монголын талаар дотно бодлогыг чадамгай хэрэгжүүлэгч байв. Хятадын цагаач иргэдийг Монголд дураар тэнүүлэхгүй байх, Хиагтад наймааны хэргээр зорчих иргэдийг замаас гарч сэлгүүцэхгүй байх, малын бэлчээрт газар хагалж тариа тарихыг хориглох талаар Энх-Амгалан хааны хууль зарлиг гарч, тэр нь хэрэгжиж ирсэн байна гэж түүхчид бичжээ. Маний үед ингэж заасан багш эсэргүүн болох байв. Залуус түүхээ үнэмшилтэй өнцгөөс хардаг болж буй нь яамай даа.

Хятадад уусахаас болгоомжилсон бодлого манж хаад үе дамжуулан 300 шахам жил явуулаагүй бол манай Орхон Сэлэнгэ Хараа Ерөө Ховд Буянт Булган Хэрлэн Ононгийн үржил шимт ай сав, Хар ус Буйр зэрэг цэнгэг нуурын хөвөөнд хятад тариачдын суурин чигжчих байсныг 1911 он хүртэл саатуулахад цөөн буурай монголчууд хүчин мөхөс байв. Их Хятадын урсгал Монголд нэвтрэхийг манж хаад гурван зуун жил хаасан юм биш үү? Тэгсэн аваас Манжийг түүхэнд учирсан хамгийн аюулт дайсан гэж зүхэхээ одоо болиуштай. Өөрсөддөө хир халдаахгүйн тулд бүх хоцрогдлоо ганцхан Манжид чихэж, уусаад арилсан тэднийг занаж, шүд зуух нь ХХI зуунд эвгүй. Манж дарлаагүй бол нүүдэлч малчин монголчууд хөгжөөд айхтар сүрхий гүрэн болох байсан гэх онолд ухаажсан даян дэлхий итгэхгүй. Хүн төрөлхтөний хөгжлөөс бидний хол хоцорсон шалтгаан бол байгаль цаг уурын хахир хатуу нөхцөл, цөөн хүн ам, ямагт нүүж явдаг ахуй зэрэг нь гар урлал, үйлдвэрлэл хөгжүүлэх бололцоо олгоогүй. ХХI зууны даяаршиж хөгжсөн соёлт хүн төрөлхтөний дунд цөмөөрөө жаахан ухаалаг буйртай байя л даа.

Дундад зуунд техник хөгжөөгүй, зам харилцаа сул доройн улмаас Манж нар ар Монголын зах хязгааргүй нутгийг нэвт шувт эзэгнээгүй. Тийм хэрэгцээ ч тэдэнд гарсангүй. Монголын алс бөглүү эзгүй нутгийн цөөн буурай малчдад Манжийн хаанчлал сураг төдий л байж. Манжийн хоёр зуу гаруй жилийн дааж давшгүй татвар Монголыг сөхрүүлсэн гэж манай нам засаг түүхчидээрээ дамжуулан ухуулж ирсэн. Ертөнцөөс тасархай, харилцаа холбоогүй айл өрхөд татварт өгөх бэлэн мөнгө байтугай тэд эл хуль цөлд уулзаж учрах хүний мөрөөс болж суусан биз. Тэдэнд мал сүрэг л байсан. Булга суусрын үнэт арьсаар шулж байсан гэж хонзогнодог түүхчид бий. Булга суусар нь Монголын өргөн уудам говь талд ширхэг ч байдаггүй. Булга суусартай нутаг Монголд хомс. Тэгэхээр дааж давшгүй олон булга суусрын арьс Манжид төлж байснаас хоосорсон гэх дүгнэлт дэндүү муйхар.
Манжид мал сүргээ жил бүр суурь сууриар тууварлаж байсан эх сурвалж түүхэнд алга. Харин манай хаад ноёд Манжийн хаанд сар шинэдээр есөн цагааны гэх мэт мал бэлэглэж байв. Хэдэн мал өргөх нь монгол ноёдын сайн дурын хэрэг болохоос Манж хаад төчнөөн сая мал өг гэж улаан Орос манай ерөнхий сайд П.Гэндэнг сүрдүүлж байсан шиг албадан шахаж асан ул мөр түүхэнд бас алга. Харц ардууд албан татварт мал сүргээ хаман өгч байсан аваас манжид өстэй ойрад түүхчид уухайн тас дуулиан сэдрээмээр. Тийм сурвалж бичиг тэд олоогүй болтой. Монголын малыг татвараар хамах боломж Манжид гараагүй юм уу эсвэл дундад зууныхан колончлогчид шиг шулах мөлжих шунал, хорон санаа багатай, назгай, уужуу тайван хүмүүс байсан юм уу мэдэхгүй. Монгол ямар орон байв гэвэл ганц хоёр, сайндаа гурав дөрвөн гэрээр айлссан хот айлууд хоорондоо хэдэн саахалтын хол нутагт тарж нутаглана. Энэ нь олон мал сүрэг, тарчиг ургамалтай бэлчээрээс шалтгаалдаг. Дэлхий бөөрөнхий, улс үндэстэн олон гэдгийг мэдэхгүй. Хятад, Орос, Төвд гэх мухар сохор мэдлэгтэй. Азийн их газрын хахир хатуу өндөрлөгт хүн төрөлхтөнөөс зөдгий амь зуух монгол малчдад мянган уулын чанад дахь Манжийн дарлал хүрч ирсэнгүй. Манжид юугаа яаж цөлмүүлж байсныг миний өвөө, миний аав л лав мэддэггүй хүмүүс байв. Өвөө маань 1870 онд төрсөн хүн.

Сонин хачин мэдээллийн мөрөөс болсон малчид малаа хотлуулсны дараа зав зай гардаг орой үдэш нэг гэртээ цугларч, тулгаа тойрч суугаад хуучилдаг. Одоо ч ингэдэг. Ярих юмаа барсан тэд тулганыхаа дөрвөн тотгыг шувууны хушуутай төстэйг ажиглаад “Манжууд монгол айлын гал голомтыг тоншихоор цаг ямагт харуулдаж буйгаар зориуд ингэж хийж өгсөн юм гэнэ лээ” гэх онигоо зохиож зугаацна. Өвлийн жаварт морин дэл дээр сүргээ хариулахдаа гараа хөлдөөхгүйн тулд дээлийнхээ ханцуйд том нударга аргагүйн эрхэнд залгасныгаа “Манжууд монголчуудыг дөрвөн туурайтай мал гэсэн далд утгаар ийнхүү доромжилсон юм гэнэ лээ” гэх дэндүү мулгуу суртал өширхсөн ойрадууд зохиосныг эдүгээ улс төржилт болгоод сонгуульд ялж буй нь ХХI зуунд монголчууд олигтой гэгээрээгүй ч юм шиг.

Монголд отго жинсээр гангарах өрсөлдөөн хүчээ авсан. Мөн хутагтуудыг тамгаар шагнадаг байжээ. Энэ нь татвар гэхээсээ илүү авилгын шинжтэй. Ноёд, хутагтын өргөл барьцаар цугларсан малыг Дарьганга зэрэг зүүн өмнөд нутагт сүрэглэн монгол малчид малладаг байсан агаад сүрэгчдийг Манжийн хаан цагаан мөнгө, хүнс бараагаар хөлсөлдөг байжээ. Манжийн хааны сүргийг маллаж өчүүхэн төдий ч цалин пүнлүү, эд бараа, гурил будаа авч амь зуух, ховор зэвэр ядууст бас ч гэж ашиг байсан нь мэдээж. Тэр үед Монголд цалин хөлстэй малчин байгаагүй тул ядуу зүдүү ардууд сүрэгчин болоход дургүйцээгүй нь ойлгомжтой. Манж дайчин гүрний мөлжлөг гэх өөр дорвитой татвар гувчуур түүхэнд тодорхойгүй үлджээ. Харин өртөө улаа, цэрэг цуухад дайчлах алба ойрадуудын түйвээнээс шалтгаалж үе үе гардаг байсан болтой.

Манж нар Хятадад уусахаас айдаг атлаа Бээжингийн тансаг ордонд гангарсаар нэг мэдэхнээ бүдгэрэн замхарч, харин бид зэрлэг хүйтэн тал нутагтаа таван хошуу малынхаа бэлчээрт удам угсаагаа хадгалан үлдэв. Манж Монголыг дийлсэн ч эцсийн дүндээ муу хүний заяа завагт гэж бид Манжаас танагтай хоцрох хувьтай байжээ. Муусайн манж нарыг зүхээд бид эдүгээ гоё харагдахгүй агаад юу ч олж долоохгүй. Тооцоо бодож сүйтгэл төлүүлье гэхэд ядаж тэд өнөөдөр алга. Гэхдээ тэдний уусч арилсан эмгэнэлт тавилан монголчуудын өмнө сургамжийн бамбар болон асаж буй нь их юм. Манж халхуудыг харгислаагүй. Харин ч Галдан бошигтын аюулаас Түшээт хаан Чихундорж, анхдугаар богд Занабазар нарын амийг аварсан. Манж хаацайлаагүй бол халх өдий анзаатай үлдэх нь юу л бол.

Манж бусдын үймээнд хутгалдахгүй гээд урт цагаан хэрмнийхээ хаалгыг түгжиж орхисон бол Галдан халхуудыг хэрмэнд шахаж, цус нөжөөр нь хэрмийн ханыг бялдаад нутаг буцаж, Төвдийн засгийн тэргүүн десрид Санзайжамцад дайснаа (анхдугаар богд Занабазарыг) дарснаа дуулгаж Гүүш хан Төрбайхыг залгамжилсан биз. Салам цохиулсан халхын үлдэгдэл дөрвөн ойрадын замаар сарнихыг үгүйсгэх аргагүй. Тиймээс халхуудын хувьд манжийг газар дор ортол хараах үндэс бага. Хятадад уусаж үгүй болсон Зүрчидийн гашуун жишээ маньд харин үүрдийн сэрэмж үлдээжээ. Далайд унасан дусал мэт замхарсан Манжийн мөхлийг давтахгүйн тулд монгол хүн өглөө сэрүүт залбирч бай.

Гэхдээ хажууд заяасан асар том эдийн засаг, аварга зах зээл-хэрэглээ, үсрэнгүй хөгжлөөс хэт цэрвэлгүй эвтэйхэн ашиглаж чадвал Монгол дорхноо босоод ирнэ. Энэхүү ховор өгөгдлийг бүү алд. Манжтай харилцсан дээдсийнхээ аядуу бодлогыг “урвалт” гэж үзэн ядалгүй авах гээх сургаалаар ханд. Нүд анихын өмнө үүнийг захья.

Манж гэгч бидний ижил нүүдэлч малчин угшилтай хөршийн тухай түүхч эрдэмтдийн бичсэн номноос иймэрхүү төсөөлөл хүртлээ би. Түүхийг зохиодоггүй, түүхийг судалдаг. Түүх нэг л жимтэй. Түүх хоёр жимээр яваагүй. Тиймээс түүхийн үнэн нэг л байх учиртай. Тэр ганц жимийг, тэр ганц үнэнийг олоход түүхчид минь туслаач. Тэгвэл талцсан маргаан арилна. Молхи толхи өвгөний хүсэл ердөө энэ. Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундаж иргэний хэмжээнд эзэмших-миний үүрэг. Миний бичвэрийг түүхийн номуудаас гэнэн оюутны түүвэрлэсэн конспект хэмээн үзэхийг академич мэргэдээс гуйя. Миний товчлол аугаа түүхийн судалгаа бус залуу түүхчдийн шинэ байр суурийг олонд түгээх оролдлого шүү.

“Бошигт Гэгээн хоёрын хөөцөлдөөн” гэх үргэлжлэлийг дараа тавья.

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс хүргэе.


-БНХАУ-д хийсэн айлчлао хэр үр дүнтэй болов?

-Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас хоёр орны хувьд ярилцах олон асуудал байсан. Хил хаалттайгаас болж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй асуудал зөвхөн Монгол Улс гэлтгүй, очсон төрийн тэргүүн, холбогдох албан тушаалтнууд бас ярилцсан. Хамгийн чухал зүйл нь цаашдаа иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон чухал төслийн талаар хамтдаа санал солилцох болсон нь туйлын чухал. Манай “Оюутолгой”-н далд уурхайн төслийг эхлүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний экспортыг 2-3 дахин тэлж чадахуйц том хэмжээний шийдэл болно. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс өргөн царигаар, БНХАУ нарийн царигаар хил холболтын цэг буюу терминалыг эцэслэн тохирч чадсан. Нүүрс, зэсийн экспорттой холбоотой олон асуудлаар санал солилцсон. Маргааш, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжил шинэтгэлийн хорооны дунд цахим хурал болно.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал өндрөө авч байна. Тухайн үеийн удирдлагууд, зээлдэгч нарт ямар хариуцлага тооцохоор ярилцаж байна вэ?

-Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2019 оны тавдугаар сард УЕПГ болон АТГ-ын удирдлагуудад хандаж тус банктай холбоотой илэрсэн зөрчлийг ангилж авч үзэхийг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд үндэслэж, дүгнэлт гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанд хуулийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Миний хувьд нэгдүгээрт, Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгч нарын өмнөөс зээлийг төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банкийг Эксим банк болгож, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Монголбанкны тогтоосноор 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн.  Эдгээр нөхдүүдэд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Хөгжлийн банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, мега төслийг санхүүжүүлдэг, УИХ-аас Хөгжлийн төсөл гэж үзсэн хөтөлбөрт санхүүжилт хийдэг банк болгож байж эдийн засгийн хувьд бэхжих боломжтой.

Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөхийг Засгийн газрын хуралдаанаас Ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл, зээл зөрчигдсөн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудлаар, бондын зарцуулалт дууссан гэдэг агуулгаар бондын үеэр зээл авсан албан тушаалтнууд мултарч үлдэх ийм асуудал байна.

-Улс төрийн намын санхүүжилтийн шилэн болгох уу?

-Улс төрийн нам шаардлага тавьж чаддаг, төрийг цэвэр тунгалаг болгохын төлөө хичээх ёстой. Намуудын хувьд нэр дэвшилт, сахилга хариуцлагын томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, шахаж чаддаг энэ зүйл рүү орж байж, авлигын индексээ бууруулж, төрийн үйлчилгээ илүү хүнд сурталгүй болно. Эдийн засгаа илүү том болгоход улс төр саад болж болохгүй. Тиймээс энэ асуудалд хатуу байр суурь баримтлах болно. Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. Цаашид УИХ-д хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү явах нь зөв. Тиймээс улс төрийн намын санхүүжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Улс төрийн нам бодлогын нам байх тал дээр МАН түрүүлж томоохон алхам хийнэ.